Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/316

 

 

 

 

 

 

 

 

 

2024       12          10                                          2024/ШЦТ/316

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0301/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн, 

Улсын яллагч Н.Амгалан,

Шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уртнасангийн *******т холбогдох эрүүгийн 2439000000186 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч У.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* 22-02 тоот байх иргэн Ж.*******ийн граш руу нэвтэрч дотор нь байсан нийт 22 ширхэг арьсан /хром, шевро/ материалууд болон эмэгтэй хүний үстэй дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.602.610 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 орны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг *******ийн 23-09 тоотод байрлах хохирогч Б.*******ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожтой хаалгыг хүчээр хөшин онгойлгож нэвтрэн орж, хөлдөөгчид нь байсан үхрийн гуяыг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авч, 238.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Дархан-Өргөө хотхоны 113 дугаар байрны гадаа 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр автомашины зогсоолд байсан иргэн Д.*******ын 65-50 УНА улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийн урд хойд талын 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26 дугаар гудамжид байрлуулсан байсан хохирогч ******* *******ий эзэмшлийн Mazda CX-5 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтай 26 дугаар гудамжны 76 тоот хашаанд байсан хохирогч Г.*******ын эзэмшлийн 52-29 УБЗ улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд У.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* 22-02 тоот байх иргэн Ж.*******ийн граж руу нэвтэрч дотор нь байсан нийт 22 ширхэг арьсан /хром, шевро/ материалууд болон эмэгтэй хүний үстэй дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.602.610 төгрөгийн хохирол учруулсан,

2024 орны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг *******ийн 23-09 тоотод байрлах хохирогч Б.*******ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожтой хаалгыг хүчээр хөшин онгойлгож нэвтрэн орж, хөлдөөгчид нь байсан үхрийн гуяыг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авч, 238.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Дархан-Өргөө хотхоны 113 дугаар байрны гадаа 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр автомашины зогсоолд байсан иргэн Д.*******ын 65-50 УНА улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийн урд хойд талын 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26 дугаар гудамжид байрлуулсан байсан хохирогч ******* *******ий эзэмшлийн Mazda CX-5 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтай 26 дугаар гудамжны 76 тоот хашаанд байсан хохирогч Г.*******ын эзэмшлийн 52-29 УБЗ улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

1. Шүүгдэгч У.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* 22-02 тоот байх иргэн Ж.*******ийн граж руу нэвтэрч дотор нь байсан нийт 22 ширхэг арьсан материалууд болон эмэгтэй хүний үстэй дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.602.610 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 7хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол буюу З.*******ээс хохирогч Ж.*******ийн алдагдсан гэх эд зүйлсийг хураан авсан мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол (1-р хх-ийн 9-10хуудас),

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 12-14хуудас),

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 17хуудас),

Хохирогч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд маргааш өдөр нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө өөрийн амьдрах Хэрлэн сумын 2 дугаар баг ******* 22-02 тоот хаягт ирсэн. Ирээд хашаа руу ороход байшингийн баруун талд залгаа байх гражийн хаалга нь онгорхой, харагдахаар гайхаад граж руу ороход граж дотор хураасан 2020 оноос хойш ашиглаж байгаа гутал хийхэд ашигладаг хром, шевро, гражид модон саванд хийсэн байсан эмэгтэй хүний хурган дотортой дээл зэрэг эд зүйл алга болсон байсан.... Алдсан цүнхийг 2017 онд Улаанбаатар хотоос 10000 төгрөгөөр авч байсан. Хятад улсад үйлдвэрлэсэн цүнх, Хуучирч муудсан болохоор хаях гэж байсан юм. Тийм эд зүйлд үнэ хэлэх боломжгүй тул үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй. .... Нийт 22 ширхэг хром, шевро арьсан материалаас бүтэн эвдэгдэж ашиглаагүй 9 ширхэг арьсан материалын нэг бүрийн хэмжээ нь 210-240 дм-тэй үнэлгээг гаргуулсан юм...Бүтэн буюу ашиглаагүй 8 ширхэг арьснуудыг үнэлгээгээр шийдүүлмээр байна. ..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 22-23, 28-29хуудас),

Гэрч З.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн үед ажил дээр нөхрийн хамт сууж байхад гаднаас гуч орчим настай, бор царайтай, 160-170 см орчим өндөр, бараан өнгийн гадуур хувцастай эрэгтэй хүн орж ирээд савхи худалдаж авах уу гэхээр нь хуучин савхи авахгүй гэсэн чинь шинээрээ гутал хийдэг арьснууд байгаа юм гэсэн. Тэгээд авчирсан эд зүйлийг нь үзэхээр болж тэр хүн цагаан өнгийн шуудайнаас гутлын арьснууд гаргаж ирсэн. Авчирсан арьснууд нь таалагдсан болохоор тэр залуугаас хэдэн төгрөөр зарах вэ гэж асуухад бүгдийг нь 150.000 мянган төгрөгөөр зарна гэсэн. Ярьж тохирсон 150.000 мянган төгрөгийг өгөөд арьснуудыг авсан. Тэр залуу гарах үедээ дахиад ийм арьснууд байгаа авах уу гэхээр нь юу ч гэсэн аваад ир таалагдвал авна гэсэн. Удалгүй 17-18 цагийн үед дахиад хар том цүнх үүрсэн байдалтай орж ирээд авчирсан цүнхнээсээ үзүүлнэ гэсэн арьснуудыг гаргаж бид хоёрт үзүүлсэн. Арьснууд таалагдсан болохоор бүгдийг нь 130.000 мянган төгрөгөөр авахаар болж тэр залууг дагуулан аймгийн төв хаан банкны бэлэн мөнгөний машинаас ярьж тохирсон мөнгийг авч өгсөн.  Хамгийн сүүлд тухайн өдрийн оройн 21 цагийн үед ажил дээр гэртээ харих гэж байхад нөгөө хар цүнхтэйгээ орж ирээд бид хоёрыг хурган дотортой дээл худалдаж авах уу гээд цүнхнээсээ цэнхэр торгон гадартай эмэгтэй хүний дээл гаргаж ирээд 300.000 төгрөгөөр зарна гэсэн. Би зарна гэсэн дээлийг нь авахгүй гэж хэлэхэд цүнхээсээ дахиад баахан арьсны өөдөснүүд гаргаж ирээд 30.000 төгрөгөөр зарна гэхээр би худалдаж авсан юм. Гарахдаа манай ажил дээр нөгөө зарна гээд байсан үстэй дээлээ үлдээгээд дараа ирж авна гээд явсан. Явснаасаа хойш дахиад ирээгүй..." гэх мэдүүлэг (1хх-ийн 32-33хуудас),

Гэрч И.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн үед ажил дээр нөхрийн хамт сууж байхад гаднаас гуч орчим настай, бор царайтай, 160-170 см орчим өндөр, бараан өнгийн гадуур хувцастай эрэгтэй хүн орж ирээд савхи худалдаж авах уу гэхээр нь эхнэр бид хоёр хуучин савхи авахгүй гэхэд тэр залуу шинээрээ гутал хийдэг арьснууд байгаа юм гэсэн. Тэгээд авчирсан эд зүйлийг нь үзэхээр болж тэр хүн цагаан өнгийн шуудайнаас гутлын арьснууд гаргаж ирсэн. Авчирсан арьснууд нь таалагдсан болохоор тэр залуугаас хэдэн төгрөөр зарах бэ гэж манай эхнэр асуухад бүгдийг нь 150.000 мянган төгрөгөөр зарна гэсэн. Ярьж тохирсон 150.000 мянган төгрөгийг бид хоёр өгөөд арьснуудыг авсан. Тэр залуу гарах үедээ дахиад ийм арьснууд байгаа авах уу гэхээр юу ч гэсэн аваад ир таалагдвал авна гэсэн. Удалгүй 17-18 цагийн үед дахиад хар том цүнх үүрсэн байдалтай орж ирээд авчирсан цүнхнээсээ үзүүлнэ гэсэн арьснуудыг гаргаж бид хоёрт үзүүлсэн. Арьснууд таалагдсан болохоор бүгдийг нь 130.000 мянган төгрөгөөр авахаар болж тэр залууг дагуулан аймгийн төв хаан банкны бэлэн мөнгөний машинаас ярьж тохирсон мөнгийг авч өгсөн. Хамгийн сүүлд тухайн өдрийн оройн 21 цагийн үед ажил дээр гэртээ харих гэж байхад нөгөө хар цүнхтэйгээ орж ирээд бид хоёрыг хурган дотортой дээл худалдаж авах уу гээд цүнхнээсээ цэнхэр торгон гадартай эмэгтэй хүний дээл гаргаж үзүүлээд 300.000 мянган төгрөгөөр зарна гэсэн. Эхнэр зарна гэсэн дээлийг нь авахгүй гэж хэлэхэд цүнхээсээ дахиад баахан арьсны өөдөснүүд гаргаж ирээд 30.000 мянган төгрөгөөр зарна гэхээр би худалдаж авсан юм. Гарахдаа манай ажил дээр нөгөө зарна гээд байсан үстэй дээлээ үлдээгээд дараа ирж авна гээд явсан. Явснаасаа хойш дахиад ирээгүй. Манай ах гутал хийдэг байсан юм. Одоо нас барсан. Гэрт баахан гутал хийхэд хэрэглэдэг арьснуудыг хэрэглэх хүнгүй болохоор зарж байгаа гэж ойлгуулсан...." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 43-45хуудас),

Иргэний нэхэмжлэгч З.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэр залуугийн зарсан эд зүйлс хулгайн эд зүйл байсныг мэдээгүй 310.000 төгрөгөөр эд зүйл авсан байна. Би худалдаж авсан эд зүйлийг ашиглаагүй, мөн эд зүйлийг буцааж өгсөн болохоор намайг хуурч эд зүйлийг зарсан хүнээс худалдаж авсан мөнгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 49-51хуудас),

Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 124 дугаартай дүгнэлт (1хх-ийн 58-62хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч У.******* нь 2024 орны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг *******ийн 23-09 тоотод байрлах хохирогч Б.*******ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожтой хаалгыг хүчээр хөшин онгойлгож нэвтрэн орж, хөлдөөгчид нь байсан үхрийн гуяыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 238.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 167-р хуудас),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 169-173 хуудас),

Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг *******ийн 23-09 тоотод амьдардаг. Өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 13-ны өглөөний 07 цагийн үед хөрш ах над руу залгаад "танай гэрийн хаалга онгорхой, даруулгыг нь гулзайлгасан бололтой цоож нь зүүлттэй байна яах вэ" гэхээр нь цагдаа руу дуудлага өгөөрэй гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр 15 цагийн орчим гэртээ ирж эд зүйлээ бүртгэхэд хөлдөөгч дотор хийсэн байсан шүдлэн үхрийн гуяыг аваад явсан байсан. Өөр зүйл алдагдаагүй..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 178-179 хуудас),

Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг *******ийн 23-09 тоотод амьдардаг. 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 07 цагийн орчим гэрээс гараад хашаан дотроо явж байхад манай хашаанд түр гэр барьж амьдарч байгаа манай төрсөн ахын охин Энхбатын Наранцэцэгийн гэрийн хаалга нь онгорхой байсан. Би гайхаад дөхөж очиход хаалганы даруулгыг нь гулзайлгасан бололтой цоож нь зүүлттэй байсан. ..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 188-189 хуудас),

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед *******т байдаг Эрхэс буудлын хажууд шар тайлах гээд таньдаг хүн таарахыг хүлээж сууж байхад хааяа "Эвт" худалдааны төв орчмоор архи ууж явдаг ******* гэгч гартаа том цагаан тороор ороосон мах бололтой зүйл энгэртээ тэврээд урагшаа явж байхыг харсан. ******* намайг мэдэхгүй боловч би таних юм. *******ын авч явсан мах л гэж харсан. Торны зарим хэсгээр цухуйж байсан..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 197-198хуудас),

Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 204-208-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3. Шүүгдэгч У.******* нь 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Дархан-Өргөө хотхоны 113 дугаар байрны гадаа 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр автомашины зогсоолд байсан Албан журмын даатгагчдын холбооны 65-50 УНА улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийн урд хойд талын 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 228 хуудас)

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгай тухай мөрдөгчийн тогтоол (1хх-ийн 229-230-р хуудас)

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 232-238-р хуудас)

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1хх-ийн 239-р хуудас)

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 241-242-р хуудас)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би албан журмын даатгагчдын холбоонд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсон бөгөөд тухайн үед манай байгууллагын 6550 УНА улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Дархан-Өргөө хотхоны зогсоол дээр байрлуулсан байсан. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн үед манай байгууллагын жолооч Бат-Өлзий байгууллагын 65-50 УНА улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн талын урд болон хойд дугуй алдагдсан тухай хэлсэн. ... Тэгээд Дархан-Өргөө хотхоны хяналтын камерийг шүүж үзэхэд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг 58 минутын орчимд үл таних эрэгтэй хүн 6550 УНА улсын дугаартай машины цаад талд нь сууж байсан ба машин дээшээ өргөгдөж байсан. Тэгээд машины хоёр ширхэг дугуйг гартаа өргөж бариад төв зам руу гараад явж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 246-р хуудас)

Хөрөнгийн үнэлгээний DAMNO ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн СБ2-24-499 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

4. Шүүгдэгч У.******* нь 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26 дугаар гудамжид байрлуулсан байсан хохирогч ******* *******ий эзэмшлийн Mazda CX-5 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2хх-ийн 39-р хуудас),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 40-42-р хуудас),

Хохирогч ******* ******* /WANG ZHONG/-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2023 оны 09 билүү 10 дугаар сард өөрийн эзэмшлийн 87-36 УНС улсын дугаартай Мазда /Mazda CX-5/ загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зүс таних дүү Үүдэлд түр өгсөн байсан бөгөөд түүнээс хойш машины амаржин эвдэрсэн гээд Үүдэл нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32-н тойргийн орчимд үйл ажиллагаа явуулж байсан машин засварын газарт засуулахаар өгсөн гэж байсан. Түүнээс хойш тухайн тээврийн хэрэгсэл дээрээ очоогүй, би тэр машин засварын газарт нь очиж байгаагүй. Тэгээд 87-36УНС улсын дугаартай Мазда /Mazda CX-5/ тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй алдагдсан тухай Үүдэл нь надад хэлсэн... Би энэ 87-36УНС улсын дугаартай Мазда /Mazda CX-5/ маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 08-09 сарын үед худалдан авсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм аа..." гэх мэдүүлэг (2хх-ийн 47 хуудас),

Гэрч Д.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Намайг өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 26 дугаар гудамжны авто засварын ажил дээрээ байх үед манай гудамжны хажуу талын баригдаж байгаа барилгын инженер ах надад хэлэхдээ" Машины чинь дугуйг хоёр хоногийн өмнө тайлаад аваад явчихсан ..." гэж хэлсэн, тэгээд тус өдрийн 17 цагийн үед хажуу талын барилгын инженер Отгоо ах ирээд "... Ахын дүү нөгөө дугуй авсан нөхөр чинь энд хоёр ширхэг дугуйг түрхчихсэн явж байна шд." гэж хэлэхээр нь би Отгоо ахын заасан хүн дээр очиход 45-48 орчим настай эрэгтэй машины хоёр дугуй хажуудаа тавьчихсан зогсож байсан бөгөөд би тухайн 45-48 орчим настай эрэгтэй хүнээс чи яагаад дугуй тайлаад авчихсан юм бэ, энэ зураг чинь байна..." гэж асуухад тэр 45-48 орчим настай эрэгтэй хүн “... би байна, би тайлсан наадахыг чинь, чи цагдаа дуудаад яахав хоёулаа тохироё, би дугуйг нь төмрийн хогонд аваачаад өгчихсөн. ...” гэж хэлж байсан. Тэгээд намайг цагдаагийн байгууллагад дуудлага өгч байх үед тэр 45-48 орчим настай эрэгтэй зугтаахаар нь би араас нь очиж бариад цагдаа ирэхийг хүлээж байсан. ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 48-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний DAMNO ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн СБ2-24-545 дугаартай дүгнэлт (2хх-ийн 55-57-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

5. Шүүгдэгч У.******* нь 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтай 26 дугаар гудамжны 76 тоот хашаанд байсан хохирогч Г.*******ын эзэмшлийн 52-29 УБЗ улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2хх-ийн 84-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл (2хх-ийн 85-89-р хуудас)

Хохирогч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой 17 билүү 18 цагийн үед таньдаг дүү Анхбаяр нь над руу утсаар яриад "танай гэрээс дугуй хулгайлж байсан хүнийг барьчихсан, цагдаа дуудчихсан байгаа" гэж хэлсэн Тэгээд би тус өдрийн 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтай 26 дугаар гудамж 76 тоотод байрлах хашаан дээрээ ирэхэд манай хашааны хаалга нурчихсан байсан ба намайг хашаандаа ороход миний эзэмшлийн кроун маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хоёр дугуйг тайлаад авчихсан байдалтай байсан ба доторх эд зүйлийг онгичоод хаясан байдалтай байсан. Тухайн үед манай гудамжинд үл таних хүмүүс байсан бөгөөд тэдгээрээс нэг үл таних эрэгтэй хүн нь газар явган суучихсан байсан ба согтуу байсан хажууд нь миний кроун загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй байсан. Тэр эрэгтэй өөрөө хэлэхдээ "Би хулгайлсайн .. хулгайлсан" гэж байсан. Би тэр хүнтэй өөр юм яриагүй ээ. ... Миний шууд мэдэж байгаагаар манай гэрээс алдагдсан эд зүйл байхгүй..." гэх мэдүүлэг. (2хх-ийн 103-р хуудас)

Хөрөнгийн үнэлгээний "Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн СБ2-24-546 дугаартай" шинжээчийн дүгнэлт (2хх-ийн 112-114-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2439000000186 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.******* үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өөрчлөн зүйлчлэх саналтай байна...Шүүгдэгч У.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч У.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

           Эрх зүйн дүгнэлт:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах....эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч У.******* нь хохирогч Ж.*******ийн граш руу хууль бусаар нэвтэрсэн, хохирогч Б.*******ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожтой хаалгыг хүчээр хөшин онгойлгож нэвтрэн орсон үйлдлүүд нь түүнийг хууль бус нэвтрэлтэд тооцох үндэслэл болж байна.

Түүнчлэн шүүгдэгч У.******* нь 3 удаагийн үйлдлээр автомашины зогсоолд байсан бусдын тээврийн хэрэгслийн дугуйг авсныг үргэлжилсэн үйлдлээр авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх 3 үйлдэлд Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар  авч хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”   гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэж  яллах  дүгнэлт үйлдэж  ирүүлснийг өөрчилж Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан “үргэлжилсэн” үйлдлээр хулгайлах гэмт хэргийн  үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн  тусгай ангид заасан нэг гэмт хэргийн  шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч У.*******ыг хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан, автомашины зогсоолд байсан бусдын тээврийн хэрэгслийн дугуйг авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч У.******* нь хохирогч Ж.*******т 2,602,610 төгрөг, хохирогч Б.*******д 238,000 төгрөг, хохирогч ******* *******д 1,600,000 төгрөг, хохирогч Г.*******т 360,000 төгрөг,  хохирогч албан журмын даатгагчдын холбоонд 420,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.*******т 310,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Хохирогч Ж.*******т 2,602,610 төгрөгийн хохирол буюу хурганы арьсыг буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 17-р хуудас)-ээр тогтоогдож байна. Мөн хохирогч Г.*******т авто машины 2 ширхэг дугуйг буцаан өгсөн байх тул хохирогч Ж.*******, Г.******* нарт төлөх төлбөргүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар бусад хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч У.*******аас 238,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д, 420,000 төгрөгийг гаргуулж албан журмын даатгалын холбоонд, 1,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* *******д, 310,000 төгрөгийн гаргуулж иргэний нэхэмжлэгч З.******* нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сар хорих ял, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаартай тогтоолоор оногдуулсан ялаас үлдэгдэл 3 жил 7 сар 3 хоногийг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 5 жил 8 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч У.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, (1-р хх-ийн 85-93, 95-108, 110-148, 152-154-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч У.******* нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 240 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 156 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тус ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил, 10 хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 05 жил 05 хоногийн хорих ялаар, нийт 12 жил 10 хоногийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, нийт  жилийн хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хорих ялаар, үүн дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын арван таван мянган төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 33 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 95-98, 99-108, 110-113, 115-117, 118-119, 120-125, 127, 128-142, 152-154-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч У.******* нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 жил 33 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 26 хоногийг хорих ялын үлдэгдэлтэй болох нь Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар гаргасан ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч У.*******ын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 жил 33 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 26 хоногийг нэмж нэгтгэн нийт элдлэх ялыг 5 жил 8 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2439000000186 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.*******т 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЦХШЗ/99 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба У.*******ыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр авчирч уг өдрөөр ялын тооцоог тасалбар болгосон болох нь ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч У.*******ын цагдан хоригдсон хугацаа нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 33 хоног цагдан хоригдсон байна.

Шүүгдэгч У.*******ын цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Шүүгдэгч У.******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн У.*******т холбогдуулан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч овогт Уртнасангийн *******ыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Уртнасангийн *******ыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т   зааснаар шүүгдэгч У.*******т оногдуулсан 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хорих ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 жил 33 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 26 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 (тав) жил 8 (найм) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******т оногдуулсан 5 (тав) жил 8 (найм) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ын цагдан хоригдсон 33 (гучин гурав) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.*******аас 238,000 (хоёр зуун гучин найман мянга)  төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д, 420,000 (дөрвөн зуун хорин мянга)  төгрөгийг гаргуулж хохирогч албан журмын даатгалын санд, 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ******* *******д,  310,000 (гурван зуун арван мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.******* нарт тус тус олгосугай.

8. Эрүүгийн 2439000000186 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Долгоржавт даалгасугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.УУГАНБАЯР