Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

  Улсын яллагчаар Э.У,

  Хохирогч С.О, түүний өмгөөлөгч Б.Г,

  Шүүгдэгч Д.М, түүний  өмгөөлөгч М.Б, Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

  Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мт холбогдох эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, .... төрсөн, ...настай, ..... боловсролтой, ..... ажилтай, ам бүл ..... оршин суух хаягтай,

            урьд ..... шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д.М. Регистрийн дугаар:...

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Д.М нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн ... сумын ... 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “...” ... тоот хашаанд иргэн С.О нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун тохойд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүд, хацарт зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Шүүгдэгч Д.М нь мэдүүлэхдээ: “Би 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймаг орж барилгын материал авах гээд явж байсан чинь манай нэг дүү залгаад С.О ах орж ирээд уяа таслаад азарганы хөлийг төмрөөр цохиод цус гаргасан. А ална гээд байна. Тэгэхээр нь би яасан юу болсон юм гэсэн чинь С.О хашаанд нь өөрийнх нь адуунуудыг нь хийгээд өөрийнхөө азаргыг уяан дээрээ уясан байсан чинь та нар адуу хашаанд хийж өвс идүүллээ гэж хэлсэн байсан. Би яваад очиход С.О нэлээн ууртай байсан. Би одоо асуудлаа шийдье очоод гар барьчих гээд Ат хэлтэл С.О гүйж ирээд А мотоцикл дээрээс өшиглөөд унагаасан. Чи яаж байгаа юм бэ гэхэд дахиад А өшиглөх гэхээр нь би гараараа хаасан чинь С.О хий гишгээд өөрөө газар унасан. Сайхнаа гэдэг залуу хашааны буланд зогсож байсан. Би А босгоод мотоцикл дээр сундлаад гэр лүүгээ явсан. Г ах нүдний хагалгаанд орчихсон зогсож байсан. Би суман дээр зүчээ барьж байсан. Би юу болсон, яагаад тэгсэн гэсэн чинь миний шарга азаргыг О хашаанд намайг очиход нэлээн ууртай байна. О А өшиглөж унагаасан. Өөрөө хий өшиглөж газар унасан. Гэрч Г нүдний хагалгаанд орсон байсан. Тог янзлах гээд нэг залуу ирсэн байна. Яг ийм л процесс болсон” гэв.

Хохирогч С.О нь мэдүүлэхдээ: “Бид хоёр анх 2018 онд танилцаж байсан. Түүнээс хойш ах дүү найз нөхдийн холбоотой болсон. Д.М гэдэг хүн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр айлын хашаанаас хөөгдөөд манай хашаанд нүүж ирсэн. Миний адуу Дорнод аймгийн Хэрлэн суманд байдаг байсан. Хоёр өмгөөлөгч авч орж ирчхээд над руу дайран би 400-500 адуутай байсан гэж яриад байх юм. 2018 онд надтай танилцахдаа унах унаа ч үгүй л хүн байдаг байсан. Миний адууг хурааж байсан азаргыг миний таньдаг хүнээс худалдаж авч байсан. Би ер нь байнга гэртээ байдаг хүн. Ганц өдөр аймгийн төв орчхоод ирэхэд ийм асуудал болсон байдаг. А бол манайхаар байнга орж гардаг. Би дүү шигээ л ханддаг. А гэдэг залуу 20 хэдтэй жоохон хүүхэд. С гэдэг залуу мөн адил 17, 18 настай хүүхэд. А, С, М энэ гурав бүлэглэж үйлдсэн хэрэг. Д.М ах хашаа давж орж ирсэн. А нь хашааны зүүн талаар мотоциклтой давхиж орж ирсэн. С нь хашааны баруун талаар тойрч гүйж орж ирсэн. Би Г ахтай адууны эрэлд гарах гээд хувцсаа өмсөөд хашаан дотроо байж байсан. Энэ үйл явдал миний эзэмшлийн хашаан дотор гэгээн цагаан өдөр болсон үйл явдал. Г гэдэг залуу гагнуур хийх гээд ажлын хөлсөө тохироод ирчихсэн байсан хүн. 1 800 000 төгрөгийн асуудал ярьж байна. Би тухайн мөнгөөр нүдэндээ имплант хийлгэсэн. Д.М миний биед халдаад цохиод зодоод байх хэмжээний хүн бол биш л дээ. Байнга надаас юм гуйдаг. Би Ат ажлын хөлсийг нь өгөөд өвс зөөлгөж буулгадаг байсан. А өшиглөсөн зүйл байхгүй. Би Д.М ахыг нааш ир гэж дуудаад хэн адууг хашаа руу оруул гэсэн юм бэ гэхэд Д.М ах азаргаа аваад адуунуудыг нь хашаанд оруул гэж хэлсэн гэдэг. Харин Д.М ах болохоор ах нь дөнгөж сая Төв аймгаас ирлээ гэж хэлсэн. Би мэдэхгүй байна гэж хэлдэг. Энэ асуудлаас болж маргаан болсон. Тухайн өдөр цасан шуурга болоод адуу алга болоод адуундаа явах гээд Аийн гэрт ороод адуундаа явсан уу манай адууг харсан уу гэж асуухад С над руу дайраад намайг боосон. Тэгэхээр нь би чи жоохон хүүхэд байж битгий илүү дутуу юманд оролцоод бай гэж хэлсэн. Миний баруун нүдэнд ямар гэмтэл учирсан бэ гэхээр баруун нүд 3мм-ээр хойшоогоо суусан. Хараагаа 50 хувь алдсан. Тархины битүү доргилттой. Байнга даралт багасдаг, ихэддэг, нойргүйдэлтэй байгаа. Би болсон үйл явдалд маш их харамсалтай гомдолтой байгаа. Би 11 настайгаасаа эхлүүлээд ажил хөдөлмөр эрхлэхдээ ганц ч удаа нүүр нүд рүүгээ цохиулж үзээгүй. Байнга тусалж дэмжиж гэртээ байлгаж байсан хүн намайг цохисон. Г ах ирж салгаж аваагүй байсан бол энэ 3 нийлээд намайг яах байсныг мэдэхгүй байна. Намайг хажуу талаас биеэ хамгаалах ямар ч боломжгүй байхад зохисон. Би маш их гомдолтой байгаа нь би нүдээ эмчлүүлэх гэж тултал явсан. Нүд чинь маш эмзэг шүү дээ. Намайг ийм байдалтай болгочхоод өнөөдөр намайг цохиж зодоогүй гээд яриад зогсож байгаа нь харамсалтай байна. Хэрвээ миний гар, хөлийг хугалсан бол би гомдол саналгүй байх байсан. Би эр хүн учраас. Гэтэл миний нүдийг цохисонд нь гомдолтой байна.” гэв.

  

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 1 дүгээр хуудас/,

            Хохирогч С.О бичгээр гаргасан өргөдөл /1хх-ийн 2 дугаар хуудас/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 26-29 дүгээр хуудас,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.М нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн ... сумын ... 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “...” ... тоот хашаанд иргэн С.О нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун тохойд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүд, хацарт зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.О өгсөн...Би 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 10 цагийн орчим Төв аймаг ... сум ... 4-р багийн нутаг дэвсгэр “...ы ...” тоот хаягт байх хашаандаа морь малаа усалчихаад ажлаар Төв аймаг Зуунмод сум руу явчихаад өдөр 15 цагийн үед буцаж зүчээний хашаандаа иртэл манай гудамжны хойд талын айлын Д.М гэх ах түүний туслах адуучин Алтка гэх залуу хоёр намайг эзгүйд манай хашаанд адуу малаа оруулаад хураалттай өвснөөс идүүлчихсэн, хашаа хороо адууны баас болчихсон байхаар нь би “та нар одоо азарга адуугаа барьж авсан юм бол адуугаа бэлчээр лүү нь туухгүй яахаараа эзэнгүй хашаа руу оруулж хураалттай өвс идүүлж байгаа юм” гэж Алтка гэх тэр адуучин залууд хэлсэн чинь хажууд нь байсан Д.М ах би дөнгөж сая л ирлээ чи өчигдөр адуу малаа хашсан юм биш үү гэж надад хэлсэн. Тэгээд би тэр Алтка гэх залууг хашаа руу адуу мал оруулж өвс идүүллээ гэж загнаж байтал хажуунаас гэнэт Д.М ах орж ирээд миний нүүр тэр тусмаа баруун талын нүд орчим руу тохойгоороо цохиод намайг газар унагаасан. Д.М ах хэлэхдээ би энэ Алткаг өмөөрөхгүй бол өөр хэн өмөөрөх вэ гэж хэлсэн. Би тухайн үед манараад газар уначихсан байсан. Тэр хавьд байсан манай урд талын хашааны Г гэх ах намайг түшиж гэр лүү маань оруулж өгсөн. Тэр Д.М бол тэр чигтээ тэгээд хойшоо хашаа руугаа яваад өгсөн. Миний баруун талын нүд цаашаа чихэгдэж цөмөрч орсон бололтой хөндүүр зовиуртай байна. Эрүү ам орчмоор бас зовиуртай өвдөж байна Цустай цэр гарах мөн Гарын алгаа тэнийлгэхээр баруун гарын ядам хуруу тэнийхгүй байна. Бас нугас нуруу орчмоор өвдөж байна. Миний баруун гарын тохой орчим шалбарсан гэмтэл учирсан. Намайг тухайн үед хашаан дотроо тэр адуучин залуу Алткаг загинаад байж байхад хажуунаас Д.М ах орж ирээд тохойгоороо эсвэл гараараа нэг л удаа нүүр орчим руу цохисон. Өөр бол унасан байхад нэмж зодож цохисон асуудал байхгүй. Тэр адуучин залуу Алтка, мөн ба нэг үл таних туслах уяач залуу, намайг түшиж гэрт оруулсан Г ах, бас манай хашаанд гагнуурын ажил хийх гээд очсон байсан н.Г гэх залуучууд харсна үзсэн гэрчлэх байх. Тэр Д М гэх хүн манай арын хашаанд байдаг. Манай хашаанд сар гаруй хугацаанд адуу малаа услаж байсан. Бид хоёр адуу мал ер нь нийлчихсэн байсан намайг эзгүйд тэр өөрийнхөө азаргаа ялгаж авч уячихаад бусад адууг нь манай хашаа руу өвс идүүлэх гээд оруулчихсан байхаар нь би уурлаж бухимдсан. Ингээд тэр адуу мал хариуцдаг хүмүүсийг нь загинасан чинь Д.М тэд нарыгаа өмөөрөөд намайг зодсон. Өмнө маргалдаж муудалцаж байсан тохиолдол байхгүй. Бид хоёр 2018 оноос хойш адуу мал тэжээх зэргээр танилцсан хүмүүс байгаа юм. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Би огт гар хүрээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 7-8 дугаар хуудас/,

            хохирогч С.О дахин өгсөн “Бид 2018 оны хавар наадмын үеэр анх танилцаж байсан бөгөөд бид хоёр адуу малны наймаа хийгээд танилууд болж байсан юм. Дараа нь 2019 оны 2 сард Сүхбаатар аймгийн Асгат суманд Д.Мын танилцуулсан Дамдинжав гэх айл дээр очсон. Тэгээд би 2 сар дөнгөж гаргаад Улаанбаатар хотод очиж сар шинээ гаргачаад буцаад Сүхбаатар аймгийн Асгат суманд ирэхэд Дамдинжавын хүү Төгсөө болон хүргэн Хүрлээ гэх хоёр айлынд би малаа аваачаад отор хийж явсан. Тэгэхэд намайг Улаанбаатар хот явсан хойгуур замын шуудангаар Д.М нь Төгсөө болон Хүрлээ нар дээр очиж Төгсөөтэй хамт айлаар хэсч Д.М нь наад С.О бацаанаа сайн чадаадхаарай байсан бол би шууд зодох байлаа гэж хэлж байсан байдаг бөгөөд үүнийг Хүрлээгээс сонссон юм. Дараа нь 2019 оны 4 сард миний 34 тооны адуу алга болсон бөгөөд тэр адууг Төгсөөтэй холбоотой байсан юм. 2018 оны 10 сард Д.М ахтай би Улаанбаатар хотод хамт явж байхад гэнэт Д.М ах миний машинд 3 шуудай хэвэг, 3 шуудай овъёос ачаад Төв аймгийн ... сум руу хөдөө адуун дээр маань хүргээд өг гэхээр нь би амжихгүй өөр тийшээ ажилтай би таныг зүгээр дөхүүлээд өгье гэж хэлэхэд машинаас уурлаад буусан. Тэрнээс хойш Д.М ах нь надтай харицахаа больсон юм. Дараа нь 2020 оны 10 сард Д.Мтай гэрийнхэн нь гадаа таарахад Хүрлээ надад хэлэхдээ “таныг намайг шоглоод явуулаарай гэж хэлсэн” гэж сонслоо миний 34 тооны адуу алга болсон гэж хэлэхэд наадуул чинь яадаг новшнууд вэ гээд би очиж уулзана гэж хэлж байсан. Тэгээд 11 сард нь Төгсөө, Дамдинжав ах хоёр Д.М ахаар дамжуулан надаас уучлалт гуйгаад нэг зээрд үрээ над руу явуулсан байсан. 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Д.М нь надаас 6 тооны адуу 25.000.000 төгрөгөөр тохирч мөнгийг нь энэ одоо багтааж өгнө гээд авсан. Тэгээд мөнгөө өгч чадаагүй байж байгаад 2023 оны 5 сард Д.М ахаас 6 тооны адуугаа буцаан авсан. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 22-ны өглөө манай гэрт Д.М ах орж ирээд хоёулаа эвлэрье ахыгаа уучлаарай, би танай зүүн талын газрыг аваад хоёулаа хөршүүд болсон гэж хэлсэн. Ингээд Д.М ах удаа дараа чадаж дарамталж хулхидаж байсан юм. Өмнө нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өглөө би Д.М ахтай хамт Дорнод аймгийн Цагаан овоо сум руу Д.М ахын унагануудыг тамгалчихаад цаашаа Хэрлэн суманд байдаг Болорхуяг гээд миний адуу байдаг айл дээр очсон. Тэгээд Д.М ахтай хамт буцаж Улаанбаатар хотод ирсэн. Дараа нь 2023 оны 10 сарын 20-ны өдөр надаас 7 тооны адуу 30.000.000 төгрөгөөр худалдаж авхаар болж тохиролцоод удалгүй Д.М ахтай бор морьны өвснөөс болж маргалдаад намайг ална гээд байхаар нь би 7 тооны адууны наймаа болиод буцаагаад авсан юм. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д.М ах энэ үйл явдалд өс санасаны улмаас намайг цохиж миний биед гэмтэл учруулсан юм. Би гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж Д.Мт хариуцлага хүлээлгэмээр байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 10 дугаар тал/,

            гэрч П.Гын өгсөн: “Би Төв аймгийн ... сумын ... 4-р багийн нутаг дэвсгэр "...” гэх газарт морь мал уядаг зүчээтэй юм 2023 оны 10 сарын 31-ний өдөр 15 цагийн үед би манай арын хашааны С.О гэх бас морь мал тэжээдэг залуутай хамт адууны эрэлд хамт яваад өгөөч гэж гуйх санаатай хашаанд нь яваад ортол тэдний хашаагаар 10 гаруй тооны адуу орчихсон хураалттай тэжээлийн задлаад идчихсэн байдалтай С.О өөрөө тэр адууг хөөж гаргаж байсан. Мөн тэдний хашаанд Алтка гэх туслах уяач залуу нэг үл таних бас уяач залуутай хамт ороод ирчихсэн С.О тэд нарт хандаж “та нар намайг эзгүйд хашаанд адуу мал оруулж өвс идүүллээ гэх загинах маягтай байж байсан” чинь Д.М гэх тэдний хойд талын хашааны залуу орж ирээд нөгөө хоёр туслах уяач дүү нараа өмөөрөөд С.Отай маргалдсан улмаар тэр хоёр хоорондоо заамдалцаж авсан. Би тухайн үед яг хажууд нь байсан эхний удаад нь би заамдалцаж байхад нь салгасан. Дараа тэр С.О Д.М хоёр хоёр талаасаа хэрэлдэж маргалдаж зогсож байсанаа гэнэт Д.М С.О нүүр нь тус газар гараараа цохисон уу тохойгоороо цохисон нэг удаа хүчтэй цохисон. С.О хойшоо үсрээд л унаад өгсөн. Тэгэнгүүт нь би Д.Мыг шууд очоод салгаж аваад холдуулж нь цааш нь авсан. Тэгээд С.Оыг өндийгөөд босоод ирэхээр нь очсон чинь С.О “ахаа та хардаа нүд эвгүй болчихлоо” гэхээр харсан чинь баруун нүдний орчим хонхорхой үүссэн юм шиг эвгүй харагдахаар нь чи яаралтай эмнэлэгт хандаж наад нүдээ үзүүл гээд машинд нь түшээд суулгаж өгсөн. Тэр Д.М бол харин шууд хойшоогоо гэр лүүгээ яваад өгсөн. Өөр бол тэр хоёрын хооронд зодолдож маргалдсан асуудал байхгүй. Тэр хоёрыг би хоёулангийн л танина манай арын гудамжны морь малны зүчээтэй адилхан л морь уядаг хүмүүс. Тухайн үед С.О эзгүй бай үед нь хашаанд нь хураалттай байсан өвсийг адуу оруулж идүүлсэн гэж тэр туслах уяач Алтка гэх залуучуудыг загинасан чинь Д.М туслах уяач нараа өмөөрч С.Отай маргалдаад улмаар сүүлдээ биеэ барьж чадалгүй цохиод авсан л гэж харсан би. Тэр хоёр маргалдаж зогсож байсанаа гэнэт Д.М нь С.О нүүр орчим руу гараараа шанаадах маягтай гэх үү тохойдох маягтай нэг удаа л цохиод авсан. С.О цохиулаад хойшоо саваад унасан. Босоод ирэх үед нь харахад С.О баруун нүд орчим нь гэмтсэн маягтай эвгүй болчихсон байсан. Тэр талаар би тодорхой сайн мэдэхгүй. Тэр Алтка гэх Д.Мын туслах уяач залуу цуг явсан уяач залуу нар нь яг хажууд байсан болсон үйл явдлыг гэрчлэх байх. Аль аль нь эв эрүүл зүгээр байсан. С.О ердөөсөө тэгж хариу зөрүүлж цохисон зүйл байхгүй. Цохиулж босж ирээд манараад машиндаа ороод суусан. Би хэсэг хугацааны дараа С.Оыг хөтөлж гэр лүү нь оруулж өгчихөөд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 12-13 тал/,

            гэрч А.Аийн өгсөн: “Би Төв аймгийн ... сумын ... 4-р багийн нутаг дэвсгэр “...” гэх газарт Д.М гэх хүн дээр туслах уяачаар ажилладаг юм. 2023 оны 10 сарын 31-ний өдөр морь мал барихад сайн өдөр байсан тул шарга азаргаа би барьж уяад бусад хамт явсан адуунуудын урд талын хашааны С.О гэх айлын хашаанд оруулж хашсан юм. Угаасаа тэр азарга нь манайх бусад адуунууд нь С.О гэх хүний адуунууд тул өөрийнхөн адууг өөрийнхөн хашаанд нь оруулаад хашчихсан юм. Тэгтэл өдөр 15 цагийн үед С.О ах Төв аймгаас суманд гэртээ ирэнгүүтээ над дээр яваад ирсэн тухайн үед би адуунд явчихсан байсан учир манай нөгөө туслах уяач Сайхнаа гэх залуу дээр ирээд “хэн манай хашаанд адуу мал оруулсан гэж асууж ууралсан” байсан. Тэгээд би удалгүй хашаанд нь яваад очсон чинь С.О ах намайг нэг удаа миний цээжний зүүн тал руу өшиглөж аваад “муу хоноцын шээснүүд минь яахаараа та нар хүн аймаг орчоод ирэхийн хооронд хашаанд адуу мал оруулж хураалттай өвс идүүллээ” гэж уурлаж загинасан. Тухайн үед би мотоцикльтой очсон сандайлаад суучихсан байсан чинь намайг цааш нь түлхэж унагаасан. Тэр үед Д.М ах хажууд байсан учир над руу дайраад байсан С.О ахийг салгаж холдуулж байсан. С.О ах над руу аймар ууртай дайраад салахгүй байсан учир Д.М ах намайг өмөөрөөд С.О ахийг цааш нь түлхээд газар унагаасан. С.О ах газраас босч ирээд “та дүүгээ зодчихлоо ш дээ” гэж хэлээд цагдаа энэ тэр дуудна гээд тэрүүгээр яваад байсан. Д.М ах бид хоёр хашаа руугаа буцсан. Хоёулаа эрүүл байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. С.О ах намайг эзгүй байх хойгуур нь хашаа руу нь адуу мал орууллаа гэж уурлаж бухимдаж над руу дайрсан. Би бол тухайн үед дандаа С.О гэх хүний өөрийнхөн адууг өөрийнхөн хашаанд хашихгүй өөр хаана хаших юм бэ л гэж хэлээд зогсож байсан. Д.М ах намайг өмөөрч С.О ахад намайг зодуулахгүй гэж урдуур орж салгаж болиулах гэсэн боловч С.О ах улам уурлаад байсан тул Д.М ах хүчтэйхэн цааш нь түлхсэн С.О өнхөрөөд л газар унасан. Би тухайн үед яг хажууд нь байсан. С.О ах намайг мотоцикльтой зогсож байхад түлхээд унагаасан юм. Тэр унасан мотоциклийг Д.М ах бид хоёр татаад босгож байх үед С.О ах дахиад хэл ам хийгээд ирэхээр нь Д.М ах баруун мөр орчим руу нь л гараараа хүчтэй түлхэх шиг болсон С.О ах хойшоогоо газарт унасан. Тэр үед хажууд бас морь мал уядаг П.Г гэх ах байсан. Мөн С.О ахын хашаанд гагнуур хийх гэж ирсэн танихгүй нэг ах байсан. Мөн манай нөгөө туслах уяач Сайхнаа байсан. Өөр бол гадны хүн байгаагүй. Би Д.М ах дээр 2023 оны 7 сараас хойш туслах уяачаар нь ажиллаж байна. С.О ах бол манай урд талын хашааны л морь мал уядаг ах. Манай шарга азаргаар С.О ах адуугаа хураалгадаг байсан юм. Миний мэдэхийн байхгүй дээ. Намайг очиж уулзах үед С.О ах минй цээжний зүүн хэсэгт нэг удаа өшиглөсөн. Мөн мотоцикль дээр суу байхад цааш нь түлхэж унагаасан. Өөр бол зодож цохисон юм байхгүй. Одоо биеийн байдал зүгээр биед учирсан гэмтэл шарх байхгүй байна. Би хандаагүй. Нэг их хандаж гомдол санал гаргий гэж бодоогүй юм. Би шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлгүй байна. Биед учирсан гэмтэл шарх байхгүй гэж үзэж байна. Сүүлд тэр Д.М ахад түлхүүлж уначихаад босж ирээд Д.М ахийг очоод заамдаад авсан. Д.М ах “чаддаг юм бол цохиод аваа” гэж хэлээд зогсож байсан. С.О ах бол зөрүүлж цохиогүй тэр П.Г ах хажуунаас орж ирээд салгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16 дугаар тал/,

            гэрч Б.Г: “Би тухайн өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад Төв аймгийн ... сумын Уяачдын хороолол гэх газарт манай найз С.О намайг тэнд хашаа барих гэж байгаа гагнуурын ажил байна үзээд өгөөч гэхээр нь өөрийнхөө машинтай ... суман дээр очиход О хашаан дотроосоо адуу гаргаад хөөж байсан. Тэгээд би ямар учиртай юм бэ? гэж асуусан чинь хүний адуу орж ирээд өвс тараагаад байна гэсэн. Тэгээд бид хоёрыг байж байхад нэг өндөр залу мотоциклтой О дээр ирээд маргалдаад байх шиг байсан тэгсэнээ шуур цохиод авсан тэгээд хөдлөөд яваад өгсөн О газар унаад босоод ирсэн би гэрт нь Оыг оруулж өгчихөөд яваад өгсөн тухайн үед ажлаас дуудаад ажилтай байсан болохоор яараад явсан. Би тухайн залууг танихгүй ээ. Царайг нь харвал танина аа. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. С.Оыг гэр лүү нь орууж өгөхдөө ямар асуудал болсон талаар асуухад намайг байхгүй байхад хашаа руу адуугаа оруулсан юм аа тэгээд тэрнээс болж ийм асуудал болсон гэж хэлж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би гэр лүү нь оруулж өгөх үед миний баруун нүд бүрэлзээд сонин болоод байна гэж байсан. Би тухайн үед маргалдаж байхад нь хажууд нь зогсож байсан тэгэе маргалдаж байгаад нөгөө залуу С.О баруун нүд хэсэгт нь 1 уда гараараа цохисон тэгээд би нөгөө залууд болиоч гэж хэлсэн чинь яваад өгсөн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 16 дугаар тал/,

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 672 дугаартай “1. 2. С.О биед баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун тохойд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүд, хацарт зөөдөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 21-22 дугаар тал/,

            шүүгдэгч Д.Мын яллагдагчаар өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед би барилгын материалын дэлгүүрээс барилгын материал аваад буцаад машиндаа суухад миний гар утас руу С.О олон удаа залгасан байсан. Тэгэхээр нь би буцаагаад С.О утас руу залгаж холбогдоход “С.О нь пизда минь чи хаана байна гөлөгөө” гэхээр нь би хэлэхдээ яаж байнаа дүү гээд асуухад С.О нь “хүрээд ир чамайг ална” гэхээр нь би “өө заза би одоо очлоо” гэж хэлсэн. Тэгээд би С.Оыг хашааныхаа гадна зогсож байхад нь яваад очтол манай адуучин А.А руу С.О нь дайраад байсан. Тэгэхээр нь би С.Оад хандаж ахын дүү яагаад байгаа юм бэ гэхэд С.О нь хэлэхдээ “муу лалрын цагаач, хоноцын шээсээ адуу малаа манай өвс рүү хийж өвс сүйрүүлсэн та нар хэн бэ” гээд хэл амаар доромжилсон. Тэгээд би С.Оад хандаж “ахын дүү энэ манай адуу биш танай адуу шүү дээ” гэхэд “хуц тэгсэн ч гэсэн та нар адуу оруулдаг хэн бэ” гээд дайраад байсан. Тэгээд би А нааш ир гээд дуудахад мотоциклтойгоо хүрч ирэхэд С.О нь хажуунаас өшиглөөд мотоциклоос нь унагаасан юм. Тэгэхээр нь би мотоциклийг нь татаж босгох гээд байж байтал дахиад С.О нь дээрээс дэвсэж өшиглөх гээд ухасхийгээд ирэхээр нь би холдуулах гээд зүүн гараараа хориглоход С.О нь тэнцвэрээ алдаад хойшоо унасан юм. Тэгээд С.О нь босч ирээд намайг заамдаад хэл амаар доромжилоод байхаар нь одоо болио гээд хаяад би адуучин А аваад хамтдаа явсан юм. Тухайн үед С.О бид хоёртой хамт хараад байж байсан хүмүүс нь Ганбат, А, гэрлийн байцаагч гээд 3 хүн байсан. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа тогтоолыг ойлгосон. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би С.Оад хохирол учруулаагүй юм. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би С.Оыг цохиогүй тухайн үед А руу дайраад байхаар нь зүүн гараараа хориглоход О нь өөрөө тэнцвэрээ алдаад хойшоо унасан юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 35 дугаар тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газар 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1401 дугаартай “1.С овогтой О РД..../-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Сугарсүрэн овогтой О ...../-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 148-149 дүгээр тал/,

            хохирогч С.О дахин өгсөн: “Би 2022 онд Д.О гэх ахынхаа ажил дээр сууж байгаад уяагаа ёслох архи дарс авах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд Д.О ах нь надад хэлэхдээ “миний эгчийн охин Б.Ц гээд хүн байгаа тэрнээс миний нэг авдар архийг аваад ир, мөн чи өөрөө үнийн харж байгаад сэтгэлд чинь таарвал өөрөө архи худалдаж авахгүй юу” гэж хэлж байсан. Тэгээд би ГССҮТ-ийн арын автобусны буудал дээр Б.Ц гэх хүнтэй анх уулзаж танилцсан. Тэгээд би Д.О ахын захисан нэг авдар архийг нь аваад мөн өөрөө нэг авдар архи мөнгийг нь төлөөд Б.Цгаас худалдаж авч байсан. Тэгээд би хэд хоногийн дараа Б.Цтай утсаар яриад түүнд хэлэхдээ “Надад нэг Hennessy ХО байна гадуур 800.000 төгрөг байдаг, чамд арай хямд архи байвал үүнийг солих боломж байна уу” гэж асуусан. Дараа нь 2 хоногийн дараа Б.Ц залгаад "Оросоос миний бараа ирээгүй байна, наад Hennessy ХО-г чинь аваад хүнд өгчихье, тэгээд Оросоос миний бараа ирвэл 2 авдар архи өгье” гэж тохиролцоод Б.Ц нь яармагт гэрийн гадаа ирж миний архийг аваад явсан. Дараа нь сар гаран Б.Ц нь утсаа салгаад алга болсон. Тэгээд Очирсүрэн ахад хэлээд Б.Цгаас Hennessy XO архиа буцаагаад авсан. Тэгээд үүнээс хойш би Б.Цтай уулзаагүй мөн утсаар яриагүй юм. Тийм зүйл байхгүй. Б.Ц нь өмнө миний биед халдаж, цохиж зодож байсан асуудал байхгүй. Тийм ч учраас цагдаа дээр шалгагдсан зүйл байхгүй худлаа гүтгэлэг юм. Би эмчилгээтэй холбоотой хохирол мөнгийг Б.М нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 151 дүгээр хуудас/,

            гэрч Г.Т өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн цагдаагийн газарт ажил дээрээ байж байсан. Тэр үед иргэн С.О гэх хүн над руу залгаад “би Төв аймгийн ... сум ... 4-р баг “...” гэх газар хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би дуудлагын дагуу С.О байгаа газар нь очоод юу болсон талаар асуухад “би М гэх хүнтэй морь мал, өвс тэжээлийн асуудлаас болж маргалдаад М миний баруун нүд рүү цохичихлоо” гэж хариулж байсан. Тэгээд С.Оыг цохисон гэх М нь тухайн үед байхгүй Улаанбаатар хот руу явсан байсан. Дараа нь С.О нь надад хэлэхдээ “миний нүд унжиж зовиуртай байна, нүд гэмтсэн” гээд байхаар нь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд би машинтайгаа аймгийн нэгдсэн эмнэлэг рүү замчилж яваад араас С.О нь өөрөө машинаа унаад намайг дагаж эмнэлэг дээр очсон юм. Тэгээд эмнэлэг дээр С.Оыг эмч үзэж анхан шатны тусламж үзүүлсэн юм. Тухайн үед С.Оыг энгийн нүдээр харах үед нүд нь хөхөрч хавдсан, цус гоожсон зүйл байгаагүй. Харин С.О нь өөрөө хэлэхдээ “баруун нүд рүүгээ цохиулсан” гээд гарынхаа алгаар нүдээ дарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 153 дугаар тал/,

            гэрч В.М өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр С.О яаралтай тусламжийн хуудсын үзлэгийн тэмдэглэлээр баруун нүдний хараа 0.5, зүүн нүдний хараа 1.0, хоёр нүдний зовхины салст хэвийн хавангүй, цус хуралтгүй, оптик систем тунгалаг байсан байна. Би өдөрт 20-40 хүн үздэг болохоор жилийн өмнө үзүүлсэн хүний царай зүс ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг санахгүй байна. Би нүдний эмч бөгөөд анхны үзлэгээр үзүүлэгч С.Оыг үзээд баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал гэмтэл байгаа эсэхийг тогтоох боломжгүй. Учир нь нарийн мэргэжлийн КТГ-ийн үзлэгээр тогтоох юм.” гэх мэдүүлэг /2хх-ийн 155 дугаар хуудас/,

            гэрч Ж.Ц өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр С.О яаралтай тусламжийн хуудсын үзлэгийн тэмдэглэлээр толгой өвдөнө, баруун нүд 4-5 харна, биеийн байдал дунд, ухаантай, зүрхний авиа тод хэм жигд, уушги 2 талд цулцангийн амьсгалтай, хэт чийглэг, хэвлий зөөлөн, артерын дээд даралт 131, доод даралт 86, зүрхний цохилт 1 минутанд 92 удаа, захын цусны хүчилтөрөгчийн хангамж 95%, хэсэг газрын үзлэгээр баруун нүдний доод талд хөхрөлсөн эмзэглэлттэй байсан тул нүдний битүү гэмтэл гэсэн онош тавьсан. Үзүүлэгч С.Оад өвчин намдаах тариа хийсэн, зүрхний цахилгаан бичлэг хийсэн, захын цусанд сахар тодорхойлсон, нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Тэгээд С.О гэх хүнийг маргааш толгойн КТГ хийлгэн гэмтлийн эмчид үзүүлэхийг зөвлөн буцаасан юм. Анхны яаралтай тусламжийн үзлэгээр баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал гэмтэл байгаа эсэхийг тогтоох боломжгүй. Учир нь нарийн мэргэжлийн рентген зураг, КТГ хийлгэж байж тогтоох юм.” гэх мэдүүлэг /2хх-ийн 157 дугаар тал/,

            гэрч П.Д өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байхад манайд танил ах С.О орж ирээд “хашаа руу адуу оруулчихсан байна писда чинь, танай нөхөр А хаана байна ална” гэж хэлсэн. Тэгэхээр нь би адуундаа явсан гэж хариулсан. Тэгээд танил ах С. О нь манай гэрээс гарч яваад Д.М ахын уяатай морьд руу очсон. Тэгээд уяатай моринуудыг хөөж туусан. Дараа нь С.О ах уурлаад машиндаа суугаад гэрийн зүг явсан. Тэгээд явсаныхан дараа би Д.М ах руу залгаж хэлэхэд “ах нь одоо очлоо” гэж хариулсан. Тэгээд удалгүй манай нөхөр А бас адуунаасаа ирээд М ах тэр хоёр С.О гэрийн зүг явсан. Тэгээд би гэртээ үлдсэн болохоор цаашаа юу болсоныг мэдэхгүй байна. Сүүлд нөхөр Ааас юу болсон асуухад "С.О ах намайг өшиглөөд цохисон, тэр үед Д.М ах намайг өмөөрч дундуур орж ирээд С.Оыг ахыг түлхэж унагаасан" гэж хэлсэн. Танина. Д.М ахын моринуудыг манай нөхөр А уядаг юм. Харин С.О гэх хүнийг Д.М ахын хуурай дүү гэдгээр нь мэддэг байсан. С.Оыг Д.М ах түлхэж унагаасан гэдгийг нөхөр Ааас сонссон. Тухайн үед би хажууд нь байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. С.О ах маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт орж ирсэн. Тэр үед С.О ахын баруун нүд нь улайсан байдалтай байснаас өөр ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаагүй. Д.М ах нөхөр А бид хоёрт хэлэхдээ “С.О нь өмнө нэг эмэгтэйд цохиулаад нүдэндээ гэмтэл авч байсан, тэгээд шүүхэд өгсөн” гэж хэлсэн. Гэхдээ үнэн худлыг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 159 дүгээр тал/,

            хохирогч С.О дахин өгсөн: “Би 2022 онд Д.О гэх ахынхаа ажил дээр сууж байгаад уяагаа ёслох архи дарс авах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд Д.О ах нь надад хэлэхдээ “Миний эгчийн охин Б.Ц гээд хүн байгаа тэрнээс миний нэг авдар архийг аваад ир, мөн чи өөрөө үнийн харж байгаад сэтгэлд чинь таарвал өөрөө архи худалдаж авахгүй юу” гэж хэлж байсан. Тэгээд би ГССҮТ-ийн арын автобусны буудал дээр Б.Ц гэх хүнтэй анх уулзаж танилцсан. Тэгээд би Д.О ахын захисан нэг авдар архийг нь аваад мөн өөрөө нэг авдар архи мөнгийг нь төлөөд Б.Цгаас худалдаж авч байсан. Тэгээд би хэд хоногийн дараа Б.Цтай утсаар яриад түүнд хэлэхдээ “надад нэг Hennessy ХО байна гадуур 800.000 төгрөг байдаг, чамд арай хямд архи байвал үүнийг солих боломж байна уу” гэж асуусан. Дараа нь 2 хоногийн дараа Б.Ц залгаад “Оросоос миний бараа ирээгүй байна, наад Hennessy ХО-г чинь аваад хүнд өгчихье, тэгээд Оросоос миний бараа ирвэл 2 авдар архи өгье” гэж тохиролцоод Б.Ц нь яармагт гэрийн гадаа ирж миний архийг аваад явсан. Дараа нь сар гаран Б.Ц нь утсаа салгаад алга болсон. Тэгээд Очирсүрэн ахад хэлээд Б.Цгаас Hennessy XO архиа буцаагаад авсан. Тэгээд үүнээс хойш би Б.Цтай уулзаагүй мөн утсаар яриагүй юм. Тийм зүйл байхгүй. Б.Ц нь өмнө миний биед халдаж, цохиж зодож байсан асуудал байхгүй. Тийм ч учраас цагдаа дээр шалгагдсан зүйл байхгүй худлаа гүтгэлэг юм. Би эмчилгээтэй холбоотой хохирол мөнгийг Б.М нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 160 дугаар тал/ болон хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Д.Мын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч Д.М хохирогч С.Оыг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М “хохирогчийг би цохиогүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “гэмт хэргийн шинжгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөтөлбөргүй тогтоохгүй байна..., “хохирогч С.Оыг цохисон үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх утга агуулгаар шүүх хуралдаанд маргаж мэтгэлцсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбаруудаас үзэхэд хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн  мэдүүлгүүд нь өөрөө хоорондоо зөрүүгүй байна. Харин Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр Д.М нь С.Оыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дээрхи саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

 

   Хохирол, хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.О эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун тохойд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүд, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 13.780.050 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэсний дагуу,                                                                                        

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг “Хоёрдугаар” зэрэглэл 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Хохирогч С.О эрүүл мэндэд хөнгөн учирсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлд тогтоосон байх тул хохирлыг гаргуулах нь зүйтэй.

“Сэтгэцэт учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баяалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь саргаар өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох ба сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.

Шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдлийн улмаас “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчийн “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” үр дагаварт хүргэсэн тул “өмгөөлөгчид төлсөн зардал 1.500.000 төгрөгийг” гэмт хэргийн хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч С.О сэтгэцийн хор уршигийн зэрэглэл “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч байх ба 5*550.000=2.750.000 төгрөгийг, эмчилгээний зардалд 8.756.670 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1.500.000 нийт 13.006.670 төгрөгийг шүүгдэгч Д.Маас гаргуулж хохирогч С.Оад олгохоор, хохирогчийн хоёр ажилтны 2 сарын цалин гэх 5.200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгж буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболдоос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 1-3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын бага нэгжээр буюу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Д.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

  Шүүх шүүгдэгч Д.Мт анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгийн торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

  Шүүгдэгч Д.Мт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

  шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

             

Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1.  Шүүгдэгч Д.Мыг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 13.006.670 төгрөгийг гаргуулж хохирогч С.Оад олгож, хоёр ажилтны цалин гэх 5.200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН