Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 175

 

                                      

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Милээбаатарын Сэргэлэнбаатарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар М.Сэргэлэнбаатарт 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Сэргэлэнбаатарт оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй. 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт зааснаар М.Сэргэлэнбаатарын цагдан хоригдсон 01 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Сэргэлэнбаатар нь бусдад төлөх төлбөргүй, 1 хоног цагдан хоригдсон  болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Сэргэлэнбаатарт оногдуулсан 3 жил  3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Сэргэлэнбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ОДОНТУУЛ

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч И.Ариунсанаа,

гэрч Э.Содбаяр,

шүүгдэгч М.Сэргэлэнбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Милээбаатарын Сэргэлэнбаатарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 4267 дугаар хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Монелийн 40-35 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн НА87111774 дугаартай, Боржигон овогт Милээбаатарын Сэргэлэнбаатар.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Сэргэлэнбаатар нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 4-ний 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 44 дүгээр гудамжид  иргэн Г.Мөнхгэрэлийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Samsung S4 загварын гар утас, 78.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Сэргэлэнбаатарын шүүхийн хэлэцүүлэгт өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байгаад тамхи авах гэж дэлгүүр гарсан.  Алтангэрэл, Раднаадорж бид гурав санамсаргүй таарсан. Архи уусан болохоор юу ч санахгүй байна. Цагдаад ирээд сэргэсэн байгаа. Хохирогчид 50.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.”  гэх мэдүүлэг, 

 

Хохирогч Г.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 4-ний орой Батгэрэл гэх найзтайгаа хоёр пиво уугаад 21 цагийн үед гараад 34 дүгээр гудамжид байдаг дэлгүүр лүү архи авах гэж явсан. …Бид хоёр дэлгүүрээс гараад 100 метр орчим зайд явж байхад Сэргэлэнбаатар гэх залуу араас гүйж ирээд барьж авсан. Тэгээд бид хоёрыг “юу билээ” гээд танимхайраад яриад байсан. Араас нь хоёр залуу ирж байсан, бид хоёр авч явсан хоёр пивоны нэгийг нь задлаад өгөхөд амаар нь 1-2 удаа балгаад, эхлээд манай найз Батгэрэлийг элэгдэж унагаагаад өшиглөөд байсан. Би “боль” гээд очиход манай найз босч зугтаагаад цаашаа гүйгээд явсан. Эргэж хараад намайг хоёр элэгдээд унасан хойно ирж өшиглөсөн. Сэргэлэнбаатар гэх залуу миний куртикны зүүн халаас руу гараа хийгээд утас болон бэлэн 78.000 төгрөгийг авсан. Тэр үед би зугтаасан. …Зодож байхдаа халаас руу гар нь ороод миний Samsung Galaxsy S4 маркийн гар утас /150.000 төгрөгийн үнэтэй/, бэлэн 78.000 төгрөг зэрэг эд зүйлийг авсан. …Харанхуй гудам байсан, тэр хоёрт харагдахгүй миний халаасанд гараа хийж авах боломжтой байсан, би хамт явж байсан хоёр залуу харсан эсэхийг мэдэхгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сэргэлэнбаатар намайг цохиж унагаахад тохойгоороо газар унаж тийм гэмтэл учирсан. Намайг цээж хэсэг рүү цохиход нь ямар нэг ил харагдах гэмтэл байгаагүй. Сэргэлэнбаатар тус гэмтлийг надад учруулсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-15 дугаар тал/

 

Гэрч Б.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 4-ний орой 20 цагийн үед найз Г.Мөнхгэрэлийн гэрт очсон юм. Тэдний гэрт бид хоёр 2 ширхэг 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво хувааж уусан. ...Бид 2 уг дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво аваад гарсан. Уг дэлгүүрийн үүдэн дээр 6-7 залуучууд зогсож байсан. Тэгсэнээ тэр залуучууд цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь бид 2 найзындаа очих гээд алхсан чинь нөгөө залуучуудын гурав нь араас хүрч ирээд хөөе юу байна, энэ тэр гээд таньдаг царай гаргаад бид хоёртой мэндлээд, “ганц пиво задалчих” гэхээр нь бид 2 нэг пиво задлаад шууд амаар нь өгсөн. Тэр гурван залуу бид хоёрын өгсөн пивыг шууд амаар нь уусан. Бид 2 тэр гурван залуучуудтай танилцсаныхаа дараа “за, за явлаа” гэж хэлсэн чинь нэг залуу нь “та нар намайг мэдэх үү, наад пиво үлдээгээд яв” гэсэн. Бид 2 “найзындаа очих гэж байна” гэж хэлсэн чинь бүдүүн, махлагдуу биетэй залуу нь намайг цохиод авахаар нь би Мөнхгэрэлд “хоёулаа зугтаах уу” гэж хэлээд цаашаа явсан. Харин Г.Мөнхгэрэл зугтааж амжаагүй. Би цаашаа зугтааж байгаад эргэж харахад манай найз Г.Мөнхгэрэлийг цохиод унагасан байсан. Би тэр гурван залуугаас яг хэн нь цохиж унагаасан талаар мэдэхгүй байна. Харин нөгөө 2 залуу нь арай хол байсан. …Манай найз босоод цаашаа зугтаасан. Харин тэр залуучууд болохоор өөр тийшээ яваад өгсөн. Би найзынхаа ардаас очсон чинь манай найз “эд зүйлээ дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 цагдаад дуудлага өгсөн. Үүнийхээ дараа би яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсон мэдэхгүй байна. …Манай найз надад хэлэхдээ “чамайг цохиж авсан залуу намайг цохиод, миний эд зүйлсийг авсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16-17 дугаар тал/

Гэрч Т.Амандыхын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 116 дугаар машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байсан. “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн эцэс орчим дээрэмдүүллээ” гэсэн дуудлага аваад очиж шалгахад дээрэмдүүлсэн гэх Мөнхгэрэл гэх эрэгтэй “дэлгүүрээс гараад явж байхад гурван залуу ирээд намайг дээрэмдсэн” гэж хэлж байсан. “Энэ дэлгүүрээс гарсан” гэж дэлгүүрээ зааж өгсөн. Дэлгүүр дээр очоод асуухад нэг мэддэг хүүхэд байгаа гээд дэлгүүрээс ойролцоо нэг айлд очиход 10 жилийн хүүхэд гарч ирээд гэрийг нь зааж өгсөн. Заалгаад гэрт нь ороход хашаанд нь нэг гэр, нэг байшин байсан. Байшин руу нь явж ороход гурван залуу пиво уугаад сууж байсан. Тэр гурван залуугаас аль нь вэ гэж дуудлага өгсөн залууд хэлэхэд хохирогч “энэ залуу намайг дээрэмдсэн гэж М.Сэргэлэнбаатар гэх залууг зааж, нөгөө хоёр нь хараад зогсож байсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, 

/хх-ийн 19 дүгээр тал/

Гэрч Э.Содбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “…”Дээрэмдсэн хүн чинь аль юм” гэж асуухад хохирогч гэх Мөнхгэрэл Сэргэлэнбаатар гэх залууг шууд зааж “энэ хүн намайг дээрэмдсэн” гэж хэлж байсан.  Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд биед нь үзлэг хийхэд биенээс нь ямар нэг эд зүйл гарч ирээгүй. …Тэр үед үзлэг хийхдээ ямар нэг тэмдэглэл бичээгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21, 60 дугаар тал/

 

Гэрч Н.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Дэлгүүрээс гурван ширхэг тамхи аваад гараад явж байхад хоёр залуу хажуугаар гараад явахад нь Сэргэлэнбаатар араас нь гүйж очиж барьж байгаад “манай ангийн хүүхдийн дүү нь байна” гэж хэлээд хоорондоо юм ярьж байх шиг байсан. Тэгсэнээ би наанаас нь алхаад байж байтал тэр хоёр залууг цохисон. Тэгтэл хоёр залуу нь хоёр тийш салаад зугтаасан. Эхлээд нэг нь зугтаасан, дараа нь нөгөө нь зугтаасан. Нэг их удаан зодолдож зууралдаагүй, их хурдан болоод өнгөрсөн. …Бид гурав хамт явж байгаад тэр хоёр залуугийн араас Сэргэлэнбаатар гүйгээд очоод барьж авсан, бид хоёр араас нь алхаад л очиж байсан. Тэр хэсэг хугацаанд л ийм юм болсон. …Тэгээд тэр хоёр залуу цохиулаад зугтаасан. …Тэр хоёр хүнээс ямар нэг эд зүйл авч байгааг бол хараагүй. Бид хоёр очиж байх хугацаанд тэгсэн байж магадгүй, тэгэхдээ би тэгж эд зүйл аваагүй байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

Гэрч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…2007 оноос хойш найзлаж байгаа, цэргийн найзууд байгаа юм. Цэрэгт байхдаа Сэргэлэнбаатар түрүүч цолтой байсан, ааш зангийн хувьд нийтэч, гайгүй зантай байдаг. …Хааяа архи уудаг, байнга уугаад байдаггүй. …Хүнтэй нэг их маргалдаад байдаггүй, согтохоороо зүгээр байж байгаад л унтаад өгдөг байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

Гэрч М.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд манай анхны хүүхэд болж төрсөн. …Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, архи хааяа уудаг. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар 5 жил орчим ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Найз нөхөд нь ирэхээрээ уучихдаг. Даруухан хүмүүжилтэй байсан. Архи уухаараа яадаг эсэхийг мэдэхгүй, цагаан цайлган зантай. Хүүхдийнхээ хичээлийг хийлгээд л сууж байдаг. Даруухан зантай.” гэх мэдүүлэг, 

  /хх-ийн 27 дугаар тал/

 

М.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтад сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр буюу бүтэн сайн өдөр байсан. Төмөр замд би 17 цагийн үед айл хэсэж явж байгаад урьд нь хамт ажиллаж байсан Алтангэрэл, Раднаабазар нартай тааралдсан. …Бид гурав гараад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 40-35 тоотод байрлах манай гэрт ирээд нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. …Манай гэрт очиход 18 цаг өнгөрч байсан, бид нар архиа бараг дуусгачихаад дэлгүүр орох гээд гурвуулаа гарсан, тамхи авах гэж байсан. Би гэрээс гараад юу болсон гэдгийг санахгүй байгаа. …Би гэрээс гараад ухаан балартсан байсан, цааш нь юу болсон гэдгийг санахгүй байгаа. Би ямар шалтгаанаар цохисон гэдгээ санахгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 43, 46 дугаар тал/ 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 16577 дугаар:

1. Г.Мөнхгэрэлийн биед зүүн шууны цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэх дүгнэлт,

/хх-ийн 34 дүгээр тал/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 49 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 50 дугаар тал/,

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 51 дүгээр тал/

 

Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн32 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Сэргэлэнбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 4-ний 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 44 дүгээр гудамжид  иргэн Г.Мөнхгэрэлийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Samsung S4 загварын гар утас, 78.000 төгрөгийг дээрэмдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мөнхгэрэлийн өгсөн “……Зодож байхдаа халаас руу гар нь ороод миний Samsung Galaxsy S4 маркийн гар утас /150.000 төгрөгийн үнэтэй/, бэлэн 78.000 төгрөг зэрэг эд зүйлийг авсан. …Харанхуй гудам байсан, тэр хоёрт харагдахгүй миний халаасанд гараа хийж авах боломжтой байсан, би хамт явж байсан хоёр залуу харсан эсэхийг мэдэхгүй байна.” гэх /хх-14/,

мөн гэрч Б.Батгэрэлийн өгсөн “…Харин Г.Мөнхгэрэл зугтааж амжаагүй. Би цаашаа зугтааж байгаад эргэж харахад манай найз Г.Мөнхгэрэлийг цохиод унагасан байсан. Би тэр гурван залуугаас яг хэн нь цохиж унагаасан талаар мэдэхгүй байна. Харин нөгөө 2 залуу нь арай хол байсан. …Манай найз босоод цаашаа зугтаасан. Харин тэр залуучууд болохоор өөр тийшээ яваад өгсөн. Би найзынхаа ардаас очсон чинь манай найз “эд зүйлээ дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн.” гэх /хх-16-17/,

мөн гэрч Т.Амандыхын өгсөн: Заалгаад гэрт нь ороход хашаанд нь нэг гэр, нэг байшин байсан. Байшин руу нь явж ороход гурван залуу пиво уугаад сууж байсан. Тэр гурван залуугаас аль нь вэ гэж дуудлага өгсөн залууд хэлэхэд хохирогч “энэ залуу намайг дээрэмдсэн гэж М.Сэргэлэнбаатар гэх залууг зааж, нөгөө хоёр нь хараад зогсож байсан” гэж хэлж байсан.” гэх /хх-19/,

М.Сэргэлэнбаатарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “…Би гэрээс гараад юу болсон гэдгийг санахгүй байгаа. …Би гэрээс гараад ухаан балартсан байсан цааш нь юу болсон гэдгийг санахгүй байгаа. Би ямар шалтгаанаар цохисон гэдгээ санахгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх /хх-43-46/ мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Сэргэлэнбаатарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирогч Г.Мөнхгэрэл мөрдөн байцаалтад болон шүүхэд гаргасан хүсэлтдээ “Хохирлоо бүрэн барагдуулж авсан, надад ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч М.Сэргэлэнбаатарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

            Шүүх шүүгдэгч М.Сэргэлэнбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар  шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй, М.Сэргэлэнбаатар нь 1 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Милээбаатарын Сэргэлэнбаатарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар М.Сэргэлэнбаатарт 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Сэргэлэнбаатарт оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй. 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт зааснаар М.Сэргэлэнбаатарын цагдан хоригдсон 01 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Сэргэлэнбаатар нь бусдад төлөх төлбөргүй, 1 хоног цагдан хоригдсон  болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Сэргэлэнбаатарт оногдуулсан 3 жил  3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Сэргэлэнбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ОДОНТУУЛ