Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2018/00020/и |
Дугаар | 133/ШШ2018/00086 |
Огноо | 2018-02-27 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 133/ШШ2018/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч- 0 тоотод оршин суух, Ю овогт Р-ийн С-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч-ГАА-ийн Б сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,
ажилгүй байсан хугацааны олговорт 10.617.906 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б сумд 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус сумын сум дундын эмнэлэгт эмчлэгч эмчээр ажилд томилогдон ажилласан билээ. Ажиллах хугацаандаа хамт олон болон ард иргэддээ нэр хүндтэй ажиллаж байсан ба ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй өдий хүрсэн. 2010 онд мэс заслын эмчийн курст явж төгсөж ирээд 2014 оны 01 дүгээр сарын 02-нд ерөнхий эмчийн ажилд томилогдон ажилласан. Ажиллахдаа ойрын хугацаанд хийх 5 жилийн ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж түүндээ байгууллагын гадна дотно засал өнгө үзэмж, ажилчдын нийгмийн асуудал, ард иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэхээр зорьж ажиллаж байтал 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б сумын Засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан юм. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 09-р шийдвэрээр ажилдаа буцан орж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар болсон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч тал давж заалдсаар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа эргэн орсон. Одоо 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 197 хоногийн цалин 10.617.906 төгрөгийг Б сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд Б сумын Засаг даргын захирамжаар ажпаасаа үндэслэлгүй халагдсан. 2017 оны 3 дугаар сарын 15-ний өдөр Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 09 дүгээр шийдвэрээр Р.С-г сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд угүүлэн тогтоохоор шийдвэрлэж, ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15 хүртэлх 94 хоногийн олговорт 5280622 төгрөгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарснаас хойш 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд ажилд эгүүлэн томилж ажиллуулаагүй тул ажилгүй байсан хугацааны олговрыг Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгөхийг нэхэмжилсэн байна. Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн 09 дүгээр шийдвэрийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ний хүртэлх 94 хоногийн нөхөн олговрын 5280622 төгрөгийг2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард тус тус төлж барагдуулсан. Сум дундын эрхлэгч эмчийг Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д "Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө" гэжзаасан байдаг тул сумын Засаг даргаас2017 оны 3 дугаар сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд томилоогүй шалтгааны тайлбарыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Сумын Засаг даргын сум дундын эмнэлгиин эрхлэгч эмчийг томилоогүи шалтгааны тайлбарыг үндэслэж, ажилгүй байсан олговрыг олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байна. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д сумын Засаг даргыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагаас бусад сумын төсвийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч байхаар хуульчилж өгсөн байна. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-д сумын Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлохдоо "тухайн шатны төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах" мөн хуулийн 14.2.3-д "Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах", 14.3-д "Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг ....... тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал......-ын өмнө бүрэн хариуцна" гэж заасан байна. Засаг даргын Тамгын газрын дарга нь өөрийн байгууллагын төсвийн шууд захирагч бөгөөд төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д "Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтанд хяналт тавих" бүрэн эрхтэй байхаар зааж өгсөн. Төсвийн тухай хуулийн дээрхи заалтуудаас үзэхэд сумын Засаг дарга төсвийн бодлогоо тодорхойлж, сумын төсөв болон тодотголыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэн батлуулж, гүйцэтгэлийг хангаж, төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцахаар заасан байгаа тул Засаг даргын Тамгын газраас олговор олгох тохиолдолд иргэн Р.Сгийн нэхэмжлэлийн хариуцагчаар сумын Засаг байх нь илүү зохимжтой гэж үзэж байна. Иймээс Тамгын газар нь сумын батлагдсан төсвийн хүрээнд сумын Засаг даргатай батлагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах талаар гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй. Нэхэмжилж байгаа олговрыг сумын Засаг даргад холбогдуулан шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Р.С-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Р.С нь Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 10.617.906 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. /хх-1-2/.
Нэхэмжлэгч Р.С нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 197 хоногийн цалин 10.617.906 төгрөгийг Б сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах хүсэлтэй байна гэж, хариуцагч Б сумын Засаг даргын тамгын газрын дарга нь Засаг дарга захирамж гарган ажлаас үндэслэлгүй халсан тул хариуцагч нь Засаг даргын тамгын газар бус Засаг дарга байх нь илүү зохимжтой гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч Р.С-г Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0376 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 309 дугаартай тогтоолоор ...Б сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 09 дугаартай шийдвэр, 211/МА2017/0376 дугаартай магадлал, 309 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна /хх-7-18, 19-26, 27-31/.
Нэхэмжлэгч Р.С-г хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 тоот захирамжаар сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон болох нь дээрх захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-4/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн зүйлийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан байхад Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 09 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0376 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 309 дугаартай тогтоолыг хариуцагч Говь-Алтай аймгийн Б сумын Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр биелүүлж, нэхэмжлэгч Р.Сг Б/21 тоот захирамжаар ажилд нь эгүүлэн авсан байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна /хх-4/.
Нэхэмжлэгч Р.С нь Б сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 10.617.906 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна /хх-1 арын хуудас/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р.С-гийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 195 хоногийн цалинтай тэнцэх олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.С-гийн **** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарын 9 дүгээр хуудсанд 2016 оны 1-10 дугаар сарын бичилт хийгдсэн, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс нэхэмжлэгч ажил эрхлээгүй болохыг хариуцагчийн хүлээн зөвшөөрч маргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол 2017 оны 3, 5, 9 дүгээр сард гарсан байна /хх-5, 7-18, 19-26, 27-31/.
Нэхэмжлэгч Р.Сг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоосон байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлд хугацаа тоолох журмыг тодорхойлохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолохоор заажээ. Хэлэлцэж байгаа хэргийн хувьд тухайлан хугацаа тогтоогоогүй байх тул Р.С-гийн ажилгүй байсан хугацааг тодорхойлохдоо үйл явдал болж өнгөрсний дараах буюу сүүлийн шүүх хуралдаан болсны дараах өдрөөс буюу 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажилд томилсон өдөр нь буюу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн өдөр нь тухайн сарын цалинд тооцогддог тул түүний өмнөх өдрөөр буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл тооцох нь зүйтэй байна. Дундаж цалин хөлсийг тооцох журмын дагуу нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин буюу 2016 оны 10, 9, 8 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1.304.677+874.052+1.297.724=3.476.453:3 сар=1.158.818: ажлийн 21.5=53.898 /нэг өдрийн цалин/ төгрөг байх тул 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажлын 195 өдрөөр тооцож үзвэл Р.Сд олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорын хэмжээ 53.898*195=10.510.110 төгрөг байна.
Нэхэмжлэгч Р.С нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10.617.906 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хуульд заасан журмыг үндэслэн тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10.510.110 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх ба, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 107.798 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Р.С-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 183.112 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хариуцагч нь байгууллагад учирсан гэм хорын хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулахаар нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас ажилтаны ажилгүй байсан 195 өдөрт ногдох олговорт 10.510.110 /арван сая таван зуун арван мянга нэг зуун арван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю овогт Р-ийн С***-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 107.798 /нэг зуун долоон мянга долоон зуун ерэн найман/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Р.Сгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 183.112 /нэг зуун наян гурван мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН