| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0074/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Ш.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.От холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....., Х овгийн Ш...О.,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.О нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын “Өвөгдий” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэрэглэж “Тоёота Приус-20” маркийн 96-22 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч Ш.О нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын “Өвөгдий” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэрэглэж “Тоёота Приус-20” маркийн 96-22 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх хэргийн үйл баримт нь
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ‘...Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ……………………….. цагийн орчимд Завхан аймгийн цагдаагийн газрын Тэлмэн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Я хамт
хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Тоёота Приус 20 маркийн ………………… улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үед уг тээврийн хэрэгслийн жолооч Ш О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явсан зөрчил гаргасан. Тухайн иргэн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Түүний согтолтын зэргийг тогтоох зорилгоор драйгер багажаар үлээлгэж шалгахад 1.43% согтолттой байсан. Уг зөрчлийн талаар Тосонцэнгэл сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдэж иргэн Ш.Оийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ….. ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулж ажилласан...Намайг Тоёота Приус 20 маркийн ……. ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үед уг тээврийн хэрэгслийг Ш Отгонтөмөр гэх хүн жолоодож явсан бөгөөд тээврийн хэрэгсэл дотор ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг, /хх 14-15-р /
Гэрч О.Эмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны орой машинаа айлын гадаа орхиод багш нарын баяр тэмдэглээд явж байгаад орой 21 цагийн орчим гэртээ ирээд унтах гэж байтал манай хадам ээж над руу залгаад “хүүхэд чинь халуураад байна, ирж аваа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр О хайгаад найзууд руу нь утсаар яриад асуухад “Улаанбаатар хотоос ирсэн 2 найзтайгаа хамт
машинд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхэд халуураад байна гэнэ, машин дүү
Ц гадаа байгаа аваад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр
О очоод машинаа аваад гэрийн гадаа ирж байгаад цагдаад баригдсан
байсан. Манай нөхөр очиж машинаа аваад ирэхдээ архи
согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм байна лээ, би утсаар ярихдаа нөхрөө
архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаар мэдээгүй...Манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй, 2024 оны 05 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж мотоцикл жолоодож явж байгаад цагдаад баригдаад жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байна...” гэх мэдүүлэг, /хх 18-20 /
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн магадлагаа, /хх 29-31/
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/87 дугаартай шийтгэврээр зөрчилд холбогдогч Ш.О нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэврийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд /хх 58-59/
2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 01 /
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 03-04 /
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 8/
“...Ш.Оийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 1,43 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6/,
“...Зөрчилд холбогдогч Ш.О Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д заасан зөрчил үйлдсэнд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн...” гэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийтгэврийн хуулбар /хх 247-248/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Ш.О “...Уг хэрэг гарсан өдөр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байсан Байхаа сайн санахгүй байна. Тэр өдөр би Далан гэх газраас малын ногоон тэжээл ачаад өөрийн өвөлжөө болох Ухаа гэх газар буулгасан. Тэгээд тэндээсээ Тэлмэн сумын төв рүү явсан. Сумын төв орж ирээд машинаа хашаандаа тавьчхаад гараад дэлгүүр ороод тамхи аваад гарч байгаад А, Н гэх 2 залуутай таарсан. Тэгээд тэндээсээ А, Н нартай хамт сумын төвийн хойд талд байдаг малын бой хийдэг хашааны хажууд очоод тэр 2-той хамт 2 ширхэг Саѕѕ -эртэй пиво уусан. Тэгээд тэнд байж байтал манай эхнэр над руу залгаад "хүүхэд алуураад байна гэнэ, машин Ц хашаанд байгаа аваад ир" гэж элсэн. Тэхээр нь сумын төв рүү ороод Ц хашаанаас очоод өөрийн ..... улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ аваад өөрийхөө гэр рүү явж байтал замд цагдаа зогсоогоод шалгасан. Цагдаа нар зогсоож Салгаад нэг цагдаа нь миний машиныг бариад цагдаагийн кабон руу очоод драгер багж үлээлгэсэн. Драгер үлээсэн чинь 1.43 хувийн согтолт гарсан. Тэгээд тэндээс манай дүү Галбадрах манай эхнэрийн хамт ирж намайг авсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч Ш.От холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Ш.О нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн .............. багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэрэглэж “Тоёота Приус-20” маркийн .......... .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Ш.Оийн үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Ш.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ш О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ