Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

Л.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Ц.Ариунжаргал,

Хохирогч: Ц.Э,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/149 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Л.Ж-д холбогдох 2028001000109 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг,

Шүүгдэгч Л.Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23 цагийн үед Тоёота Хайлюкс маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Ө аймгийн Д сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 3 дугаар сургуулийн зүүн талын засмал зам дээр явган зорчигч Ц.Э-г мөргөж зам тээврийн осол гарган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч Л.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ж-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Ж-г цагаатгаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ж нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э-ы 5.096 500 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын шинжээчээр ажилласан зардалд 471.264 төгрөгийг Ө аймаг дахь Шүүхийн тамгын газраас гаргуулан Дотоодын хэргийн их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх инженер, цагдаагийн хурандаа Р овогтой М, ахлах багш, хууль зүйн ухааны доктор, цагдаагийн дэд хурандаа Д овогтой Н багш, цагдаагийн ахмад Т овогтой А нар тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 471.264 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч нь 4.373.000 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн ослын үзлэгийг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD-2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаж гараагүй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан гэж үзэж, шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал:

1. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн яллах талын нотлох баримтууд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэгт тулгуурлан, мөн хуулийн 34.14 дүгээр зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах тухай зохицуулалтын дагуу Л.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж. яллах дүгнэлт үйлдэн, харьяаллын дагуу Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн болно.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж, шүүхийн шийдвэрээр удаа дараа шинжээч томилсны үндсэн дээр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дотоод хэргийн их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, багш нараар шинжээчийн дахин дүгнэлт гаргуулсан байна.

Эрүүгийн хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 19 дугаартай дүгнэлт гаргасан П.Э нь шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтан болно. Шүүхийн шийдвэрээр Дотоод хэргийн их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, багш нарын бүрэлдэхүүнтэй дахин гаргасан дүгнэлт нь өмнөх шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй байгаа нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөхүйц ноцтой зөрүүтэй байдлыг бий болгосон байхад шүүх нь цагаатгах тогтоолдоо шинжээчийн өмнөх дүгнэлт, уг дүгнэлтийн талаар гаргасан улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл заахгүйгээр, зөвхөн шинжээчдийн бүрэлдэхүүнээр гаргасан давтан дүгнэлтийг хэрэгт хамааралтай, өмнө гаргасан дүгнэлтээс илүү ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчид холбогдох хэргийг "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгах шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг ноцтой зөрчсөн байна.

2. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр товлон хийсэн шүүх хуралдаанд улсын яллагч хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад оролцож, шинжээчийн давтан дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2, 7 дахь хэсгүүдэд заасан эрх, үүргийн хүрээнд хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэх үндэслэлээр яллахаас татгалзан, шүүх бүрэлдэхүүнийг зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө саналаа бичгээр гаргасан.

Улсын яллагч хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзэж, яллахаас татгалзсан, тодруулбал гэм буруугийн асуудлаар шүүгдэгч болон өмгөөлөх талтай улсын яллагчийн зүгээс мэтгэлцээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан талуудын "мэтгэлцээний" үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох тухай заалтыг ноцтой зөрчсөн.

Мөрдөгч, шүүгч нарын шинжээч томилсон шийдвэрийн дагуу гаргасан хоёр дүгнэлт харилцан зөрүүтэй байхад хэргийг прокурорт буцааж, дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчдийн бүрэлдэхүүнд даалгах эрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорт олгогдсон болно.

3. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллагдагч Л.Ж-г шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, түүний гэм буруутай эсэхийг тогтоох анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн атлаа цагаатгах тогтоолд мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэхийн “өмнөх үе шат” болох урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүхээс хэргийг прокурорт буцаах 3 үндэслэлийг нэг бүрчлэн дурдаж, дээрх үндэслэлүүдийн аль аль нь тогтоогдохгүй байна гэж дүгнэснээр шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг илт буруу тайлбарлаж хэрэглэн шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлага хангаж гараагүй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-т: “улсын яллагч хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргана" гэж заасан ба мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т дээрх үндэслэл тогтоогдвол анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана гэж хуульчилсан.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/149 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...энэхүү цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хохирогчийн эрх ашгийг илт дордуулан, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

1. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан ба энэхүү заалтаар хэргийн оролцогч нарын тэгш эрхийн байдал хангагдах, цаашлаад нотлох баримтууд нь эргэлзээгүй байх ёстой.

Гэтэл шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт тэр дундаа шүүгдэгч Л.Ж-н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нотлох баримтуудаар шүүгдэгч талын эрх зүйн байдлыг дээрдүүлэн дүгнэлт хийсэн, өнөөдрийг хүртэл суугаа бусдын асаргаанд, өөрөө босоод явах ямар ч боломжгүй 2 хөлгүй

болгосонтой адил хэмжээнд эрүүл мэндээрээ хохирсон хохирогчийн эрх ашгийг хэт :дордуулан хэрхэн яаж хохирсон нөхцөл байдлыг анхааран үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан 2020.05.06-ны 19 тоот дүгнэлт, мөн Дотоод хэргийн их сургуулийн 2020.10.19-ний өдрийн 20207 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Л.Ж-н гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Учир нь: Шүүх Дотоод хэргийн их сургуулийн дүгнэлтийг бодит үнэнд нийцсэн үнэлэх боломжтой нотлох баримтаар тооцож хэргийнхээ цагаатгах тогтоолын гол үндэслэлээ болгосон байдаг боловч цагаатгах тогтоолын үндэслэл болсон гол нотлох баримт нь Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтад заасан зүйлийг хангаагүй, шинжээчийн дүгнэлтүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтэд тусгах зүйлийг нарийвчлан хуульчилж өгсөн ба уг зүйл заалтад заасан зүйлийг бүрэн дүүрэн тусгаагүй байхад аль нэг дүгнэлтийг илүү үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр шинжээч хавтаст хэрэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг үндэслэн хэчнээн км цагийн хурдтай явсан гэж тооцоолол гаргаж, Л.Ж-г зогсоох арга хэмжээг авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, яллагдагчийн мэдүүлэг өөр бусад байдлаар нотлогдвол нотлох баримтаар үнэлэх зохицуулалтыг зөрчсөн.

Мөн шүүгдэгч Л.Ж нь тухайн өдөр тээврийн хэрэгсэл жолоодож яваад зогссон гэх боловч хүн дайраад зогссон үйлдлийг зөвтгөж шүүх дүгнэлт гаргасан байхаар байна.

Хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл торомз гишгэсэн зогссон болох нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хүн дайрчхаад Л.Ж тээврийн хэрэгслээ зогсоосон үйлдлийг шинжээчийн дүгнэлтээр  тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй.

Шүүх нөгөө талаар улсын яллагч яллахаас татгалзсантай холбоотой хуулийн зохицуулалт байхгүй, ...шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад тулгуурлан, талуудын санал, мэтгэлцээнд үндэслэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд

шийдвэрээ гаргасан болно гэж дурдсан.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд прокурорын зүгээс хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа шүүхэд бичгээр гаргаж болохоор хуульчилсан ба энэ тохиолдолд шүүх хэргийн талаар урьдчилсан дүгнэлт хийхгүйгээр хэргийг прокурорт буцааж болно гэж үзэж байна. Мөн шүүх яллахаас татгалзсан бол хэргийг цагаатгаж шийдвэрлэ гэсэн хуулийн хатуу зарчим заалт байхгүй болохыг дурдмаар байна. 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хуулинд заасан нь хэдийгээр тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх заалтууд мөн боловч гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э-ны эрх ашиг алдагдаж, шударга ёсыг гажуудуулж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Дотоодын хэргийн их сургуулийн дүгнэлтэд “Замын цагдаагийн дэслэгч Э-ын дүгнэлтэд жолооч Л.Ж-г зогсох арга хэмжээ аваагүй гэж дүгнэжээ. Ингэхдээ ямар нотлох баримт, юуг үндэслэн дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна” гэсэн. Гэтэл Замын цагдаагийн байцаагч Э гаргасан шинжээчийн дүгнэлтэй холбогдуулан мэдүүлэг өгсөн байдаг. Энэхүү мэдүүлгээр “жолооч Л.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан аюул учирсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, автомашиныг зогсоох арга хэмжээ авах заалтыг зөрчсөн. Тухайн зам тээврийн осол гарсан зам дээр тормосны мөр гараагүй учир хэдэн километр цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. Мөн камерын бичлэгээс харахад хөдөлгөөнөө удаашруулахгүй чигээрээ явсаар байгаад явган зорчигчийг мөргөөд зогсох үйлдэл хийсэн нь харагдаж байсан. Тэгэхээр тухайн жолооч явган зорчигч харагдангуут жолоочийн самбаачлах хугацааг тооцоолох, эсхүл явган зорчигчийг тойрон гарах үйлдэл хийх  боломжтой байсан.” гэх тайлбарыг өгсөн байдаг.  Тэгэхээр жолооч Замын хөдөлгөөний  дүрмийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн. Дотоодын хэргийн их сургуулийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь өмнөх дүгнэлттэйгээ зөрүүтэй байхад шүүх зөвхөн нэг дүгнэлтийг нь үндэслэн хэргийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь хэсэгт зааснаар яллахаас татгалзаж хэргийг прокурорт буцаах саналыг гаргасан байхад хохирогчийн өмгөөлөгч болоод шүүгдэгчийн өмгөөлөгч нарт мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл шүүх шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдсэн ба прокурорын яллахаас татгалзсан санал, хэргийн бусад нотлох баримтыг анхаарч үзээгүй. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулна гэж заасан. Мөн хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг зарласны дараа улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт гаргана. Дүгнэлтээ шүүхэд бичгээр өгч болно” гэж заасан. Тэгэхээр шүүх хэргийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийднэ гэсэн зарчим алдагдсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Тэр машин хурд сааруулагч өнгөрөөд намайг мөргөсөн. Шууд өөрөө авч яваад эмнэлгийн 2 давхар луу өргөж гаргаад гэмтэлийг илүү их болгосон. Нэг эвлэрлийн гэрээ байгуулчихаад мөнгө өгөхгүй байгаа. Өдий болтол тэр бүх хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Их гомдолтой байна. Манай ээж 90 нас хүрч байгаа, би ээжтэйгээ хамт амьдардаг. Гэртээ хүний асрамжид байна. Ядаад өөрөө хүндэрдэг болох юмсан. Хөл нугарахгүй учраас хүндээр бие засч чадахгүй байна. Тийм учраас хөлөө хурдан эдгээх хүсэлтэй байна. Бие тэнхрэхгүй байна. Хүндрэхээсээ халшраад хоолоо сойж байна. Ээжийгээ зовоохгүй байхыг хүсэж байна.

Шүүх хуралдаан дууссанаас хойш Л.Ж нь утсаа хаагаад алга болсон. Осолд ороод хөлөө гэмтээн ажилгүй байсан хугацааныхаа төлбарийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Хөл дээрээ босч эрүүл болмоор байна. Эмчилгээ яаралтай хийлгэх хэрэгтэй байна. Хэрэв мөргөчихөөд намайг түргэн дуудаж эмнэлгийн машинаар хүргүүлсэн бол ясны гэмтэл бага байх боломжтой байсан. Гэтэл өөрөө хүргэснээс болоод илүү цууралттай болсон. Камерын бичлэгээс харахад Л.Ж тормос гишгээгүй байсан гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...цагаатгах тогтоолын үндэслэл болсон бичгийн нотлох баримт нь өөрөө нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн шинжээчийн гаргасан дүгнэлт хууль ёсны, үндэслэл бүхий, хэргийн нөхцөл байдалтай нийцсэн дүгнэлт болж чадаагүй. Тодруулбал, тухайн 202027 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1 дүгээрт “замын цагдаагийн газрын дэслэгч Э-ын хийсэн дүгнэлтдээ цагаатгагдсан этгээдийг машинаа зогсоох арга хэмжээ аваагүй” гэж дүгнэхдээ ямар нотлох баримт үндэслэн ийм дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна гэсэн. Миний хувьд энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл Дотоод хэргийн их сургуулийн 202027 тоот шинжээчийн дүгнэлт ямар нотлох баримтыг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт холбоотойгоор хийсэн 2 шинжээчийн дүгнэлт хоёул хуульд заасан, тавигдсан шаардлагын дагуу гараагүй байна. Мөн хохирогч Ц.Э-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.2, 5.12а, б гэсэн заалтуудыг зөрчсөн гэж шинжээч дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэгдүгээрт, тухайн явган зорчигч зам хөндлөн гарч явсан гэж дүгнэсэн боловч хэргийн хүрээнд авагдсан CD бичлэгт зам хөндлөн гарч явахдаа дайрагдаагүй байдаг. Тодруулбал, зам хөндлөн гарчихаад замын хөвөөн дээгүүр явж байхад нь мөргөсөн байсан. Өөрөөр хэлбэл зам дээр зогсох, саатах, алгуурлах, эргэж буцах хөдөлгөөн хийх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн 5 нөхцөл байдлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан CD бичлэгт хохирогчийн дээрх замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал тогтоогддоггүй. Л.Ж-г зогсоох арга хэмжээг авсан гэж шүүх үзсэн. Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтэд тухайн машин 30-40 километрийн хурдтай явсан байна гэж үзсэн. Ингэхдээ шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэн, үндэслээд дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн мэдүүлгийг ямар нөхцөлд үнэлэх талаар хуулинд тусгайлан заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Харин өөр бусад байдлаар давхар нотлогдох ёстой. Хэрэв нотлогдсон тохиолдолд тухай мэдүүлгийг үнэлэн эрх зүйн дүгнэлт өгч болно гэж хуульчилсан. Гэтэл хавтаст хэргийн хүрээнд Л.Ж-н 30-40 километрийн хурдтай явсан гэдгийг нотлосон ямар ч нотлох баримт байдаггүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-209, 213-214/ “улсын яллагчаас: ...шүүхийн шатанд Дотоод хэргийн их сургуулиас дахин шинжээч томилсон байдаг. Дүгнэлтийн 10 дахь заалтад заасан асуудлын хүрээнд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. ...шинжээч П.Э-н гаргасан дүгнэлт болон Дотоод хэргийн их сургуулийн гаргасан 2 дүгнэлт зөрүүтэй, дүгнэлтүүд өөрөө эргэлзээтэй байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. ...Магадгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр дүгнэлтүүдийн эргэлзээг тайлах ажиллагаа хийгдэж болзошгүй юм гэсэн үндэслэл дурдаж байна. Иймд Ж-д холбогдох хэрэгт шүүгдэгчийг яллахаас татгалзаж, хэргийг прокурорт буцаах саналыг бичгээр гаргаж байна гээд саналыг шүүхэд өгөв”, “хохирогчийн өмгөөлөгчөөс: Нэгэнт улсын яллагч яллахаас татгалзаж байгаа тохиолдолд маргаж, мэтгэлцэх эрх зүйн үндэслэл нь хаагдмал болох нөхцөл байдал бий болж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн шүүхэд гаргаж байгаа саналыг бүрэн дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Энэ хэргийн хүрээнд авагдсан болон өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийг прокурорт буцаалгах байр суурьтай оролцож байна.” гэж тусгагдсанаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон прокурор нь “хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзэж шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргасан, хохирогчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн саналыг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болох нь тогтоогдож байна. 

Прокурор шүүх хуралдаанд төрийн өмнөөс улсын яллагчаар оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчмыг зөрчсөн байна.

Гэм буруугийн зарчим нь нэг талаас гэм бурууг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас гэм буруугүйг тогтоож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх агуулгыг багтаадаг. Прокурор шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй бөгөөд прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэсэн шалтгаанаар татгалзсан байхад шүүх шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг тогтоож улмаар гэм буруугүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, зорилгод нийцээгүй.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг зөрчсөн, талууд нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй байхад шүүхээс цагаатгах тогтоолыг гаргасан байна.

Иймд прокурор, хохирогчийн өмгөөлөгч нарын “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай” эсэргүүцэл, давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/149 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Л.Ж-д холбогдох 2028001000109 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ