Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

 

     2025          01          07                                                           2025/ШЦТ/06               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Хишигсүрэн,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогч З.М*********** /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч И.О**********, Д.О*********** нар /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э*********,

Шүүгдэгч Б.Д********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д*********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Д*********** нь З.М*********** итгэмжлэн хариуцуулж өгсөн кран маркийн тээврийн хэрэгслийн жолоочоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт ажиллах хугацаандаа 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ажлын хөлсийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** дугаарын дансаар хувьдаа авч завшин, З.М*********** 14,041,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*********** мэдүүлэхдээ: “...Хохирлын хэмжээ 14,041,000 төгрөг нь зөвхөн данс руу орсон гүйлгээнүүдийг үндэслэж гаргасан байсан. Тухайн гүйлгээнүүдээс өөрийн дансанд орсныг М******* эгчийн зөвшөөрөлтэйгөөр авдаг байсан. Тэрийгээ цуглуулаад түлш, тос, сэлбэг авахдаа  М********* эгчийн зөвшөөрөлтэйгөөр зарцуулдаг байсан. Тэр бүгдийг өөрөө шүүгээд гаргасан байгаа. Учруулсан хохирлын хэмжээ миний өөрийн бодлоор 2 сая орчим төгрөг болж байгаа. Шилжүүлсэн мөнгө төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөр зүйлгүй” гэв.

Хохирогч З.М********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д******* тэнд очоод ажил хийчих гэж хэлдэг байсан. Д********г өөрийнхөө дансыг өгөөд данс руугаа хөлсөө аваарай гэж хэлж байгаагүй. Д********* өөрөөсөө түлш, тос, сэлбэг аваарай гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Түлш тос сэлбэг авхуулах битгий хэл цалингаас нь гадна хот руу явах зардлыг онлайнаар бичүүлж өгдөг, тамхийг нь блокоор аваад өгдөг, амжуулаад хоол идээрэй гэж хэлдэг байсан. Д******* цалингаас нь гадуур 100 төгрөг ч авч байгаагүй. Ийшээ тийшээ сүлжээгүй газар явахад хүмүүс нь мөнгөө хийгээд явдаг учраас наад мөнгөө өөрийнхөө дансаар авчих сүлжээтэй болохоор буцаагаад данс руу хийгээрэй гэж хэлдэг байсан. Хуримтлуулж байгаад шилжүүлээрэй гэсэн зүйл Д********* хэлж байгаагүй. 300,000 төгрөгийн хөлстэй ажил хийхэд сүлжээгүй болсон тохиолдолд маргааш нь буцаагаад шилжүүлдэг. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анх Д******* руу утсаар яриад цалинг 3,000,000 төгрөг гэж хэлсэн. Ажлын оргил үе 6-10 дугаар сарын үед  3,000,000 төгрөг дээр нь би өөрөө мэдээд 1,000,000 төгрөг нэмж өгч байсан. Цалингаас нь гадна зардлын мөнгө ч авдаггүй байсан. Д******** түлш, тос хийлгэж байгаагүй. 2022 оны 5 дугаар сар хүртэл манайд байхад ийшээ тийшээ яваад ажил хийчих гэж хэлдэг. Д****** 2022 оны 3 дугаар сар, 4 дүгээр сарын 5-ний өдөр өөрийнхөө данс руу 200,000 төгрөг авсан байсан. 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр цалин 1,500,000 төгрөг аваад 17-ны өдөр манайхаас гарсан. 2023 оны 1 дүгээр сард цалингаа авч гараад 2023 оны 10 дугаар сар хүртэл бид нар уулзалдаж байсан. 2 дугаар сард кран аваад ирэхээр нь хагалгаанд орчоод Цагаан хад руу зорьж очоод Д***** хүрээд ир гэж дуудаж байгаад уулзахдаа би чамайг жаахан хардаж байна гэж хэлсэн. Дансаа шалгуулъя гэсэн. Чи ашигладаггүй дансаа үзүүлнэ гэж хэлсэн. Д******* найз нь манайд ажиллаж байсан. Гайгүй хүүхэд сургаад авъя гэхэд найзыгаа аваад ирсэн байсан. 10 дугаар сар хүртэл цагаан хаданд манай хүн ч би ч очиж байсан уулзаад байсан. Тэгэхэд дансыг шалгуулмаар байна гэхэд чаддаг юм бол хуулийн байгууллагаар шалгуулаад аваарай гэж хэлсэн. Тэгээд 10 сарын дараа Д******* дансыг шалгаад өгөөч гэж өргөдөл өгсөн. Яагаад гэхээр манайх 10 гаран жил хүүхдээ кранд өлгийдөж тавиад хоолтой, хоолгүй явж анх 100 гаруй сая төгрөгөөр том кран авахад хичээн их хөдөлмөрлөдөг вэ гэдгийг мэддэг учраас сар хүрэхгүй хугацаанд ажиллаад кран аваад ирэхээр нь хардсан. Би 100 хувь итгэсэн. Ковидын үе байсан. Орой 18.00 цаг хүртэл ажилладаг байсан. Би Д****** Монсулаас түлш аваарай гэж хэлж байгаагүй. Авсан бол би өөрөө мөнгийг хийдэг байсан. Миний дансанд мөнгө байхгүй тохиолдолд Д******** хийлгэхэд маргааш нь, маргааш нь  боломжгүй байсан бол 2 хоногт 3 хонуулж үзээгүй буцаагаад хийдэг байсан. Хийлгэсэн нөхцөлд би буцаагаад мөнгөө хийдэг байсан. Д****** намайг орлогоо бодоод зарлага бодоогүй гэж хэлсэн. 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр миний данс руу 1,646,000 төгрөг орсныг байцаагчид нь тэмдэглэж өгсөн. Дахиад 1,800,000 төгрөг данс руу нь орсон байснаас миний данс руу нь 1,500,000 буцаагаад хийсэн байсан. Хас банкны данс руу 9 дүгээр сарын 6-ны өдөр 2,500,000 төгрөгийн байцаагчид нь Д****** орж ирсэн гэж хэлсэн. Орж ирээгүй мөнгийг л нэхэмжилж байгаа. Манайд ирээд 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлээд өөрийнхөө данс руу хийж эхэлсэн байсан. 2022 оны 1,3 дугаар сард манайд ойрхон ажил явдал гарсан. Тэр үеэр Д****** 750,000 төгрөг, 300,000 төгрөг гээд өөрийнхөө данс руу авсан байсан. Би итгээд Цагаан хаданд байх үеийг шалгаад өг гэсэн. Би завшсан зүйлгүй та намайг хуулийн байгууллагаар шалгуулаад авахаа аваарай гэж хэлсэн. Би тэр үгэнд нь үнэхээр эмзэглэсэн. 1 дүгээр сарын 13-ны өдөр гараад 2 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд кран аваад Цагаан хад руу ирсэн байсан. Мөрдөгч Харцага дээр байж байгаад сүүлд 10 дугаар сарын 23-ны үед прокурорт хэргийг шилжихээс өмнө  Марал-Эрдэнэд 8 сая гаруй төгрөгийг сэлбэг, түлш, тос гэсэн байсан. Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэзээ ч Д*******8 сая төгрөгийн түлш, сэлбэг, тос авч байгаагүй. Хүлээн зөвшөөрөхгүй. Миний бодлоор 20,000,000 төгрөг түүнээс 4,321,000  өгсөн гэхэд 15,780,000 төгрөг болж байгаа гэж ойлгож байна” гэв.

Улсын яллагч В.Төгсбаяр нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор В.Төгсбаяр би Монгол Улсын Прокурорын тухай 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7,  35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Д********** холбогдох шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Б.Д********нь З.М********* итгэмжлэн хариуцуулж өгсөн кран маркийн тээврийн хэрэгслийн жолоочоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт ажиллах хугацаандаа 2022 оны 6 дугаар сарын 13-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ажлын хөлсийг өөрийн эзэмшлийн хаан банкны********** дугаартай дансаар авч хувьдаа завшиж З.М******* 14,041,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Энэхүү гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд оруулж байна. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хохирол төлбөрийн асуудлыг давхар шийдвэрлэдэг. Хохирлыг тооцоолохдоо 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд Б.Д*********** дансаар орж ирсэн кран, краны төлбөр гэсэн утга бүхий сэжигтэй гүйлгээнүүдэд үзлэг хийж үүнээс З.М******* болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд буцааж олгогдсон төлбөрийг хасаж тооцоод нийт гаргасан дүнгээр 14,041,000 төгрөгийн хохирол тооцоолсон. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 4,321,000 төгрөгийг хохиролд Б.Д******** зүгээс төлсөн учраас түүнийг хохирогч З.М********* 9,720,000 төгрөгийн хохирол төлбөртэй гэж үзэж байна. Тиймээс түүнд ногдох хувь хөрөнгөөс 9,720,000 төгрөгийг хохирогч З.М******* олгуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.О********** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Б.Д******** хувьд З.М********* авто кран дээр хавтаст хэрэгт авагдсан хугацаанд ажиллаж байсан. З.М******** нь Б.Д****** цалин хөлсөө харилцан тохиролцоод өөрийн эзэмшлийн авто кран дээр ажиллуулж байсан. Өөрөөр хэлбэл З.Мөнхтуяа болон Б.Д********* нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. Үүний үндсэн дээр цалин хөлсөө тохироод ажиллаж байсан. Б.Д********* нь ажиллаж байх хугацаандаа З.М******** итгэлийг алдаж эзгүй итгээд түр орхиод явах хойгуур краны ажилласан хөлснөөс өөртөө авах мөн З.М******* зүгээс түлш авах зориулалтаар мөнгө шилжүүлэхэд төрөл садан хүнтэй үгсэн хуйвалдаж өөртөө зөрүүг гаргаж авах зэргээр хөрөнгө завшиж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Б.Д******** өөрийнхөө гэм буруу хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээр үйлдэл нь бүрэн дүүрэн нотлогдож байна. Б.М******* тухайд хохирол төлбөр 20,000,000 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс 4,321,000 төгрөг хасаж тооцоод нэхэмжилж байна гэж хэлсэн. Анх Б.Д******** хэрэгт өргөдөл гаргаж Цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа Б.М******* оролцуулаад дансанд үзлэг хийхэд 20 орчим сая төгрөгийн орлогын асуудал гарч ирэхэд үүнийг хүлээн зөвшөөр ч байна гэдгийг М******** хэлсэн байдаг. Үүнээс хойш дахин үзлэгийг тэмдэглэл үйлдэгдэж хохирлын хэмжээг 4,041,000 төгрөгөөр тогтоосноороо энэ нөхцөл байдлаасаа дордуулсан харагддаг. Үүнтэй холбоотой хохирлыг Б.М******** 20,000,000 төгрөгөөр дурдсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу үзлэг хийсэн нөхцөл байдал тогтоогдож байсан учраас өмгөөлөгчдийн зүгээс санхүүгийн мэдлэг бүхий хүмүүсээр орлого, зарлагын гүйлгээнд дахин нэмэлт шинжилгээ хийлгэе гэсэн хүсэлт тавьсан боловч мөрдөн шалгах ажиллагааны үзлэгийг дүгнэлтээр хохирлын хэмжээ бодитой тогтоогдож байна гэх асуудлыг улсын яллагчийн зүгээс тавьж шүүх асуудлыг хохирлын хэмжээнд шилжүүлсэн учраас өмгөөлөгчийн зүгээс З.М******* нийт 14,041,000 төгрөгийн хохирлыг Б.Д********* учруулсан гэх үйл баримт хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Б.Д******** болон өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад асуудал тавиагүй болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрсөн байснаа шүүх хуралдааны явцад өөрсдийн тооцооллоор хүснэгт гаргаж хохирлын хэмжээг хасаж тооцох асуудал ярьсан. Энэ үндэслэлгүй. Улсын яллагчийн зүгээс хамаарал бүхий хүмүүс рүү буцаан шилжүүлсэн гүйлгээ хасагдаж тооцогдсон гэдэг асуудал хэлсэн мөн Б.Д******** түлш, тос, сэлбэг авсан гэх үйлдэл нь баримтаар тогтоогдоогүй. Хохирогчоос хүлээн зөвшөөрөхгүй тийм зүйл болоогүй гэдгийг хангалттай тайлбарласан. Тийм учраас Б.Д*********, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирлын хэмжээ дээр маргаж байгаа нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа тул үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын яллагчтай санал нэг байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч И.О******* гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад анх хохирлын хэмжээг Б.Д******** завшсан гэх мөнгөнөөс З.М****** буцааж өгсөн мөнгийг хасаад нийт 4,321,00 хохирол учирсан гэх тооцоо гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж дахин мөрдөн шалгах нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж хохирлын хэмжээ 14,041,000 төгрөг гэж тооцоо гарсан. Гэтэл уг зардлын тооцоо дахин дутуу гарсан. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, нэмж хийгдэх ажиллагаа байна гэх хүсэлтийг гаргаж байсан боловч хүлээж аваагүй.  Шүүх хурал дээр нотлох баримт шинжлэн судалсны дараа Б.Д********* хаан банкны данс дахь сэжигтэй гүйлгээнүүдээс орхигдсон хүмүүсийг таних уу, энэ ямар учиртай гүйлгээ вэ гэдгийг асууж тодруулахад эдгээр хүмүүсийг танихгүй, орж ирсэн гүйлгээнүүд нь крантай холбоотой гүйлгээ байх гэсэн хариултыг өгч байна. Орхигдсон гэж үзээд байгаа нь ний 4,989,770 төгрөгийн гүйлгээг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж тогтоогоогүй, шалгаагүйгээр хохирлын тооцоог хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гэж заагаад мөн хэсгийн 1.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолсон байвал зохино гэж хуульчилсан. Улсын яллагчийн зүгээс хохирлыг 14,041,000 төгрөгөөр тогтоосон нь хохирлыг бүрэн бодитой тогтоож чадаагүй байна. 4,989,770 төгрөгийн хохирол нэмж тооцогдохоор байна гэдгийг хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нийт бодит хохирол 20,101,770 төгрөг, үүнээс төлсөн гэх 4,321,000 төгрөгийг хасаад төлбөл зохих хохирлын хэмжээ 15,789,770 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд энэ мөнгийг хохирогчийн зүгээс нэмж төлүүлэх хүсэлтэй байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э********** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Д********** нь 2021 оны 11 дүгээр сард М********* краныг барьж жолооч оператороор ажилласан. 2022 оны 5 дугаар сар хүртэл Цогтцэций суманд М********** хамтран краны ажил хийсэн байдаг. 2022 оны 5 дугаар сараас Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсэд кран барих жолоочийн ажил хийсэн. Энэ хугацаандаа краны түрээс гэж шилжүүлсэн мөнгөний зарим хэсгийг өөртөө авч үлдсэн үйлдэл байгаа. Энэ үйлдэлтэй маргахгүй. Уг үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруудаа маргахгүй. Үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч гэрчээр мэдүүлэг өгсөн үеэсээ эхлэн үнэн зөв мэдүүлэг өгсөн. Харин хохирлын асуудлыг нарийн тооцож гаргаагүй. Хэрэг үүсгэхдээ 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд гэж үүсгэсэн. Гэмт хэрэг үйлдсэн хугацаанд маргах зүйлгүй. Цогтцэций суманд байхдаа завшсан зүйл байхгүй, нотлогдсон зүйлгүй учраас Цагаан хаданд очсоноос хойш хэрэг үйлдсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг үйлдсэн хугацааг 2022 оны 6 дугаар сараас тооцсон хэр нь 2021 оны 11 дүгээр сараас Б.Д************ дансанд орсон орлого бүрийг хууль бус орлого гэж үзсэн нь үндэслэлгүй. Тиймд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 4,069,000 төгрөг орсныг хохирлоос хасаж тооцох нь зүйтэй. ******** гэх хүнээс 160,000 болон 100,000 төгрөг, М******** цалин гэж шилжүүлсэн 2,139,770 төгрөг нь крантай холбоотой төлбөр биш зээлсэн мөнгөө буцааж өгсөн учраас хохирлоос хасаж тооцох нь зүйтэй гэж үзэж байна. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Б.Д******** ******** дугаартай дансанд 17,698,770 төгрөг орсныг сэжигтэй гүйлгээ гэж үзсэн. Үүнээс   тодруулаад өмнө хэлсэн зээлсэн мөнгө, 2022 оны 5 дугаар сараас өмнөх төлбөрүүдийг нийт 7,068,770 төгрөгийг хасахаар 10,630,000 төгрөг краны төлбөр гэсэн утгатай орсон. Үүнийг шууд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй. Яагаад гэхээр хохирогч З.М******** зарим үед краны төлбөрийг өөрийнхөө дансаар аваад шилжүүлж байгаарай гэсэн тохиолдол байсан гэдгээ хэлдэг. Эдгээрээс буцааж шилжүүлсэн төлбөрийг тооцож үзсэн. Нийт төлсөн төлбөр, буцааж өгсөн төлбөрийг тухайн цаг үед нь шилжүүлснээр тооцож үзэхээр 16,886,600 төгрөг болдог. Зөвхөн нөхрийнх нь данс руу шилжүүлсэн мөнгийг тооцож үзэхэд 6,496,000 төгрөг шилжүүлсэн байсан. Хадам аав Б************* гэдэг хүн рүү 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд бодохоор нийт 9,496,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Хохирлыг тооцохдоо дансанд орсон бүх мөнгийг хохирол гэж үзсэн. Буцаан шилжүүлсэн 6,496,000 төгрөгийг хасаж тооцоогүй. Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч хассан гэж хэлсэн. Хассан зүйл байхгүй. Дансны үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлээс тулгаад үзэхээр орсон орлого дээр хүснэгтэлж гаргаад нийт хохирол гэж үүнээс өмнө төлсөн 4,321,000 төгрөгийг хасаад үлдсэнийг нь хохиролд тооцсон. 2021 оны 11 дүгээр сараас хойш 2022 оны 06 дугаар сар хүртэл буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хугацаанаас өмнө буцаан шилжүүлсэн 5,585,700 төгрөгийг хасахаар 11,280,900 төгрөгийг буцааж шилжүүлсэн гэж үзээд байгаа. Нийт хохирол 14,951,000 төгрөг болж буцаан шилжүүлсэн 11,280,900 төгрөгөө хасахаар үлдэгдэл 3,670,100 төгрөгийг краны төлбөр гэж шилжүүлсэн мөнгөнөөс өөртөө авч үлдсэн гэх тооцоо гарсан. Тооцооллыг хэрэгт хавсаргасан. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар тооцсон. Иймд хохирол төлбөрийг барагдуулсан бусдад төлөх төлбөр байхгүй гэх тайлбар хэлье” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д********** Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1.  Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Б.Д********** эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай дансны орлого, зарлагын сэжигтэй гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13-р хуудас/,

Шүүгдэгч Б.Д********** ХААН банкны*********** дугаарын дансанд 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 53-56-р хуудас/

Хохирогч З.М************: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл манай компанид ажиллаж байсан Д*********** гэх залуу манайд краны оператораар ажиллаж байх хугацаандаа манай краныг ашиглаж ажил эрхэлж надад өгөх ёстой мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байсан... Би Д********* ажиллуулж байхдаа сар бүр 3 сая төгрөгийн цалин өгдөг байсан. Цалингаа цаг тухай бүрд нь өгч байсан ба ачаалалтай ганцаараа ажилласан сард нь 4 сая төгрөгийн цалин өгдөг байсан... Д******** нь манайд ажиллаж байгаад ажлаасаа гарангуутаа өөрөө хувьдаа 25 тонны комби кран авсан байсан ийм учраас манай краныг барьж байх үедээ орлогоос хувьдаа завшсан байх гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Б.Д********** эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49-88-р хуудас/,

Гэрч Б.Арьяасүрэнгийн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ханбогд сум Хайрхан баг Цагаан хад суурьшлын бүсэд байх Бодь ложистик ХХК-ны кемп дээр байсан. Би тухайн үед уг компанид кемп менежер гэх ажлын хийж байсан. Тухайн үед манай компани өөрийн компани дээр шинээр ирж байгаа 6 чиргүүлийг нэг бүрийг нь 300,000 төгрөгийн үнээр бодож кранаар буулгах ажлыг хийлгэж уг ажлынхаа хөлсөнд 1,800,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ********данснаас ******* гэсэн ‘данс руу шилжүүлж байсан. Би одоо дээрх дансаа ашиглаагүй нэлээн хэдэн сар болж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-54-р хуудас/,

Гэрч Т.Басарын: “Би 2022 оны 08 сарын 15-ны өдөр Хаан банкны ****** тоот данс руу 350,000 төгрөг компаниа төлөөлж шилжүүлсэн ба тус шилжүүлгийг хийхдээ би "****** гэх утга бичиж шилжүүлсэн байхыг бодоход тухайн үедээ кран хөлсөлж ачаа бараа зөөвөрлөх, буулгахаар төлбөрт нь шилжүүлсэн болж таарч байна. Тухайн үе нь манай компани сэндвичэн байшин барьж эхэлж байсан үе юм.” гэх мэдүүлэг /2-рхх-ийн 188-191-р хуудас/,

Гэрч Х.Пүрэвээгийн: “Би хашаандаа төмөр өргүүлэхээр таньдаг хүнээсээ кран асуухад миний кран байгаа тэрийг дуудаад өргүүлчих гэсэн тэгэхээр нь би төмрөө өргүүлчхээд төлбөр мөнгийг нь нөгөө краны эзэн болох Ээгийгийн данс руу шилжүүлэх гэсэн чинь хэрэг би тооцоогоо өөрөө Ээгий ахтай хийдэг юмаа гээд тухайн залуу надаа данс өгөөд би тэр данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн удаа байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 192-193-р хуудас/,

Гэрч Б.Гантуяагийн: “Би уг хүнийг танихгүй. Манайх Цагаан хадад тээврийн компанитай бөгөөд 2022 оны 09 дүгээр сард хотоос контейнер Цагаан хад руу явуулсан ба ажлын хөлс гэж Д******** гэгчид ажлын хөлс 200,000 төгрөгийг өөрийнх нь ******** дугаарын данс руу нь шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 205-206-р хуудас/,

Гэрч Д.Наранбаатарын: “Би контейнер худалдаж аваад хашаандаа аваачиж тавих гэсэн чинь өргөх кран хэрэгтэй болоод сумаар кран хайгаад явж байсан чинь нэг крантай залуу таарсан тэгээд тухайн залууг контейнер өргөөд өгөөч гэсэн чинь тэгье гэж хэлээд худалдаж авсан газраасаа машин дээр ачуулаад хашаандаа буулгуулж хөлсөнд нь 300.000 төгрөг тухайн краны жолоочийн данс руу шилжүүлсэн юм. Түүнээс би цагаан хаданд очиж кранаар юм өргөөгүй юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 207-208-р хуудас/,

Гэрч М.Мөнхзулын: “Би 2022 оны 08 сарын 15-ны өдөр ******** тоот данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн гэхдээ хэн гэдэг хүний данс руу шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед бокс өргүүлсний хөлс гэж 400.000 төгрөг шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 209-212-р хуудас/,

Гэрч С.Ядамсүрэнгийн: “Манай жолооч нар нүүрс тээврийн машины контейнер өргүүлж тавихад кран хөлсөлж ачуулдаг юм. Тухайн краны түрээсийн төлбөрийг шилжүүлэх дансыг манай жолооч нар над руу явуулдаг. Би түрээсийн хөлсний мөнгийг над руу явуулсан данс руу нь явуулдаг. Хэн гэдэг хүний данс гэдгийг би тухайн бүр нь нягталж хараад байдаггүй юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 214-217-р хуудас/,

Гэрч Н.Заяагийн “Би 2022 оны 05 сарын 15-ны өдөр манай ****** ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумаас төв аймаг руу том машин ачуулах гэж кран түрээсэлсэн гэсэн тэгээд намайг Улаанбаатар хотод байхад **** тоот данс руу 2022 оны 05 сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлчих гэсэн тэгээд би өөрийнхөө данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн 2022 оны 05 сарын 17-ны өдөр мөн үлдэгдэл мөнгө болох 1.700.000 төгрөгийг ****** тоот данс руу үлдэгдэл мөнгийг нь шилжүүлчих гэж тухайн үед ажиллаж байсан ажилтан хэлэхээр нь би өөрийнхөө данснаас үлдэгдэл 1.700.000 төгрөг шилжүүлсэн ингээд нийт 2.700.000 төгрөг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн юм. Би тухайн үед утган дээр нь краны урьдчилгаа, дараагийн гүйлгээн дээр краны үлдэгдэл гэж бичиж шилжүүлсэн юм. Түүнээс тухайн краны жолоочийг танихгүй тухайн краныг хаанаас хэн олж авчирсан талаар хэлж мэдэхгүй байна намайг мөнгө шилжүүл гэхэд нь би шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 218-221-р хуудас/,

Гэрч О.Галтын “Би 2022 оны 08 сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх суурьшлын бүсэд “***********” ХХК-ны боксыг буулгах гэж кран түрээсэлж байсан санагдаж байна. Тэгээд түрээсийн мөнгө гэж 300.000 төгрөг шилжүүлсэн байх өөр ямар нэгэн зүйл бол өргүүлж бариагүй санагдаж байна. Тухайн краны жолоочийг хүртэл би танихгүй ямар залуу байсныг хүртэл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 224-225-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Харцагын “...би эрүүгийн *******дугаартай хэрэгт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Манай краны жолооч Б.Д******** нь хувийн дансаар мөнгө авсан байж болзошгүй гэх хэрэгт ********дугаар луу залгаж ярихад би Архангай аймагт байна хүний бие муудаад ирсэн тул мэдүүлэг өгөх боломжгүй би 2021 оны 11 сарын 29-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дахь км-т байхдаа кранаар юм өргүүлсэн байгаа одоо бол би юу өргүүлсэн талаар сайн санахгүй байна тухайн үед хөлсөнд нь 200.000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна гэснийг тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл /2-р хх-ийн 228-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Завших гэмт хэрэг нь хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж авсан идэвхтэй үйлдэл бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Энэ хэргийн тухайд хохирогч З.М******** итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох кран маркийн машины жолоочоор ажиллах хугацаандаа тухайн краныг хөлсөөр авч ажиллуулсан этгээдүүдээс орсон орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хувьдаа завшсан үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байх ба түүний гэм буруутайг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй тогтоосон, нотолбол зохих байдлыг тогтоосон байна.

 Шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо нотлох баримт нэг бүрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар зэрэг нотолгооны зүйлийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Д********* нь завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Д********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Д******* нь З.М******** итгэмжлэн хариуцуулж өгсөн кран маркийн тээврийн хэрэгслийн жолоочоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт ажиллах хугацаандаа 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ажлын хөлсийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** дугаарын дансаар хувьдаа авч завшин, З.М********** 14,041,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд дурдагдсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй, хохирогч З.М******** ч хохирлын талаараа тодорхой баримтаар нотолж чадахгүй байна. Харин 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн  “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр  “…Б.Д********нь нийт 13,099,600 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан үзлэгээр тогтоогдож байна” /3-р хх-ийн 53-56-хуудас/ гэсэн баримтаар тухайн гэмт хэргээс учирсан хохирлыг нийт 13,099,600 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д******** нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад 4,321,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Д*********завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч З.М******** хохирол төлбөрт 8,778,600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Д******** нь завсарлага авч, шүүхээс тогтоосон хэмжээнд буюу 8,778,600 төгрөгийг ХААН банкны ******** дугаартай ********* гэсэн данс руу “******* хохирол, төлбөр Д*******” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Шүүгдэгч Б.Д****** нь гэмт хэргээс учруулсан хохирол төлбөрт нийт 13,099,600 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Д********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг дараах байдлаар танилцуулъя. Б.Д******** эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүний хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд оруулж байна. Түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэхүү хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Энэ хэргийн улмаас баривчлагдаагүй цагдан хоригдоогүй. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй. Өөр зүйлгүй” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч И.О***** эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Б.Д***** хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргахгүй гэдэг боловч өөрийн мэдүүлгээс нь харахаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Яагаад гэхээр хэрвээ энэ хүн завшсанаа хүлээн зөвшөөрч байсан бол сайн дураараа хүмүүсээс орж ирсэн мөнгийг завшсан, буцааж өгсөн талаараа шударгаар хүлээх байсан. Гэтэл мөрдөгч болон улсын яллагчийн зүгээс нотолж чадахнуу чадсан хэмжээгээр нь төлье гэсэн байдлаар хандаж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэхгүй байна. Мөн улсын яллагчийн зүгээс эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үзэх санал оруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэхээр Б.Д******* хувьд үргэлжилсэн үйлдлээ 1 жил орчмын хугацаанд хэрэгжүүлж явсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогддог учраас эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хариуцлагын хүлээлгэх зорилго тухайн хүнийг нийгэмшүүлэх, хохирол төлбөр нөхөн төлүүлэхэд оршдог. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн доод  хэмжээгээр ялын санал гаргаж байгаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь энэ хүний гэмт хэрэг үйлдсэн байдалд тохирохгүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э***** эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Б.Д******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь гарцаагүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангаж байна. Шүүгдэгч өмнө гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгэгдээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл бүрэн тогтоогдож байна. Шүүгдэгч хохирогчид учирсан хохирол 3,009,600 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд эрүүгийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тийм учраас улсын яллагчийн гаргасан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг саналыг дэмжиж байна. Уг саналын дагуу шийдэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Д******** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д******** 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Д*********** торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            2.3. Бусад асуудлын талаар

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д********* 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Шүүгдэгч Б.Д********* нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Д******** нь гэмт хэргийн улмаас хохирогч З.М********* хохирол төлбөрт нийт 13,099,600 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТТУЛГА