Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 181/шш2017/01618

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/01618

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Х ХХК-д холбогдох,

Гэрээний урьдчилгаа төлбөр 75.000.000 төгрөг, алданги 25.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өлзийжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Э нь 2015 оны 5 сарын 22-ны өдөр Л.Х ХХК-тай №LA-1 14-46 дугаатай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Амины орон сууцны гудамжинд баригдах Лакшири апартмент 1 барилгад 6 давхарт 93.7 м.кв талбайтай орон сууц байрулахаар тохиролцож, урьдчилгаанд нь 2015 оны 6 сарын 15-ны өдөр 2004 онд үйлдвэрлэсэн Nissan infiniti FX маркын автомашиныг 25.000.000 төгрөг, Бенз маркын 2008 онд үйлдвэрлэсэн автомашиныг 50.000.000 төгрөгт тус тус тооцож өгсөн.

Тухайн үед орон сууц барина гэж захиалга авахдаа хариуцагч нь Баянзүрх дүүргийн нутаг Натур худалдааны төвийн урд байрлах байшингийн суурь цутгах нүх ухсанаа үзүүлж, 2016 оны 1 дүгээр улиралд ашиглалтад хүлээлгэж өгнө гэсэн боловч одоо нөгөө ухсан нүх тэр хэвээрээ, ямарч байшин баригдаагүй байгаа.

Гэрээний дагуу орон сууц хэзээ ашиглалтад орох, И.Э-д хэзээ хүлээлгэж өгөх талаар шаардахад элдэв шалтаг хэлсээр өнөөдрийг хүрсэн.

Иймд Л.Х ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт өгсөн 75.000.000 төгрөг, 667 хоногийн алданги 25.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2015 оны 05 сарын 22-ны өдөр И.Э-тай Орон сууц захилгаар бариулах гэрээ байгуулсан.

Орон сууц 2016 оны 3 сард ашиглалтад орох байсан ч манай компаниас үл шалтгаалах зүйлээс болж хугацаанд нь хүлээлгэж өгч чадаагүй.

Орон сууц захиалгын гэрээний дагуу захиалсан байрыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх боломжтой бөгөөд, нэхэмжлэлийн шаардлага 100.000.000 төгрөгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Э нь хариуцагч Л.Х ХХК-д холбогдуулан 2015 оны 5 сарын 22-ны өдөр байгуулсан №LA-1 14-46 дугаатай Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр 75.000.000 төгрөг, алданги 25.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч И.Э нь Л.Х ХХК-тай 2015 оны 5 сарын 22-ны өдөр №LA-1/14-16 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 25 хороо, Амины орон сууцны гудамжид баригдаж буй Лакшири апартмент барилгын 6 давхарт 93.7 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв 2.500.000 төгрөг буюу 234.250.000 төгрөгөөр худалдан авах, Л.Х ХХК нь орон сууцыг 2016 оны 1 дүгээр улиралд улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Зохигчдын гаргасан тайлбар, тэдний хооронд 2015 оны 5 сарын 22-ны өдөр байгуулсан №LA-1/14-16 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч И.Э нь орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаанд нь 2015 оны 6 сарын 15-ны өдөр 2004 онд үйлдвэрлэсэн Nissan infiniti FX маркын автомашиныг 25.000.000 төгрөг, Бенз маркын 2008 онд үйлдвэрлэсэн автомашиныг 50.000.000 төгрөгт тус тус тооцож нийт 75.000.000 төгрөгийг гэрээ байгуулахад төлөх үүргээ биелүүлсэн, харин Л.Х ХХК нь Лакшири апартмент орон сууцны барилгын ажлыг эхлүүлээгүй, захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, талууд энэ талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр болон өөрт учирсан хохирлыг гэрээнд заасан хариуцлагын хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлахаар шаардах эрхтэй юм.

Хариуцагч Л.Х ХХК нь Лакшири апартмент-1 орон сууцыг барьж ашиглалтанд оруулах, захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр захиалагч И.Э нь №LA-1 14-46 дугаатай гэрээг цуцлах санал гаргасныг гүйцэтгэгч Л.Х ХХК нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 16/94 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

Энэ байдал нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэг үр дүн гарахгүй нь илт болсноос үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй гэрээнээс татгалзах үндэслэлийг бүрдүүлсэн байна. Талууд гэрээнээс татгалзснаар гэрээ дуусгавар болсон талаар маргаагүй.

Иймд хариуцагч Л.Х ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч И.Э-д буцаан төлөх үүрэг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу үүссэн.

Нэхэмжлэгчийн гэрээний урьдчилгаа төлбөр болох 75 000 000 төгрөгт тооцон шилжүүлж өгсөн автомашинуудыг хариуцагч өөр этгээдэд шилжүүлсэн болох нь хэргийн 48, 49 дүгээр хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа баримтаар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2.-т заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал түүнийг бусдын өмчлөлд шилжүүлснээр мөн хуулийн 205.2-т заасан үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх үндэслэлийг бүрдүүлж байгаа тул гэрээний урьдчилгаа төлбөр 75 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн анз гэнэ, 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан. Мөн талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.3.-т Гүйцэтгэгч нь орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугцаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэжээ.

Хариуцагч Л.Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хууль буюу гэрээнд зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг гэрээнд тохиролцсоноор нөхөн төлөх үүрэгтэй болно.

Шүүх хохирлыг гэрээнд тохиролцсон алдангийн хэмжээгээр 2016 оны 4 сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 сарын 14-ний өдрийг хүртэл тооцож, нийт 13.125.000 төгрөгийг Л.Х ХХК-иас гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Л.Х ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөр 75 000 000 төгрөг, хохирол 13 125 000 төгрөг, нийт 88 125 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 875 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчид хуульд заасан боломжит хугацааны өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.1., 355.2., 232 дугаар зүйлийн 232.6. дэх хэсэгт зааснаар Л.Х ХХК-иас 88.250.000 төгрөгийг гаргуулж И.Э-д олгож, нэхэмжлэлийн 11.750.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х ХХК-иас 599.200 төгрөгийг гаргуулж И.Э-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БААТАР