Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/00529

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/00529

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Н.И

            Хариуцагч: Ц.Ц

            Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг №№ тоот байрнаас нүүлгэн гаргуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч Ц.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.И  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.И миний өмч болох Орхон аймаг, Баян-Өндөр сум Х баг №№ тоот 2 өрөө цайны газраар тохижуулан үйл ажиллагаа явуулж байсан ажлын байрыг 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ц.Ц 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар хавдрын эм борлуулаххийлдэг уурын банн ажиллуулах зэрэг үйл ажиллагаа явуулна гэхээр нь зөвшөөрөхгүй гээд цоожны голыг сольчихсон байсан чинь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр Д.Т надаас гуйгаад би энэ хүнээс 2013 оны 12 дугаар сарын 31 -ний өдөр 10 000 000 төгрөг авчихсан юм туслаач гээд байхаар нь зөвшөөрч түлхүүрээ өгсөн. Гэтэл тохирсон өдрөө ч суллаж өгөхгүй зөвхөн цахилгааны мөнгөө төлж өөр бусад зардлаа ч төлөхгүй өнөөдрийг хүртэл намайг хохироосоор байна. Ц.Ц миний өмчийг өөрийн өмч мэт бусдад түрээслэх зэрэг үйл ажиллагаа явуулж надад өчнөөн их хохирол учруулсан атлаа эхнэрээс маань 34 000 000 төгрөг нэхээд надаас 10 000 000 төгрөг авч байж миний байрыг суллаж өгөх гэнэ. Би энэ ажлын байраа сард 500 000 төгрөгөөр бусдад түрээслэсэн бол 16 сарын хугацаанд 80 000 000 төгрөг. 1 000 000 төгрөгөөр түрээслэсэн бол 16 000 000 төгрөгийн ашиг орлоготой байх байсан. Гэтэл өөрөө огт ашиглаагүй байж 2 000 000 гаруй төгрөгийг ус, дулаан, СӨХ-ын төлбөрт төлөхийн зэрэгцээ усны тоолуурын заалтыг зогсоосон байна гэж 200 000 гаруй мянган төгрөгөөр торгуулсан. Миний эхнэр Д.Т Ц.Ц гаас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг авчихаад 5 000 000 гаруйг нь буцааж өгсөн гэдэг. Ц.Ц миний өмчлөлийн ажлын байрыг ашиглаад бусдад түрээслүүлээд 16 сарын турш нилээд ашиг олсон болох нь тодорхой. Хүнээс авч чаддаг атлаа авсан зүйлээ шударгаар хүлээх хэрэгтэй гэж бодно. Иймд Ц.Ц г Орхон аймаг Х баг №№ тоотоос орон сууцнаас нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х багийн иргэн Ц.Ц миний бие Бүрэнбүст багийн иргэн БТ ХХК-ний захирал Д.Т өөрийн өмч болох үйлчилгээний төвийн Наран зоогийн газарт нийтийн хоолны тавилга хэрэгсэл авах яаралтай мөнгө хэрэгтэй байна чи танил ихтэй ямар ч хүүтэй хамаагүй 10 000 000 төгрөг олоод өгөөч гэж удаа дараа гуйгаад байхаар нь найзаасаа өөрийн нэр дээр  барьцаагүйгээр 10 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдэж авч өгөөд Т 01 номерийн зээлийн гэрээг байгуулж, компаний тамгыг даруулж, гарын үсэг зуруулж авсан юм. Гэтэл зээлсэн мөнгөө хүүгийн хамт хугацаандаа төлөхгүй болохоор нь 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлөх ёстой мөнгийг нь хүүгийнх нь хамт 16 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй төлөхөөр 02 номерийн зээлийн гэрээг хийж, баталгаажуулсан боловч мөнгөө төлөхгүй байсаар 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны №№№ тоот дансанд 500 000 төгрөг хийснийг хасаад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг дахин шинэчилж төлөх ёстой мөнгийг хүүгийн хамт 21 600 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй төлөхөөр 03 номерийн гэрээг шинэчлэн хийсэн ба найзаасаа зээлсэн 10 000 000 төгрөгийг хүүгийн хамт 22 100 000 төгрөгийг олон хүнээс хүүтэй мөнгө зээлж төлж барагдуулсан. Д.Т нь 03 тоот зээлийн гэрээний ард зээл төлөх графикаа өөрөө хийж хавсаргасан боловч мөн хугацаандаа мөнгөө төлөхгүй худал хэлж, хуурч мэхэлсээр өдийг хүрлээ. Би бизнесийн ажлаараа байр түрээсэлж ажиллаж байгаад Тунгалагийн өмнөөс өрийг нь төлөөд ажиллаж чадахаа больсон тул цоожтой хэдэн сар болсон. №№ тоот байранд нь хэдэн сар ажиллая гэж И , Т нараас гуйж ороод зээлийн гэрээний ард мөнгөө төлж дуустал нь байрыг нь өгч чадахгүй гэдгээ хэлж Т гарын үсэг зуруулж авсан. Энэ хугацаанд би өөрөө төрийн ажилтай байсан ба цалинжуулж ажилладаг 2 хүнийхээ цалинг төлж чадахаа болиод 3 сарын хугацаанд 2 өрөөг нь 250 000 төгрөгөөр түрээсэлж цалингаа өгөөд сүүлдээ ажиллаж чадахгүй одоог хүртэл цоожлоод хаалттай байлгаж байна. 2015 оноос миний нөхөр Б.О нь ходоодны хорт хавдраар хүнд өвчилж Хятад улсад 4 сар эмчилгээ хийлгээд 2016 оны 04 дүгээр сард хагалгаанд орж ходоод, цөсөө авахуулаад одоог хүртэл эмчилгээ нь дуусаагүй байгааг удаа дараа И , Т нарт хэлж, уйлж гуйгаад ч өрөө төлөхгүй байна. 2015 оны 04 дүгээр сард Т  нөхөр И д мөнгийг нь төлж, зээлийг нь барагдуулж өгөөч гэж гуйхад Т олон хүнд өр тавьж хамгийн сүүлд Ленда ХХК-ний Чимэгбаярт өр төлж дуусгасан. Дандаа хүнд худлаа ярьж мөнгө аваад би төлж барагдуулдаг. Одоо чадахгүй өөртэй нь ярь гэсэн. Мөн том хүү С болон түүний эхнэрт олон удаа уулзаж учир байдлаа хэлэхэд бид зөвшөөрөл өгье. Хамтран эзэмшилдээ байгаа Наран зоогийн газраа барьцаанд тавьж, зээл аваад Ц эгчийн мөнгийг төлж өг гэдэг боловч дараа нь ээжтэйгээ хэрэлдэж, муудалцаад больчихдог. Зээлсэн мөнгөө төлөөч гэж очих болгонд Т би ямар ч байсан зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлж чамайг өргүй болгоно. И миний хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй болгочихоод батлан дааж өгөхгүй байна. Улаанбаатарт өмгөөлөгч аваад И ийг шүүхэд өгч өөрийн хөрөнгөө салгаж аваад өрийг чинь төлнө гэж удаа дараа хууран мэхлэж явсаар өдийг хүрлээ. Иймд ямар ч барьцаагүй авч өгсөн мөнгөө хүүгийн хамт өөрийн гэр бүлийн мөнгө цалингаараа төлж дуусгахаас өмнө тус №№ тоот байрыг чөлөөлж өгөх боломжгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.И   хариуцагч Ц.Ц д холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг №№ тоот орон сууцыг Ц.Ц гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Н.И нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг №№ тоот орон сууцыг хариуцагч Ц.Ц гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тайлбарладаг.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Н.И ийн эхнэр Т 10 000 000 төгрөг хүнээс авч өгч барьцаагүйгээр зээлдүүлсэн. Уг мөнгөний хүү төлөөд үндсэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн тул энэ хоёрын санал болгосноор уг байранд орсон нь үнэн. Мөнгөө төлж дуустал байж бай гэсэн тул одоо болтол байгаа, мөнгөө авч байж байрыг чөлөөлж өгнө гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч Н.И  нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг №№ тоот орон сууцны өмчлөгч болох нь Ү-№№№ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-4/

            Н.И ийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан тул тэрээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч болохын хувьд өмчлөлийн эд хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

            Хариуцагч Ц.Ц  нь нэхэмжлэгч Н.И түүний эхнэр Т нар нь зээллэсэн мөнгөө төлж дуустал орон сууцанд үйл ажиллагаа явуулж бай гэсний дагуу орон сууцанд байгаа гэж мэтгэлцэж байх боловч өмчлөгч Н.И ээс олгосон зөвшөөрөл,  байгуулсан гэрээ байхгүй нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч Ц.Ц  тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш эзэмшиж ирсэн

боловч өмчлөгч эд хөрөнгөө шаардсан үеэс эхлэн түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.

            Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг №№ тоот орон сууцыг Ц.Ц гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.И ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.И д олгохоор заалаа.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1.    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Н.И ийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг №№ тоот орон сууцыг хариуцагч Ц.Ц гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц гаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.И д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ