| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2016/0054/э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2017-05-18 |
| Зүйл хэсэг | 145.1., 252.2., |
| Улсын яллагч | Б.уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.С нарт холбогдох эрүүгийн 201625032286 дугаартай, 186/2016/0054/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19** оны * дугаар сарын **-ны өдөр **, *** суманд төрсөн, ** настай, ***, ***, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт *** дүүрэг, ** дугаар хороо, *** наран *** тоотод оршин суух гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, *** дүүргийн шүүхээр 2007 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Т овогт Э.М /РД:**********/,
2. Монгол Улсын иргэн, 19** оны *дугаар сарын *-ны өдөр *** хотод төрсөн, ** настай, эмэгтэй, **, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ***, ам бүл *, * дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар хороолол, *** хотхон *** тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Х овогт Н.С /РД:*********/,
Холбогдсон хэргийн талаар:
Э.М нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** баруун талын автомашины зогсоол дээр явж байсан Н.Оюунгэрэлийн халааснаас “Самсунг Эс-6 Эджи” маркийн гар утсыг хулгайлж 800.000 төгрөгний хохирол учруулсан,
Н.С нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагт *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Э.М өмгөөлөгчөөр оролцохдоо хохирогч Н.Оюунгэрэлийн “эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт буюу эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, надад нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Шүүгдэгч Н.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч Э.М эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсаны дагуу хохирогчийн гар утасны дугаарыг Э.М аваад утсаар холбогдож харилцсан харилцах явцад хохирогч нь юм аа бэлдчих гарын үсэг зурахад бэлэн болгочих гэж байсан. Мөн М нь бичиг үсэг мэдэхгүй болохоор би юмыг нь бичиж өгөөд очсон. Шүүх хуралдааны өмнө яарч хохирогч Оюунгэрэл рүү залгаж байсан. Хамгийн гол шүүгдэгч Э.М нүд нь өвдчихсөн байсан. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийн туслах дээр ирж хэргийн материалтай танилцах гэхэд шүүгчийн туслах танай үйлчлүүлэгч халуурчихсан нүд нь өвдсөн хар нүдний шилтэй ирсэн гэж хэлсэн. Удаа дараа О ярьж нөгөө яриад байсан бичгээ хийгээд өгөөч энэ хүний нүд өвдчихсөн байна гэж хэлсэн. Ингэж байгаад эрүүл мэндээрээ хохирогчих вий гэж хувь хүний талаас харсан нь алдаа болсон байна. О өөрөө хүлээн зөвшөөрөөд наадахаа өөрсдөө зохицуулчих гэдэг байсан. Би хариуд нь бичиж өгөөд чи гарын үсгээ зурна гэж хэлдэг байсан. Нөхөр нь цаанаас нь чи өөрөө наадахаа зохицуулаад зур бид нарлуу битгий утасдаад бай гэдэг байсан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Оюунгэрэл рүү залгахад би хол явж байна очих боломжгүй өөрөө зохицуулаад гарын үсэг зураад өгчих гэсэн. Тухайн үед хурлын цаг давхцаад Э.М нүд нь улаачихсан явж байхаар нь аль алиныг нь бодоод ийм байдалд хүрсэн гэв.
Хоёр: Шүүгдэгч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.О:..2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** баруун талын автомашины зогсоол дээр явж байгаад халаасанд байсан гар утсаа алдсан гэх мэдүүлэг. /хх-16/,
2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.М:..М нь уур, уцааргүй, гайгүй залуу л байдаг. Манай охин О ажил хийдэггүй хүүхдээ хараад байж байдаг. М, О нар дундаасаа 2 хүүхэдтэй, том нь 8 настай, бага нь 3 настай, М нь гэр бүлээ тэжээдэг. Барилга дээр ажилладаг. Хүйтэн болоод ажил нь зогсчихсон гэж байсан. Би М гэрт хааяа л ирдэг, байнга цуг байдаггүй. М ээж нь Эг нь хөдөө л байдаг. Хамгийн сүүлд М бага хүүхдийг төрөхөд л уулзсан гэх мэдүүлэг. /хх-42/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Н:..Би С 2009 оноос хойш таньдаг болсон. Өмгөөлөгчдийн холбооны хурал дээр танилцаж, бид хамтдаа ажлын байр түрээслэн, олон хэрэг дээр хамтран ажиллаж байсан. Манай найз нь хэрэг дээр ажиллахдаа үнэнч, шудрага, тууштай, сэтгэлээсээ ханддаг, үйлчлүүлэгчийнхээ төлөө санаа тавьж сэтгэл гаргаж ажилладаг. Надтай хамтран ажиллаж байх хугацаандаа ажиллаж байсан хэргүүдээ амжилттай шийдүүлдэг, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Энэ гаргасан гомдлын тухай надад нэг удаа ярьж байсан. Хохирогч нь гэж хүн олдохгүй, нөхөр нь утсыг нь авчихаад загнаад байх юм. Үйлчлүүлэгчийнх нь нүд улайгаад хавдчихсан байна, Энэ хүн хоригдвол сохорчихвий дээ гэж их санаа зовсон байдалтай ярьж байсан. С бусдын амьдралын зовлонг их ойлгож хүлээж авдаг, ашиг хонжоо хайсан зүйл байхгүй хандсан байх. Манай найз одоо охинтойгоо хоёулаа амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй гэх мэдүүлэг. /хх-99/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1436 тоот акт:
1. Шинжилгээнд ирүүлсэн Б овогтой О гэсэн иргэний үнэмлэхний лавлагааны ар хэсэгт бичсэн шинжилж буй бичиг, гарын үсэг болон 2016.12.12-ны өдрийн хохирогч Н.О гараар бичсэн шинжилж буй бичиг, гарын үсгүүдийг нэг хүн бичээгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн Б овогтой О гэсэн иргэний үнэмлэхний лавлагааны ар хэсэгт бичигдсэн “…эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утга бүхий шинжилж буй бичиг болон 2017.02.24-ний өдөр өмгөөлөгч Н.С хүсэлт гаргах нь гэж” утасны дугаарууд бичигдсэн” шинжилж буй бичгийг нэг хүн бичсэн. Шинжээч ахлах дэслэгч М.Эрдэнэжаргал гэсэн дүгнэлт. /хх-105/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтаст хэргээс гар утасны хохирлын үнэлгээ /хх-14/, хохирогч О мэдүүлэг /хх 15-16/, гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-31/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-64/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 122 дугаартай шүүгчийн захирамж /хх 77-78/, шинжээчийн дүгнэлт /хх 111-115/, О хүсэлт /хх-107, О мэдүүлэг /хх-41/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-94/, ирсэн мессежний зураг /хх 95-96/, хохирогч О мэдүүлэг /хх-97/, гэрч Н мэдүүлэг /хх-99/, С хувийн байдлыг харуулсан баримт /хх 122-126/, хохирогч О тайлбар /хх-153/, хохирогч О гомдол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шийтгэх тогтоол /хх-52/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Э.М нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *** дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** баруун талын машины зогсоолын орчимд явж байсан Н.О “Самсунг Эс-6 Эджи” маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.О... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** баруун талын автомашины зогсоол дээр явж байгаад халаасанд байсан гар утсаа алдсан гэх мэдүүлэг. /хх-16/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А.М, Л.Н нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,
Н.С нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Э.М өмгөөлөгчөөр оролцохдоо хохирогч Н.О “эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт буюу эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 1436 дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч Э.М, Н.С нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.
Шүүгдэгч Э.М, Н.С нар нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.
Хохирогч Н.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.М үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул Э.М эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.С ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Э.М бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Х овгийн Н.С Эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.М холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Н.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С оногдуулсан 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг улаан өнгийн CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Э.М, Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.С урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.М, Н.С нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ