| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/00395/И |
| Дугаар | 142/ШШ2017/00514 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2017/00514
| 2017 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2017/00514 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.О
Хариуцагч: ОАЗДХГЗХГ
5 158 354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О , хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус газарт нягтлан бодогч ажилтай С.О миний бие байгууллагын дарга ажилтай Т.Х буруутай шийдвэрээр 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдаад гурван шатны шүүхээр буруугүй болохоо нотлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа эргэн томилогдсон. Ингээд нийт ажилгүй байсан хугацааны цалин болох 6 363 134 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг бүгд 6 863 134 төгрөгний хохирлоос анхан шатны шүүхийн шийдвэр 1 704 780 төгрөгийг байгууллагаас гаргуулж авсан. Одоо үлдэгдэл 5 158 354 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Н нь 2016 оны 09 дүгээр сард томилогдож ирсэн. 2012 оноос 2016 оны 09 сар хүртэл Т.Х байгууллагын даргаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ня-бо С.О ыг 2016 оны 01 дүгээр сарын 18-нд ажлаас халсан байдаг. Харин С.О нь шүүхэд хандаж, шүүх ажилд эгүүлэн тогтоох болон ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болох 1 704 780 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах шийдвэрийг гаргасан боловч Т.Х нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах, хяналтын шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч тал 1 704 780 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж өгсөн. Гэтэл ня-бо С.О нь давж заалдах, хяналтын шат гээд энэ хугацаанд ажилгүй байсан учир ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 5 158 354 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа нь байгууллагыг дунд нь хохироож байна гэж үзэж байна. Учир нь Т.Х үндэслэлгүй, буруутай үйл ажиллагаанаас болж байгууллага нь санхүүгийн хувьд хохирч байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь Т.Х гаргуулж өгнө үү, давах болон хяналтын шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэмж гаргуулахаар шийдвэрлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх, ГБХЗХГ холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор 5 158 354 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч С.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6 363134 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөг нийт 6 863 134 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэлээр гаргуулан авсан 1 704 780 төгрөгийг хасч 5 158 354 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Шат шатны шүүх цалин хөлсийг нэмж гаргахаар шийдвэрлээгүй, өмнө ажиллаж байсан даргын буруутай шийдвэрийн алдааг байгууллага хүлээх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч С.О нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, тус хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулсан байх ба С.О нь тушаалыг эс зөвшөөрч, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган ажилдаа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тогтоогдсон болох нь талуудын тайлбар, Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 119 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/хт2016/01104 дугаартай тогтоол зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.О ыг шат шатны шүүхийн шийдвэрээр нягтлан бодогчийн ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул хариуцагч байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон байна.
Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөн байгуулагдсан ба нэршил өөрчлөгдсөн боловч бүтэц, үйл ажиллагааны чиглэл хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх
олговорыг шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртлэх нийт 138 хоног ажилгүй байсан үеийн олговор 4 064 376 төгрөг /дундаж цалин 633 221 төгрөг:21.5=29 452 төгрөг х 138 хоног=4 064 376 төгрөг/-ийг хариуцагч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгч С.О д олгож, 1 093 978 төгрөгийн /593 978+500 000/ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.О ы хууль зүйн туслалцаа авах эсэх нь өөрийнх нь шийдвэрлэх асуудал учраас, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлгүй юм.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй тайлбараа баримтаар нотлоогүй, С.О ы цалинг хөдөлмөрийн гэрээнд хэрхэн тодорхойлсон талаар баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тодорхойлолтоор дундаж цалинг тооцсон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 79 980 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 4 064 376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 093 978 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар С.О ын цалинтай тэнцэх олговор 4 064 376 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх ГБХЗХГ даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар
нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 79 980 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ