| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0072/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/80 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч М.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.У холбогдох эрүүгийн .....................дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
: Монгол улсын иргэн, , Б овгийн М.У,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.У нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр .................... нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Гранбирд” маркийн ...................... улсын дугаартай автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч М.У нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ....................багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “......................... улсын дугаартай автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх хэргийн үйл баримт нь
Гэрч Л.С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд орой 16 цаг өнгөрч байсан байхаа сайн мэдэхгүй байна манай инженер Ж.над руу залгаад “засварчин М.У Тосонцэнгэл сумынд цагдаад баригдсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тосож ирэх жолооч явсан уу” гэж асуухад яваагүй байна “унаанаасаа хоцорсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Увс аймгаас 2 жолооч аваад Тосонцэнгэл сум руу гарсан. Манай автобусанд хүнсний ногоо жимс зэрэг зүйлс ачсан байсан болохоор яаралтай арга хэмжээ авахгүй бол хөлдөх эрсдэл байсан учраас би жолооч аваад яаралтай гарсан. Тэгээд Тосонцэнгэл суманд 00 цагийн орчим ирээд М.Утай уулзахад “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчил гаргасан” гээд цагдаад баригдаад автобусаа журмын хашаанд оруулсан байсан...” гэх мэдүүлэг, /хх 7-11/
Гэрч Б.Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр У гэдэг хүний 07-33 УВХ гэсэн дугаартай автобус жолоодоод гарсан. Улаанбаатар хотоос У бид 2 хамт гарсан, бид 2 автобусандаа хүнсний жимс ногоо ачаад гарсан. Бид 2 замдаа яваад 2024 оны 11 дүгээр сарын 10-ны 11 цагийн орчим Тосонцэнгэл суманд ирсэн. Тосонцэнгэл суманд ирээд зогсоол дээр автобусыг нь тавьж өгөөд буцаад Улаанбаатар хот руу явсан. Би Улаанбаатар хотоос 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагаас гарах хуваарьтай байсан тул буцаад явсан. Явахдаа У гэдэг хүнд автобусаа нармалдаад, жимс, ногоогоо хөлдөөхгүй байж байгаарай, Увс аймгаас жолооч ирж байгаа гэж хэлээд явсан. Тэгээд Улаанбаатар хот орчхоод У руу залгаад ярьтал “Увсаас жолооч ирээгүй байна, автобусны түлш дуусах гээд ШТС-руу явж байгаад цагдаад баригдчихсан байна гэж хэлсэн...У надтай хамт явж байхдаа замдаа Булган аймаг Рашаант сум Сансар гэх газраас 5 л гүүний айраг авсан, тэр айргаа замдаа уугаад яваад байсан. Мөн замдаа лааз 500 граммын пиво 1 ширхэг уусан, өөр юу уусан талаар хэлж мэдэхгүй байна. Би У гэдэг хүнийг автобустай нь хамт үлдээгээд явахдаа “машинаа унтраахгүй нармалдаж байгаад нөгөө жолоочоо ирэхээр нь яваарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, , /хх-ийн 19-22 дугаар хуудас/
Гэрч Н.Нэмэхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны 11 цагаас 18 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Г.......хамт хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 13-14 цагийн хооронд Улаантолгой багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А0603 дугаартай замд шалгалт хийж байхад Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэж байсан ................ улсын дугаартай Гаранбирд маркийн автобусыг зогсоож шалгасан. Уг автобусыг шалгах явцад жолооч М.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан ба уг жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар согтуурал шалгах Alcotest 7510 маркийн багажаар үлээлгэн үзэхэд 2,20% согтолттой байсан. тэгээд уг автобусыг цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулж, гомдол мэдээлэлд оруулан шалгуулсан...” гэх мэдүүлэг , /хх 23-26 /
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай магадлагаа, /хх 31-35 /
Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/440 дугаартай шийтгэврээр зөрчилд холбогдогч М.У нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэврийн хуулбар /хх 58-60/
“...М.Уыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 2,20 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5/,
“...Зөрчилд холбогдогч М.У нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан зөрчил үйлдсэнд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн...” гэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийтгэврийн хуулбар /хх 59-60/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч М.У “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ны орой 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн 07-33 УВХ улсын дугаартай автобусаар дэлгүүрийн жимс хүнсний ногоо зэрэг зүйлүүдийг ачаад Увс аймгийн руу гарсан. Би өмнө нь жолоодох эрхээ асуулсан байсан тул автобусаа манай Түмэнд нээлттэй хязгаарынхан ХХК-н жолооч Г. гэдэг залуугаар гуйгаад жолоодуулаад явсан. Гантогтох намайг Тосонцэнгэл сум оруулж өгөөд буцаад Улаанбаатар хот руу явах ёстой, Тосонцэнгэл сумаас Увс аймаг руу өөр жолооч ирж авна гээд бид нар тохиролцоод отоос гарсан. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчим Тосонцэнгэл суманд ирээд жолооч Гантогтох тохирсон ёсоороо Улаанбаатар руу буцсан. Би Увсаас ирэх жолоочоо хүлээгээд нэг цайны газрын зогсоол дээр зогсож байгаад автобусны түлш дуусах гээд байхаар түлш авах санаатай автобусаа жолоодоод ойшоо яваад Зам зуур ШТС орох гээд явж байтал намайг цагдаа зогсоосон. Цагдаа зогсоогоод согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд багаж үлээлгэтэл 2.2% арсан. Тэгээд миний автобусыг журмын хашаанд хийсэн. н...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч М.Уд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч М.У нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ..... нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Гранбирд” маркийн ...... улсын дугаартай автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч М.Уын үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч М.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 /найм/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
5. Шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ