Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Н.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Тт холбогдох эрүүгийн ::::::::::::::дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:, Б овгийн Н Т,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө .................рлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Дыг архи асгалаа гэх шалтгаанаар түлхэж унагааж, улмаар М.Дын эрүүл мэндэд зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Тт холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримтын тухайд:

1.1. Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө ................. байрлах өөрийн гэртээ согтуурсан үедээ хохирогч М.Дыг архи асгалаа гэх шалтгаанаар түлхэж унагааж, улмаар М.Дын эрүүл мэндэд зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь

Хохирогч М.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр шөнө би гэртээ 2 хүүхдийн хамт унтлагын өрөөнд унтаж байтал манай нөхөр Т гаднаас архи уусан, согтуу орж ирсэн. Манай нөхөр орж ирээд том өрөөнд суучихсан байсан. Би босоод том өрөөндөө ороод хартал манай нөхөр ширээн доор 0.330 литрийн Хараа архи нуучихсан, ганцаараа ууж байсан. Тэгэхээр нь би “хэд хоног уудаг юм бэ, архи уухаа болиоч ээ” гэж хэлээд тэр архийг нь аваад өөр рүү нь цацсан. Тэгтэл манай нөхөр босож ирээд намайг түлхээд би хойшоо унахдаа гараа дараад уначихсан. Тэгээд босоод иртэл миний зүүн гар аймаар өвдөөд, эвгүй болсон байсан. Тэхээр нь би өөрийн төрсөн дүү болох Идэрийн эхнэр Ууганбаяр руу залгаад “миний гар хугарчихлаа хүрээд ир” гэж хэлсэн. Тэгтэл манай дүү Идэр, эхнэр Ууганбаярын хамт ирээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд манай нөхөр Тыг аваад явсан, би Идэр, Ууганбаяр нарын хамт эмнэлэг явсан. Уг хэрэг гарах үед манай 2 хүүхэд унтлагын өрөөндөө унтаж байсан, нөхөр бид хоёр том өрөөндөө байсан. Хоёр хүүхэд тэр шөнө ийм хэрэг болсон талаар мэдээгүй байна лээ, өглөө намайг эмнэлгээс ирэх үед мэдсэн. Ийм хэрэг болсон талаар Ууганбаяр, Идэр нар мэдэж байгаа. Манай нөхөр намайг түлхээд би газар унахдаа зүүн гараараа доороо дараад уначихсан, тэгээд миний зүүн гар шуу хэсгээрээ хугарсан. Надад өөр ямар нэгэн гэмтэл учраагүй... гэсэн мэдүүлэг /хх 6-8/,

Иргэний нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Энэ хэргийн хохирогч М.Д нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дугаар сарын 18-ны хугацаанд Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан байна. Энэ үйлчилгээнд нийт 138,488 төгрөгийн төлбөр гаргуулсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 138,488 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байгаа. Энэ хэрэгт буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 138,488 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна... гэсэн мэдүүлэг /хх 17-18/,

Гэрч Б.У. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би яг хэзээ гэдгийг санахгүй байна, би нэг орой нөхөр хүүхдийн хамт унтаж байтал 02 цагийн орчим утас дугараад, хартал манай хадам эгч Д байсан. Би утсаа аваад ярьтал хадам эгч уйлаад “ах чинь миний гарыг хугалчихлаа, хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Идэрийн хамт хадам хүргэн ах болох Тын гэрт очсон. Нөхөр бид 2-г очих үед хадам эгч Д болон нөхөр Т нар гал тогооны өрөөндөө суусан, хадам эгчийн зүүн гар шууны хэсгээрээ хавдсан байдалтай байхаар нь би цагдаа дуудсан. Т архи согтуу, ийм юм болчихлоо гээд сууж байсан. Манай хадам эгч нөхөр Тыг гэртээ архи ууж байхаар нь архийг нь аваад цацчихсан гэсэн, тэгтэл Т ах босож ирээд хойш нь түлхсэн гэсэн. Тэгтэл хадам эгч унахдаа гараа дарж унаад хугалсан гэж байсан. Удалгүй цагдаа нар ирээд хадам эгчийн нөхөр Тыг аваад явсан, нөхөр бид 2 хадам эгчийг аваад эмнэлэг ороод үзүүлэхэд зүүн гар хугарсан байж магадгүй гээд, эмнэлэг дээр өвчин намдаах эм тариа хийж өгөөд хонуулсан. Маргааш нь рентгений эмч ирээд зургийг нь аваад зүүн гар нь шууны хэсгээрээ хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд гарыг нь гипсдээд гэрт нь хүргэсэн... гэсэн мэдүүлэг /хх 22-24/,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна нэг өглөө унтаж байгаад босоод иртэл ээж эмнэлэг явсан гэж байсан. Яагаад эмнэлэг явсан талаар асуухад аав шөнө гэртээ согтуу орж ирээд, ээжтэй муудалцаад ээжийг түлхэж унгаагаад гарыг нь хугалсан гэж байсан. Би тэр шөнө дүүгийнхээ хамт унтлагын өрөөндөө унтаж байсан, аав ээж 2 маргалдаж муудалцсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Аав ээж 2 гэр бүлдээ сайхан харилцаатай байдаг, хаяа нэг маргалдаж муудалцдаг, маргалдаж муудалцлаа гээд зодоон цохион болж байгаагүй. Манай гэрт ямар нэгэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зүйл болж байгаагүй. Анх удаа ийм асуудал болж байгаа юм аа... гэсэн мэдүүлэг /хх 27-29/,

            Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 000000400 дугаартай: “...М.Дын эрүүл мэндэд хохирол учирсан байна. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн шуу ясны хугарал хохирол тогтоогдлоо. Уг хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. М.Дын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна дүгнэлтээр /хх 48-52 / тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

1.2. Шүүгдэгч Н.Т нь: “...Гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.  

2. Прокуророос шүүгдэгч Н.Тт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Н.Тын хохирогч М.Дыг архи асгалаа гэх шалтгаанаар түлхэж унагаасан үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд зүүн шуу ясны хугарал гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Т нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч Н.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Н.Тын үйлдлийн улмаас хохирогч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Т нь хохирогч М.Дт төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй тул Н.Т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.

4.1. Шүүгдэгч Н.Т нь хохирогч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсны улмаас тэрээр эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэсний улмаас Эрүүл мэндийн даатгалд 138,488 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд болон түүний мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Т нь эрүүл мэндийн даатгалын санд 138,488 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна. /хх 71, 74-78/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Н.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Н Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Тыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ӨЛЗИЙХИШИГ