| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/175 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Хохирогч А.Ц, түүний өмгөөлөгч М.Дамбийням,
Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ******** холбогдох 2426000000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ****** суманд ***** оны **** дугаар сарын *****-ний өдөр төрсөн, эрэгтэй, ***** настай, регистрийн дугаар ********, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* сургуульд ******* багш ажилтай, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ******* сумын ***** дүгээр багийн ******* дугаар гудамжны ***** тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1,440,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******** овгийн ********.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ****** сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан холбоо” рестораны гадна хохирогч А.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг тонгорч унагааж, уруул хэсгийг нь хазаж, эрүүл мэндэд нь дээд уруул хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2,962,000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлнө. Хохирогчоос уучлалт хүсэж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч А.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө байсан. Манай Хас банк Алтан холбоо рестораны доод зааланд байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглээд 12 цаг өнгөрөөд ажлаараа бөөндөө гарцгааж байсан. Тэгээд 2 жолооч машинтай бид нарыг ирж авч байсан учраас эхний машиндаа хүмүүсээ суулгачихаад дараагийн машинд нь суух гээд алхаж яваад Төрболдтой таарсан. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад маргалдсан. Тухайн үед би согтуу байсан болохоор маргалдсандаа одоо харамсаж байна. Төрболдыг тухайн үед өөрийгөө хянах чадваргүй болсон гэдгийг би анзаараагүй болохоор маргалдаад байж байхад гэнэт намайг хоёр гараараа бариад тонгорч унагаасан. Унаад босоод ирэхэд уруулаас хазсан байсан. Нэхэмжилж байгаа зүйл нь сэтгэл санаа эмзэг байна. Гоо сайхны тал дээр хэвийн бус болсон. Гоо сайхны эмчилгээний төлбөр болон сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. ...Солонгос улсад эмчлүүлэх 1,800,000 воныг нэхэмжилж байна. Энэ нь эмчилгээний зардал гэж ойлгосон. Тухайн үеийн замын зардал болон дахин давтан үзүүлэх зэрэг зардлууд тусгагдаагүй байгаа. Дахиж эмчилгээ хийгдэх боломжтой юм шиг байсан. Хагалгааны явцаас шалтгаална. ...Солонгос руу эмчилгээний албан тоот авахын тулд заавал урьдчилгаа мөнгөө байршуулсан байж эмнэлэг нь албан ёсны бичиг хийж өгдөг юм байна. 3,4 газартай холбогдсоны эцэст нэг газар нь эхлээд энэ бичгээ өгсөн. Тэгэхээр эхлээд төлбөрөө шилжүүлж байж бичгийг өгдөг юм байсан. Үнэхээр эмчилгээ хийлгэх гэж байгаа бол эхлээд бичгээ явуулъя. Тэгээд төлбөр нь орж ирсний дараа над руу урилгыг нь явуулаад эмчилгээгээ хийлгэнэ. Тэгэхээр 1,800,000 воныг одоо энэ шүүх хуралдаанаар нэхэмжилж байна. Тэгээд бусад зардал гарах юм байна лээ. Тэрийг дараа нэхэмжилнэ. Хохиролд 2,962,000 төгрөг авсан.” гэв.
1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан холбоо” рестораны доод талын зааланд “Хас банкны” шинэ жил 18 цагт эхэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчимд “Алтан холбоо” рестораны гадна гарсан чинь ******** гэх “Тэмүүлэл Эрдэм” сургуульд багшилдаг залуутай таараад юм яриад зогсож байтал гэнэт хэрүүл гуйгаад эхэлсэн. Нэлээд хугацаанд маргалдаж зогсож байгаад намайг барьж аваад тонгороод унагаачихсан. Би зүүн нүдний доод шонтгор ясаараа бродюр мөргөөд унасан. Тэгээд босох гээд хөрвөөтөл дээр гарчихсан байсан. Хоёр удаа босох гэж оролдтол дээр гарчихаад босохгүй, цаана байсан хоёр залуу нь бууж ирээд салгаад босгох гэтэл миний дээд уруулыг хазчихсан. Тэгтэл урд хэсгээрээ өмөрч, дээд уруулын тал нь байхгүй болчихсон байсан. Би босож ирээд яаж байгаа юм бэ гэж хэлээд уруулаа хартал цус гоожчихсон хэлээрээ уруулаа тэмтэрч үзтэл хонхойчихсон байсан. Тэр хоёр залуу надтай хамт Хас банканд ажилладаг. Нэрийг нь ********, ******** гэдэг. Бид хоёрыг салгасан. Г.Т гэх залуу “Алтан холбоо” рестораны дээд зааланд Алтан сарнай шинэ жилд орж байгаа гэсэн. “Алтан холбоо” рестораны гадна таарсан. ...Дээд уруул хэсгээрээ тасарсан, зүүн нүдний доод яс хэсэгт язарсан, урагдсан, зүүн нүдний цагаанд цус хуралт гэмтэл үүссэн. Биеийн бусад хэсэгт гэмтэл үүсээгүй. Босож ирээд уруулаас цус гоожоод байхаар нь уурлаад зөрүүлээд гараараа цээж хэсэг рүү нь 1 удаа, нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэр залуу тонгойгоод газар унасан. Г.Тыг босооч гээд хавирга хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж, зодсон асуудал байхгүй. Драгер багаж үлээхэд 2 бүхэл гарсан. Би өөрийгөө хянах чадвартай байсан. Шархаа цэвэрлүүлсэн. Хэвтэн эмчлүүлээгүй. Одоо эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Гомдолтой байна, уруулын шарх нөхөн сэргэхгүй гэж эмч хэлсэн. Тийм учраас гоо сайхан, эрүүл мэнд, цаг хугацаа, цалин мөнгө зэргээр хохирчихоод байна. Бүх зардлаа нэхэмжилнэ .” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),
Хохирогч А.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Намайг эмчлүүлэх эм тариа хэрэглэх хугацаанд гарсан зардлыг Г.Т төлбөр тооцоог хийсэн. Гарсан зардлын тооцоог Г.Т барагдуулсан. Нүдний эмчилгээнд 400,000 орчим төгрөг, уруулын эмчилгээнд 300,000 орчим төгрөг, хоол унд болон Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлэх хугацаанд буудалд хоёр хоносон зэрэг зардлыг Г.Т барагдуулсан. Цаашид хийгдэх эмчилгээний зардал болон гоо сайхны эмчилгээнд гарах зардлыг нэхэмжилнэ. Эмнэлгийн байгууллагад эмчлүүлсэн эм тариа хэрэглэсэн баримтуудаа гаргаж өгнө. ....Сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй тул хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 хуудас),
Гэрч Л.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.Ц ах “Алтан холбоо” рестораны үүдэнд нэг залуутай маргалдаад зогсож байсан. Тухайн үед би ******** гэх залуутай замын нөгөө талд буюу Төрийн банкны урд зогсож байгаад очсон. Очтол нэгнийгээ таньдаг, мэддэг хүн шиг байхаар нь ******** бид хоёр машинд очоод суусан. Гэнэт А.Ц болон Г.Т гэх залуу хоёр хоорондоо барилцаад зодолдоод байсан. Газарт хоёулаа унаад, дээр доороо унаад өнхрөөд байсан. Тэгээд ********гийн хамт очиж салгасан. Очоод шууд салгасан. А.Ц ахын хувцас болон ам зэрэг нь нэлээд цус болчихсон байсан. А.Ц ах Төрөө чи яаж байгаа юм бэ, уруулаас хазчих юм гэж хэлсэн. Тэгээд уруулыг нь хартал урд хэсгээрээ тасартал нь хазчихсан байсан. А.Ц ах уруул хазчих юм гээд хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Г.Т нэлээд согтуу байсан тул унасан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 хуудас),
Гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2008-2009 оны үед Г.Т бид хоёр тоглож байгаад хүнд хамар руугаа тохойлдуулж байсан. Тэр үед хамар ясны мурийлт үүссэн. Тухайн үед хамраас нь цус гарчихсан байсан. Дараа нь харахад мурийлт үүссэн байсан. Манай найз Г.Т төлөв даруу, сурлага сайтай, 10 жилд хамт сурч байхад манлайлагч хүүхэд байсан. А.Ц гэх залуутай таараад маргалдаад зодолдсон талаар ярьсан. Тэгээд Г.Т нь А.Цийн биед учирсан гэмтэлтэй холбоотой эм тариа эмчилгээний зардлыг нь барагдуулж байгаа талаар ярьж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 106 хуудас),
Гэрч З.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Арван жилд 2008-2009 оны орчимд төгсөх жил билүү, төгсөх жилийн урд жил билүү тоглож байгаад хүнд тохойлдуулж байсан. Тухайн үед хамар нь мурийсан байсан. Эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж яваагүй. Хүнд тусархуу нийтэч залуу байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 108 хуудас),
Гэрч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр толгойн компьютер томографийн шинжилгээнд оржээ. 20 хоногийн өмнөх шинжилгээ тул тухайн үеийн зураг, бичсэн дүгнэлтийг хараад ярьж байна. Тухайн үед буюу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан гэж шинжилгээнд орсон байсан. Бас л хорь хоногийн өмнө болсон гэмтэл гэж ойлгогдож байгаа. Ийм хугацааны гэмтлийг шинэ гэж хэлэх боломжгүй. Гэмтлийн дараах эхний өдрүүдэд шинжилгээ хийлгэсэн бол ясны эрмэг ойролцоох хөндийнүүдийн цусаар шинэ гэдгийг үнэлэх боломж бий. Хөндийнүүд цусархаг шингэнгүй болохоор хуучин гэмтэл гэж үзнэ. Шинэ гэмтэл гэж бол хэлэхгүй. Хуучин гэмтэл нь хэдийд үүссэнийг тодорхойлох боломжгүй. Хамар ясны хугарал, хамар ясны мурийлт гэмтэл нь ойролцоогоор хорь хоногоос нэг сарын хугацаанд эдгэж бороолно.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 114-116 хуудас),
Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Тыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний шүүх эмнэлгийн өрөөнд өөрийн биеийг нь дээрээс доош үзэж бүтэн биеийн үзлэг хийсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гавал тархины тодосгогчгүй компьютер томографи шинжилгээг үндэслэн хамар ясны зүүн шанаа цөмөрсөн хугарал гэмтлийг хуучин гэмтэл гэж дурдаагүй байсан учир тухайн гэмтлийг хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэж үзсэн. Учир нь хамар ясны хугарал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж үзсэн. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь 4 долоо хоногоос доош хугацаанд бороололт үүсч эдгэрч, томографийн шинжилгээгээр шинэ эсхүл хуучин гэмтлийг ялган тогтоох боломжтой. Хэсэг газрын үзлэгээр духны гол хэсэгт 1х0,3 см цайвар бор өнгийн сорви гэмтэл тогтоогдсон. Дээрх сорви гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Уг сорви нь өнгө тогтоц, шинж байдлыг харахад тухайн цаг хугацаанд зулгаралтаас үүссэн байх боломжтой.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 117-118 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 149-152 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28-30 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 156-158 хуудас),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэг, С.Кадел, Д.Дунгаамаа нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 758 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 235-239 хуудас),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 125-127 хуудас),
“Перфект” эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 226/23 дугаартай тодорхойлолт (хх-ийн 53 хуудас),
Солонгос улсын “Жэ И Вай” гоо сайхны эмнэлгийн эмчийн магадлагаа зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч Г.Тын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Тэмүүлэл Эрдэм” сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Тэмүүлэл Эрдэм” сургуулийн технологийн багшийн албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, шийигэх тогтоолын хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 71-90 хуудас) зэрэг авагдсан байна.
2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч Г.Тод холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан холбоо” рестораны гадна хохирогч А.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг тонгорч унагааж, уруул хэсгийг нь хазсаны улмаас эрүүл мэндэд нь дээд уруул хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч А.Цийн өгсөн “...Тухайн өдөр 12-р сарын 23-ны өдрөөс 24-ны өдөр шилжин шөнө байсан. Манай Хас банк Алтан холбоо рестораны доод зааланд байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглээд 12 цаг өнгөрөөд ажлаараа бөөндөө гарцгааж байсан. Тэгээд 2 жолооч машин бид нарыг ирж авч байсан учраас эхний машиндаа хүмүүсээ суулгачихаад дараагийн машинд нь суух гээд алхаж байхад Төрболдтой таарсан. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад маргалдсан. ...гэнэт намайг хоёр гараараа бариад тонгорч унагаасан. Унаад босоод ирэхэд уруулаас хазсан байсан.” гэсэн мэдүүлэг,
Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч А.Цийн “...2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан холбоо” рестораны доод талын зааланд “Хас банкны” шинэ жил 18 цагт эхэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчимд “Алтан холбоо” рестораны гадна гарсан чинь ******** гэх “Тэмүүлэл Эрдэм” сургуульд багшилдаг залуутай таараад юм яриад зогсож байтал гэнэт хэрүүл гуйгаад эхэлсэн. Нэлээд хугацаанд маргалдаж зогсож байгаад намайг барьж аваад тонгороод унагаачихсан. Би зүүн нүдний доод шонтгор ясаараа бродюр мөргөөд унасан. Тэгээд босох гээд хөрвөөтөл дээр гарчихсан байсан. Хоёр удаа босох гэж оролдтол дээр гарчихаад босохгүй, цаана байсан хоёр залуу нь бууж ирээд салгаад босгох гэтэл миний дээд уруулыг хазчихсан. Тэгтэл урд хэсгээрээ өмөрч, дээд уруулын тал нь байхгүй болчихсон байсан. Би босож ирээд яаж байгаа юм бэ гэж хэлээд уруулаа хартал цус гоожчихсон хэлээрээ уруулаа тэмтэрч үзтэл хонхойчихсон байсан. ...Дээд уруул хэсгээрээ тасарсан, зүүн нүдний доод яс хэсэгт язарсан, урагдсан, зүүн нүдний цагаанд цус хуралт гэмтэл үүссэн. Биеийн бусад хэсэгт гэмтэл үүсээгүй. ...Гомдолтой байна, уруулын шарх нөхөн сэргэхгүй гэж эмч хэлсэн. Тийм учраас гоо сайхан, эрүүл мэнд, цаг хугацаа, цалин мөнгө зэргээр хохирчихоод байна. Бүх зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),
Гэрч Л.********ын “...А.Ц ах “Алтан холбоо” рестораны үүдэнд нэг залуутай маргалдаад зогсож байсан. Тухайн үед би ******** гэх залуутай замын нөгөө талд буюу Төрийн банкны урд зогсож байгаад очсон. Очтол нэгнийгээ таньдаг, мэддэг хүн шиг байхаар нь ******** бид хоёр машинд очоод суусан. Гэнэт А.Ц болон Г.Т гэх залуу хоёр хоорондоо барилцаад зодолдоод байсан. Газарт хоёулаа унаад, дээр доороо унаад өнхрөөд байсан. Тэгээд ********гийн хамт очиж салгасан. А.Ц ахын хувцас болон ам зэрэг нь нэлээд цус болчихсон байсан. А.Ц ах “Төрөө чи яаж байгаа юм бэ? Уруулаас хазчих юм” гэж хэлсэн. Тэгээд уруулыг нь хартал урд хэсгээрээ тасартал нь хазчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 17-18 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай ”...1. Үзүүлэгч А.Цийн биед дээд уруул хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
6. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай ”...1. Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Үзүүлэгч А.Цийн биед зүүн нүдний доод зовхи, дээд урууланд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээд уруулын сорви нь ердийн явцаар арилж бүдгэрэхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 149-152 хуудас),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэг, С.Кадел, Д.Дунгаамаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 758 дугаартай “...1.Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч нарын 57, 01 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. А.Цийн биед тухайн үед дээд уруулд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт гэмтлүүд учирсан байна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Перфект эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 226/23 дугаартай тодорхойлолт (хх-ийн 53 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Тын хохирогч А.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Тод холбогдох эрүүгийн хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Улсын яллагч Б.Мандалмаагийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Шүүгдэгч Г.Т нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан холбоо” рестораны гадна хохирогч А.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж тонгорч унагааж, уруул хэсгийг нь хазсаны улмаас түүний эрүүл мэндэд дээд уруул хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийнямын шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон.” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Шүүгдэгч Г.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохиролд 2,962,000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан.” гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Тын эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, духанд сорви бүхий хөнгөн хохирол нь хохирогч А.Цийн үйлдлийн улмаас учраагүй болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч ********ын “...2008-2009 оны үед Г.Т бид хоёр тоглож байгаад хүн хамар руугаа тохойлдуулж байсан. Тэр үед хамар ясны мурийлт үүссэн. Тухайн үед хамраас нь цус гарчихсан байсан. Дараа нь харахад мурийлт үүссэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 106 хуудас),
Гэрч З.********ын “...Арван жилд 2008-2009 оны орчимд төгсөх жил билүү, төгсөх жилийн урд жил билүү тоглож байгаад хүнд тохойлдуулж байсан. Тухайн үед хамар нь мурийсан байсан. Эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж яваагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 108 хуудас),
Гэрч ********гийн “...Г.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр толгойн компьютер томографийн шинжилгээнд оржээ. 20 хоногийн өмнөх шинжилгээ тул тухайн үеийн зураг бичсэн дүгнэлтийг хараад ярьж байна. Тухайн үед буюу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан гэж шинжилгээнд орсон байсан. Бас л хорь хоногийн өмнө болсон гэмтэл гэж ойлгогдож байгаа. Ийм хугацааны гэмтлийг шинэ гэж хэлэх боломжгүй. Гэмтлийн дараах эхний өдрүүдэд шинжилгээ хийлгэсэн бол ясны ирмэг, ойролцоох хөндийнүүдийн цусаар шинэ гэдгийг үнэлэх боломж бий. Хөндийнүүд цусархаг шингэнгүй болохоор хуучин гэмтэл гэж үзнэ. Шинэ гэмтэл гэж бол хэлэхгүй. Хуучин гэмтэл нь хэдийд үүссэнийг тодорхойлох боломжгүй. Хамар ясны хугарал, хамар ясны мурийлт гэмтэл нь ойролцоогоор хорь хоногоос нэг сарын хугацаанд эдгэж бороолно.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 114-116 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай ”...1. №84 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэг үндэслэлтэй байна. Харин гэмтэл үүссэн цаг хугацаа үндэслэлгүй байна.
2. Хамар ясны хугарал нь үүссэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух хэсэгт сорви нь үүссэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. №84 дугаартай дүгнэлтэд хэсэг газрын үзлэгт хамар хэсэгт гэмтэл тогтоогдоогүй. Дүрс оношилгооны шинжилгээний хариунд шинэ гэмтэл тогтоогдоогүй. Мөн дүр оношилгооны эмч ********гийн мэдүүлэг болон Г.Тын мэдүүлгээс дүгнэхэд хамар ясны хугарал нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой байна. Духны хэсэгт үүссэн сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
4. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 156-158 хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “...Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлийн дүгнэлт гарсан байдаг. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэн эд хөрөнгөөр буюу 4,620,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэх саналыг гаргаж байна. Мөн хохирогчийн эмчилгээний зардал Солонгос улсад эмчлүүлэх зардал 1,800,000 воныг гаргуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийням гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “...Хохирогч А.Цэд хохирол учирсан. Одоогийн байдлаар уруул нь байнга хатдаг, нүдний хараа буурсан гэсэн нөхцөл байдалтай байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын дүгнэлтээр хохирогч А.Цийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг 2-р зэрэглэлээр тогтоосон. Ийм учраас учруулсан гэм хор, учирсан гэмтлийн улмаас үүссэн өвдөлт шаналал зэрэг байдлуудыг харгалзаж үзээд тухайн 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр хохирлыг тогтоож өгнө үү. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Солонгосын гоо сайхны эмнэлгийн зардлыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгчээс гаргуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “...Гэм хорын хохиролд 2,962,000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тухайн хүний биед учирсан зовуурь шаналгаа эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд тооцдог. Өнөөдөр амьдралын идэвхтэй үйл ажиллагаагаа явуулаад, ажлаа хийгээд явж байгаа тул хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах саналтай байна. Улсын яллагчийн зүгээс Солонгос улсад хагалгаанд орох зардлыг 1,800,000 воноор гаргуулах саналтай байна гэж байна. Өнөөдөр 1,800,000 воны зардал гарах боломжтой гэж байгаа боловч ирээдүйд гарах зардал. Солонгос улс руу яваад эмчилгээгээ хийлгэж ирээд нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж өгнө үү. Тэрнээс биш өнөөдөр байх боломжтой 1,800,000 воныг одоогийн Монгол мөнгөний ханшаар хэдтэй байгаа зэрэг баримтууд нотлох баримтын хэмжээнд байдаггүй. Эмчлүүлээд ирснээс гарах зардлыг нэхэмжлэх эрхтэй болохоор энэ баримтыг үнэлэх боломжгүй, уг зардлыг гаргах боломжгүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогч А.Ц шүүх хуралдаанд “...Гоо сайхны эмчилгээний төлбөр болон сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. Солонгос руу эмчилгээний албан тоот авахын тулд заавал урьдчилгаа мөнгөө байршуулсан байж эмнэлэг нь албан ёсны бичиг хийж өгдөг юм байна. 3, 4 газартай холбогдсоны эцэст нэг газар нь эхлээд энэ бичгээ өгсөн. Тэгэхээр эхлээд төлбөрөө шилжүүлж байж бичгийг өвдөг юм байсан. Үнэхээр эмчилгээ хийлгэх гэж байгаа бол эхлээд бичгээ явуулъя. Тэгээд төлбөр нь орж ирсний дараа над руу урилгыг нь явуулаад эмчилгээгээ хийлгэнэ гэсэн. Тэгэхээр 1,800,000 воныг одоо энэ шүүх хуралдаанаар нэхэмжилж байна. Тэгээд бусад зардал гарах юм байна лээ. Тэрийг дараа нэхэмжилнэ. Хохиролд 2,962,000 төгрөг авсан. Тэгээд бусад гарах зардлыг дараа нь нэхэмжилнэ.Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ.” гэж мэдүүлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.
Иргэний хуульд заасны дагуу хохирогч А.Ц нь гэм буруутай этгээдээс дээрх хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч Г.Т нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
3.1. Шүүгдэгч Г.Т нь хохирогч А.Цэд эмчилгээний болон бусад зардалд 2,962,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч А.Цийн Хаан банкны дансны хуулга, шүүгдэгч Г.Тын Хаан банкны дансны хуулга, НӨАТ-ын баримт зэргээр тогтоогдож байна.
3.2. Хохирогч А.Ц нь ирээдүйд гарах зардал болох Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний төлбөр 1,800,000 воныг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж, БНСУ-ын “Жэ И Вай” гоо сайхны мэс заслын эмнэлгийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “...Филтрум ба дээд уруулыг сэргээх мэс засал нь аутологийн мөгөөрс шилжүүлэн суулгах, арьсны өөхийг шилжүүлэн суулгах, сорви арилгах гоо сайхны мэс засал болно. 1-р ээлжийн мэс заслын төлбөр нь Солонгос мөнгөөр ойролцоогоор 1,800,000 вон орчим болно. 2, 3-р ээлжийн мэс засал шаардагдах магадлалтай болно. Сорвины эмчилгээ ч мөн адил мэс засал, лазер эмчилгээ, мэс ажилбар гэх мэт олон шат дамжлага шаардагдах магадлалтай.” гэсэн эмчийн магадлагааг шүүх хуралдаанд гаргаж өгсөн.
Шүүх уг эмчийн магадлагааг үндэслэн хохирогч А.Цийн Солонгос улсад эмчлүүлэх 1,800,000 воны нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг, мөн энэ гэмт хэргийн улмаас гарсан болон цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын энэ талаар гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.
3.3. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, +230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар хохирогч А.Ц нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж хуульчилсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268/ А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч Г.Тын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр хохирогч А.Цийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэж тогтоосон байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж,
Уг аргачлалын 4 дүгээр зүйлд “хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээтэй байна” гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд тус гэмт хэрэг нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцлоо.
Иймд хохирогч А.Цийн сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо гэмт хэргийн ангилал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,400,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тоос 4,400,000 төгрөг гаргуулж хохирогч А.Цэд олгохоор шийдвэрлэлээ.
3.4. Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа “...Хохирогч А.Ц нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 125,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тул мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төлүүлмээр байна.” гэжээ.
Хэрэгт А.Ц нь “2024 оны 12 дугаар сарын 24, 25-ны өдөр S00.5, Z48.0, S01.5 гэсэн оношоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан баримт авагдсан байх бөгөөд эдгээр онош нь ямар өвчний онош болох, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эдгээр эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг тодруулаагүй, үүнийг давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 125,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүх хуралдааныг завсарлуулж, хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэлх хугацаагаар завсарлуулсан.
Шүүгдэгч Г.Т нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд 4,400,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч А.Цийн “4,400,000 төгрөг авсан. Хохирол төлөгдсөн” гэсэн, шүүгдэгч Г.Тын “4,400,000 төгрөгийг төлсөн.” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ц нь гомдолтой гэсэн болно.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой 4,400,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Түүний хувийн байдал бусад гэмт хэргийн шинжээс харгалзан үзэж шүүгдэгч Г.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал байхгүй байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай дээр маргаан байдаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргээс учирсан гэм хорын хохирол 2,962,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 4,400,000 төгрөгийг төлж барагдуулсан. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар,
Шүүгдэгч Г.Т нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын “Тэмүүлэл эрдэм” сургуульд багшаар ажилладаг болох нь тус сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тод шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн бариатмаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ******** найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тод шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Тод гэм хорын хохиролд 2,962,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 4,400,000 төгрөгийг тус тус төлсөн. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн нэхэмжилсэн 125,000 төгрөг, хохирогч А.Цийн нэхэмжилсэн 1,800,000 вонын нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг, хохирогч А.Ц нь гэмт хэргийн улмаас гарсан болон цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ