Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 136/шш2022/00135

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 136/ШШ2022/00135

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эмэгтэй, У хот, С дүүрэг, **-р хороо, З-**, **-А тоотод оршин суух, Б овогт Жгийн М /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19** оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, Д аймаг, Сд сум, * дугаар баг, 1** дүгээр байрны 1-** тоотод оршин суух, Х овогт Бын Ч /РД:************/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна. Ч бид 2 2009 онд танилцаад 2011 онд гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр том хүү Ч.М, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бага хүү Ч.М нар төрсөн. ... Бид тусдаа амьдраад 5 жил болж байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохгүй, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд 2 хүүтэй болсон ба том хүүг Ч.М, бага хүүг Ч.М гэдэг. Бид 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдүүдээ эх Ж.Мийн асрамжид үлдээхээр бид тохиролцсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, 00009******* Г-1**/9 тоот хүү Ч.Мын,000090***** Г-*** тоот хүү Ч.Мын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-5/, С дүүргийн ** дүгээр хорооны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2** тоот Тодорхойлолт /хх-6/, Б өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Э.Бгийн 2022 оны02 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтууд /хх-7, 8/, Нийн ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн сургалтын менежер Ш.Угийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтууд /хх-9/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-10/, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-11, 12/,

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-19/, хариуцагчийн тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М нь Б.Чт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Ж.М, Б.Ч нар нь 2011 онд гэр бүл болсныг 2012 оны 10 дугаар сарын 03 өдөр ** гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, тэднийг хамтран амьдрах хугацаанд 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү Ч.М, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Ч.М нар төрсөн болох нь гэрлэлтийн лавлагаа /хх-4/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Хүү Ч.М, Ч.М нар нь Нийн ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн 1, 3 дугаар ангид тус тус суралцдаг, эрүүл бойжиж байгаа бөгөөд эх Ж.Мийн асрамжид байдаг болох нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр талуудын хооронд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэн ирүүлжээ.

Гэрлэгчид 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болон хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү Ч.М, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Ч.М нарын асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх Ж.Мийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон ба хүүхдийн тэтгэлгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б.Чыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрх ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Жгийн М /РД:********/, Х овогт Бн Ч /РД:**********1/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү Ч.М, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Ч.М нар нь эх Ж.Мийн асрамжид байгаа болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б.Чыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

4.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мт олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ