Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/81

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Шүүгдэгч Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Нид холбогдох эрүүгийн ............дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ., Шовогт Ц.Н,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө .......... багийн .......... тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.А мөнгө өгсөнгүй гэхшалтгаанаар сандлаар толгойн тус газар нь цохиж, зүүн зулайн дээд хэсэгт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.Нид холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

 

1.1. Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Наран хорооллын 401 тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.А мөнгө өгсөнгүй гэхшалтгаанаар сандлаар толгойн тус газар нь цохиж, зүүн зулайн дээд хэсэгт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхөр болон Г нартай цуг бой хийгээд 2024.01.26-ны 18-19  цагийн үед .................багийн нутаг дэвсгэр Наран хорооллын 404 тооттой 2 давхар цагаан өнгийн нийтийн байранд байрлах гэртээ орсон. Гэртээ ороод хоол унд хийж идчихээд байх байхад манай нөхөр Н нь дэлгүүрээс  авсан Хараа гэх нэртэй 0.5 болон 0.75 литрийн хэмжээтэй 2 ширхэг архийг задалсан. Тэгээд тухайн 2 шилтэй архийг бид гурав хувааж уугаад дуусах үед Г нь тасраад унасан. Тэр үед манай нөхөр Н нь мөнгө нэхээд байсан. тэгэхлээр нь би өгөхгүй гэхэд ширээний урд байсан шар өнгийн модон сандлыг авч толгой хэсэг нэг удаа хүчтэй цохисон. тэгээд би яагаад цохиж байгаа юм гэж Ноос асуухад мөнгө өгөхгүй байсан болохоор би цохисон гэж хэлсэн.  Тэгээд би Нд  цагдаад дуудлага мэдээлэл өгнө гэхэд өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд гэрээс Н гараад явсан. Тэр үед би цагдаагийн байгууллагын 70468102 дугаар руу өөрийн 80840315 дугаараас дуудлага мэдээлэл өгсөн. Хэсэг хугацааны дараагаар 2 цагдаа манай гэрт орж ирсэн. Тэгээд намайг эмнэлэгт хүргэж өгч үзүүлсэн. Үзүүлэхэд эмч миний толгойны зүүн талд 6 см урт зайд оёдол тавих шаардлагатай байна гэхээр би оёдол тавиулахгүй байж болох уу гэж асуухад  заавал тавих шаардлагатай байна гэж хэлээд толгойн зүүн талд 6 оёдол тавиулсан. Тэгээд би эмнэлгээс гараад гэртээ очиж амарсан...Манай нөхөр Н нь миний толгой дахь гэмтлийг шар өнгийн сандлаар цохиж учруулсан... Би, Н, Г нар байсан. Өөр хүн байгаагүй. Тэр үед Г нь тасраад том өрөөний ширээний цаад талд хэвтэж байсан. Намайг сандлаар цохихыг би харсан. Мөн Н сандал аваад цохисноо өөрөө мэдэж байгаа...” гэх мэдүүлэг, /хх 06-07/

Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагаас 2024 оны 10 дугаар сарын 27-ны 09 цаг хүртэл хугацаанд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн их эмчээр 24 цагаар гарч ажилласан юм. Тэгтэл 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-ны шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад 2 цагдаагийн ажилтантай Амаржаргал гэх нэртэй эмэгтэй хүн яаралтай тусламжийн тасагт ирсэн. Тухайн хүнд анхны тусламж үзүүлэхэд зулайн зүүн дээд хэсэгт 6.0x1.0 см 1 зүсэгдсэн болон язарсан хуйхны ил шархтай. Тухайн хэсэгт хавдсан, цус гарсан байдалтай ирсэн. Тэгээд тухайн эмэгтэй нь надаас оёулахгүй байж болох уу гэж асуухаар би заавал оёдол тавиулах хэрэгтэй гэж хэлээд 6 оёдол тавьсан. Тэгсний дараагаар тухайн эмэгтэйд толгойн рентген зураг авхуулах, шарханд өдөр бүр боолт хийлгэх, харьяа өрхийн эмнэлэгт хянуулах зэрэг зөвлөгөө өгсөн. Тэгээд тухайн эмэгтэй  эмнэлгээс гараад явсан юм...Эмчлүүлэгч С.Ад анхны тусламж үзүүлж байхад намайг манай нөхөр Н нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны 23 цагийн үед гэртээ сандлаар толгой руу нэг удаа хүчтэй цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх 15 /

Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 26-ний өглөө 10 цагийн үед бой хийхээр дэнжийн 7-14 тоотод очиж мал нядалгааны газар байж байгаад орой 17 цаг өнгөрч байх үед тараад Ц.Н, эхнэр болох С.А нарын хамт бид 3 хамт Ц.Нийн гэрт очиж хоол идэхээр явсан. Тэгээд Ц.Н бид хоёр Ц.Нийн гэрийн хажуугийн дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил, 0.5 литрийн нэг шил буюу 2 шил архийг нэг нэгээр нь авсан. Тэгээд Ц.Нийн гэрт ороод С.А, Ц.Н бид 3 тухайн архийг хувааж уусан. Тэгээд тухайн архийг ууж дууссаны дараагаар би унтчихсан. Тэгсэн намайг унтаж байх үед С.А намайг сэрээгээд босооч хөгшөөн Ц.Нид тархиа хаглуулчихлаа намайг сандлаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би Нийн гэрээс гарсан...” гэх мэдүүлэг, /хх 18-19 /

Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаярын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 000000406 дугаартай “.... А эрүүл мэндэд зүүн зулайн дээд хэсэгт шарх хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ хохирол байна. С.Аын эрүүл мэндэд учирсан хохирол нь цаг хугацааны хувьд 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой хохирол байна. С.Аын эрүүл мэндэд учирсан хохирлууд нь тухайн хэрэг болох нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Уг хохирол нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.С.Аын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй. дүгнэлт /хх 23-24/

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 84-85/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

1.2. Шүүгдэгч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр нэр болох Амаржаргалаас мөнгө байна уу гэж асуухад эхнэр маань надад мөнгө байхгүй архичин минь чиний мөнгийг би бэлдэх юм уу гэж хэлсэн. Тэгэхэд би уур хүрээд том өрөөний хаалганы үүдэнд байсан шар өнгийн сандлыг авч эхнэрийнхээ толгой хэсэг нэг удаа цохисон. Энэ нь миний буруу байгаа юм. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч С.Аын мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

1.3. Шүүгдэгч Ц.Нийн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно. 

2. Прокуророос шүүгдэгч Ц.Нид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ц.Нийн хохирогч С.Аын сандлаар толгойн тус газар нь цохисон үйлдэл хохирогчид учирсан зүүн зулайн дээд хэсэгт шарх бүхий гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч Ц.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

 

4.1. Шүүгдэгч Ц.Нийн үйлдлийн улмаас хохирогч С.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 Хохирогч С.А нь “...Ц.Ноос гаргуулах хохирол төлбөргүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Ц.Н нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болно.

 

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.

 

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ш овогт Ц.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нид 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Нид оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй,  хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай..

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ӨЛЗИЙХИШИГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.