Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2019/00358

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2019/00358

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Н.К ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б ХХК-д холбогдох,

Ажил хэргийн нэр хүндэд халдсаныг тогтоолгох, www.ikon.mn цахим хуудасны Топ мэдээ хэсэгт уучлалт, залруулгыг Б.Хурцын ЖДҮХСангаас зээл авсан компанийн хувьцаа эзэмшигчидтэй танилцана уу нийтлэл байршсан хугацаагаар байршуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Э.Золзаяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, иргэдийн төлөөлөгч Ө.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүүлийн нэг сарын хугацаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас улс төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүл, төрөл садангийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон талаарх мэдээлэл олон нийтийн дунд хүчтэй тарж, татварын мөнгийг дээр аж ахуйн нэгжүүдэд олгосон нь нийгэмж бухимдал бий болоод байгаа.

2018 оны 11 сарын 19-ний өдрийн 10:45 цагт www.ikon.mn сайтад Б.Хурцын ЖДҮХСангаас зээл авсан компанийн хувьцаа эзэмшигчидтэй танилцана уу гэсэн гарчиг бүхий мэдээлэл нийтлэгдсэн.

Уг нийтлэлд Харин тус компанийг Б.Хурцын эхнэрээс гадна Нэйшнл Ньюс Корпорэйшн хамтран эзэмшиж байна. Тэгвэл Нэйшнл Ньюс Корпорэйшн нь Bloomberg Mongolia, Засгийн газрын мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын толгой компани юм. Мөн тус компани дэлхийд нэр хүндтэй Financial times, The New York times зэрэг хэвлэлийн Монгол дахь эрхийг давхар эзэмшдэг билээ гэсэн нь дээрх зээл авсан гэх үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй явагддаг Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК-ийн Блумберг ТВ Монголиа телевизийн ажил хэрэг, бизнесийн нэр хүндэд халдах зорилгоор нэрийг нь оруулсан байна.

Уг нийтлэлийг уншиж буй жирийн иргэнд нийтлэл дурдсан Гранд Степп ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК байжээ гэхээс илүүтэй авсан зээлээс нь Блумберг ТВ Монголиа ямар нэг байдлаар хувь хүртдэг гэсэн мессежийг өгч байх тул энэхүү нийтлэлийг өрсөлдөгч хэвлэл мэдээллийн байгууллагынхаа ажил хэргийн нэр хүндийг гутаах, хүмүүст буруу, ташаа ойлголт өгөх зорилгыг агуулсан гэж үзэх боломжтой байна.

Иймд ажил хэргийн нэр хүндэд халдсаныг тогтоож, www.ikon.mn цахим хуудасны Топ мэдээ хэсэгт уучлалт, залруулгыг Б.Хурцын ЖДҮХСангаас зээл авсан компанийн хувьцаа эзэмшигчидтэй танилцана уу нийтлэл байршсан хугацаагаар байршуулахыг даалгаж өгнө үү гэжэээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Бенекрафт ХХК-ийн www.ikon.mn сайт нь 2018 оны 10 сарын 24-ний өдрөөс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан томоохон бизнес эрхлэгчдийн мэдээллийг бэлтгэн олон нийтэд цувралаар хүргэж байгаа юм. Энэ хүрээнд манай сайт хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлдэг төрийн захиргааны болон улс төрийн албан тушаалтнуудын өөрсдийн хувь эзэмшдэг компаниудаараа ЖДҮХС-гаас авсан зээлийг мэдээлсэн. Мөн нэгдмэл сонирхолтой буюу хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан зээл авсан хүмүүсийг мэдээллэсээр байгаа болно. Энэ бүх мэдээллийг дараах төр, засгийн нээлттэй өгөгдлүүдийг ашиглан олон нийтэд хүргэж байна. Үүнд:

а/. Шилэн дансны мэдээлэл

б/. Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд байршигдсан төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг

в/. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн нээлттэй мэдээлэл

г/. ЖДҮХС-гийн веб сайт зэрэг төрийн албан ёсны бодитой, баталгаатай эх сурвалжид тавигдсан нээлттэй мэдээллүүдээс бэлтгэж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдаад байгаа шиг дээрх мэдээлэл нь гүтгэлгийн шинжтэй, бусдын нэр төр, алдар хүндэд гэм хор учруулах санаа зорилго бүхий мэдээлэл огт биш бөгөөд нээлттэй, тод байгаа мэдээллийг бодитой эх сурвалжид үндэслэн цуглуулж нийтлэл хэлбэрээр олон нийтэд хүргэсэн төдий юм.

www.ikon.mn сайт дээрх цувралын хүрээнд 2018 оны 11 сарын 19-ний өдөр Баримт: Б.Хурцын ЖДҮХСангаас зээл авсан компанийн хувьцаа эзэмшигчидтэй танилцана уу гэсэн гарчигтай мэдээг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Энэхүү мэдээгээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн Гранд степп ХХК-иараа ЖДҮХС-гаас 2018 онд 1.5 тэрбум төгрөгийн зээл авсныг мэдээлэхийн сацуу түүний бизнесийн хамтрагч буюу нэгдмэл сонирхолтой этгээдийг олон нийтэд танилцуулсан билээ.

Ингэхдээ мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын http://opendata.burtgel.gov.mn/les вэб сайт дахь Гранд степп ХХК-ийн хувьцаа эзэмшлийн тухай мэдээллийг ашигласан. Тус нээлттэй мэдээллээр Гранд степп ХХК-ийн хувьцааг Нэйшнл ньюс корпорэйшн хамтран эзэмшдэг болох нь баталгаажиж байгаа юм.

Дээрх мэдээгээр ЖДҮХС-гаас зээл авсан компанийн хувьцаа эзэмшигчийг танилцуулж байгаа учраас Нэйшнл ньюс корпорэйшн ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг болох тухай, Bloomberg Mongolia, Засгийн газрын мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай толгой компани болох тухай уншигчдад товч мэдээлэл хүргэсэн. Мөн тус компани дэлхийд нэр хүндтэй Financial Times, The New York Times зэрэг хэвлэлийн Монгол дахь эрхийг давхар эзэмшдэг тухай дурдсан. Ийнхүү бичсэн мэдээ нь ямар ч шүүмжлэл, доромжилсон утга агуулаагүй, бизнесийн нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй.

Иймээс хариуцагчийг олон нийтэд үнэн бодитой мэдээлэл хүргэснийх нь төлөө нэхэмжлэгч ор үндэсгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь тухайн мэдээний агуулга, зорилгыг илт мушгин гуйвуулж нэхэмжлэлэээ бичсэн байгаа нь үндэслэлгүй байна. Иймд*******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нэйшнл ньюс корпорэйшн ХХК нь хариуцагч*******-д холбогдуулан ажил хэргийн нэр хүндэд халдсаныг тогтоолгох, www.ikon.mn цахим хуудасны Топ мэдээ хэсэгт уучлалт, залруулгыг Б.Хурцын ЖДҮХСангаас зээл авсан компанийн хувьцаа эзэмшигчидтэй танилцана уу нийтлэл байршсан хугацаагаар байршуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр*******-д холбогдох, Нэйшнл ньюс корпорэйшн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигч талууд өөрсдийн шаардлага болон татгалзлын үндэслэлийг нотолж www.ikon.mn цахим хуудсанд нийтлэгдсэн Баримт: Б.Хурцын ЖДҮХСангаас зээл авсан хувьцаа эзэмшигчидтэй танилцана уу гэсэн гарчиг бүхий нийтлэл, мөн уг нийтлэлийн дор бичигдсэн сэтгэгдлүүдийг шүүхэд гаргаж өгсөн. /хх-16-24х, 57-63х/

Шүүх цахим хуудаснаас хэвлэсэн эдгээр нийтлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар үзлэг хийн бэхжүүлж, нотлох баримтын шаардлагыг хангуулсан болно. /хх-75-76х/

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т бусдын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хүлээхээр зохицуулсан байдаг.

Гэтэл www.ikon.mn цахим хуудсанд 2018 оны 11 сарын 19-ний өдөр нийтлэгдсэн Баримт: Б.Хурцын ЖДҮХСангаас зээл авсан хувьцаа эзэмшигчидтэй танилцана уу гэсэн гарчиг бүхий нийтлэл нь нэхэмжлэгч Нэйшнл ньюс корпорэйшн ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг агуулаагүй байхаас гадна уг нийтлэлд агуулагдсан мэдээ, мэдээлэл нь бусдад нээлттэй эх сурвалжаас авсан мэдээ, мэдээлэл байна.

Бенекрафт ХХК нь өөрийн эрхэлдэг www.ikon.mn цахим хуудсанд төрийн байгууллагуудын цахим хуудсанд байршсан мэдээ, мэдээллийг нэгтгэн, тэдгээрийг нэг дороос унших боломжийг уншигчдад олгосон байх ба эдгээр мэдээ, мэдээлэл нь бодит үнэнд нийцсэн бөгөөд Нэйшнл ньюс корпорэйшн ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан үг хэллэг, өгүүлбэрийг агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн,******* нь бусдын сэтгэгдлийн өмнөөс хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр*******-д холбогдох, Нэйшнл ньюс корпорэйшн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар*******-д холбогдох, ажил хэргийн нэр хүндэд халдсаныг тогтоолгох, www.ikon.mn цахим хуудасны Топ мэдээ хэсэгт уучлалт, залруулгыг Б.Хурцын ЖДҮХСангаас зээл авсан компанийн хувьцаа эзэмшигчидтэй танилцана уу нийтлэл байршсан хугацаагаар байршуулахыг даалгуулах тухай, Нэйшнл ньюс корпорэйшн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Нэйшнл ньюс корпорэйшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР