| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2017/00151/И |
| Дугаар | 135/ШШ2017/00325 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2017/00325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00151/и
*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ** дүгээр хороо, Энэбишийн гудамж, Сантаун худалдааны төвд байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, *******ы ******* ******* ХК-д холбогдох,
48,652,800 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь 2013 оны 10 дугаар сараас ******* төмөрлөгийн ******* ХК-д Гаммикс нийлүүлэх талаар хүсэлт гаргаж, энэ тухай гэрээг 2013 ондоо ******* төмөрлөгийн ******* ХК-ийн хангамжийн хэлтсийн дарга байсан ****** 1 тонныг 800 доллараар тохирч, гэрээг байгуулсан. Тухайн үед ******* *******ийн дарга байсан Эрдэнэцогт нь гадаад явсан байсан бөгөөд ирэхээр нь тамга даруулж, гарын үсэг зуруулаад өгнө гэж хэлээд Уламбадрах нь гэрээний нэг хувийг өгөөгүй. Энэ хугацаанд төмөрлөгийн ******* ХК-ийн удирдлагууд солигдож, өөрчлөгдөж, одоог хүртэл 25,340 кг Гаммиксын үнэ 48,652,800 төгрөгийг ******* ******* ХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компаниас ирүүлсэн галд тэсвэртэй магнезитан нунтаг болох ганмиксийг нийлүүлэх саналын дагуу манай *******лэлд хэрэглэхэд чанар, стандартад нийцэж байгаа эсэх талаар шинжлүүлэх хүсэлтээр манай компанид 4 удаагийн шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээнд хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг ******* ХХК-иас дээжээ өгч шинжилгээ хийсэн. Үйлдвэрлэлийн чанар, стандартад нийцэхгүй болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоосон. Тус компани албан ёсоор гэрээ хийгээгүй бөгөөд чанар стандартад нийцэж байгаа эсэхээс шалтгаалж, худалдах, худалдан авах гэрээ хийхээр болсон. Шинжилгээгээр *******лэлд хэрэглэх боломжгүй болсон тул үлдэгдэл бүтээгдэхүүнээ авах тухай хэлсэн бөгөөд ирж авалгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ы төмөрлөгийн ******* ХК-д холбогдуулан, Ганмикс /төмөр хайлуулахад хэрэглэгддэг технологийн түүхий эд/-ын үнэ 48,652,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* ******* ХХК болон *******ы ******* ******* ТӨХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ганмикс бодис нийлүүлсэн, 1 тонныг 800 доллараар тохирсон гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* ******* ХХК болон *******ы төмөрлөгийн ******* ХК-ийн хооронд Ганмикс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Харин тус компанийн хүсэлтээр тус бодисыг шинжилгээнд оруулж тэнцвэл худалдан авах боломжтой байсан боловч шинжилгээнд тэнцээгүй тул гэрээ байгуулагдаагүй. Мөн бодисын үнийг ч 1 тонныг 800 доллараар тохирсон зүйл байхгүй гэж тус тус тайлбарладаг болно.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг хэрэгт авагдсан байх бөгөөд энэхүү албан бичигт *******ы ******* ******* ТӨХК-д төмөрлөг хайлуулах зуухны доторлогоо ганмекс нийлүүлэх талаар хамтран ажиллах, мөн 1 тонн ганмексийн үнийг 800 ам,доллар байх тухай саналыг тусгажээ.
Мөн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гадаад тээврийн баримтаар ******* /Ганбат/ ХХК-иас 25,340 кг ганмикс ******* төмөрлөгийн ******* ТӨХК-д жигнүүлж байсан тухай баримт хэрэгт авагдсан байна.
Зохигчдоос нотлох баримтаар ирүүлсэн 2013 оны 12 дугаар сарын 25, 2014 оны 01 дүгээр сарын 07, 2014 оны 01 дүгээр сарын 14, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн материалын лабораторийн шинжилгээний дүнгийн баримтаар захиалагчийн нэр ******* ХХК байх бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тус компаниас нийлүүлсэн 30 тонн хайрган ганмиксаас дээж авч, шатааж үзэхэд гадаргуу бэхэжсэн боловч барьцалдалт хангалтгүй, ачаалал өгөх үед бутарч байна гэсэн дүн гарсан байна.
Дээрх баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын ... шинжилгээнд тэнцсэн бол худалдан авах байсан боловч шаардлага хангаагүй тул бид гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь 25,340 кг ганмиксийг *******ы төмөрлөгийн ******* ХК-д шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байгаа боловч энэхүү бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.
Гэрч Г.*******ын ... 2013 онд байх Ганмикс бодис *******ы төмөрлөгийн *******т нийлүүлсэн. Тус бодисыг аав хүлээлгэн өгсөн. Дараа нь Ганмиксийн дээж авах зорилгоор *******ы төмөрлөгийн *******ийн агуулах руу тус *******ийн лабораторийн ажилтан, аав Б.Ганбатын хамт орж байсан. Дараа нь нөхөр бас дээж авахад нь 2-3 удаа орж харж байсан гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан материалын лабораторийн шинжилгээний баримтууд болон тэдгээрт дурдсан захиалагчийн нэр Дубайз ХХК гэсэн бичилт зэргээс үзэхэд Ганмиксийг *******ы төмөрлөгийн ******* ХК-д нийлүүлснээс хойш нэхэмжлэгчийн оролцоотойгоор дээж авч, шаардлага хангаж байгаа эсэх талаар шинжилгээ хийж байсан байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******ын шүүх хуралдаанд гаргасан нийлүүлэхээс өмнө шинжилгээ хийгээд шаардлага хангаж байна гэсний үндсэн дээр 2013 оны 12 сарын 25-ны өдөр Ганмиксийг нийлүүлсэн гэх тайлбар дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* нь ******* ХХК, *******ы төмөрлөгийн ******* ХК-тай бичгээр гэрээ байгуулсан боловч тухайн үеийн удирдлага нь байхгүй байсны улмаас гарын үсэг зурагдаагүй байсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 тонн ганмиксийн үнийг 800 доллараар тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд гэрээ огт байгуулагдаагүй гэж маргадаг, мөн хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт нэхэмжлэгч ******* ХХК-ийн үнийн санал гэсэн байх бөгөөд энэхүү саналыг хариуцагч *******ы төмөрлөгийн ******* ХК хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна.
Иймд дээрх материалын үнийг 1 тонныг 800 доллар гэж талууд тохирсон гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2-т: гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна, 195.3-т хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж тус тус заажээ.
Энэхүү хуульд заасны дагуу гэрээний гол нөхцөл болох нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ, гэрээний үнийг хэрхэн тохирсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд ганмикс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэж байна.
Ийнхүү гэрээ байгуулагдаагүй байх тул гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр ******* ХХК-ийн *******ы төмөрлөгийн ******* ХК-д холбогдуулан гаргасан 48,652,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн *******ы төмөрлөгийн ******* ХК-д холбогдуулан гаргасан 48,652,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401,215 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ