| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00960/И |
| Дугаар | 155/ШШ2017/01179 |
| Огноо | 2017-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2017/01179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1978 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багт оршин суух, РБ78071012 дугаар регистртэй, Мянгад овогт Мянганы Эрдэнэбаатарын,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 65-20 тоотод оршин суух, ЖЖ90011307 дугаар регистртэй, Өөлд овогт Ганзоригийн Уянга,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, РР84102078 дугаар регистртэй, Хулан тахь овогт Далайхутагийн Болдбаяр нарт холбогдох
Машины үнэ 3.800.000 төгрөг, зээл 300.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400.000 төгрөг, бүгд 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2017/00960/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 сарын 03-ны өдөр Г.Уянга, Д.Болдбаяр нар нь надаас гуйсаар байгаад миний Hyundai porter маркийн 11-92 ХӨВ улсын дугаартай ачааны автомашиныг 3.800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, төлбөрийг удахгүй өгнө гэсээр унаад явсан. Бид Мөрөнгийн төв рүү орж, нотариатч дээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулахад Г.Уянга, Д.Болдбаяр нар нотариатын хөлсөнд их мөнгө төлөх гээд байна 500.000 төгрөгөөр зарсан гээд бичүүлчих гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Гэтэл машины төлбөр өгөхгүй байхаар нь утсаар ярихад Дорнод, Сүхбаатар аймагт адуу зарж явна, удахгүй очоод өгнө гэж удаа дараа ярьж байгаад 06 сарын 16-ны өдөр замын зардал хэрэгтэй байна, 300.000 төгрөг бид хоёрын дансанд хийгээд өгөөч гэж гуйхаар нь Г.Уянгын 260000292432 тоот дансанд шилжүүлсэн боловч тэр хоёр ирээгүй, машины төлбөр өгөөгүй өдий хүрсэн. Г.Уянга, Д.Болдбаяр нар гэр бүлийн хүмүүс бөгөөд тэднийг ах дүү нараас нь асууж сураглахад Э.Энх-Амгалангаар танай машиныг өгөөд явуулсан гэсэн боловч эвдэж гэмтээж унаж явах боломжгүй болгосон байсан. Одоо болохоор машиныг бэлэглэсэн, бэлэн 500.000 төгрөг өгсөн гэж худлаа ярьж байна. Машиныг буцааж өгнө. Би машины төлбөр 3.800.000 төгрөг, зээл 300.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дараа Г.Уянга, Д.Болдбаяр нар нь миний Болд-Эрдэнэд өгөх ёстой байсан 500.000 төгрөгийг өгсөн байсан тул үүнийг машины төлбөрт оруулж тооцно. Иймд одоо 4.000.000 төгрөг гаргуулж авна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 15-18 тоотод оршин суух, СЮ69040210 дугаар регистртэй, Халбин овогт Сүрэнхорын Амар шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх М.Эрдэнэбаатар нь Г.Уянга, Д.Болдбаяр нарт машинаа адуу өгсөн учир бэлэглэж байна гэсэн байдлаар өгсөн байдаг боловч тэдгээр хүмүүс нь зүгээр авахгүй гээд 500.000 төгрөг бэлнээр өгсөн байдаг. Гэтэл тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд 3.800.000 төгрөг гэж засвар хийсэн байсан бөгөөд энэ талаар тухайн гэрээг гэрчилсэн нотариатч Х.Пүрэвдулам засвар хийгээгүй гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Зээл авсан 300.000 төгрөгийг Б.Болдбаярын ах Болд-Эрдэнэээс худалдаж авсан дааганы үлдэгдэл үнэд өгөөрэй гэж М.Эрдэнэбаатар өөрөө хэлсэн учир 500.000 төгрөг болгон шилжүүлж өгсөн. Өмгөөлөгч хөлслөх эсэх нь М.Эрдэнэбаатарын өөрийнх нь эрхийн асуудал учир хариуцагч нарт хамаарахгүй тул төлөх боломжгүй. М.Эрдэнэбаатарын зарсан Hyundai porter маркийн 11-92 ХӨВ улсын дугаартай автомашиныг Г.Уянга өөрийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэн, улсын дугаарыг өөрчилсөн байхад өөрийн эзэмшилд одоо авчихаад 3.800.000 төгрөг авна гэж байгаад гайхаж байна. Бид уг машиныг өөрийн эзэмшилд буцааж авна. Гэхдээ шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Тус машинд Д.Болдбаяр, Г.Уянга нар ком мотор, стартер, динам, урд дугуй, тос солих, торгуулийн мөнгө төлөх зэргээр нийт 2.227.000 төгрөгийн зардал гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар нь хариуцагч Г.Уянга, Д.Болдбаяр нарт холбогдуулан машины үнэ 3.800.000 төгрөг, зээл 300.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400.000 төгрөг, бүгд 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгажээ.
Зохигч Hyundai porter маркийн ачааны автомашиныг худалдах, худалдан авсан, 300.000 /гурван зуун мянга/ төгрөг зээлээр авсан талаар маргаагүй бөгөөд М.Эрдэнэбаатар нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд автомашины үнийг 500.000 төгрөгөөр бичсэн, бид хоорондоо машины үнийг 3.800.000 төгрөгөөр тохирсон, зээлийн төлбөр болон өмгөөлөгчийн хөлс гаргуулна,
Хариуцагч нар нь автомашины үнийг 500.000 төгрөгөөр тохирсон, зээлж авсан мөнгө болон машины үнийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.
Зохигчийн хооронд Hyundai porter маркийн ачааны автомашиныг худалдах, худалдан авахаар тохирч байгуулсан гэрээний гол нөхцөл болох тээврийн хэрэгслийн үнийн дүнг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр харилцан тохиролцсон, хариуцагч Г.Уянга, Д.Болдбаяр нарт 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг М.Эрдэнэбаатар шилжүүлсэн болох нь хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Г.Уянгын 260000292432 тоот дансанд М.Эрдэнэбаатараас 300.000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ...2.1. Тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр худалдахаар тохиролцов... гэх бичилттэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Х.Пүрэвдуламын ...Би гэрээнд бичгээр 3.800.000 гэж засвар оруулж бичээгүй. Итгэмжлэл дээр хар балаар өөрчлөлтийн тухай тайлбар бичиж, он сар өдөр тавьж, гарын үсэг зурж тамгаа дардаг. Би гэрээн дээр ийм байдлаар өөрчлөлт оруулдаггүй. Хэрэв өөрчлөхөөр бол дахин гэрээ байгуулдаг. Гэрээний өөрчлөлтийн талаар гарын үсгийн баталгаа, хэлцэл хоёрын аль нэгээр нь баталгаажуулж болно... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Г.Уянга, Д.Болдбаяр нар нь миний Болд-Эрдэнэд өгөх ёстой байсан 500.000 төгрөгийг өгсөн байсан тул үүнийг машины төлбөрт оруулж тооцно... гэх тайлбар, гэрч Д.Болд-Эрдэнийн ...М.Эрдэнэбаатар нь надаас 2017 оны 06 сард хурдан угшлын даага худалдаж авсан юм. Дааганы үнээс 500.000 төгрөг үлдсэн байсан ба түүнийгээ нэхэхээр Г.Уянга, Д.Болдбаяр нараас ав гэдэг байсан. Тэгээд би Болдбаяр, Уянга нараас 500.000 төгрөгөө авсан... гэх мэдүүлэг зэргээр хариуцагч нар худалдаж авсан машины үнэ 500.000 төгрөгийг М.Эрдэнэбаатарт төлсөн байна гэж дүгнэлээ.
Харин М.Эрдэнэбаатараас зээлсэн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хариуцагч нар эргэн төлсөн талаар нотлогдохгүй байх ба энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч М.Эрдэнэбаатар ...автомашиныг 3.800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч...Г.Уянга, Д.Болдбаяр нар нотариатын хөлсөнд их мөнгө төлөх гээд байна 500.000 төгрөгөөр зарсан гээд бичүүлчих гэж гуйхаар нь зөвшөөрсөн... гэх тайлбар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... машины үнэ 500.000 төгрөг бэлнээр өгсөн байдаг. Зээлээр авсан 300.000 төгрөгийг Б.Болдбаярын ах Болд-Эрдэнээс худалдаж авсан дааганы үлдэгдэл үнэд өгөөрэй гэж М.Эрдэнэбаатар өөрөө хэлсэн учир 500.000 төгрөг болгон шилжүүлж өгсөн... гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлзэж байгаа ч зохигч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Иргэний хэргийн зохигч адил тэгш өмгөөлүүлэх эрхтэй, ба өмгөөлөгч авах нь тухайн этгээдийн өөрийнх нь хүсэл сонирхол тул өмгөөллийн хөлс 400.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах боломжгүй юм.
Иймд хариуцагч Г.Уянга, Д.Болдбаяр нараас зээлийн төлбөр 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 300.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 9.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Алтанчулууд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.Уянга, Д.Болдбаяр нараас зээл 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 9.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА