Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч У.Гантуяа,

Шүүгдэгч Б.З,

Шүүгдэгч, хохирогч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *** овогт Б.З, *** овогт У.Э нарт холбогдох 2426001680299 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, ***мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** овогт  Б.З, регистрийн дугаар: /***/,

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, *** дүүргийн *** дугаар хороо, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** овогт У.Э, регистрийн дугаар: /***/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.З нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын баруун хойд талын засмал зам дээр хохирогч У.Э-тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар, биед халдан зодож “хамар ясны цөмөрсөн, хамрын таславчийн зөрүүгүй хугарал, тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун, зүүн, дээд, доод зовхи, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, баруун, зүүн тохой, шилбэнд шарх, зүүн дээд 22-р шүдний сулрал, зүүн бугуй, зүүн алга, нуруунд зулгаралт гэмтлүүд” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.Э нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын баруун хойд талын засмал зам дээр хохирогч С.М-ын нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохисны улмаас түүний биед “баруун шуу, гарын эрхийн хуруунд шарх, хамар цус хуралт, баруун гарын алганд зулгаралт, дух, зүүн хөмсөг, хацар, доод эрүүнд сорви гэмтлүүд” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч У.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаарх шинжлэн судалсан баримтууд:

 

 Хохирогч У.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Тэр үед би үеэл ахтайгаа явж байсан. Бид хоёр “А” баарнаас гараад 10 давхар руу ахынх руу орох гээд явж байсан. Тэгээд 4 замын уулзвар дээр 4 залуутай таараад өөр ажиллаж байгаа газар байгаа юу? гэж асуугаад ийм маргаан болсон. С.М гэдэг залуутай маргалдаж эхлээд би эхлээд нэг цохисон. Тэгээд З-тай үргэлжлүүлээд зодолдсон. Тэгээд салаад байж байхад цагдаа ирээд ийм зүйл болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэв.

  

 Хохирогч У.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “А” гэх нэртэй баарнаас 02 цагийн орчимд гараад “Т” зочид буудлын хажууд байрлах 10 давхар гэх нэртэй байр луу ахындаа очих гээд явж байсан. Тэгээд “Т” зочид буудлын хажууд 4 замын уулзварын хажуугаар явган хүний замаар явж байсан. Би үеэл ах Б гэх хүнтэй хамт явж байсан. Тэгээд явж байтал үл таних 4 залуу зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсээс ахиад пиво уучихаар ажиллаж байгаа газар байгаа юу гэж асуутал уурлаад эхэлсэн. Тэр 4 залуугийн 2 нь согтуу байх шиг байсан, тэгээд З гэх нэртэй залуу нь над руу дайраад бид хоёр барилцаад авсан. ...Намайг 10 орчим минут дээрээс дэвссэн, бичлэгийг нь хуулж авсан, би гаргаж өгнө гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

Хохирогч У.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тухайн үйл явдал нэлээд харанхуйд болсон тул энд тэндээс л цохиод байх шиг байсан тэгээд би тэд нарыг бөөндөө зодсон гэж бодож байсан. Гэтэл З гэх залуу миний биед халдаж байсан байна. Сүүлд намайг чирээд асфалтан зам дээр унагаагаад, миний дээрээс цохиод байсан. Мөн зодоон дууссаны дараа би “Т” зочид буудлын гадаа зогсож байсан З, М, У нар дээр очтол З нь би таны аавыг мэднэ гэж хэлээд мөн толгой хэсэг рүү цохиж авсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 71 дугаар хуудас/,

 

Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “Т” зочид буудлын хойд талын гэрлэн дохиотой уулзвар дээр найз З, У, Л нарын хамт явж байтал танихгүй хоёр залуу “Т” зочид буудлаас гарч ирж байх шиг байсан. Тэгээд тэр хоёр залуутай гэрлэн дохион дээр таартал тэр хоёр залуу хэрүүл гуйгаад байсан. Э гэх залуу нь цамцаа тайлж шидээд та нар яах гээд байгаа юм бэ гээд орилоод дайраад байсан. Тэгж байгаад бид нар салаад би дараагийн хөндлөн зам гарах гээд явж байсан чинь араас нэг нь татаад би зүүн шанаа хэсгээрээ засмал зам дээр унасан. Э газар унасан түүнийг дээрээс нь З цохиод У, Л 2 нөгөө залууг нь хөөгөөд гүйж байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үйл явдал болох үед байгаагүй зугтаасан байсан учир тэр талаар сайн мэдэх зүйл байхгүй байна. Миний араас 3 залуу нь хөөсөн. Сүүлд “Т” зочид буудлын камерын бичлэг үзэхэд Золоо гэдэг нь илүү гар хүрсэн юм шиг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр найз З, М, У нарын хамт Хүнс бараан захын ард “КМ” гэх газар хоолонд орсон.  01 цаг өнгөрч байхад тухайн газраас гараад бид 4 баруун дөрвөн замын уулзвар өнгөрөөд А гэх баар хүрээд М-ыг гэрт нь хүргэж өгөх гээд буцаад гэрлэн дохион дээр иртэл 10 давхар байрны урдаас дээгүүрээ нүцгэн залуу орилоод бид нар дээр ирсэн. Тэр үедээ гартаа шилтэй пиво бариад нэг залуутай хамт ирсэн. Тэгээд цээж нүцгэн залуу нь ирээд бид нараас “юу хийж явж байгаа юм намайг мэдэх үү” гэх мэтээр томроод байсан бид нар маргалдаж нэлээд удаан зогссон тэгтэл М-ын нүүр хэсэг рүү нь цээж нүцгэн байсан эрэгтэй цохисон. Тэгтэл М газар унасан тэгээд З тухайн цээж нүцгэн залуутай зодолдоод тусдаа зайгаа аваад гарсан. Тэгээд У бид хоёр хамт явж байсан залууг зугтаахаар нь араас нь барьж авах гэтэл цамцаа тайлаад зугтаасан. Тэгээд бид хоёр хөөсөн боловч барьж авч чадаагүй. гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 301 дугаартай

1. “...У.Э-ийн биед хамар ясны цөмөрсөн, хамрын таславчийн зөрүүгүй хугарал, тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун, зүүн, дээд, доод зовхи, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, баруун, зүүн тохой, шилбэнд шарх, зүүн дээд 22-р шүдний сулрал, зүүн бугуй, зүүн алга, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч С.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаарх шинжлэн судалсан баримтууд:

 

Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 08-нд Э гэх залуу миний зүүн шанаа хэсэг рүү цохиод асфалтан засмал зам дээр унасан.  Тэгээд тухайн үед би ухаан алдсан байх,  мэдрэмжгүй болоод юу болоод байгааг мэдэхгүй байсан. Тэгээд босч ирээд утсаа гаргаад өөрийгөө хартал миний зүүн шанаа хэсгээр цус гарсан, мөн нэлээд зулгарсан байсан. ...Ямартай ч нэг удаа л намайг цохиж авсан. Намайг нэлээн хүчтэй цохиод би асфалтан засмал дээр унаад бэртэл авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,

 

Гэрч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 08-нд 02 цагийн орчимд З, М, Л нарын хамтаар Т буудлын гэрлэн дохионы доор зогсож байтал харанхуйгаас хоёр залуу гарч ирээд хөөш гээд орилоод байсан. .. Тэр зодуулсан гэх залуу яасан том пизда нар вэ гэж хэлээд З-ын мөр лүү гараараа чичлээд байхаар нь З болиоч гээд гарыг нь түлхтэл З тэр хоёр зодолдоод эхэлсэн. ...Тэгээд зодоон эхлэнгүүт Э гэх залуутай хамт явсан ах нь гүйгээд явчихсан. М болон Э нар харилцан зодолдсон эсэхийг би сайн мэдэхгүй байна. М хацар хэсэгтээ шалбарсан нүүрээрээ унасан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр найз З, М, У нарын хамт Хүнс бараан захын ард “КМ” гэх газар хоолонд орсон. 01 цаг өнгөрч байхад тухайн газраас гараад бид 4 баруун дөрвөн замын уулзвар өнгөрөөд “А” гэх баар хүрээд М-ыг гэрт нь хүргэж өгөх гээд буцаад гэрлэн дохион дээр иртэл 10 давхар байрны урдаас дээгүүрээ нүцгэн залуу орилоод бид нар дээр ирсэн. Тэр үедээ гартаа шилтэй пиво бариад нэг залуутай хамт ирсэн. Тэгээд цээж нүцгэн залуу нь ирээд бид нараас “юу хийж явж байгаа юм намайг мэдэх үү” гэх мэтээр томроод байсан. Бид нар маргалдаж нэлээд удаан зогссон. Тэгтэл М-ын нүүр хэсэг рүү нь цээж нүцгэн байсан эрэгтэй цохисон. Тэгтэл М газар унасан. Тэгээд З тухайн цээж нүцгэн залуутай зодолдоод тусдаа зайгаа аваад гарсан. Тэгээд У бид хоёр хамт явж байсан залууг зугтаахаар нь араас нь барьж авах гэтэл цамцаа тайлаад зугтаасан. Тэгээд бид хоёр хөөсөн боловч барьж авч чадаагүй, хуучин Хаан банк хүртэл хөөгөөд буцаад гэрлэн дохион дээр очтол зодоон дуусчихсан, цээж нүцгэн залуугийн хамраас цус гарсан зам дээр хэвтэж байсан. Тэгээд зам дээр унасан байсан цамц болон машины түлхүүр зэргийг У түүгээд явж байтал нөгөө зугтсан гэх залуу У дээр ирж байх шиг харагдсан. Тэгээд бид нар орилоод гүйтэл дахиад нөгөө залуу зугтаасан.  Тухайн залууг би ганцаараа ОТ хүртэл хөөгөөд гүйцээгүй. Тэгээд буцаад явж байтал М, У, З цээж нүцгэн байсан залуу пудволкоо өмсөөд 10 давхар байрны зогсоол дээр байхад нь би очсон. Тэгтэл цагдаа нар ирсэн. М нь тухайн үед десант өнгийн хар ногоон куртиктэй, хар өмдтэй байсан. У цагаан өнгийн хантаазтай, саарал өнгийн жинсэн өмдтэй байсан. З цагаан саарал өнгийн ханцуйтай цамцтай байсан эрээн өнгийн ноосон цамц, хар өмдтэй байсан. Миний мэдэж байгаагаар М-ыг тухайн цээж нүцгэн байсан залуу цохиж унагаасны дараа З тухайн залуутай зодолдоод бид нараас баруун тийшээ зайд уу гарсан. З-аас өөр хүн бол тухайн залуугийн биед халдаагүй. М-ыг ямар нэгэн байдлаар унаж байхдаа татаж унагаагаагүй харин ч нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод М засмал зам дээр нүүрээрээ газар унасан би тухайн үйл явдлыг хараад зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 317 дугаартай

1. С.М-ын биед баруун шуу, гарын эрхийн хуруунд шарх, хамар цус хуралт, баруун гарын алганд зулгаралт, дух, зүүн хөмсөг, хацар, доод эрүүнд сорви гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна.

 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/,

 

2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Цагаан өнгийн DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 57-60 дугаар хуудас/

 

Хохирол төлсөн баримт /хх-ийн 149 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.З-ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 139 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 142 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.З-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч У.Э-ийн хувийн байдлыг тодорхойлсон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 133 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 136 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч У.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч У.Э-ээс шүүхэд гаргаж өгсөн “Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 96,500 төгрөг төлсөн баримт”, 

 

           1. Шүүгдэгч  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч Б.З нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын баруун хойд талын засмал зам дээр хохирогч У.Э-тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар, биед халдан зодож “хамар ясны цөмөрсөн, хамрын таславчийн зөрүүгүй хугарал, тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун, зүүн, дээд, доод зовхи, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, баруун, зүүн тохой, шилбэнд шарх, зүүн дээд 22-р шүдний сулрал, зүүн бугуй, зүүн алга, нуруунд зулгаралт гэмтлүүд” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч У.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын баруун хойд талын засмал зам дээр хохирогч С.М-ын нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохисны улмаас түүний биед “баруун шуу, гарын эрхийн хуруунд шарх, хамар цус хуралт, баруун гарын алганд зулгаралт, дух, зүүн хөмсөг, хацар, доод эрүүнд сорви гэмтлүүд” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үүндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь  санаатайгаар бусдын биед халдсаны улмаас шинжээч эмчийн дүгнэлтээр тодорхойлогдсон хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн байх тул шүүгдэгч Б.З, У.Э нарыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч У.Э өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа дахин ийм асуудал гаргахгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.З өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа дахин хүнтэй маргалдахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.З, У.Э нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

           

            Шүүгдэгч Б.З нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын баруун хойд талын засмал зам дээр хохирогч У.Э-тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар, биед халдан зодож “хамар ясны цөмөрсөн, хамрын таславчийн зөрүүгүй хугарал, тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун, зүүн, дээд, доод зовхи, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, баруун, зүүн тохой, шилбэнд шарх, зүүн дээд 22-р шүдний сулрал, зүүн бугуй, зүүн алга, нуруунд зулгаралт гэмтлүүд” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.Э нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын баруун хойд талын засмал зам дээр хохирогч С.М-ын нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохисны улмаас түүний биед “баруун шуу, гарын эрхийн хуруунд шарх, хамар цус хуралт, баруун гарын алганд зулгаралт, дух, зүүн хөмсөг, хацар, доод эрүүнд сорви гэмтлүүд” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Шүүгдэгч Б.З, У.Э нар нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                          

Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Хохирогч У.Э-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “А” гэх нэртэй баарнаас 02 цагийн орчимд гараад “Т” зочид буудлын хажууд байрлах 10 давхар гэх нэртэй байр луу ахындаа очих гээд явж байсан. ...З гэх нэртэй залуу нь над руу дайраад бид хоёр барилцаад авсан. ...Намайг 10 орчим минут дээрээс дэвссэн, бичлэгийг нь хуулж авсан, би гаргаж өгнө гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/, хохирогч У.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тухайн үйл явдал нэлээд харанхуйд болсон тул энд тэндээс л цохиод байх шиг байсан тэгээд би тэд нарыг бөөндөө зодсон гэж бодож байсан. Гэтэл З гэх залуу миний биед халдаж байсан байна. Сүүлд намайг чирээд асфалтан зам дээр унагаагаад, миний дээрээс цохиод байсан. ...З, М, У нар дээр очтол З нь би таны аавыг мэднэ гэж хэлээд мөн толгой хэсэг рүү цохиж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71 дугаар хуудас/, хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны 02 цагийн орчимд ...Тэгээд тэр хоёр залуутай гэрлэн дохион дээр таартал тэр хоёр залуу хэрүүл гуйгаад байсан. Э гэх залуу нь цамцаа тайлж шидээд та нар яах гээд байгаа юм бэ гээд орилоод дайраад байсан. Тэгж байгаад бид нар салаад би дараагийн хөндлөн зам гарах гээд явж байсан чинь араас нэг нь татаад би зүүн шанаа хэсгээрээ засмал зам дээр унасан. Э газар унасан түүнийг дээрээс нь З цохиод У, Л 2 нөгөө залууг нь хөөгөөд гүйж байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Э.Б-ын “...Би тухайн үйл явдал болох үед байгаагүй зугтаасан байсан учир тэр талаар сайн мэдэх зүйл байхгүй байна. Миний араас 3 залуу нь хөөсөн. Сүүлд “Т” зочид буудлын камерын бичлэг үзэхэд Золоо гэдэг нь илүү гар хүрсэн юм шиг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/, гэрч Ц.Л-ийн “...“А” гэх баар хүрээд М-ыг гэрт нь хүргэж өгөх гээд буцаад гэрлэн дохион дээр иртэл 10 давхар байрны урдаас дээгүүрээ нүцгэн залуу орилоод бид нар дээр ирсэн. ...Тэгээд цээж нүцгэн залуу нь ирээд бид нараас “юу хийж явж байгаа юм, намайг мэдэх үү” гэх мэтээр томроод байсан. Бид нар маргалдаж нэлээд удаан зогссон. Тэгтэл М-ын нүүр хэсэг рүү нь цээж нүцгэн байсан эрэгтэй цохисон. Тэгтэл М газар унасан. Тэгээд З тухайн цээж нүцгэн залуутай зодолдоод тусдаа зайгаа аваад гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/, хохирогч У.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 301 дугаартай гэх дүгнэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Хохирогч С.М-ын “...2024 оны 04 дүгээр сарын 08-нд Э гэх залуу миний зүүн шанаа хэсэг рүү цохиод асфалтан засмал зам дээр унасан.  Тэгээд тухайн үед би ухаан алдсан байх,  мэдрэмжгүй болоод юу болоод байгааг мэдэхгүй байсан. Тэгээд босч ирээд утсаа гаргаад өөрийгөө хартал миний зүүн шанаа хэсгээр цус гарсан, мөн нэлээд зулгарсан байсан. ...Ямартай ч нэг удаа л намайг цохиж авсан. Намайг нилээн хүчтэй цохиод би асфалтан засмал дээр унаад бэртэл авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,  гэрч Г.У-ын “...2024 оны 04 дүгээр сарын 08-нд 02 цагийн орчимд З, М, Л нарын хамтаар Т буудлын гэрлэн дохионы доор зогсож байтал харанхуйгаас хоёр залуу гарч ирээд хөөш гээд орилоод байсан. ..Тэр зодуулсан гэх залуу яасан том пизда нар вэ гэж хэлээд З-ын мөр лүү гараараа чичлээд байхаар нь З болиоч гээд гарыг нь түлхтэл З тэр хоёр зодолдоод эхэлсэн. ...Тэгээд зодоон эхлэнгүүт Э гэх залуутай хамт явсан ах нь гүйгээд явчихсан. М болон Э нар харилцан зодолдсон эсэхийг би сайн мэдэхгүй байна. М хацар хэсэгтээ шалбарсан нүүрээрээ унасан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/, гэрч Ц.Л-ийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр найз З, М, У нарын хамт Хүнс бараан захын ард “КМ” гэх газар хоолонд орсон тэгээд тухайн газар хаасан тухайн үед 01 цаг өнгөрч байхад тухайн газраас гараад бид 4 баруун дөрвөн замын уулзвар өнгөрөөд “А” гэх баар хүрээд М-ыг гэрт нь хүргэж өгөх гээд буцаад гэрлэн дохион дээр иртэл 10 давхар байрны урдаас дээгүүрээ нүцгэн залуу орилоод,  бид нар дээр ирсэн тэр үедээ гартаа шилтэй пиво бариад нэг залуутай хамт ирсэн. Тэгээд цээж нүцгэн залуу нь ирээд бид нараас “юу хийж явж байгаа юм намайг мэдэх үү” гэх мэтээр томроод байсан. Бид нар маргалдаж нилээд удаан зогссон. Тэгтэл М-ын нүүр хэсэг рүү нь цээж нүцгэн байсан эрэгтэй цохисон. Тэгтэл М газар унасан. Тэгээд З тухайн цээж нүцгэн залуутай зодолдоод тусдаа зайгаа аваад гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/, хохирогч С.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 317 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Цагаан өнгийн DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 57-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

       Шүүгдэгч Б.З, У.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.З, У.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.З, У.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Энэ хэргийн улмаас хохирогч С.М, У.З нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Эд 7,265,000 төгрөг төлсөн, хохирогч С.М, У.З нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй” гэсэн болох нь хохирогч С.М, У.З нарын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлтээр  тогтоогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь хохирогч У.Э-ийн  эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 96,500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.З нь дээрх 96,500 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд  төлж барагдуулсан болох нь 2024 оны 12 дугаар сарын  26-ны өдрийн хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б.З, У.Э  нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

3. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.З, У.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн тогтвортой мэдүүлэг өгснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд тооцож шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. ...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна. Хохирогч С.М, У.Э нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн ба шүүгдэгч Б.З нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 96,482 төгрөгийг төлж барагдуулсан байна...” гэсэн дүгнэлтийг,

  

Шүүгдэгч Б.З нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э, Б.З нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Э, Б.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөөгөн овогт Б.З, Хүзүү овогт У.Э нарыг тус тус найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000  /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.З нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Э, Б.З  нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.З, У.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Э-д 7,265,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 96,482 төгрөг тус тус төлсөн, хохирогч С.М, У.Э нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг  ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг,

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З, У.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.З, У.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *** овогт Б.З, *** овогтой У.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Б.З, *** овогт У.Э нарыг тус тус 800,000 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000  /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, У.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.З, У.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Э-д 7,265,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 96,482 төгрөг тус тус төлсөн, хохирогч С.М, У.Э нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг  ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З, У.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З, У.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР