| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0911/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/904 |
| Огноо | 2024-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/904
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Бат-Амгалан,
хохирогч Б.*******,
шүүгдэгч П.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2410028671286 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын ** дугаар баг, ********мын ** дүгээр хэсгийн *** тоотод оршин суух хаягтай,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
Боржигон овогт *******гийн ******* /РД:*************/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч П.******* нь 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ******* *******ы музейн урд талын зам дээр хохирогч “Б.Бат- Очиртой зам дээр урсгал сөрж зэрэгцэж орж ирсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн хэсэгт цохиж, хохирогчийн биед “баруун, зүүн дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 1-р шүднүүдийн булгарал, баруун дээд 2, зүүн доод 2, баруун доод 1-р шүднүүдийн сулрал, дээд, доод уруулын цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнихй эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр П.*******ын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочтой маргалдсан. Гэтэл П.******* тээврийн хэрэгслээсээ бууж ирээд миний нүүр рүү хэд дахин цохисон. Тухайн үед миний 2 шүд унасан. Иймээс эмнэлгийн байгууллагад хандсан гэв.
Хоёр. Эрүүгийн 2410028671286 дугаартай хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хохирогч Б.*******ын биед хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 9023 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Шүүгдэгч П.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дахь тал/, иргэнд олгох татварын ерөнхий газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 29 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 35-37 дахь тал/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 38-43 дахь тал/, Хаан банкны дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зураг, түрээсийн гэрээний хуулбар зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч П.******* 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, “******* *******ы” музейн урд талын замаар Лексус маркийн ******* СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа хохирогч Б.*******той “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” асуудлаас маргалдаж, улмаар нүүрэн хэсэгт гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд “баруун, зүүн дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 1-р шүднүүдийн булгарал, баруун дээд 2, зүүн доод 2, баруун доод 1-р шүднүүдийн сулрал, дээд, доод уруулын цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруусан болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хохирогч Б.*******ын биед хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Хохирогч Б.*******ын шүүх хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр байрлах “АПУ” ХХК-ийн хойд талд байрлах *******ын ******* музейн урд талын зам дээр автомашины нарийн замаар 22 цаг 40 минутын үед ******* СЭН улсын дугаартай цагаан өнгийн машины хажуугаар нь сигналдаад зөрсөн. Тэгээд ******* СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хажуугаар урсгал сөрж зэрэгцэж хажууд зогсоод “яаж яваад байгаа пизда вэ, зогсож бай, урдуур ороод ална аа” гэж хэлсэн. Тэгээд явах замын урдуур орж ирээд хаагаад зогссон. Би замын урдуур ороод явуулахгүй болохоор нь өөрөө машинаа зогсоож, машинаасаа буугаад тухайн хүн дээр очиход тухайн машинд 3-4 хүн байсан. Би тэгэхээр нь “яваач, чи хүн алдаг болчихсон юм уу” гэж хэлэхэд тухайн машины жолооч ард нь сууж байсан нэг залуу хамт бууж ирсэн. Тэр хоёр намайг ална гээд байсан, хэсэг маргалдсаны дараа тэр ард нь сууж байсан залуу шууд миний нүүрэн хэсэгт цохиж, 4-5 удаа миний үүдэн шүд рүү цохисон. Би түүнд “чи шүд унагаачихлаа” гэхэд намайг “дуугүй бай, ална шүү, чи яваад заргалдаарай. Чи бол намайг амжихгүй шүү, чамайг заргалдаад *******а хүрэхийг чинь харна аа” гэх мэт хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би “байж бай, цагдаа дуудъя” гээд хэлэхэд нөгөө хүн “чи намайг амжихгүй шүү” гэж хэл амаар доромжилчихоод яваад өгсөн. Миний биед халдсан 40 наран насны эрэгтэйг ******* гэдгийг би сүүлд мэдсэн. Миний биед үүссэн уг гэмтлийг бүгдийг нь 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ******* *******ы музейн урд талын зам дээр ******* гэх миний үеийн насны залуу миний биед халдаж миний нүүр хэсэг рүү гараараа 4-5 удаа цохиж, биед тухайн гэмтлүүдийг учруулсан. Би машин бариад явж байсан эрүүл байсан, тухайн ******* согтолттой байсан эсэхийг мэдэхгүй байна. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй тул сэтгэл санааны хохирол, хор уршиг тогтоолгох шаардлагагүй. Би хохирлын баримтууд гаргаж өгсөн, түүнийгээ *******аас нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 9023 дугаартай дүгнэлтэд: Б.*******ын биед баруун, зүүн дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 1-р шүднүүдийн булгарал, баруун дээд 2, зүүн доод 2, баруун доод 1-р шүднүүдийн сулрал, дээд, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Гурван шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Шүүгдэгч П.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэгт өөрийн хүү Э.*******ийн хамт машинтай явж байсан. Тэр үед манай хүү машин жолоодож байсан. Гэрлэн дохион дээр ногоон гэрэл асаад хөдөлгөөн эхлэхийн өмнө ард байсан машины жолооч манай хүүг “муу орк” гэж хэлээд гараад явсан. Тухайн үед хүүгийн маань жолоодож явсан машин орон нутгийн дугаартай байсан болохоор орк гэж дуудсан байх. Ингээд хүү маань тэр машиныг гүйцэж түрүүлж урд нь гараад зогсохдоо “та настай хүн байж, аятайхан яваач” гэж хэлсэн чинь бид хоёрыг хараагаад байсан жолооч залуу машинаасаа бууж ирээд манай хүүг заамдаад авсан. Тэгэхээр нь би хүүгээ өмөөрөөд хэдэн үг хэлсэн чинь тэр жолооч залуу намайг бас “хөдөөний орк” гээд доромжлоод хоолойг маань боогоод байхаар нь би зөрүүлээд түүний нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч П.*******д холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 695 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч П.*******, хохирогч Б.******* нар нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун, зүүн дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 1-р шүднүүдийн булгарал, баруун дээд 2, зүүн доод 2, баруун доод 1-р шүднүүдийн сулрал, дээд, доод уруулын цус хуралт” бүхий олон тооны гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч П.******* нь хохирогч Б.*******ыг цохихоор халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсч үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч П.******* нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.******* нь:
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой /Хаан банкны дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн гэрччилгээ, кадастрын зураг, түрээсийн гэрээ/ байх тул улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв .
Шүүхээс шүүгдэгч П.*******д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 9023 дугаартай дүгнэлтээр ... баруун, зүүн дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 1-р шүднүүдийн булгарал, баруун дээд 2, зүүн доод 2, баруун доод 1-р шүднүүдийн сулрал, дээд, доод уруулын цус хуралт” бүхий олон тооны гэмтэл тогтоогдсон.
Хохирогч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд гарсан 344.040 төгрөг /хэргийн 45 дугаар тал/, “Маюми” ХХК-ийн тодорхойлолт цаашид хийлгэх эмчилгээ, үйлчилгээний зардалд 15.790.000 төгрөг гарна гэх /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.******* нь хохирогч Б.*******т 4.600.000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч нь “...*******аас 4.600.000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч П.*******д нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь хохирогч Б.*******ын эмчилгээний зардалд 4,600,000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч П.*******д нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР