| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | Э/203/2021/0002 |
| Дугаар | 2021/ДШМ/04 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ДШМ/04
Б.Л-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: Б.Амармөрөн /онлайнаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Л-д холбогдох 2029001870126 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг
Шүүгдэгч Б.Л нь Өмнөговь аймгийн нутагт 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түүж бэлтгэхийг хориглосон бараа болох 10 боодол бүхий 205.9 кг Монгол орны ховор ургамал “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг “Хунгян” загварын тээврийн хэрэгслийн чиргүүлд нуун Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь Б.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ялтан Б.Л-с Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын экологи-эдийн засгийн хохиролд 51475000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчны уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 205.9 кг Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Л-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хунгян” загварын чирэгч толгой болон чиргүүлийн үнэ 43000000 төгрөгийг гаргуулан уг орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгзэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан “ХВ” ХХК-ийн эзэмшлийн ‘Хунгян” загварын чирэгч толгой, чиргүүлийг мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч ‘ХВ” ХХК-д буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зэаснаар иргэний нэхэмжлэгч "ХВ” ХХК-ийн нэхэмжилсэн 2452000 төгрөгийг шүүгдэгч нь үл маргах журмаар төлөхийг шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн тул түүнээс гаргуулж иргэний нэхэмжлэгч "ХВ" ХХК-д олгож, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж” шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10 боодол бүхий 205.9 кг Монгол орны ховор ургамал Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндэсийг “Хунгян” загварын тээврийн хэрэгслийн чиргүүлд нуун Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдсон ба Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 600000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Энэ тал дээр маргах зүйлгүй байна.
Харин түүнээс 51475000 төгрөг гаргуулж, Байгаль орчны уур амьсгалын санд оруулахаар, мөн түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хунгян” загварын чирэгч толгой болон чиргүүлийн үнэ 43000000 төгрөг гаргүулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Б.Л-г байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэж тухайн хохирлыг 5 дахин нэмэгдүүлж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль буруу тайлбарласан гэж үзэж байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-д “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;” ойлгохоор хуульчилсан байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх тодорхойлолтод хамааралгүй үйлдлийг буюу улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн гэмт хэргийн шинжийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дээрх хохирлыг тодорхойлсон хуулийн нэр томьёоны ойлголттой төсөөтэй хэрэглэж, ховор ургамлыг улсын хил нэвтрүүлснээрээ байгаль орчинд шууд хохирол учирсан гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.
Б.Л-н хувьд ховор ургамал болох Дэрвэгэр жиргэрүүг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл байдаг. Ховор ургамлыг улсын болон гаалийн хил нэвтрүүлснээрээ байгаль орчинд хохирол учруулахгүй юм. Өөрөөр хэлбэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол шаардахгүй, хориглосон барааг улсын болон гаалийн хил нэвтрүүлэх үйлдэл хийснээрээ төгсдөг гэмт хэрэг юм.
Хэрвээ шүүгдэгч өөрөө тухайн ургамлын үндсийг байгалиас түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол энэ нь байгаль орчинд бодит хохирол учруулсан, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болох юм.
Шүүгдэгчийн хувьд тухайн ургамлыг байгалиас түүж, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан үйлдэл байдаггүй болохоор түүнээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, хохирол төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Байгаль орчинд хохирол учраагүй, хохирол шаардахгүй гэмт хэрэгт үндэслэлгүйгээр хохирол учирсан гэж үзсэнээс болж, уг хохирлыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнээс гаргуулж, хохирол төлүүлэх үндэс болсон байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байдаг. Гэтэл шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь “ХВ” ХХК-ний өмчлөлд байхад уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Мөн хуулийн дээрх заалтад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах талаар заагдаагүй байхад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Прокурор Б.Амармөрөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Б.Л нь Монгол Улсын хилээр хориглосон бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх гэсэн үйлдлээр гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах, хураан авсан ховор ургамлыг улсын орлого болгох гэсэн байр суурьтай оролцсон. Гэтэл шүүхээс байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэн, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн ховор ургамал болох “Дэвэргэр жигэрүү”-г Б.Л өөрөө түүсэн, худалдсан үйл баримт тогтоогддоггүй. Харин Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэсэн учир тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах гомдол гаргасан. Гомдлоо дэмжиж байна. Б.Л-г улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон “Дэрэвгэр жиргэрүү” гэх ховор ургамлыг улсын хилээр нэвтрүүлсэн нь байгаль орчинд шууд хохирол учруулсан гэж үзэж шүүгдэгчээс хохирол, төлбөрт 51 475 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Байгаль орчинд хохирол учруулах” гэдгийг байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхыг тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй;” ойлгохоор хуульчилсан, тодорхойлсон байдаг. Гэтэл шүүгдэгч Б.Л-г байгаль орчинд хохирол учруулаагүй байхад учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Б.Л-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлд заасан эдийн засгийн эсрэг гэмт хэрэг байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн мэтээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймээс шийтгэх тогтоолын 5, 6 дахь заалтыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Мөн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс хохирол гаргуулахаар шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч, хохирол барагдуулахад зарцуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн Эрүүгийн хуульд зааснаар тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь өмчлөлд байсан тохиолдолд хураан авна гэж заасан байдаг. Гэтэл Б.Л-н унаж явсан машин өөр компанийн өмчлөлд байсан. Тиймээс тээврийн хэрэгслийг хураан аваад үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан...гэмт хэргийг яаж үйлдсэн, 1.3-т заасан ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, 1.6-д заасан ...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын явцад нотлоогүй байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичсэн 141 дугаартай яллах дүгнэлтэд /хх-145-148/ “Шүүгдэгч Б.Л нь Өмнөговь аймгийн нутагт 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түүж бэлтгэхийг хориглосон бараа болох 10 боодол бүхий 205.9 кг Монгол орны ховор ургамал “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндэсийг “Хунгян” загварын тээврийн хэрэгслийн чиргүүлд нуун Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж тусгагдсанаас үзэхэд Б.Л нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн үйлдэл байж болохоор бичигдсэн байхад дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг нотлоогүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Л-д холбогдох 2029001870126 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.
3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Л-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ