Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч А.Сайнбаяр,

гэрч Э.Оюунсанаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нарандолгор /ҮД: 0433/,

шүүгдэгч А.Алтантуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Алтангэрэлийн Алтантуулд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3013 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2б хэсэг Төмөр замын гудамж 48 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойт дэнжийн 62 тоотод оршин суух, регистрийн ЦД84110219 дугаартай, Боржигон овогт Алтангэрэлийн Алтантуул.

Шүүгдэгч А.Алтантуул нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зочид өргөө” зочид буудалд иргэн Б.Энхболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч А.Алтантуулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ер нь Э.Оюунсанаа бид хоёр хамтран амьдраад 5-6 жил болсон байсан. 2016 оны 08 дугаар сарын 10-ны орой Заяа, Оюунсанаа хоёр хүнтэй уулзана гээд хамт гараад буцаж ирээгүй. Тэгээд маргааш өглөө нь Заяатай уулзаад Оюунсанааг ажил дээрээ очсон байх гээд хамт очсон боловч Оюунсанаа ажил дээрээ ирээгүй байсан. Тэгсэн гадаа нь Энхболд гэх залуутай таараад Оюунсанаа хаана байна гэж асуухад буудалд байгаа гэсэн. Тэгээд буудал руу ороход Оюунсанаа хэвтэж байхаар “чи яаж байгаа юм бэ” гээд алгадаад Энхболдыг гараараа савж цохисон. Өөр зүйлгүй. Би гэм буруугаа ойлгосон. Энэ хэрэг миний амьдралд том сургамж боллоо. Өөр зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад А.Алтантуулын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “…Маргааш өглөө нь би Оюунсанаагийн ажил руу очихоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Татварын хэлтсийн орчим явж байтал Оюунсанаагийн цагаан малгайтай цамцыг өмссөн залуу тааралдсан. Тэгтэл Заяа “цамц нь мөн юм бишүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залууг барьж аваад “Оюунсанаа хаана байгаа юм бэ” гэхэд эхлээд “би тийм хүн танихгүй” гэж хэлсэн, тэгсэнээ дараа нь “за за дээр байгаа” гэж хэлсэн. Тэгээд дээшээ буудлын хоёр давхарт гараад өрөөнд нь ороход Оюунсанаа орон дээр утсаар тоглоод хэвтэж байсан. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ” гэхэд эхлээд дуугарахгүй хэвтэж байснаа “чамд ямар хамаатай юм бэ” гээд хашгираад эхэлсэн. Тэгэхээр нь би Санааг нэг алгадаад, нөгөө залуу нь миний баруун талд зогсож байхаар нь гараараа савж алгадсан, тэгэхэд буудлын эгч өрөөнд орж ирээд Санааг “чиний буруу ш дээ” гэж хэлж байсан. Тэр хооронд нөгөө залуу нь гараад явсан байсан. Тухайн үед нөгөө залуугийн хамарнаас цус гарсан байсан. Хамраа дараад гарч байгаа харагдсан. Тэр залууг нэмж цохиж зодсон зүйл байхгүй. ...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 89, 91 дүгээр тал/

 

Хохирогч Б.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Оюунсанаа бид хоёр “Өргөө” зочид буудалд байж байгаад би гадагш гарч тамхи авахаар гарахад Оюунсанаагийн найз Заяа буудлын гадна нэг эрэгтэй хүнтэй явж байсан. Тэгтэл Заяа “Оюунсанаа та хоёр хамт байгаа юу” гэхээр нь би “байна” гэхэд нөгөө залуу хүрч ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би “ингэх ямар шаардлага байгаа юм бэ, дотор байгаа ш дээ” гээд дагуулаад өрөө рүү орсон. Тэгэхэд нөгөө залуу Оюунсанааг нүүр рүү нь нэг цохиод авах шиг болсон. Тэр үед тэр залуугийн ард сууж байсан бөгөөд уг залуу эргээд намайг гараараа саваад нүүрэн тус газар цохиод авсан. Тэр үед нь Оюунсанаа, Заяа хоёр нөгөө залууг бариад авсан. Надаас цус гараад байсан болохоор би өрөөнөөс гадагш гарсан. Тэгэхэд буудлын үйлчлэгч эгч “урагшаа эмнэлэг рүү ор” гэж зааж өгсөн. Би гараад дүүргийн яаралтай тусламж 103 руу хамартаа чихээс хийлгээд гадагш гарч, гэртээ хариад ээж, дүүгээ дагуулаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд “томографт үзүүлээд ир” гээд буцаасан. Маргааш өглөө нь очиж томографт очиж үзүүлэхэд “хамар чинь хугарсан, хацар чинь цөмөрсөн байна” гэж хэлээд 1 дүгээр эмнэлэг рүү явуулсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 8 дугаар тал/  

 

Гэрч Э.Оюунсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би Энхболдтой 10 жилийн найзын холбоотой, 2003 оноос хойш уулзаж тааралдаагүй байж байгаад 8 дугаар сарын 10-ны өдөр Заяа, Энхболд бид гурав уулзсан, дараа нь Энхболдын Ганбаа гэдэг залуу ирээд дөрвүүлээ уулзаж 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи авч хувааж уугаад хүний нэг, нэг пиво уугаад гарч буудалд ороход Ганбаа ирсэн. Тэнд буудалд ороод том савтай пиво хоёрыг авч уусан. Бид нарын хэн хэн нь нэг их согтоогүй, тэр үед цаг 00 цаг өнгөрч байсан байх. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, тэгээд Заяа явахаар болоод явсан. Тэр үед цаг 4 цаг болж байсан байх, өглөө 8 цаг өнгөрч байхад Ганбаа явсан. Тэгээд Энхболд бид хоёр үлдсэн юм. …Энхболд Алтантуулыг цохиж зодоогүй. Алтантуул Энхболдыг баруун гараараа нэг удаа нүүр лүү нь цохьсон, намайг тонгойгоод эргээд харахад Алтантуулын гар нь буцаад бууж байсан. Яг цохиж байх үед нь бол хараагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-12 дугаар тал/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11327 дугаар:

1. Энхболдын биед зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн хоншоор ясны өмнөд хананы  хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 23 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 26 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 27 дугаар тал/

 

Хохирлын баримт,

/хх-ийн 29-33 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол

/хх-ийн 72 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч А.Алтантуул нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зочид өргөө” зочид буудалд иргэн Б.Энхболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Алтантуулын өгсөн “Тэгээд буудал руу ороход Оюунсанаа хэвтэж байхаар “ чи яаж байгаа юм бэ” гээд алгадаад Энхболдыг гараараа савж цохисон” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Оюунсанаагийн өгсөн “Алтантуул бид хоёр хамтран амьдрагч байсан. Ер нь намайг хардаад цохисон. Энхболдын нүүр аманд  шарх сорив байгаагүй.  Алтантуулаас хурдан салахыг бодсон.” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад А.Алтантуулын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “Тэгэхээр нь би Санааг нэг алгадаад, нөгөө залуу нь миний баруун талд зогсож байхаар нь гараараа савж алгадсан. …Тухайн үед нөгөө залуугийн хамарнаас цус гарсан байсан, хамраа дараад гарч байгаа харагдсан. …Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх /хх-89,91/,

хохирогч Б.Энхболдын өгсөн “…Тэр үед тэр залуугийн ард сууж байсан бөгөөд уг залуу эргээд намайг гараараа саваад нүүрэн тус газар цохиод авсан. Тэр үед Оюунсанаа, Заяа хоёр нөгөө залууг бариад авсан. Надаас цус гараад байсан болохоор би өрөөнөөс гадагш гарсан. …Тэгээд “томографт үзүүлээд ир” гээд буцаасан. Маргааш өглөө нь очиж томографт очиж үзүүлэхэд “хамар чинь хугарсан, хацар чинь цөмөрсөн байна” гэж хэлээд 1 дүгээр эмнэлэг рүү явуулсан.” гэх /хх-8/,

гэрч Э.Оюунсанаагийн өгсөн “…Энхболд Алтантуулыг цохиж зодоогүй. Алтантуул Энхболдыг баруун гараараа нэг удаа нүүр рүү нь цохьсон, намайг тонгойгоод эргээд харахад Алтантуулын гар нь буцаад бууж байсан.” гэх /хх-11-12/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11327 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүгдэгчийг яллах үндэслэл болж байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Алтантуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Алтантуулыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Энхболд нь мөрдөн байцаалтад эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.800.000 төгрөг нэхэмжилсэн, хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар 1.705.250 /хх-30-33х/ төгрөгийн зардал гарсан нь тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Энхболд нь шүүхэд гаргасан нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтдоо “Миний бие Б.Энхболд нь шүүгдэгч А.Алтантуулаас эмчилгээ болон эм тарианы хохирол болох 1.500.000 төгрөгийг хүлээн авлаа, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Алтантуулд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Алтантуул нь урьд цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Алтангэрэлийн Алтантуулыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар А.Алтантуулд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Алтантуулд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Алтантуул нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар А.Алтантуулд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Алтантуулд урьд авсан батлан даалтад өгөх талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ОДОНТУУЛ