Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 171

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

            1.1.      Шүүгдэгч Г.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалт, прокурорын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, дахин гэмт хэрэгт  холбогдохгүй гэв.

            Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сашагийн:..Миний бие 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бөмбөгөр" худалдааны төвөөс хүнсний бүтээгдэхүүн цуглуулж явахдаа гар утсаа гадуур хувцасныхаа гадна талын энгэрийн халаасанд хийсэн байсан. Тэгээд тус худалдааны төвөөс гарах үед намайг нэг хүн мөргөөд зөрсөн, тухайн үед сэжиг авсан, тэгээд шатаар бууж байхдаа гар утсаа шалгасан чинь байхгүй байсан. Тэгээд эргэж хараад нөгөө мөргөлдсөн хүнийг хайгаад олоогүй. Тэр мөргөлдсөн хүн миний гар утсыг хулгайлсан, царайг нь харж амжаагүй, 180 см орчим өндөртэй, мяраалаг, бор шаргал өнгийн малгайтай залуу байсан гэх мэдүүлэг. /хх 14-15/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гансүхийн:...Мөнхбаяр нь 1982 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод  миний том хүү болон төрсөн. Мөнхбаярыг 1 настай байхад нь ээж нь салаад явсан, тэгээд эмээ дээрээ өссөн, том болоод эхнэр аваад тусдаа гарсан.  2007 онд эхнэр хүүхдээсээ салсан.  2009 онд гэнэт солиотой хүн шиг болоод байхаар нь үзүүлсэн чинь удамшлын өвчтэй гэж оношлогдсон. Тэгээд түүнээс хойш хар тамхи татаад сэтгэцийн өвчтэй болсон. сэтгэцийн эмчийн хяналтанд орсон.  8-9 удаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Эмнэлэгт очиж үзүүлэх гэхээр дийлдэхгүй юм. Сэтгэцийн эмнэлэг нь цагдаатай нийлээд авчирч бай гэж хэлсэн.  Мөнхбаярыг гэрт байсан цагт тайван амьдарч чаддаггүй, шөнөжин гарч ороод л тамхи татаад унтуулдаггүй. Зан аашийн хувьд гайгүй боловч өвчин нь хөдлөхөөрөө авч шидчих гээд, зодох гээд байдаг. Тийм учраас байнгын түгшүүртэй байдаг.  Шөнө гарч яваад өглөө орж ирдэг гэх мэдүүлэг. /хх-17/,    

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ю.Дэнсмаагийн:...манай  ач хүү Мөнхбаяр ир хурц зантай болоод байгаа, шөнөдөө намайг болон аавыгаа унтуулахгүй босгоод хөөж гаргадаг. Заримдаа шөнө 01-02 цагийн үед хүн утсаар дуудаад аваад гараад өглөө үүрээр орж ирдэг. Мөнхбаярт хүмүүс тамхи татуулаад тэгээд хулгай хийлгээд байх шиг байна. Мөнхбаяр нь 80%-тай сэтгэцийн эмнэлгийн хяналтанд групп-д байдаг. Өөрт нь хэлж болохгүй шүү.  Тэгвэл бид нарыг зодоод би эрүүл гээд загнаад байдаг. Мөнхбаярын сэтгэцийн тогтоолгоод группэд оруулах гэхээр чаддагүй, би эрүүл гээд байхаар групп тогтоолгож чаддаггүй юм. Шархадны эмнэлэгт хэвтэхээр нь эмнэлгээс нь шууд группэд оруулчихдаг. Мөнхбаяр нь аавыгаа авч шидээд зоддог. Өмнө нь 2 удаа аавынхаа эрүүг хугалж байсан, аав нь гомдолгүй гээд хэргээ хаасан.  Эмээ нь Мөнхбаяраас их айдаг болсон, гарч ирэх л юм бол бас хулгай хийх байх. Мөнхбаяр гэртээ ганцаараа байна гээд Гансүх бид хоёрыг хөөгөөд байдаг болсон. Мөнхбаяр их олон найзтай, тэд нартайгаа нийлээд шөнийн цагаар ажлаа хийнэ гээд гараад явчихдаг, нэрийг нь эмээ нь мэдэхгүй юм, гэхдээ тэд нар чинь их ганган шүү дээ, аав нь Мөнхбаярт үг хэлж дийлэхгүй, Мөнхбаяр чинь их чадалтай, 105 кг жинтэй шүү дээ, одоо эмээ нь хүний гарт үхмээргүй байхын, надаас илүү аавдаа их ширүүн гэх мэдүүлэг. /хх-18/,

2.4. Шүүх сэтгэц эмгэг судлалын 234 дүгээр дүгнэлт:

1. Г.Мөнхбаяр нь “F:20.6 Энгийн шизофрени” өвчтэй байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн өвчний түүхийн архивт байсан Г.Мөнхбаярын   2013 -01-21-нд хэвтэн эмчлүүлсэн түүхэнд “F:20.6 Энгийн шизофрени” гэж оношлогдсон байна.

2. Г.Мөнхбаяр нь хэрэг үйлдэх үедээ “Энгийн шизофрени” өвчтэй байсан боловч уг өвчин намжмал байдалтай байсан байна.

3. Г.Мөнхбаярын өвчилсөн нь Энгийн шизофрени өвчин намжмал байх үед Г.Мөнхбаяр нь болсон явдлыг зөвөөр тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Мөнхбаярын хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдал болон одоогийн сэтгэцийн байдал хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга Д.Дэжидмаа /тэргүүлэх зэргийн эмч/, гишүүн Г.Нарантуяа /тэргүүлэх зэргийн эмч/, илтгэгч Б.Ерөөлт /сэтгэцийн эмч гэсэн дүгнэлт. /хх 24-25/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтаст хэргээс шинжээчийн дүгнэлт /хх-24/, хохирогчид гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, гар утасны үнэлгээ /хх-11/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, болон шүүгдэгч Г.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанл сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хувийн байдлыг тогтоосон бичгийн бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.           

Дээрхи хуульд заасан журмын  дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын  шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан шүүх дараах  үйл баримтуудыг тогтоов.

Шүүгдэгч Г.Мөнхбаяр нь шунахайн сэдэлтээр, урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтжин” бөмбөгөр худалдааны төв дотроос иргэн Б.Сашагийн эзэмшлийн Айфон-7 плас загварын гар утсыг энгэрийн халааснаас хулгайлан авч 1.250.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Саша, гэрч Д.Гансүх, Ю.Дэнсмаа нарын мэдүүлэг, шүүх сэтгэц эмгэг судлалын 237 дугаар дүгнэлт, эд мөрийн баримт хэрэгт хавсаргасан тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, эд зүйлийн үнэлгээ, гар утас хүлээлгэн өгсөн баримт, шүүгдэгч Г.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

 Шүүгдэгч Г.Мөнхбаяр нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Шүүгдэгч Г.Мөнхбаяр нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 284 дүгээр  Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хэтрүүлсэн байна. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 893 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 9.792.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 218 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус баримтлан Г.Мөнхбаярын эдлээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол түүнийг ялгүйд тооцно гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Г.Мөнхбаяр нь үндсэн ялаа эдлэж дууссанаас хойш таван жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Мөнхбаярт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Мөнхбаярыг шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан ял, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын  шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг оногдуулж, түүний эдлэх ялыг жирийн  дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.                       

Хохирогч гэмт хэргийн улмаас алдсан эд зүйл болох Айфон-7 плас загварын гар утсыг буцааж хүлээлгэн өгсөн, шүүгдэгч Г.Мөнхбаяр нь битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улбар шар өнгийн Си Ди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах, цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Мөнхбаярын нэр дээр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, түүний нэр дээр ямар нэг харилцах болон хадгаламжийн  данс байхгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна гэж үзлээ.