| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2020/03288/И |
| Дугаар | 181/ШШ2021/00223 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2021/00223
| 2021 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2021/00223 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, Ц.Ж-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ГЁО ОНӨААТҮГ-д холбогдох,
ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Д.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ж би ГЁО ОНӨААТҮГ-т үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд тус байгууллагын удирдах албан тушаалтнууд, үүний дотор байгууллагын дарга С.Үүрийнтуяа, түүний хувийн найз менежер Ж.Ц, түүний хувийн харилцаатай этгээд болох нягтлан Уранбилэг нарын байнгын ажлын байрны дарамт, хүчирхийлэл дор ажиллаж ирсэн билээ. Эдгээр албан тушаалтнууд нь тус байгууллагад ажилладаг доод шатны албан тушаалтнуудыг өөрсдийнх нь үгнээс гарахгүй байхыг шаарддаг бөгөөд тус байгууллагыг өөрийн төрөл садангаар дүүргэх зорилготой байсны улмаас намайг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халсан тул би Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь шүүх дээр надтай эвлэрэх замаар ажилд маань эргүүлэн авахаар тохирч, шүүх уг эвлэрлийг баталсан билээ. Шүүгч уг эвлэрлийг батлахдаа ажил олгогчийн зүгээс ажилтныг дарамталж болохгүй сануулж хэлж байсан боловч захирал С.Ү, менежер Ж.Ц нар нь намайг ажилдаа буцаж орсон цагаас хойш байнга дарамталж ирсэн боловч түүнийг нь би тэвчээд байсан юм. Гэтэл 2019 оны 11-р сард ГЁО дахь Хосын өрөө гэж нэрлэгддэг буюу хуримын ёслолын үеэр хосууд орж хувцсаа сольдог өрөөнд менежер Ж.Цэцэгдарь өөрийн нөхрийн хамт бусадтай нийлж хөзөр тоглож байсныг би албаны өрөөнд хөзөр тоглож болохгүй, та нар бохирдуулж байна гэх агуулгатай шаардлага тавихад Ж.Ц нөхөр буюу манай байгууллагад гэрэл зурагчны албан тушаал эрхэлдэг Д.Х нь над руу дайрч, намайг Их наранд чинь очиж газартай чинь тэгшилнэ, ална гэх мэтээр заналхийлж айлган сүрдүүлсэн.
Би уг заналхийллээс айсан тул тэр даруй Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гомдол гаргасныг тус хэлтсийн байцаагч ..Цэнд-Аюуш шалгаад нотлох баримт байхгүй тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байна. Би тэр хүмүүст учирлаад тайлбарлаж өгье гэж амаар хэлээд шалгаагүй болно.
Иймд ямар нэг нотлох баримтгүйгээр эдгээр хүчтэй, мөнгөтэй албан тушаалтнуудтай тэмцэх боломжгүй, эрхээ, амь насаа ч хамгаалуулах газар олдохгүй болохыг би тэр үед маш сайн ойлгож авсан болно.
Иймэрхүү байдлаар миний шударга шаардлага тавьсны дараа надад байнга шахам ажлын байрны дарамт, хүчирхийлэл ирдэг, энэ нь Ж.Ц захирал С.Ү-д худал мэдээлэл өгөх, мөн намайг шууд удирддаг хүн гэсэн утгаараа ГЁО хамт олон нэртэй байгууллагын дотоод цахим сүлжээгээр намайг ажлаа хийж чадахгүй байна, цэвэрлэгч нар хог шороогоо дутуу цэвэрлэж байна, худлаа ярьж энд тэнд зогслоо гэх мэтээр хамт ажиллагсдад байнга буруу ойлгуулах оролдлого хийж ирснийг би тэвчиж ирсэн.
Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр массаж хийдэг хүнийг авчирч, дээр дурдсан Хосын өрөө-нд ажлын цагаар буюу 10 цагийн орчмоос эхэлж Ж.Ц, захирал С.Ү нягтлан Н.У нар дараалан орж, нүцгэлэн массаж хийлгэж эхэлсэн бөгөөд хяналтын камерт бичигдсэнийг би зөвхөн Ж.Ц зургийг гар утсан дээрээ баримтжуулж авсан юм.
Үүний дараа 8 сард намайг цайны өрөөнд орж цай уугаад гарсныг харчхаад байгууллагын дотоод сүлжээнд дахин намайг дарамталж, хамт олонд ажил хийдэггүй мэтээр ойлгуулах зорилгоор цайны өрөө цаг нөхцөөх өрөө биш гэх зэргээр бичсэн тул би хариуд нь би цаг тутамд хийх ёстой ажлаа хийж байгаа, намайг дандаа цаг тутам хянаж байдаг муухай хүн бэ, би ямар ажлын цагаар ажлын байранд ийм байдалтай байгаа биш гэсэн тайлбар хийж, уг өрөөнд нүцгэн байсан зургийг нь өөрт нь нотлох баримтаар харуулсан.
Төрийн өмчит байгууллагын газарт, ажлын цагаар албан хаагч нар нь нүцгэн хэвтэж байгааг буруу гэж үзсэн учраас, нөгөө талаас энэ хүн өөрөө манай байгууллагын дотоод хяналтын камерт өөрийнхөө нүцгэн байгааг ил харуулж байсан учраас би уг зургийг нотлох баримтжуулж авсан. Уг баримт надад байгааг мэдсэнээс хойш С.Үүрийнтуяа дарга хамт олны хурал явуулж, уг хурлаар намайг хэлэлцэж, С.Үүрийнтуяа дарга уг зургийг хуралд оролцсон хүмүүст үзүүлж, би л лав биш, бөгс таниулах шинжилгээнд оруулах юм байна гэх мэтээр намайг буруутгаж, нэг ажилтан чинь ингэж зураг авч тарааж байвал яах байсан хэл, заавал хэл, дуугарахгүй байгаа хүнийг миний эсрэг гэж ойлгоно, энэ хүнтэй ажиллах эсэх талаар бичгээр санал асуулга явуулна , бич гэх зэргээр ажиллагсдадаа шууд дарамталж байсан.
Ингээд ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар намайг ажлаас халсан байсан бөгөөд уг тушаалдаа намайг ажил үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас тавьсан шаардлага хэрэгжүүлээгээүй гэжээ.
Дээрх тушаалыг гаргахаасаа өмнө С.Ү захирал, захирлын найз буюу ГЁО хуулийн зөвлөх гэгддэг Ганцэцэг зэрэг нь надад ямар үүргээ биелүүлэхийг хэн нь шаардаад би биелүүлээгүй талаар, мөн хамт олны дотор хэрүүл шуугиан үүсгэсэн гэдэг нь юуг хэлээд байгаа нь тодорхой биш, мөн түүнчлэн байгууллагын удирдлага болон бусдыг гүтгэн нэр төр, алдар хүндэд халдаж хамт олныг үймүүлэн бутаргах үйлдэл гаргасан нь хурлын тэмдэглэл, бусад нотлох баримтаар нотлогдсон гэсэн атлаа энэ талаар надад урьдчилан мэдэгдээгүй тайлбар нотлох баримт үзүүлээгүй болно.
Бусдыг гүтгэн нэр төр, алдар хүндэд халдсан гэж байгаа нь ажлын цагаар, ажлын байранд нүцгэн байсан Ж.Ц-ийг хэлсэн бололтой. Ж.Ц нь өөрөө төрийн өмчит байгууллагын хяналтын камер доор шалдан хэвтчихээд, үүнийгээ гүтгэлэг, нэр хүндэд халдсан гэж үзсэн бололтой.
С.Үүрийнтуяа нь ёс зүйн зөрчил гаргаж, ажлын цагаар байгууллагын байр ашиглан хувийн алжаал ядаргаа тайлсан Ж.Ц-д арга хэмжээ авахын оронд намайг буруутгаж ажлаас халсан нь хууль бус юм..
Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 -д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн нотлох баримтгүйгээр ажлаас халсан тул ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.Жыг тус газрын үйлчлэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ГЁО ОНӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Жын тус шүүхэд ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг хийж байна Үүнд:
Ц.Ж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ захирал С.Ү түүний хувийн менежер Ж.Ц, хувийн харилцаатай нягтлан бодогч Ч.Уранбилэг нарын ажлын байрны байнгын дарамт шахалт хүчирхийлэл дор ажиллаж ирсэн ба шударга бус шаардлага тавьдаг болохоор намайг ажлаас халсан гэжээ.
Ц.Жыг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хүүхдээ асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар үйлчлэгчээр ажиллуулж байсан. Хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан эргэж ажилдаа орох үед өөр нэг ажилтан мөн хүүхдээ асрах чөлөө авсан байсан тул ажилдаа эргэн орсон ажилтныг дадлагажуулан чөлөөтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар ажиллуулж байсан. Чөлөөтэй байгаа ажилтнууд эргэж ажилдаа орсны дараа Ц.Жыг ажилтай байлгахын тулд гэрээг цуцлалгүйгээр цалингийн сангаа хэтрүүлэн ажиллуулж байсан. Аудитын байгууллагаас орон тоо, цалингийн сан хэтрүүлэн ажилласан байна энэ алдаагаа залруул гэсэн зөвлөмж өгсний дагуу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ц.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг Ц.Ж эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ц.Жын нэхэмжлэлдээ дурдсанаар шүүгч ажилтнаа дарамталж болохгүй гэж сануулсан зүйл огт байхгүй бөгөөд бид шүүхийн өмнө эвлэрлийг өөрийн санаачилгаар хийж, үйлчлэгчийн ажилд нь 2019 оны Б/42 дугаар тушаалаар эгүүлэн авсан.
Ц.Ж нь ажилдаа эргэж орсны дараа өөрийг нь шууд удирддаг удирдлагыг шаардлага тавихаар би шүүхийн шийдвэртэй хүн шүү битгий хүн дарамтлаад бай гэдэг болсон учраас нийт дунд нь ажлаа сайн хийхгүй байна гэсэн шаардлагыг байгууллагын дотоод сүлжээнд тавьдаг болсон. Харин Ц.Ж нь ажил болон зүй ёсны шаардлага тавихаар хэрүүл болгон шүүхийн шийдвэрээр удирдлагаа дарамталдаг болсон. Хамт олон дундаа нэр хүнд муутай хамтран ажилладаг хүмүүстэйгээ таарамжгүй харилцаатай байдаг. Хогийн саванд хог хаялаа гэж хамт ажилладаг хүнтэйгээ маргалдан Цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулж байгууллагын нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байсан.
Ц.Жын нэхэмжлэлдээ дурдсан менежер Ж.Цэцэгдарь нь ажлын байранд массаж хийлгээгүй бөгөөд харин хийлгэсэн ажилтан нь өөрөө буруугаа хүлээсэн учир сахилгын шийтгэл ногдуулсан. Ц.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эзэнгүй өрөөнд зориуд орж, хяналтын камерын зураг дарж, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын дотоод сүлжээнд уг зургийг тавьснаас гадна олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлсэн байсан. Тухайн асуудлыг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын дагуу дотооддоо шийдвэрлэх зорилгоор Захирлын зөвлөлийн хурал хуралдуулж асуудлыг тодотгосон боловч Ц.Ж нь удирдлагад огт мэдэгдээгүй хирнээ Нийслэлд гомдол гаргасан энэ байдлаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймээс ажлын цагийг зүй бусаар ашигласан ажилтныг олж тогтоох, Ц.Жын ажлын хариуцлага, ёс зүйн асуудлын талаар 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хамт олны хурлаар авч хэлэлцсэн.
Хуралд оролцсон 24 ажилтнаас 17 ажилтан энэ хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй байнга хэрүүл хийдэг, ёс зүйгүй гэж үзэн ажлаас халах санал өгсөн. Ц.Ж нь хамт ажиллаж буй хүмүүсээ хувийн байдал болон ажил үүрэгтэй нь холбогдуулан зүй бусаар ярих, доромжлох, гүтгэх зэрэг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хэм хэмжээг удаа дараа зөрчсөн учраас түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч ГЁО ОНӨААТҮГ-д холбогдуулан ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Ж нь ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 08 сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр Ц.Жд ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2020.08.18-ны өдөр гардан авч, шүүхэд 2020.09.17-ны өдөр гомдлоо гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 08 сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр Ц.Жд ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.4, 14.5.2, 14.5.4, 14.10,14.17, ГЁО ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.2, 5.2.3.1, 5.2.3.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ГЁО ОНӨААТҮГ-ын үйлчлэгч Ц.Ж нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй, хамт олны дунд хэрүүл шуугиан үүсгэсэн, байгууллагын удирдлага болон бусдыг гүтгэн нэр төр, алдар хүндэд нь халдаж хамт олны эв нэгдлийг үймүүлэн бутаргах үйлдэл гаргасан нь байгууллагын нийт албан хаагчдын хурлын тэмдэглэл, бусад баримтаар нотлогдсон тул 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулан, хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалжээ. /хх-88х/
Ц.Ж нь 2020.07.03-ны өдөр өөрийн гар утсаараа байгууллагын дотоод хяналтын камерын бичлэгийг харах дэлгэцийн зургийг авсан байх бөгөөд хяналтын камерийн бичлэгт 102-р өрөө буюу Хосуудын хувцас солих өрөөний буйдан дээр нэгэн нүцгэн хүн доош харж хэвтээд өөр хүнээрээ массаж хийлгэж байгаа дүрс харагдаж байна. Уг зургийг Ц.Ж 2020.07.06-ны өдөр дотоод сүлжээнд тавьсан гэх үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх-141х/,
Хариуцагч ГЁО ОНӨААТҮГ нь Ц.Жыг ажил үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлдэггүй, эзэнгүй өрөөнд зориуд орж, хяналтын камерын зураг дарж, байгууллагын дотоод сүлжээнд уг зургийг тавьснаас гадна олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлсэн, массаж хийлгэж байгаа хүнийг менежер Ж.Ц гэж худал гүтгэж, нэр төрд нь халдсан гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Мөн нэхэмжлэгч Ц.Жын би өөрийн цэвэрлэдэг хүний нөөц Ж.Цэцэгдарийн өрөөг цэвэрлэх гээд ороход захиалга хүлээн авагч Э.С захиалга авч өрөөнд 4 хүн байсан, цэвэрлэгээ хийж байтал хоёр хүн хяналтын камер хараад хоорондоо шивнэн инээлдээд байхаар нь санамсаргүй хартал 102-р өрөө буюу зөвхөн хосууд хувцас солих өрөөнд хүний нөөц Ж.Ц нүцгэн массаж хийлгэж байсан гэсэн тайлбарыг баримтаар няцаагаагүй бөгөөд массаж хийлгэж байсан хүнийг Э.С байсны улмаас сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч, үүнийгээ баримтаар нотлоогүй.
2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын зөвлөлийн гишүүдийн хурлаар Ц.Жын ёс зүйн асуудлын тухай хэлэлцсэн байх бөгөөд уг хурлаас үйлчлэгч Ц.Жын ёс зүйн асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэж санал хураахаар шийдвэрлэсэн, /хх-77-85х/, ажилчдын саналыг бичгээр авсан /208-231х/ зэрэг нь ажилтан, албан хаагчдын үйлчлэгч Ц.Жын талаарх санал, хүсэлт тул Ц.Жыг Хөдөлмөрийн гэрээ /хх-9-14х/-ний 5.2.3.6-д хамт олны эв нэгдлийг үймүүлэн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгт өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн нь баримтаар нотлогдож байгууллага ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол гэж, ГЁО ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам /хх-30-56х/-ын 14 дүгээр зүйлийн 14.5-ын 4-д хамт олны эв нэгдлийг үймүүлэн бутаргах зохион байгуулалттай байгууллагын удирдлага болон бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн бусдыг энэ хэрэгт өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн нь баримтаар нотлогдож байгууллага, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол гэж тус тус заасан сахилгын зөрчил гаргасныг нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна.
Иймд Ц.Жын Байгууллагын дотоод хяналтын камерын бичлэгийн зургийг авч, дотоод сүлжээнд тавьсныг хамт олны дунд хэрүүл шуугиан үүсгэсэн, байгууллагын удирдлага болон бусдыг гүтгэн нэр төр, алдар хүндэд нь халдаж хамт олны эв нэгдлийг үймүүлэн бутаргах үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2019.02.27-ны өдрийн А/08 дугаар тушаалаар Ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрмийг баталж, ёс зүйн зөвлөлийг дарга, гишүүд нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. /хх-131-133х/
Хариуцагч нь үйлчлэгч Ц.Жыг ёс зүйн зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч байгууллагын ёс зүйн зөвлөлөөр Ц.Жын ёс зүйн асуудлыг авч хэлэлцээгүй тул түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Жыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 08 сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр Ц.Жд ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 08 сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр Ц.Жд ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Жыг ГЁО ОНӨААТҮГ-ын үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ийн дагуу нэхэмжлэгч Ц.Жын сарын дундаж цалинг тодорхойлоход 470 000 төгрөг болох нь цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Ажилгүй байсан хугацааг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 4 сар 26 хоногоор тооцоход 470 000 х 4 сар = 1 880 000 төгрөг, 470 000 төгрөг : 21.5 хоног = 21 860 төгрөг, 21 860 төгрөг х 26 хоног = 568 360 төгрөг, 1 880 000 + 568 360 = 2 448 360 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.
Ц.Жыг ажлаас халснаас хойш ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020.12.01-ны өдрийн А/36 дугаар тушаалаар Коронавируст цар тахлын улмаас зарим ажилтан, албан хаагчдыг сул зогсолтод хамруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д заасны дагуу Ц.Жд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахад хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ГЁО ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 08 сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр Ц.Жд ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Жыг ГЁО ОНӨААТҮГ-ын үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ГЁО ОНӨААТҮГ-аас 2 448 360 /хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга гурван зуун жаран/ төгрөгийг гаргуулж Ц.Жд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Жын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ГЁО ОНӨААТҮГ-аас 54 124 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА
2019 11 06 181/ШЗ2019/12397
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг
хүлээн авахаас татгалзах, хүсэлт шийдвэрлэх тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашааны 5-307 тоотод оршин суух, Мөрзөв овогт Жаргалсайханы Оюунбаяр /РД:ХК85042801/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Сэлбэ 51 гудамж, 1076 тоотод оршин суух, Монгол овогт Ганхуягийн Ариунжаргал /РД:ЧП83111317/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунбаяр, хариуцагч Г.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунбаяр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хүсэлтдээ: Тус дүүргийн шүүхэд хянагдаж буй нэхэмжлэгч Ж.Оюунбаяраас хариуцагч Г.Ариунжаргалд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан байдлаар нэмэгдүүлж байна.
Үүнд: Нэхэмжлэгч Ж.Оюунбаяр миний бие Г.Ариунжаргалтай амьдрах хугацаандаа буюу 2013 оны 06 дугаар сард Хас банкны Цайз дахь салбараас тээврийн хэрэгсэл худалдан авахаар 7 600 000 төгрөгийн зээл авч Японы Тоёото субару импреза маркын 6456 УНА улсын дугаартай машиныг худалдан авсан. Энэ машины ззэлийг миний бие бүрэн төлж дуусгасан ба Г.Ариунжаргал нэг ч удаагийн зээл төлж байгаагүй. Одоо уг тээврийн хэрэгсэл нь хаана хэнд байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд уг тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс өөрт болон охин А.Жаргалмаад оногдох хэсгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байгаа тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Нотлох баримт гаргуулах тухай: Тус дүүргийн шүүхэд хянагдаж буй нэхэмжлэгч Ж.Оюунбаяраас хариуцагч Г.Ариунжаргалд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл 38.6 дэх хэсгийг үндэслэн дор дурдсан баримт, материалуудыг холбогдох байгууллагаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж авах хүсэлтэй ба эдгээр нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд шаардлагатай байна. Үүнд:
- Хас банкны Цайз дахь салбараас тус 2013 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн зээлдэгч Ж.Оюунбаярын зээлийн гэрээ, зээл төлсөн баримтууд,
- Авто тээврийн үндэсний төвөөс Субару импреза маркын 64-56 УНА улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшилтэй холбоотой баримт материалуудыг тус тус гаргуулан авч өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунбаяр нь хариуцагч Г.Ариунжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч Ж.Оюунбаяр нь хариуцагч Г.Ариунжаргалаас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон охинд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байх тул хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Оюунбаяр нь шаардлагыг тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс өөрт болон охин А.Жаргалмаад оногдох хэсгийг хариуцагчаас гаргуулах гэж тодорхойлсон нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа, ногдох хэсгийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, тухайн автомашины зах зээлийн үнэ хэдэн төгрөг болох нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн үнийг тодорхойлоогүй байна. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн тоогоор шүүхэд ирүүлээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээ, журмын дагуу урьдчилан төлөөгүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5, 62.2, 62.3-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасны дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Оюунбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх нэхэмжлэлээ нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, тусад нь шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тул уг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.Оюунбаярын Г.Ариунжаргалаас тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс өөрт болон охин А.Жаргалмаад оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Нэхэмжлэгч Ж.Оюунбаяр нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч Ж.Оюунбаярын Хас банкны Цайз дахь салбараас 2013 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн зээлдэгч Ж.Оюунбаярын зээлийн гэрээ, зээл төлсөн баримтууд, Авто тээврийн үндэсний төвөөс Субару импреза маркын 64-56 УНА улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшилтэй холбоотой баримт материалуудыг тус тус гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисугай.
4. Ж.Оюунбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх нэхэмжлэлээ нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, шүүхэд тусад нь гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА