| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00228/И |
| Дугаар | 155/ШШ2021/00405 |
| Огноо | 2021-04-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2021/00405
| 2021 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2021/00405 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Т банкны нэхэмжлэлтэй,
хариуцагч: А.Б,
хариуцагч Н.М нарт холбогдох,
үндсэн зээлийн үлдэгдэл 23,821,097.10 төгрөг, зээлийн хүү 6,953,169.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 410,952.09 төгрөг, нийт 31,185,218.80 (гучин нэгэн сая нэг зуун наян таван мянга хоёр зуун арван найман төгрөг наян мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 155/2021/00228/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Б, Н.М нар нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, жилийн 20.4 хувь, сарын 1,7 хувийн хүүтэй, 200000387994 тоот зээлийн гэрээгээр сард 1,047,536 төгрөг төлөх эргэн төлөлтийн хуваарьтай зээл авсан. Зээлийн хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусна. Зээлийг тодорхой хүү, хугацаатай авсан учраас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч А.Б, хамтран зээлдэгч Н.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 23,821,097.10 төгрөг, зээлийн хүү 6,953,169.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 410,952.09 төгрөг, нийт 31,185,218.80 төгрөгийг төлүүлэх саналтай байна.
...Зээлдэгч А.Б, Н.М нар нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 200000387994 тоот барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд М сумын 13 дугаар багийн 16 дугаар гудамжны 24б тоотод байрлах Y-000000000 улсын бүртгэлийн дугаартай 50 метр квадрат талбай бүхий хувийн сууц, М сумын 13 дугаар багийн 27 дугаар гудамжны 04 тоотод байрлах Y-0000000 улсын бүртгэлийн дугаартай 80 метр квадрат талбай бүхий хувийн сууц, М сумын 13 дугаар багийн 16 дугаар гудамжны 24б тоотод байрлах Г-00000000 дугаартай 1610.6 метр талбай бүхий өмчлөх эрхтэй газар, М сумын 13 дугаар багийн 27 дугаар гудамжны 04 тоотод байрлах Г-1723004884 дугаартай 548.1 метр квадрат талбай бүхий өмчлөх эрхтэй газар, тухайн үед гэрт байсан гэрийн бусад эд хогшил, бизнесийн бараа материалын үлдэгдэл зэргийг барьцаалсан байна. Энэ талаар нэр зааж барьцаалаагүй байна. 3275 килограмм мах барьцаалсан байна. Ямар малын мах гэдгийг тодорхой заагаагүй байна.
...Зээлдэгч нар үндсэн зээл 6,178,902.90 төгрөг, үндсэн зээлийн хүү 5,998,311.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,839.64 төгрөг, нийт 12,198,053.75 төгрөгийг төлсөн байна....2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаж байгаа....А.Бийн гурван зээлийн гэрээтэй нь холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Кредит картны зээл, малчны зээл дээр шүүхээс шийдвэр гарсан. Энэ бичил бизнесийн зээлтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нь шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй, хаягтаа байгаагүй гээд буцаасан....2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр одоо хэлэлцэгдэж байгаа энэ зээлтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн шийдвэр нь одоо надад байхгүй байна. Тэр үед гаргасан нэхэмжлэл нь байна...Зээлдэгч нараас үндсэн зээлийн төлбөр 23,821,097.10 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,344,569.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,531.60 төгрөг нийт 25,169,198.43 төгрөг нэхэмжилж байсан...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч нар нь оршин суух хаягтаа байгаагүй гэсэн шүүгчийн захирамж гарсан...2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээлийн хүү 642,194.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,805.90 мөнгө, нийт 660,000 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш огт төлөлт хийгээгүй....Хариуцагч нарын хаяг тодорхойгүй гээд татгалзсан гэж байсан. Тэр захирамжийн дугаарыг нь мэдэхгүй байна....Зээлдэгч нар 2019 оны 9 дүгээр сараас эхэлж зээлээ хугацаандаа төлөхгүй болж эхэлсэн....2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хандахад зээлийн хүү зогссон. Манай дотоод журмаар 60 хоногийн дотор шүүхээс ямар нэгэн захирамж шийдвэр гараагүй бол нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргана гэсэн зохицуулалттай байдаг. Тэгээд 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргахад зээлийн хүү зогссон байгаа....гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Б би Т банкны Хөвсгөл дахь салбараас 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 200000387994 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 40 сарын хугацаатайгаар жилийн 20.4 хувийн хүүтэй авсан.
Уг зээлд 2019 оны 9 дүгээр сар хүртэл эргэн төлөлт хийсэн. 2019 оны 10, 11 дүгээр сараас зээлээ төлөх чадамжгүй болоод 2019 оны 12 дугаар сард Т банкинд энэ талаараа мэдэгдэж зээлийн хүүг зогсоож өгнө үү гэж хүсэлт гаргасан. Т банкнаас авсан гурван зээл тус бүртээ хүсэлт гаргасан боловч 2020 оны 02 дугаар сард Т банкнаас хоёр зээлийн гэрээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин энэ бизнесийн зээлийн гэрээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч буцаасан гэж байсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч хүү үргэлжлүүлэн тооцогдсон.
Хэрвээ Т банк 2020 оны 02 дугаар сард одоо маргаж буй зээлийн гэрээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хүү нь зогссон байх байсан. Шүүхэд хандаагүй учраас одоо үндсэн зээлийн хүү 6,953,169.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 410,952.09 төрөг бодогдсон байна.
Би Т банкнаас зээл авсан. Зээлийн эргэн төлөлтөд 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл 12,198,000 төлснөөс үндсэн зээлээс 6,178,902 төгрөг, зээлийн хүүд 5,998,331 төгрөг авсан байна.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 23,821,097.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үндсэн зээлийн хүү 6,953,169.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 410,952.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна....Зээлийн хугацаа 2022 онд дуусна....Бизнесийн зээл дээр чинь дахин материал нэмж бүрдүүлж байж шүүхэд хандах юм байх гэж бодсон. Тэгээд Б бизнесийн зээлд дахин материал бүрдүүлэх юм байна гэж хэлсэн. Би 3 дугаар сард дахин холбогдож зээлийн хүү бодогдоод байна гэхэд одоо удахгүй шүүхэд нэхэмжлэл гаргана гэж хэлсэн....гэв.
Хариуцагч Н.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.М нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Т банкны Хөвсгөл салбараас 30,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 40 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. 2018 оны 10 сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл төлөлт хийсэн. 2019 оны 11 дүгээр сард амаар төлөх боломжгүй хүүг нь зогсоож шүүхэд өгөхийг хүссэн боловч банк өдийг хүртэл өгөөгүй их хэмжээний хүү нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Би 23,812,097.10 төгрөгийг төлж барагдуулна. Зээлийн хүү 6,953,169.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 410,952.09 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь А.Б, Н.М нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 23,821,097.10 төгрөг, зээлийн хүү 6,953,169.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 410,952.09 төгрөг, нийт 31,185,218.80 (гучин нэгэн сая нэг зуун наян таван мянга хоёр зуун арван найман төгрөг наян мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч А.Б эс зөвшөөрч ...Уг зээлд 2019 оны 9 дүгээр сар хүртэл эргэн төлөлт хийсэн. 2019 оны 10, 11 дүгээр сараас зээлээ төлөх чадамжгүй болоод 2019 оны 12 дугаар сард Т банкинд энэ талаараа мэдэгдэж зээлийн хүүг зогсоож өгнө үү гэж хүсэлт гаргасан. Т банкнаас авсан гурван зээл тус бүртээ хүсэлт гаргасан боловч 2020 оны 02 дугаар сард Т банкнаас хоёр зээлийн гэрээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрвээ Т банк 2020 оны 02 дугаар сард одоо маргаж буй зээлийн гэрээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хүү нь зогссон байх байсан. ...Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 23,821,097.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үндсэн зээлийн хүү 6,953,169.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 410,952.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэж маргав.
Т банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөр нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/6473 дугаартай албан бичгээр Т банк ХХК-ийн Хөвсгөл салбарын харилцааны менежер Ч.Эд итгэмжлэл олгожээ. /хх-ийн 5 дугаар тал/
Уг итгэмжлэлд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь Т банк ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хариуцагч А.Б, Н.М нар нь Т банк ХХК-ийн Хөвсгөл салбараас 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 200000387994 дугаартай зээлийн гэрээ байгуулан бичил бизнесийн зориулалтаар 30,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 40 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд М сумын 13 дугаар багийн 16 дугаар гудамжны 24Б тоотод байрлах Ү-1723005741 дугаартай, 50 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай хашаа байшин, М сумын 13 дугаар багийн 27 дугаар гудамжны 04 тоотод байрлах Ү-1723008195 дугаартай, 80 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай хашаа байшин, М сумын 13 дугаар багийн 16 дугаар гудамжны 24б тоотод байрлах Г-1723002564 дугаартай 1610.6 метр талбай бүхий өмчлөх эрхтэй газар, М сумын 13 дугаар багийн 27 дугаар гудамжны 04 тоотод байрлах Г-1723004884 дугаартай 548.1 метр квадрат талбай бүхий өмчлөх эрхтэй газар, тухайн үед гэрт байсан гэрийн бусад эд хогшил, бизнесийн бараа материалын үлдэгдэл буюу 3275 кг мах зэргийг барьцаалсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 200000387994 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-8, 9-10 дугаар тал/
Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусах болох нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 200000387994 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 6-8 дугаар тал/
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 30,000,000 төгрөг авч, 12,198,053.75 төгрөгийг буцаан төлсөн, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч А.Б, Н.М нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 462 хоног хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Т банк ХХК нь шаардах эрхтэй.
Хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд маргааны үйл баримт болох талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 200000387994 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 23,821,097.10 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,344,569.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,531.60 төгрөг, нийт 25,169,198.43 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 200000387994 дугаартай зээлийн гэрээний 6.2-т дараах нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэж заажээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан.
Хариуцагч тал зээлээ төлөх чадамжгүй болсон гэх үндэслэлээр 2019 оны 12 дугаар сард зээлдүүлэгч талд хандан зээлийн хүүг зогсоолгох, шүүхэд хандах талаар буюу зээлийн гэрээг цуцлах хүсэлтэй байгаагаа амаар илэрхийлсэн болох нь хариуцагч, хариуцагч Н.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба энэхүү тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй болно.
Нэхэмжлэгч Т банк ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үндсэн зээл 23,821,097.10 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,344,569.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,531.60 төгрөг, нийт 25,169,198.43 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 200000387994 дугаартай зээлийн гэрээг зээлдүүлэгч буюу Т банк ХХК нь цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас хойшхи хуримтлагдсан хүүг төлүүлэх байдлаар хариуцлага хүлээлгэхийг шаардах эрхгүй байх тул хариуцагч нараас үндсэн зээл 23,821,097.10 төгрөг, зээлийн хүү 1,344,569.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,531.60 төгрөг, нийт 25,169,198.43 (хорин таван сая нэг зуун жаран есэн мянга нэг зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин Т банк ХХК нь хариуцагч, хариуцагч Н.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бийн амаар гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гэрээний үүрэг биелүүлэхээр нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагч тал нь үндсэн зээл, тухайн хугацаанд ногдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч, хариуцагч Н.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бийн шүүх хуралдаанд гаргасан үндсэн зээлийг төлнө гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б, Н.М нараас үндсэн зээл 23,821,097.10 төгрөг, зээлийн хүү 1,344,569.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,531.60 төгрөг, нийт 25,169,198.43 (хорин таван сая нэг зуун жаран есэн мянга нэг зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,016,020.37 (зургаан сая арван зургаан мянга хорин төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,876.09 (гурван зуун арван гурван мянга найман зуун далан зургаан төгрөг есэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б, Н.М нараас 25,169,198.43 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 283,796 (хоёр зуун наян гурван мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б, Н.М нараас үндсэн зээл 23,821,097.10 төгрөг, зээлийн хүү 1,344,569.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,531.60 төгрөг, нийт 25,169,198.43 (хорин таван сая нэг зуун жаран есэн мянга нэг зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,016,020.37 (зургаан сая арван зургаан мянга хорин төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,876.09 (гурван зуун арван гурван мянга найман зуун далан зургаан төгрөг есэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б, Н.М нараас улсын тэмдэгтийн хураамж 283,796 (хоёр зуун наян гурван мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ