Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2019/00577

 

 

   

 

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2019/00577

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2019/00444/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А сумын Х тосгонд оршин суух, РХ….......... регистрийн дугаартай, Боржигон овогт Ө.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/, амралтын цалин 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 5.600.000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ө.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ө.А би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан юм. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 155/ШЗ2019/858 дугаар захирамжаар миний гаргасан нэхэмжлэлийг хариуцагч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль эсхүл захирал аль нь болох нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Би 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд н.Аюуш эмчээр акт бичүүлж, эмнэлэгийн магадлагаа, гарын үсэг, тамга, тэмдэгтэй бичгийг тухайн үед хэвтрийн дэглэм барьж цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан учраас сургалтын менежерт чатаар явуулж чөлөө авсан. Дараа нь актынхаа эх хувийг сургуулийн захирал руу явуулсан. Тэгтэл сургуулийн удирдлага ажлаа 3 ба түүнээс дээш хоногоор тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Намайг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Аюуш эмчид үзүүлэхэд үзлэг шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж байсан. Акт авах гэсэн боловч үзлэг шинжилгээ хийлгэхэд акт өгдөггүй гэж байсан. Зөвлөгөө өгсний дагуу эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болсон тул шинжилгээ хийлгэсэн өдрүүдийн актыг нөхөн бичиж сунгалтыг мөн хийж өгөөд тэр өдрөө би сургалтын менежерт чатаар явуулсан. Намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг минь анхаараагүй. Сургалтын менежерт явуулсан чатад актыг маань сунгасан бичилт байдаг. Би сургалтын менежерт эмнэлэгээс гараад эх хувиар нь актаа аваачиж өгье гээд хэлсэн байхад сургалтын менежер, захирал хоёр намайг санаатайгаар ажлаас чөлөөлсөн гэж бодож байна. Би нурууны суулт болон бөөрний дутагдал гэсэн өвчний оноштой явдаг. Өнөөдөр ч гэсэн хэвтрийн дэглэм барьж, хэвтэж байгаад ирлээ. Одоо ч гэсэн халуураад, бие маань салгалаад байна. н.Аюуш эмч бөөрний өвчнийг бичих боломжгүй. Харин нурууны суултаар онош тавьж, акт бичиж өгье гээд акт өгч байсан. Хэвтрийн дэглэм сахиж байхдаа өөр газраас акт авах боломжгүй байсан учраас шинжилгээний хариуны дагуу зөвлөгөө авсан эмчээрээ акт бичүүлсэн. Би байнгын эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэж их мөнгө зарцуулдаг. Ажилгүй байсан хугацаанд зээл авдаг байсан. Эмнэлэгийн акттай байх хугацаандаа Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орсон нь үнэн. Би эрхийнхээ дагуу л сонгон шалгаруулалтанд орсон. Би хувиараа бизнес эрхэлдэггүй. Аав ээждээ л тусалдаг. Намайг ажлаас халаад өөр багш авч ажиллуулж байгааг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус сургуулийн багш Э,М,Тнар над руу утсаар ярьж хэлсэн. Тийм болохоор би ажлаасаа халагдсан, миний оронд өөр багш авч ажиллуулж байгааг мэдсэн. Гэвч сургуулийн захирлыг намайг дуудаж, тушаалыг маань гардуулж, ажлыг маань хүлээж авах байх гэж бодоод хүлээж байсан. Ажлаас үндэслэлгүй халагдсанаас болж нийгмийн даатгалын шимтгэл болоод эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй. Үүнээс болж эмнэлэгт үзүүлэхэд хүндрэл үүсээд байна. Саяхан Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд эмч нар ирж үзлэг хийхэд эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүйн улмаас үзлэг хийлгэж чадаагүй.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сараас 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалин 4.400.000 төгрөг, ээлжийн амралтын цалин 1.200.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ушүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хамгийн нэгдүгээрт ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн тухай хуулийг баримталдаг. Хөдөлмөрийн гэрээн дээр гурваас дээш хоногийн хугацаагаар ажил тасалсан гэж байна. Энэ асуудал дээр үндэслэлээ зааж өгөөгүй байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл юм уу эсвэл 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл юм уу гэдэг нь ойлгомжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн шатанд маргаж байхад 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажил тасалсан гэж тавьсан байдаг. Ө.А нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эмчийн магадлагааг чатаар явуулсан учраас өвчтэй, чөлөөтэй гэдэг байдлаар бүртгэж явсан гэж Баттуяа менежер мэдүүлсэн байсан. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр акт явуулсан нь мэдүүлэг болон чатаар нотлогдож байна. Ажил олгогч нь үндэслэлээ тодорхой бичих ёстой гэж харж байна. Тушаалаас харахад үндэслэл нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэсэн заалт нь ноцтой зөрчил гаргах гэсэн ажилтны санаатай үйлдэл байдаг. Ажилтны сэтгэхүйн байдлыг шүүх анхаарч үзэх байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаас үзэхэд н.Аюуш эмч мэдүүлэхдээ жилийн өмнө гаргаж өгсөн баримт учраас тухайн үед ямар баримт бичиг гаргаж өгснөө санахгүй байна. Ямар ч байсан нэг удаа ирсэн гэж мэдүүлдэг. Магадлагаанд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл гэсэн бичгийн хэлбэр, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл гэх магадлагааны бичгийн хэлбэр 2 адил байх бөгөөд Агэж гарын үсгээ зурсан байдаг юм. Тэгэхээр Аэмч 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд магадлагаа олгоод, 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл магадлагаагаа сунгасан гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Аюушжав эмчийн гарын үсгийн хэлбэр тохирч байсан. Улсын дээд шүүхийн зөвлөмжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заасан ноцтой зөрчил гэдэг бол ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний нэр, төр ажил хэрэгт нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино гэж тайлбарласан байдаг. Нөхцөл байдлаас харахад тодорхой хугацааны явцад, хүндэтгэн үзэх шалтгаантай, нурууны суулт өвчин нь байнгын хэвтрийн дэглэм сахиж, эм ууж, эмчилгээ хийлгэж үр дүнд хүрдэг өвчин юм билээ. Ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байхад ажилтанд мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байгаа. Мөн ажилтан өөрөө өвчтэй байхад ажилтны эрх ашгийг эвлэл судалж үзэх ёстой байдаг боловч ийм зүйл байдаггүй. Ажилтандаа анхаарал тавьдаггүй байгууллага гэдэг нь харагдаж байгаа юм. Ийнхүү ойлголцохгүй явсаар 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тушаал гаргасан байдаг. Ө.А 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа очих гэтэл ажлаас халсныг хамт ажилладаг багшаасаа сонсож ажилд очих шаардлагагүй болсон юм гэж байна гэж дүгнээд ажлаас халагдсан тушаалаа авч ажлаа хүлээлгэж өгөх талаар бодсон ч тушаал болоод ажил хүлээлгэж өгөх талаар мэдэгдээгүй учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.Ад ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нь гардуулж өгсөн байдаг.

Иймд Ө.Ад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан шууд сэтгэхүйн харилцаа тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан 3-аас дээш хоногийн хугацаагаар ажил таслах гэсэн нөхцөл заадаг боловч тушаалд хэдний өдрөөс хэдэн хүртэл ажил тасалсан тухай үндэслэл заагаагүй учраас тушаал нь Хөдөлмөрийн гэрээтэйгээ шалтгаант холбоо байхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймд хүндэтгэн үзэх шалтгаантай байхад ажилтанг ажлаас чөлөөлсөн нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа юм.

Иймд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, амралтын цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

Хариуцагч С.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Ө.А нь ЕБС-д багшилж байх үедээ 2018 оны 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 04 хүртэл чөлөө зөвшөөрөлгүй ажил таслан сургуулийн дотоод журмын 10.4, 10.5 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймд тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мын 2018 оны 10 сарын 04-ний өдрийн Б/58 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ө.А нь ажилдаа хайхрамжгүй хандаж, өвчтэй, мөн хувьдаа бизнес хийдэг учраас чөлөө байнга авдаг. Мөн сургуульд урьд байгаагүй амжилтыг авчирсан гэж өөртөө омогшиж байдаг. Гэхдээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль урьд нь Хөвсгөл аймгийн хэмжээнд амжилтаараа 8 дугаар байранд эрэмбэлэгдэж, аймаг, улсын олимпиадад олон багш нар алт, мөнгө, хүрэл медаль авсан амжилтыг гаргаж байсан. Ө.А нь өөрийнхөө гаргасан амжилтад ташуурсан. Ө.А нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа очсон байдаг ба дундыг хариуцсан сургалтын менежер С.Ббагшаас эмнэлэгт үзүүлнэ гэж 2018 оны 9 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдийн чөлөө аваад ор сураггүй алга болсон. Хэрвээ өвчтэй байсан бол ажилтан нь ажил олгогчдоо актаа хүнээр ч болов хүргүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн хичээлийн жил эхлэхэд сургалтын менежер С.Баттуяатай багш нар бүгд уулздаг. Тухайн үед Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын гаргасан 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/453 тоот тушаалаар газар зүйн багшийн цаг хөдөө суманд хүрэхгүй гээд, цагийн багш болгохоор заасан тул С.Ббагштай цагийн багш болохоор зөвшилцсөн боловч цаг нь хүрэхгүй байсан учраас явсан юм болов уу гэж би бодож байна. Түүнчлэн өвчтэй байсан гэх хугацаандаа захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож байсан нь хэд хэдэн баримтаар нотлогддог. Ө.А нь 2018 оны 9 дүгээр сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор Боловсролын газар бүртгүүлээд, 2018 оны 9 дүгээр сард шалгаруулалтад орж, тухайн үед тэнцээгүй юм. Дараа нь хүнээр бэлдүүлж, сонгон шалгаруулалтад 3 дугаар байранд жагсаж байсан юм. Ө.А нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлж байхад ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Хэрвээ Аюуш эмчид үзүүлж хэвтэн эмчлүүлж байсан бол эрүүл мэндийн карт байх ёстой байтал байдаггүй. Түүнчлэн эмнэлэгт үзүүлэхэд цахим бүртгэлд бүртгэдэг. Ер нь бол эмчилгээ хийлгэж байхад ч цахим бүртгэлд бүртгүүлдэг. Хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд ч гэсэн ямар нэгэн байдлаар цахим хэлбэрээр бүртгэдэг байх. Нэхэмжлэгчийн ярьж байгаа акт нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сургалтын менежерт чатаар ирсэн байдаг. Тэрнээс өмнө тасалсан гэж бүртгэж явж байсан. Ө.Аг өвчтэй байна гэсэн асуудлыг захирлын дэргэдэх хурлаар бид нар авч хэлэлцээд өвчтэй гэдгээ мэдэгдээгүй байна гэж үзсэн. Захирлын дэргэдэх хурал нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болоход өвчтэй гэсэн актыг чатаар явуулсан байна гэж мэдэгдсэн. Ө.А нь түүнээс хойш ч гэсэн ажилдаа очоогүй. Бид нар энэ хүнийг харж үзээд захирлын дэргэдэх хурлаар хүртэл ярилцаж байсан. Ө.А багш ажилдаа ирэхгүй байсан учраас сургуулийн зүгээс сургалтын ажиллагааг хэвийн явуулах үүднээс Баяржаргал багшийг цагаар авч ажиллуулсан. Энэ газар зүйн хичээлийн хувьд аймгийн хэмжээнд болон улс орон даяар цаг нь хүрэхгүй байна гэж яригдсан. Ө.А багшийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх заалтанд тусгагдсаны дагуу 1 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгийг үндэслэсэн. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 9.1, 9.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр захирлын дэргэдэх зөвлөл хэлэлцээд ажлаас чөлөөлсөн. Хамгийн гол нь бид нар хариуцлагатай ажил хийдэг хүмүүс юм. Өвчтэй байж болно. Гэхдээ актаа авч ирж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Бид нарын хариуцлагагүй байдлаас болж ард нь хүүхэд хохирох учиргүй юм гэдэг үүднээс Ө.А багшийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай нэг бүрчлэн танилцсан. Нэхэмжлэлээ ажлаас үндэслэлгүй халсан урчаас ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч өөрийн санаачилгаар ажлаас халах тухай хуулийн заалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 Сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хэрэглэгдэх хуулийн заалт юм. Уг заалтыг ажил олгогч хэрэглэсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үйл баримтуудыг судалж үзсэн. Ажил олгогч ажилтанг ажилдаа ирсэн байхыг шаардах эрхтэй. Хэрэгт нэхэмжлэгчийг 2018 он 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ажлаа тасалсан байна гэж харагддаг. Мөн 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажлаа тасалсан гэдэг нь харагддаг юм. Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл өвчтэй байсан гэх боловч энэ талаарх баримт байдаггүй. Нэхэмжлэгч нь нэг сарын хугацаанд эх үрсийн эмчилгээ хийдэг Аэмчээр эмнэлгийн магадлагаа бичүүлсэн байна. Мөн дотрын эмчилгээ хийдэг Мөнхтулгуур эмнэлгээр магадлагаа гаргуулсан байна. Мөнхтулгуур эмнэлгийн тухайд маргаан байхгүй. Харин наад асуудлын тухайд маргаантай байна. Нэхэмжлэгч нь хэвтрийн дэглэмтэй, эмчлүүлж байсан гэж тайлбарлаж байна. Хэвтрийн дэглэм барьж эмчилгээ хийх нь тусгай мэдлэг шаардсан эмчийн эрх хэмжээний асуудал шүү дээ. Эмчилгээ хийсэн заалтад ямар өвчний улмаас хэд хоног эмчилгээ хийлгэсэн талаар байдаггүй юм. Хариуцагчийн зүгээс гэрч асуулгасан. Гэрчүүдийн тайлбарыг үзэхэд нэг л удаа эмчийн магадлагаа бичиж өгсөн гэсэн байдаг. С.Бэмнэлгийн магадлагааг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авсан байдаг. Уг нь бол 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгийн магадлагааг өгч өвчтэй гэж явах байсан. Ажил олгогч эмнэлгийн магадлагааг шаардлага хангахуйц баримт гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч Ө.А эмнэлгийн картыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Тус картад 9 дүгээр сарын 18-ны өдөр гэж бичсэн байдаг ба өөр зүйл байдаггүй юм. Тэгэхээр нэхэмжлэгч нь хэвтэн эмчлүүлж эмнэлгийн магадлагаа авсан гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Хувийн эмнэлгийн тухайд аливаад шударга бус хандах байдал гардаг. Улсын эмнэлгийн тухайд цахим бүртгэлээр үзүүлж шинжилгээ оношлогоогоо хийлгэдэг. Улсын эмнэлэг болон хувийн эмнэлэг хоёрын шаардлага нь тэс өөр байгаад байдаг. Сая ажил олгогч тайлбарласан. Ө.А 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Аюуш эмчид үзүүлсэн байдаг бол тэмдэглэл бичилт байх ёстой юм. Тэгтэл тийм зүйл байхгүй байна. Аюуш эмч тэр бүртгэлээ хараад тайлбар хэлэх ёстой юм. Хэрвээ актаа аваад сунгалт хийгдсэн байсан бол энэ асуудал дээр маргаангүйгээр нотлох баримтын шаардлага хангах байсан. Тэгтэл тийм зүйл байхгүй байна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалчихаад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байна. Актыг нэг удаа бичүүлж, сунгалт хийлгүүлсэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Баттуяагаас мэдүүлэг авахад хэн хэзээ ирээгүй талаар тодорхой мэдэж байсан. Цагийн бүртгэлээс 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг харахад ажил тасалсан гэж харагдаж байгаа юм. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл ажил тасалсан гэж харагдаж байгаа юм. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл өвчтэй байна гэж харагдаж байгаа бол түүнээс хойш мөн тасалсан гэж харагдаж байгаа юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө сайн нотолж оруулж ирээгүй байна. Хэн ч гэсэн өвчтэй байж болно. Тэгэхдээ үйл баримтуудыг хэрэгт хавсаргах ёстой юм. Ялангуяа өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан бол өвчтөний түүх гэдэг зүйлийг заавал бичих ёстой юм. Тийм зүйл байхгүй байгаа юм. Ажил олгогч нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл ажил тасалсан гэж ажлаас халаагүй. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл харж үзсэн. Ө.А нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 26-ны хооронд ажил тасалсан гэж цагийн бүртгэлээс харагдаж байгаа юм. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоёр удаа давтан ажил тасалсан гэж харагдаж байгаа юм. Ер нь бол багш хүн энэ асуудлыг мэдэхгүй байна гэж байхгүй. Ө.А сүүлд нь баримт бүрдүүлж ажил таслаагүй мэтээр харагдуулах гэсэн байна гэж би дүгнэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь өөрөө хэвтэн эмчлүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт тэр талаарх баримтууд байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4.400.000 төгрөг, амралтын цалин 1.200.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хүүхдүүдийн эрх ашгийг хохироосон, эцэг эхчүүд болон сурагчдаас багшийн ажил байдлын талаар гомдол санал ирүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ө.А нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар газар зүйн багшийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба түүнийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.4 дэх заалтууд, 10 дугаар зүйлийн 10.4, 10.5 дахь заалтууд, хөдөлмөрийн гэрээний 7.1.4 дэх заалт зэргийг үндэслэн ажиллаж байх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Ажил олгогчийг төлөөлж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.М ажилтан Ө.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь газар зүйн багшаар ажиллаж байсан үндсэн ажилтан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж

үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Ө.А нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана... гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсныг нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн болох нь нэхэмжлэгчийн намайг ажлаас чөлөөлснийг би 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус сургуулийн багш Э,М,Тнарыг утсаар ярихад нь мэдсэн. Намайг дуудаж ажил хүлээлцэх байх гэж хүлээж байсан, хэрэгт гаргаж өгсөн Ө.Агийн Хаан банк дахь 5906075201 тоот цалингийн дансаар 2018 оны 9 дүгээр сараас хойш цалин ороогүй зогссон гэх нэхэмжлэгчийн тайлбаруудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай хөдөлмөрийн маргаанаа хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй талаарх тайлбараа гаргаж, хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4.400.000 төгрөг, амралтын цалин 1.200.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4.400.000 төгрөг, амралтын цалин 1.200.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА