Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 184

 

 

                               

                        

 

 

 

                       

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                             

            Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Э.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, шүүгдэгч Н.Саранчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Торгууд овогт Эрдэнэчимэгийн Мөнхбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайвжав овогт Намжилдоржийн Саранчимэгт нарт холбогдох эрүүгийн 201625032286 дугаартай, 186/2016/0054/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:             

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймаг, Баянчандмань суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 9-54 тоотод оршин суух гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхээр 2007 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Торгууд овогт Эрдэнэчимэгийн Мөнхбат /РД:НД86072078/,

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчийн холбоонд өмгөөлөгч ажилтай, ам бүл 2, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхон 508-100 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Хайвжав овогт Намжилдоржийн Саранчимэг /РД:ХН78050561/,

Холбогдсон хэргийн талаар:  

Э.Мөнхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй  дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их дэлгүүрийн баруун талын автомашины зогсоол дээр явж байсан  Н.Оюунгэрэлийн халааснаас  “Самсунг Эс-6 Эджи” маркийн  гар утсыг  хулгайлж 800.000 төгрөгний хохирол учруулсан,

Н.Саранчимэг нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагт  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мөнхбатын өмгөөлөгчөөр оролцохдоо хохирогч Н.Оюунгэрэлийн “эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт буюу эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Э.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, надад  нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2. Шүүгдэгч Н.Саранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч Э.Мөнхбаттай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсаны дагуу хохирогчийн гар утасны дугаарыг Э.Мөнхбатаас аваад утсаар холбогдож харилцсан харилцах явцад хохирогч нь юм аа бэлдчих гарын үсэг зурахад бэлэн болгочих гэж байсан. Мөн  Мөнхбат нь бичиг үсэг мэдэхгүй болохоор би юмыг нь бичиж өгөөд очсон. Шүүх хуралдааны өмнө яарч хохирогч Оюунгэрэл рүү залгаж байсан. Хамгийн гол шүүгдэгч Э.Мөнхбатын нүд нь өвдчихсөн байсан. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийн туслах дээр ирж хэргийн материалтай танилцах гэхэд шүүгчийн туслах танай үйлчлүүлэгч халуурчихсан нүд нь өвдсөн хар нүдний шилтэй ирсэн гэж хэлсэн. Удаа дараа Оюунгэрэлрүү ярьж  нөгөө яриад байсан бичгээ хийгээд өгөөч энэ хүний нүд өвдчихсөн байна гэж хэлсэн. Ингэж байгаад эрүүл мэндээрээ  хохирогчих вий гэж хувь хүний талаас харсан нь алдаа болсон байна. Оюунгэрэл өөрөө хүлээн зөвшөөрөөд наадахаа  өөрсдөө зохицуулчих гэдэг байсан. Би хариуд нь бичиж өгөөд чи гарын үсгээ зурна гэж хэлдэг байсан. Нөхөр нь цаанаас нь чи өөрөө наадахаа зохицуулаад зур бид нарлуу битгий  утасдаад бай гэдэг байсан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Оюунгэрэл рүү залгахад би хол явж байна очих боломжгүй өөрөө зохицуулаад гарын үсэг зураад өгчих гэсэн. Тухайн үед хурлын цаг давхцаад Э.Мөнхбатын нүд нь улаачихсан явж байхаар нь аль алиныг нь бодоод ийм байдалд хүрсэн гэв.

            Хоёр: Шүүгдэгч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Оюунгэрэлийн:..2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн баруун талын автомашины зогсоол дээр явж байгаад халаасанд байсан гар утсаа алдсан гэх мэдүүлэг. /хх-16/,

            2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мөнхөөгийн:..Мөнхбат нь уур, уцааргүй, гайгүй залуу л байдаг. Манай охин Оюун-Эрдэнэ ажил хийдэггүй хүүхдээ хараад байж байдаг. Мөнхбат, Оюун-Эрдэнэ нар дундаасаа 2 хүүхэдтэй, том нь 8 настай, бага нь 3 настай, Мөнхбат нь гэр бүлээ тэжээдэг. Барилга дээр ажилладаг. Хүйтэн болоод ажил нь зогсчихсон гэж байсан. Би Мөнхбатын гэрт хааяа л ирдэг, байнга цуг байдаггүй. Мөнхбатын ээж нь Эрдэнэчимэг нь хөдөө л байдаг. Хамгийн сүүлд Мөнхбатын бага хүүхдийг төрөхөд л уулзсан гэх мэдүүлэг. /хх-42/,  

            2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Нарандаваагийн:..Би Саранчимэгийг 2009 оноос хойш таньдаг болсон. Өмгөөлөгчдийн холбооны хурал дээр танилцаж, бид хамтдаа ажлын байр түрээслэн, олон хэрэг дээр хамтран ажиллаж байсан. Манай найз Саранчимэг нь хэрэг дээр ажиллахдаа үнэнч, шудрага, тууштай, сэтгэлээсээ ханддаг, үйлчлүүлэгчийнхээ төлөө санаа тавьж сэтгэл гаргаж ажилладаг.  Надтай хамтран ажиллаж байх хугацаандаа ажиллаж байсан хэргүүдээ амжилттай шийдүүлдэг, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.  Энэ гаргасан гомдлын тухай надад нэг удаа ярьж байсан.  Хохирогч нь гэж хүн олдохгүй, нөхөр нь утсыг нь авчихаад загнаад байх юм. Үйлчлүүлэгчийнх нь нүд улайгаад хавдчихсан байна, Энэ хүн хоригдвол  сохорчихвий дээ гэж их санаа зовсон байдалтай ярьж байсан. Саранчимэг бусдын амьдралын зовлонг их ойлгож хүлээж авдаг, ашиг хонжоо хайсан зүйл байхгүй хандсан байх. Манай найз одоо охинтойгоо хоёулаа амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй гэх мэдүүлэг. /хх-99/,

            2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1436 тоот акт:

1. Шинжилгээнд ирүүлсэн Батсүх овогтой Оюунмөнгөн гэсэн иргэний үнэмлэхний лавлагааны ар хэсэгт бичсэн шинжилж буй бичиг, гарын үсэг болон 2016.12.12-ны өдрийн хохирогч Н.Оюунгэрэлийн гараар бичсэн шинжилж буй бичиг, гарын үсгүүдийг нэг хүн бичээгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн Батсүх овогтой Оюунмөнгөн гэсэн иргэний үнэмлэхний лавлагааны ар хэсэгт бичигдсэн “…эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утга бүхий шинжилж буй бичиг болон         2017.02.24-ний өдөр өмгөөлөгч Н.Сарангэрэлээс хүсэлт гаргах нь гэж” утасны дугаарууд бичигдсэн” шинжилж буй бичгийг нэг хүн бичсэн. Шинжээч ахлах дэслэгч М.Эрдэнэжаргал гэсэн дүгнэлт. /хх-105/,            

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтаст хэргээс гар утасны хохирлын үнэлгээ /хх-14/, хохирогч Оюунгэрэлийн мэдүүлэг /хх 15-16/, гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-31/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-64/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 122 дугаартай шүүгчийн захирамж /хх 77-78/, шинжээчийн дүгнэлт /хх 111-115/, Оюунгэрэлийн хүсэлт  /хх-107, Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-41/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-94/, ирсэн мессежний зураг /хх 95-96/, хохирогч Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-97/, гэрч Нарандаваагийн мэдүүлэг /хх-99/, Саранчимэгийн хувийн байдлыг харуулсан баримт /хх 122-126/, хохирогч Оюунгэрэлийн тайлбар /хх-153/, хохирогч Оюунгэрэлийн гомдол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шийтгэх тогтоол /хх-52/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас  зэрэг  хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Э.Мөнхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн баруун талын машины зогсоолын орчимд явж байсан Н.Оюунгэрэлийн “Самсунг Эс-6 Эджи” маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Н.Оюунгэрэлийн... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн баруун талын автомашины зогсоол дээр явж байгаад халаасанд байсан гар утсаа алдсан гэх мэдүүлэг. /хх-16/, эд зүйл хураан авсан  тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А.Мөнхөө, Л.Нарандаваа нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох  баримтуудаар,

Н.Саранчимэг нь  2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагт  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мөнхбатын өмгөөлөгчөөр оролцохдоо хохирогч Н.Оюунгэрэлийн “эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт буюу эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ний  өдрийн 1436 дугаартай  дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийн  122 дугаартай  шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж зэрэг  нотлох  баримтууд болон шүүгдэгч Э.Мөнхбат, Н.Саранчимэг нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Э.Мөнхбат, Н.Саранчимэг нар нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Хохирогч Н.Оюунгэрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж   шүүх  үзлээ.           

Шүүгдэгч Э.Мөнхбатын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул  Э.Мөнхбатыг  эрүүгийн  хариуцлагаас  чөлөөлж, Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.2 дахь хэсэгт  зааснаар хэргийг  “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Саранчимэгт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх  удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                            

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Торгууд овогт Эрдэнэчимэггийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

            - Шүүгдэгч Хайжав овгийн Намжилдоржийн Саранчимэгийг  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Мөнхбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72  дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн  хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Н.Саранчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Саранчимэгт оногдуулсан 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Саранчимэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн  2 дугаар хэлтэст даалгасугай.

            6. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд  мөрийн  баримтаар хураагдан ирсэн 1  ширхэг улаан өнгийн     CD-ийг  уг  хэргийг  хадгалах  хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

            7. Шүүгдэгч Э.Мөнхбат, Н.Саранчимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, болохыг  тус тус  дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Мөнхбатад урьд авсан бусдын  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Саранчимэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр  үргэлжлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Мөнхбат, Н.Саранчимэг нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

           

 

 

                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ