Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2017/00011

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2017/00011

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 16 дугаар гудамжны 08 тоотод оршин суух Сартуул овогт Сын А /............../,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 16 дугаар гудамжны 08 тоотод оршин суух Нын Д /................../ нарт холбогдох,

46.296.113.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Д, С.А нар нь тус банкнаас 2014 оны 08-р сарын 26-ны өдөр 1170015199 тоот зээлийн гэрээ байгуулж 45.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай 36 сарын хугацаатай, 365 хоногт 27.6 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Н.Д, С.А нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрч 12 сар буюу 388 хоног хугацаа хэтрүүлж гэрээг зөрчсөөр байна. ....Зээлдэгч Н.Д, С.А нарын зээлийн үлдэгдэл 2016.10.27-ны өдрийн байдлаар 1170015199 дугаартай гэрээний зээлийн үндсэн төлбөр 34.307.668.88 төгрөг, хүү 11.378.291 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 597.654 төгрөг, нийт 46.283.613.88 төгрөг болоод байна. Иймд зээлийн нийт төлбөр болох 46.283.613.88 төгрөг, нотариатын хөлс 12.500 төгрөг, нийт 46.296.113.88 төгрөгийг Н.Д, С.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Д, С.А нар Хас банкнаас 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 45 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй зээлж авсан. Эхний 5 сар хүү төлөхөөр авсан боловч эхнээсээ эргэн төлөлтийн хугацаа хэтрэлттэй явсаар байгаад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46.483.688 төгрөг болсон. Иймд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.431 төгрөг, нотариатын хөлс 12.500 төгрөг, нийт 46.296.113 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Д, С.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 2014-8-26-ны өдөр Хас банкнаас 45.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 27.6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний дагуу эхний 1 жилд нийт 22.680.399 төгрөгийг төлсөн. 2015 оны 12 сарын 09-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлж чадахгүй болсон. Энэ хугацаанаас хойш банк сар бүр зээлээ төл гэж шаардаж байсан бөгөөд бид үнэхээр зээлээ төлөх чадваргүй, боломжгүй болсон гэдгээ хэлж мэдэгдэж байсан боловч 2015 оны 12 сараас өнөөдрийг хүртэлх хүү нийт 11.378.291 төгрөг болсон байна. ...нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 34.307.668 төгрөгийг төлнө. Харин 2015 оны 12 сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацааны хуримтлагдсан зээлийн хүү 11.378.291 төгрөг нэхэмжилснээс бид 5.000.000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 250.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хувьд үлдэж байгаа зээлийн төлбөрийн хугацааг сунгаад хүүгийн хэмжээг тохиролцоод зээлийн нөхцлөө өөрчлөөд уг зээлийн төлбөрийг төлөх боломжтой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эхнээс нь зээлээ төлөөгүй биш зээлийн гэрээний дагуу миний нөхөр Н.Дгийн хадгаламжийн дансанд эхний 5 сарын хүүг төлөх хэмжээний мөнгийг байршуулсан. Гэтэл 11 дүгээр сарын 20-доор Хас банкнаас яагаад зээлээ төлөхгүй байгаа юм бэ, танайх одоо 3 сая гаруй төгрөгийг зээл төлөх ёстой гэхэд нь бид зээлийн гэрээний дагуу дансанд мөнгө байршуулчихсан гэсэн. Гэтэл та нарын гарын үсэг зурж өгсөн гэрээ банкинд байгаа гэрээтэй зөрүүтэй байна гээд дахин зээлийн эргэн төлөлтийн хуваарийг авчирж өгсөн. Бид банкнаас шаардсаны дагуу 11 дүгээр сарын 29-ний байдлаар 3.165.000 төгрөгийг хийж нэг ч төгрөгийн зөрүүгүй болсон. Бага хүү маань хөгжлийн бэрхшээлтэйн улмаас байнгын эмчилгээ хийлгэдэг. Мөн өөрөө сууж босдоггүй байнгын асаргаатай байдаг тул миний бие ажил хийх боломжгүй, хүүгээ асарч гэртээ байдаг. Мөн өнөөдрийн манай эдийн засгийн байдал нийгэм тэр чигээрээ хямралд өртөж, зээлдэгч бидний хувьд маш их дарамт болж, бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсолтод орсон. Үндсэн зээл 34.307.588 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 11.378.291 төгрөгийн хүүнээс 4.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Манайх зээлээ төлж чадахгүй хүнд байгаа гэдгээ банкинд хэлж байсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 34.307.588 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн хүү 11.378.198 төгрөг нь банкны зээлийн гэрээтэй холбоотой асуудлаас болж зээлийн гэрээгээ хэсэгчлэн төлж чадахгүй байдалд хүрсэн. Энэ нь санхүү эдийн засгийн хувьд хүндрэл үүссэн, хүүхдийнх нь эрүүл мэндийн улмаас байнгын эмчилгээ сувилгаа хийлгэж байсан байдал нь нөлөөлсөн. Үүнийг банкинд цаг тухайн үед нь хэлж тайлбараа өгч байсан. Банкны зүгээс сар бүр шаардлага ирж, эдийн засагч нь ирж уулзахад зээлээ төлж чадахгүй байдалд орчихсон байгаагаа тайлбарлаж байсан. 11.378.000 төгрөгийн хүүнээс 4.000.000 төгрөгийг төлж эвлэрэх санал тавьсан боловч нэхэмжлэгч тал хүлээж авсангүй. 4.000.000 төгрөгийг дансанд байршуулчихсан байгаа учраас 44 сая төгрөгийн үндсэн төлбөрөөс хасуулж шийдвэрлүүлэхийг хүсч байна. 11.378.000 төгрөгийн хүү төлөхгүй. Учир нь 2015 оны 12 дугаар сараас хойш 2016 оны 11 дүгээр сар хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй. Энэ хугацаанд зээл төлөх боломжгүй гэдгээ банкинд илэрхийлж мэдэгдэж байсан. Гэтэл банк 2016 оны 01 дүгээр сараас хойш бүтэн 10 сар шаардлага хүргүүлж байсан бол зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй байсан. Зээлдэгч зээлийн гэрээгээ зөрчсөн тохиолдолд банк хүүг зогсоож, холбогдох арга хэмжээг авах эрх нь нээлттэй байсан боловч хүүг тооцож өдий хүрсэн нь банкинд ашигтай байдал үүссэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч нь зээлийн гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж зээлийн гэрээнд тусгасан байгаа. Гэтэл миний амьдрал ийм болчихоод байна, хүмүүсээс мөнгөө авч чадахгүй байна, зээлийн гэрээний хүүгээ зогсоогоод үндсэн төлбөрөөс төлье гэсэн хүсэлтийг гаргасан байхад банк үүнийг мэдсээр байж үзлэг тооллого, шалгалтаа хийж арга хэмжээг цаг хугацаанд нь авсан бол ийм их хэмжээний хүүгийн төлбөр үүсэхгүй байсан. Хамгийн гол нь зээлдэгч үүргээ гүйцэтгэхгүй байгаа нь зээлийн гэрээнээс татгалзах эрхээ алдаж байгаа юм. Хариуцагчийн хувьд төлбөрийн чадваргүй боллоо, зээлийн хүүгээ зогсоогоод өгөөч гэхэд өмнөх төлбөрөө төлчих, тэгвэл хүсэлтийг чинь хүлээн авч шийдвэрлэнэ гэсэн хариу өгдөг байсан учраас өнөөдөр ийм байдалд хүрсэн. Үүнийг банк ойлгож харилцагч нартай энэрэнгүй хандах хэрэгтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Н.Д, С.А нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 34.307.668.88 төгрөг, хүү 11.378.291 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 597.654 төгрөг, нотариатын хөлс 12.500 төгрөг, нийт 46.296.113.88 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Н.Д, С.А нар нь Хас банкны Хөвсгөл салбараас 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №1170015199 дугаартай зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулж 45.000.000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хавтаст хэргийн 6-19 дүгээр хуудас/,

Хариуцагч нар нь 45.000.000 төгрөгийн зээлээс 34.307.668.88 төгрөг, хүү 11.378.291 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 597.654 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.1-д зээлийн жилийн хүү 27.6 хувь, 4.1-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ төлөгдөөгүй үлдсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар заасан байх ба нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилж буй 597.654 төгрөг нь төлөгдөөгүй зээлийн үндсэн хүү болох 11.378.291 төгрөгийн 20 хувиас хэтрээгүй байна.

Хариуцагч С.А нь хүү 11.378.291 төгрөгөөс 4.000.000 төгрөгийн хүү төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх хүүг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь бидний хувьд бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсолтод орсон. Манайх зээлээ төлж чадахгүй хүнд байгаа гэдгээ хэлж байсан, банк гэрээнээс татгалзах үндэслэл бий болчихсон байхад татгалзаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар нь шүүхэд Н.Д, С.А нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 34.307.668.88 төгрөг, хүү 11.378.291 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 597.654 төгрөг, нотариатын хөлс 12.500 төгрөг, нийт 46.296.113.88 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна.

 

Иймд хариуцагч Н.Д, С.А нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 46.296.113.88 төгрөгийг гаргуулж Хас банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.431 /гурван зуун наян есөн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д, С.А нараас 389.431 /гурван зуун наян есөн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Н.Д, С.А нараас зээлийн төлбөр 46.296.113.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.431 /гурван зуун наян есөн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д, С.А нараас 389.431 /гурван зуун наян есөн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ