Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж, шүүгч Б.Уртнасан, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Иргэдийн төлөөлөгч Г.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгч Х.Д,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Дд холбогдох эрүүгийн 2424000000044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...........-нд ......................... төрсөн, ....... настай, эрэгтэй, ....... боловсролтой, мэргэжилгүй, ............................. ажилтнаар ажилладаг байсан, ам бүл-........., ...........хүүхдийн хамт .............. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ....................... регистрийн дугаартай, ................ овогт ...................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Д нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....................................... хашаанд байх  амь хохирогч ........................... эзэмшлийн монгол гэрт “гар зайл” гээд цохисон гэх шалтгааны улмаас амь хохирогч Г.Г орон дээр дарж, цамцны захаар нь боож механик амьсгал бүтэлт, багалзуурдалт, ховч ясны хугарал, баруун бамбай булчирхайн цус харвалт, төвөнхийн баруун эвэр мөгөөрсний хугарал, баруун эгэмийн дээд хэсгийн булчингийн цус харвалт  гэмтэл учруулж амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Х.Дд холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримтын тухайд

1.1. Шүүгдэгч Х.Д нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тэс сумын Зүр баг 234 тоот хашаанд Г.Гийн эзэмшлийн монгол гэрт “гар зайл” гээд цохисон гэх шалтгааны улмаас амь хохирогч Г.Г орон дээр дарж, цамцны захаар нь боож механик амьсгал бүтэлт, багалзуурдалт, ховч ясны хугарал, баруун бамбай булчирхайн цус харвалт, төвөнхийн баруун эвэр мөгөөрсний хугарал, баруун эгмийн дээд хэсгийн булчингийн цус харвалт гэмтэл учруулж амь насыг хохироосон хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтууд болох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө манай төрсөн дүү Г.Г нь ... манайд хоносон. Өглөө Г.Г эхнэр хүүхэдтэйгээ ахыг очоод аваад ирье гээд гарсан. Тэгтэл удалгүй нас барсан гэдийг нь тэд нараас сонссон. Би талийгаач ахтайгаа 2 хоногийн өмнө төв дээр гудамжинд тааралдахад Г хотоос ирж байгаа одоо харилаа гэж ярьж байсан. Дахиж тааралдаагүй. Тухайн үед талийгаач ах маань мод тулчихсан ганцаараа явж байсан. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр өглөө нь очиж үзэхэд гэртээ нэг хүнтэй хамт байсан гэсэн. Гэхдээ архи дарс уугаагүй байсан гэсэн. ...Өнөөдрийн байдлаар талийгаач ахын маань буян номын ажилд нийттэй 16,820,000 төгрөгийн зардал гарсан. Энэ тооцоо бол баримтаар болон баримтгүйгээр бүгдийн тооцож гаргасан. Дээрх зардлыг тодруулбал 6 ширхэг НӨАТ-ын баримттай шатахуун авсан 146,178 төгрөгийн баримт байна. Мөн хүнсний дэлгүүрээс буяны эд зүйл худалдан авсан тухайн үед дэлгүүрүүд НӨАТ-ын баримт өгсөн боловч хаягдсан. Зарим дэлгүүрүүд нь зарлагын баримт бичиж өгч байсан. Одоо надад 6 ширхэг 2,555,300 төгрөгийн зарлагын баримт байна. Улаанбаатар хотод ганданд ном уншуулах, Алтанхайрцаг нээлгэх, 4 тооны хонь, лам авчирч ном уншуулах, буяны өргөл барьц гээд зардлуудад ихэнх нь гарсан. Эдгээр зардалд ямар нэгэн НӨАТ-ын баримт бол байхгүй. Дээрх мөнгөний үүсвэр гэвэл хүү А 4,000,000 төгрөг өгсөн, талийгаачийн нас барсны дараа оршуулгын зардал гэж 2,000,000 төгрөгийг сумын засаг даргын тамгын газраас олгосон, би Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх гэж байсан 2,000,000 төгрөг байсан түүнийг буяны ажилд нь зарцуулсан, бусад мөнгө нь ах дүү нараас буяны ажилд нэмэрлээрэй гэж өгсөн зардлууд байгаа. Дгийн өргөмөл эгч нь 2,000,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Дараа нь 10 дугаар сард 500,000 төгрөг, сая шүүх хуралдаан эхлэхээс өмнө 300,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Өөр надад ямар нэгэн мөнгө өгөөгүй байгаа. Миний зүгээс буян ажилд гарсан 16,820,000 төгрөгийн зардлаа гаргуулаад авчихвал өөр ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэл санааны хохирол хор уршиг гаргуулахгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 47-48, 2хх 104-105/,

Гэрч Д.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эхнэрийн бага дүү Г Улаанбаатар хотоос 2024 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 23 цаг өнгөрч байхад манайд шууд ирээд хоол цай идэж уугаад эхнэр хүүхэдтэйгээ унтаж амарсан. Ганзориг өглөө босоод эхнэр нэг хүүхэдтэйгээ болон манай хүү А нартай хамт амь хохирогчийн гэр рүү явсан. Тэгтэл Г эхнэр С над руу 11 цаг 34 минутад утсаар залгаад Г ах нас барсан байна гэж хэлээд удалгүй манайд буцаад ирэхээр нь өөрсдөөс нь тодруулаад би сумын цагдаа руу 12 цаг 04 минутад залгаж дуудлага өгөөд Г хамт очиход амь хохирогч гэрийнхээ баруун талын орон дээр хажуу тийш харсан байдалтай гутал хувцастайгаа дээгүүрээ хөнжил нөмөрсөн байдалтай нас барсан байсан. Намайг очихоос өмнө архины шил байсан байж магадгүй түүнийг нь Г гаргаж хаясан юм шиг байна лээ. Би урд өдөр нь буюу 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөө Г Улаанбаатар хотоос гарсан гээд яриад байхаар нь амь хохирогчид гэрээ янзал дүү чинь ирж байгаа шүү гэж хэлэх гээд очиход амь хохирогч, Б /хоч Ц/-тэй хамт халамцуу сууж байсан. Тэгэхээр нь Г дүү чинь ирж байгаа гэрээ орноо янзал архи битгий уугаарай гэж хэлээд буцаад гэр рүүгээ явсан. Намайг гэрээс гарахад тэр хоёр гэртээ үлдсэн нээх онцын зүйл яриагүй. Тэгээд би дахиж очоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх 54-56/,

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө талийгаач ахын төрсөн бага дүү Гнь шөнө 23 цаг 40 минутын үед эхнэр 3 хүүхэдтэйгээ хамт манайд Улаанбаатар хотоос ирсэн. Г ах архи дарс уугаагүй эрүүл ирсэн. Талийгаачтай хотоос гарахдаа ярьсан гэсэн. Тэгээд жаахан хүүхдүүдтэй явж байсан болохоороо манайд хоол цай идэж уугаад унтаж амарсан. Өглөө 10 цаг 30 минутын үед Г ах түүний эхнэр С эгч, хүүхдийнхэн хамт бид 4 амь хохирогчийн гэрт очсон. Бид нарыг очиход хашааны болон гэрийн хаалга онгорхой гэрэл нь асаалттай гэр рүү нь ороход 0,750 граммын хэмжээтэй “Хараа” нэртэй архины шил орныхон дээд талд, “Сэрүүн” нэртэй 2.5 граммын хэмжээтэй пивоны сав ширээнийхэн хажуу талд байсан. Гэрийн зүүн талын орон дээр амь хохирогч хөнжил нөмөрсөн байдалтай хувцастай байсан. Гэрийн баруун талын ор нь одоо байгаа шигээ л байсан. Гэрт нь ямар нэгэн эд зүйл эвдэрсэн, асгарсан гэх зүйл байхгүй байх шиг байсан. Би орж ирээд анзаараагүй, Ганзориг ах талийгаачийг татаж үзээд өнгөрсөн юм биш үү гэсэн тэгтэл баруун гар нь дээшээ татсан ч юм шиг байсан. Тэгээд бид хоёр баруун талын орны бүтээлгийг гэрийн унинаас өлгөж урдуур нь татсан. Гэрээс гарахдаа Г ах гэрт байсан хараа архины сав болон 2.5 л хэмжээтэй Сэрүүн пивоны хоосон савыг гэрээс гаргаж хаясан би хаана хаясныг нь хараагүй. Гэрээс гараад бид нар манайд очоод Г ах манай аавд хэлээд аав Б цагдаад дуудлага өгсөн. Манай аав Батхуяг, Гг ах, Г ахын хүүхэд Л нар буцаж талийгаачийн гэр рүү нь яваад талийгаачийн гэрээс нь урагдаж муудсан байсан болохоор хуучин бүрээсийг нь сольсон гэсэн. Би дахиж талийгаачийн гэрт очоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх 58-60/,

Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотоос гарахдаа л төрсөн эгч Г.Гтэй утсаар холбогдоод ярьсан. Хамгийн сүүлд Сонгино сумаас хөдлөөд Увсын Зүүнхангай сумаас салахдаа хүргэн ах Батхуяг руу залгаад очиж байна гэж яриад 23 цаг 40 минутын үед ярьсан. Тэс сум руу орж ирээд шууд төрсөн эгч Г.Гийн гэрт очиж хоол идээд унтаж амарсан. Өглөө 10-11 цагийн үед эхнэр Н.С хүүхэдтэйгээ, дүү Б.А хүүхдээ дагуулаад бид нар талийгаачийн гэрт очсон. Гэрт нь ороход гэрийнхээ зүүн талын орон дээр баруун талаараа баруун тийш харсан байдалтай, гутал хувцастайгаа, гараа тохой хэсгээрээ нугалсан байдалтай хэвтэж байхаар нь ахаа гэж дуудсан боловч чимээ өгөхгүй байхаар нь манай эхнэр тасарчихсан байгаа юм биш үү гэхээр нь гарын хуруунд нь хүрч үзэхэд хүйтэн байхаар нь ах минь нас барсан юм биш үү гэхэд эхнэр хүүхдийн нүүрийг дараад гэрээс аваад гарсан. Би дух хэсэг рүү нь гараараа дараад үзэхэд хүйтэн баруун хөлийн подем нь зүүн хөлийн шилбэний хойд талд байхаар нь хөлийг татаж гаргаад гэрийн өрхийг татаад Б ахынд очсон. Бид нарыг гэрт ороход гэрийн баруун талын орон дээр хүн унтаж байсан гэмээр хөнжил орхисон, орны гудас урагшаа бараг унах гэж  байгаа юм шиг байдалтай, талийгаачийн гэрийн орны урд талын ширээн дээр 2.500 граммын хэмжээтэй “Сэрүүн” нэртэй хоосон сав 1 ширхэг, талийгаачийн толгойны орчим орон дээр 0.750 граммын хэмжээтэй “Хараа” нэртэй архины шил гозойлгоод тавьсан байдалтай байхаар нь би архины шилийг нь гэрийн баруун талын модон амбаар руу төмөр хувин дотор оруулж тавьсан. Өөр зүйлд хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 62-63/,

Гэрч М.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад хүнтэй уулзах гээд гудамжинд явж байтал миний өөдөөс О/О/ алхаад ирэхээр нь хаачих гэж байгаа юм бэ? ахаа хоёулаа ганц пиво хувааж уух уу гэхээр нь тэгье гэхэд О Д дэлгүүрээс 2.500 литрийн хэмжээтэй Сэрүүн гэх пиво 1 авахаар нь хоёулаа гудамжинд уугаад яахын Г.Гийн гэрт очиж ууя гээд бид хоёр талийгаачийн гэрт очсон. Тэдний гэрт гэрийн зүүн талын орон дээр талийгаач хэвтэж байснаа ууц нуруугаар өвдөөд байна гээд ёолоод орноосоо өндийж ирсэн. Гэрийн хоймор хэсэгт Н.Б унтаж байснаа сэрсэн. Тэгээд бид 4 О авсан 2.500 литрийн хэмжээтэй Сэрүүн пивыг уугаад байж байхад гаднаас Б /Б/ орж ирээд 2 аягийг уучхаад айл руу явна гээд гэрээс гарсан. Удалгүй бид хоёр араас нь хамт гараад гэрт талийгаач Н.Б үлдсэн. Талийгаач пиво уучхаад араас нь ус уугаад уусан усаараа бөөлжөөд байсан. Талийгаач ууц, нуруу тасарчих гээд өвдөөд байна гээд ёолоод байсан. О эмч дуудах уу гэхэд яахын яахын гээд байсан. О бид талийгаачийн гэрээс гараад С гэх айлын хашааны гаднаас 2 тийш салаад гэр гэр рүүгээ явсан. Намайг гэртээ очиход үндэсний баяр наадмын 5-ын даваа эхэлж байсан. Би гэртээ бөх үзэж байгаад бөх дуусахаар нь шууд унтсан. Намайг гэртээ очих үед манай эхнэр л байсан. Өөр хүн байгаагүй. Би бараг эрүүл байсан нэмж архи, пиво уугаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх 65-66/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 10-11 цагийн хооронд байхаа амь хохирогч Г.Гийн гэрт ороход тэдний гэрт амь хохирогч Г.Г, Н.Б, П/П /, О/О/ нар 2.500 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво уугаад сууж байсан. Би тэд нарын пивоноос нэг аягыг уусан. Манай ангийн хүүхэд Г Улаанбаатар хотоос ирсэн байсан. Тэгээд түүнтэй уулзах гээд гэрээс нь гарахдаа Батцэнгэлд Галаа Улаанбаатар хотоос ирсэн дүү О байгаа гэж хэлээд мотоциклтойгоо түрүүлээд гэрээс гараад явсан. Намайг гэрээс гарахад тэр 4 пивоо уугаад үлдсэн. Намайг О гэрт очиход манай ангийн Галаа, Шараа 2 архи уугаад сууж байсан. Тэгтэл миний араас яг хэдэн цагт гэдгийн мэдэхгүй байна Батцэнгэл орж ирсэн. Тэгээд бид нар хэсэг юм ярьж архи ууцгаасан. Батцэнгэл архи бас гаргаж задлаад байх шиг байсан. Тэгээд тэдний гэрээс гараад шууд гэртээ очоод бөх үзэж байгаад унтаж амарсан. Намайг гэрт очиход манай эхнэр л байсан. ...Би Б, П /П/, О /О/ нарыг пиво ууж байхад л очсон. Дахиж очоогүй. Тэр дөрөв хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй хэвийн харилцаатай байсан. Намайг очих үед түүний биед ямар нэгэн шарх сорви байхгүй, эрүүл мэнд биеийн байдал нь зүгээр байсан. Талийгаач байнга таягтай доголж явдаг байсан. 2 хөлөөрөө их муу алхдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 68-69/,

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед гудамжинд П /П/ ахтай тааралдаад “хоёулаа ганц хүйтэн пиво уух уу” гэхэд “тэгье чи яваад ир” гээд надад мөнгө өгөхөөр нь би Д дэлгүүрээс 2.500 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво авсан. Тэгтэл П /П/ ах энэ пивыг Гоо Гансүхийн гэрт очиж ууя гээд бид хоёр тэдний гэрт очиход гэрийн хоймор хэсэгт Батцэнгэл ах унтаж байсан. Гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Б ах удалгүй сэрэхээр нь бид дөрөв дэлгүүрээс авчирсан сэрүүн нэртэй пиво уугаад байж байхад гаднаас Б /Б/ ах орж ирээд бид нарыг пивоноос ганц нэг уучхаад хүнтэй уулзана гээд түрүүлээд гараад явсан. Удалгүй бид хоёр гэрээс гарсан. Гэрт амь хохирогч Г.Г, Н.Б ах хоёр үлдсэн. Тэгээд бид хоёр амь хохирогчийн гэрээс гараад алхаж байгаад хоёр тийш салаад явсан. Би замаараа Гантөмөрийн дэлгүүрээс 0.500 граммын хэмжээтэй “Хараа” нэртэй архи аваад түүнийг ганцаараа уучхаад гэртээ харьсан. Намайг гэртээ очих үед манай эхнэр хүүхдүүд байсан. Дахиж гэрээсээ гараагүй. Бөх үзэж байгаад унтсан. ...Талийгаач нуруу, ууцаар өвдөөд байна гэж хэлсэн. Түүнд пиво өгөхөд уучхаад араас нь ус уугаад уусан усаа бөөлжиж гаргаад байсан. Түүний биед ил харагдах шарх сорви байгаагүй. Талийгаачтай бид нараас хэн ч хэрэлдэж маргалдаагүй. Талийгаач бол хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаг хүн ч биш түүнтэй хэрэлдэж маргалдаад зодолдоод байх ч хүн байхгүй. Амь хохирогчийн нэг хөл нь доголон, алхаж гишгэхдээ их муу. ...Ер нь бол сумын төвийн архи уудаг хүмүүс бол бүгд шахуу л очдог. Байнга орж гардаг хүмүүс гэвэл Б, Б /Ц/, нус Ц гэсэн хүмүүс  байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх 75-76/

Гэрч Ц.Доржпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Х.Д гэх залуутай 2024 оны 03 дугаар сард Завхан аймгийн Тэс суманд танилцсан, түүнээс хойш найз нөхдийн харилцаа холбоотой болсон. Х.Д нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу явж барилгын ажил хийж байгаад 07 дугаар сарын 12-ны өглөө Тэс сумандаа ирсэн. Над руу Улаанбаатар хотоос гарах гэж байна гэж ярьж байсан. 2024 оны 07 дугаар сарын 12-ны орой над руу чатаар дүрсээр ярьсан. Тэгэхэд өндөр хүчдэлтэй гудамжинд ганцаараа явж байгаа харагдсан. Ингэж ярьснаас хойш 30-40 минутын дараа манайд халамцуу орж ирсэн. Би түүнийг ирэхээс нь өмнө хөлдөөгчөөс хөлдүү мах гаргаж гэсгээж хэрчээд буузаа чимхээд байж байхад ганцаараа орж ирсэн. Хаана, хэнтэй байж байгаад ирснээ бол хэлээгүй. Өглөө 10 цагийн үед манай гэрээс гараад очиж гэрээ буулгаж янзална гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг  /1хх 81-82 /,

Гэрч Ц.Цэрэнбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад 13 цагийн үед байхаа Ц дэлгүүр орж 0.750 граммын хэмжээтэй шагайтай Хараа нэртэй архи аваад гэртээ ороод ганцаараа ууж байтал манайд М ганцаараа цагаан гэх архи өвөртөө хийгээд ирсэн. Бид хоёр миний авсан 0.750 граммын хэмжээтэй Хараа архийг ууж дуусгаад түүний авчирсан Цагаан гэх архийг уугаад байж байхад М гаднаас ирсэн. Түүнийг ороод ирэхээр нь түүнтэй хамт цагаан гэх архиа ууж дуусгаад би Ш очмоор байна гээд бид нар манайхаас гарахаар болсон. Би гэрээсээ гарч байхдаа ууж байсан архиныхаа шилнүүдийг хашаа давуулаад шидсэн. Одоо очиж үзвэл миний ууж байсан архины шилнүүд байгаа байхаа. Бид гурав манайхаас гараад 17 цагийн үед Ц дэлгүүр орж 0.500 граммын хэмжээтэй Хараа архи аваад дэлгүүрийн үүдэнд Ногоон приус 20 маркийн машинтай байхаар нь бид гурав Шийваагийнд хүргүүлсэн. Шийваагийн гэрт Мөнхөө бид хоёр орсон. Мийгаа айлд ороогүй Моогоогоор гэр рүүгээ хүргүүлсэн байхаа. Дэлгүүрээс авсан архиа Мөнхөөтэй хувааж уусан. Тэгтэл М ганц нэг татаж байснаа харилаа гэртээ очиж ус авна гээд гараад явсан. Би үлдсэн архи уугаад тэдний гэрт хоол хийлгэж идээд унтсан. Шийваа нь манай ээжийн хамаатан болохоор намайг гэртээ унтуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх 84-85 /,

Гэрч Б.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед талийгаач Г.Гийн гэрт очсон. Намайг гэрт нь очиход талийгаач гэрийнхээ зүүн талын орон дээрээ хэвтэж байсан Цэнгээ ах гэрийн хойморт нь унтаж байсан. Би талийгаачид 3 ширхэг дундын ЛД клаб тамхи өгсөн. Тэр үед тэдний гэрт ил харагдах архи, пивоны сав байхгүй байсан. Би тэдний гэрээс гараад Төвсанаа, А, Б /Б/ нартай тааралдаад Х.Дгийн нурсан хашааг нь янзалж өгсөн. Хашаа янзалж байхад Х.Д нэг шил архи гаргаж ирэхээр нь бид нар хувааж уусан. Тэгтэл А ангийн хүүхэд Улаанбаатар хотоос ирсэн гээд нэг шил архи гаргаж ирэхээр нь түүнийг нь хашаанд уусан. Тэгээд бид нар 10 цагийн үед байхаа хашааг нь янзалж дуусаад Х.Д гэртээ ганцаараа үлдээд бид 4 төв рүү явсан. Замд Т А авгайн гэрээр ороод дүү Т картыг нь аваад төв рүү ороод Дэлгүүрээс 0.750 граммын хэмжээтэй Хараа архи аваад төвийн хуучин улаан байрны урд талын сандал дээр сууж уусан. Архи ууж байхдаа Э гэх айлд ганцаараа орж цай уучхаад гараад ирэхэд Т үлдсэн архиа аваад дүү Төгсдөө аваачиж өгнө гээд явчихсан байсан. Тэгээд хэнийг нь санахгүй байна нэг нь дахиж дэлгүүрээс 0.500 граммын хэмжээтэй Хараа архи авахаар нь түүнийг нь нэг айлд очиж уусан. Хэнийд гэдгийн санахгүй байна. Тэгээд би 15-16 цагийн үед байх ганцаараа гэртээ очиж унтсан. Би орой 20 цагийн үед байхаа талийгаачийн гэрт очиход талийгаач гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан сонин юу байна, хаагуур явав, бөх юу болж байна, хэн түрүүлсэн бэ? гэхээр нь дүү нь бөх үзэж чадаагүй гээд тэдний гэрээс 2 аяга ус уучхаад дүү нь харьж унтлаа ядраад байна гээд гэртээ очиж унтсан. Өглөө нь Х.Дтэй гэрийнхээ ойролцоо тааралдаад Х.Д танд ганц юм авч өгнө гэхээр нь бид хоёр дэлгүүр рүү явж байхад зам Гг, Б нартай тааралдахад талийгаачийг нас барсан гэдгийг нь мэдээд машинд нь суугаад талийгаачийн гэрт очсон. Бид нар гэр рүү нь ороогүй гэрийн бүрээсийг нь солиод нурсан хашааг нь босгосон...” гэсэн мэдүүлэг /1хх 90-91 /,

Гэрч Б.Санжмятавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ганцаараа 0.330 граммын хэмжээтэй Хараа архи уучхаад Ц дэлгүүр рүү тамхинд явж байхад зүс таних /Х.Д/ гэх хүнтэй тааралдахад чи салаавч Цогоогийн хүргэн мөн үү гэхэд тийм мөн гэсэн. Тэгтэл архи авах гэтэл 1000 төгрөг дутаад байна. Чи энэ дэлгүүр рүү ороод аргалаад өгөөч гээд надад 14.000 төгрөг өгөхөөр нь би дэлгүүр рүү нь ороод 0.500 граммын хэмжээтэй Хараа архи авсан. Тэгтэл хоёулаа нэг нэг татах уу гэхээр нь гудамжинд би уухгүй гэхэд надад өгөлгүй явахаар нь би шууд гэр рүүгээ явсан. Би уг залууг сайн танихгүй, зүсийг нь мэднэ. Уг залуу намайг сайн танихгүй болохоороо надтай нээх олон зүйл яриагүй, уг залуу ганцаараа явж байсан. Би түүнтэй дахиж тааралдаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх 93-94 /,

Гэрч Д.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед манайх мах чанаж байхад Х.Д өглөө Улаанбаатар хотоос ирээд хашаагаа янзалчхаад ирлээ гэсэн. Тэр өдөр миний төрсөн өдөр болж байсан болохоор Т, А, Тйсан. Тэгээд манайд хэсэг байж байгаад хотын юм задлан гээд 18 цагийн үед тэдний гэрт очсон. Тэгтэл 0.750 граммын хэмжээтэй Ш Хараа архи задлаад талыг нь бид хоёр хувааж уусан. Тэдний гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд би хүний үс будаж өгөх ёстой согтож болохгүй гээд тэдний гэрээс 19 цаг өнгөрч байхад гараад гэртээ очсон. Намайг Дгийн гэрээс гарахад Д ууж байсан тал шил архитайгаа гэртээ үлдсэн. Түүнээс хойш манайд дахиж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 96-97/,

Шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000000042 дугаартай: “...Амь хохирогч Г.Гийн цогцост ховч ясны хугарал, баруун бамбай булчирхайн цус харвалт, төвөнхийн баруун эвэр мөгөөрсний хугарал, баруун эгэмний дээд хэсгийн булчингийн цус харвалт, хүзүүний баруун зүүн урд хэсгийн бүдэг цус хуралт хохирлууд тогтоогдлоо. Учирсан хохирлууд нь амь хохирогчийг нас барах үед үүссэн байх боломжтой хохирлууд байна. Учирсан хохирлууд нь хүзүүний урд хэсгээс багалзуурдаж дарах үед үүссэн байх боломжтой хохирлууд байна. Амь хохирогч Г.Гийн цогцост задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Г.Гийн нь механик амьсгал бүтэлт, багалзуурдалт, ховч ясны хугарал, баруун бамбай булчирхайн цус харвалт, төвөнхийн баруун эвэр Мөгөөрсний хугарал, баруун эгэмний дээд хэсгийн булчингийн цус харвалт хохирлын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ....” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл /1хх 118-121/,

2024 оны 07 дугаар сарын 13-ны Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 1/,

2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /1хх 2-8/,

2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /1хх 9-16/,

Мөрдөгчийн 2024  оны 07 дугаар сарын 24-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-19/,

Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 20-23/,

Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 20-өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39-43/,

2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эд зүйл болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 106-108/ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

1.2. Шүүгдэгч Х.Д нь шүүх хуралдаанд “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөө Улаанбаатар хотоос ирсэн. ...Гэртээ хашаагаа янзалж байхдаа ууж дуусаагүй байсан архиа аваад Г.Г ахын гэрт очсон. Намайг очих үед Г.Г ах гэртээ байсан. Би авч очсон тал шил архиа Г.Г ахтай хувааж уусан. Тэр архи ууж дуусаад Г.Г ах намайг гар зайл гээд гэрээсээр хөөж байгаад миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Г.Г ахыг орон дээр нь дарж байгаад цамцны захаар нь боосон. Тэгтэл Г.Г ах ухаан алдах шиг болсон. Тэгэхээр нь ухаан алдчихлаа гэж бодоод хөнжлөөр нь хучиж орхиод гараад явсан...” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Х.Дд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Мөн шүүгдэгч Х.Дд холбогдох хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Х.Д нь хохирогчийн хоолойг бооход хүний амь хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл болон амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Х.Д нь амь хохирогч Г.Г орон дээр дарж, цамцны захаар нь боож дарсан үйлдэл хохирогчид учирсан механик амьсгал бүтэлт, багалзуурдалт, ховч ясны хугарал, баруун бамбай булчирхайн цус харвалт, төвөнхийн баруун эвэр мөгөөрсний хугарал, баруун эгэмний дээд хэсгийн булчингийн цус харвалт гэмтлийн улмаас нас барсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Д нь хохирогч Г.Гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “амьд явах” эрхийг зөрчиж түүний хоолойг цамцны захаар боож дарсан үйлдлийн улмаас  Г.Гийн амь хохирсон нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.Дгийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгчийн нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Х.Д нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна...”  гэсэн дүгнэлт гаргасныг шүүх харгалзан үзсэн болно.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Дгийн үйлдлийн улмаас хохирогч Г.Гийн амь нас хохирсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Өнөөдрийн байдлаар талийгаач ахын маань буян номын ажилд нийтдээ 16,820,000 төгрөгийн зардал гарсан. Энэ тооцоо бол баримтаар болон баримтгүйгээр бүгдийн тооцож гаргасан. Дээрх зардлыг тодруулбал 6 ширхэг НӨАТ-ын баримттай шатахуун авсан 146,178 төгрөгийн баримт байна. Мөн хүнсний дэлгүүрээс буяны эд зүйл худалдан авсан тухайн үед дэлгүүрүүд НӨАТ-ын баримт өгсөн боловч хаягдсан. Зарим дэлгүүрүүд нь зарлагын баримт бичиж өгч байсан. Дээрх мөнгөний үүсвэр гэвэл хүү Алтан-Эрдэнэ 4,000,000 төгрөг өгсөн, талийгаачийн нас барсны дараа оршуулгын зардал гэж 2,000,000 төгрөгийг сумын засаг даргын тамгын газраас олгосон, би Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх гэж байсан 2,000,000 төгрөг байсан түүнийг буяны ажилд нь зарцуулсан, бусад мөнгө нь ах дүү нараас буяны ажилд нэмэрлээрэй гэж өгсөн зардлууд байгаа. Дгийн өргөмөл эгч нь 2,000,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Дараа нь 10 дугаар сард 500,000 төгрөг, сая шүүх хуралдаан эхлэхээс өмнө 300,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Өөр надад ямар нэгэн мөнгө өгөөгүй байгаа. Миний зүгээс буян ажилд гарсан 16,820,000 төгрөгийн зардлаа гаргуулаад авчихвал өөр ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй...” гэжээ.

4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Шүүгдэгч Х.Дгийн үйлдлийн улмаас хохирогч Г.Гийн амь насыг хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалтай холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгчээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагаанд оршуулгын зардалтай холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудаас 1хх 107-109 хуудсанд авагдсан “Оргилуун тэс” ХХК-ний 683,500 төгрөг, 2,835,000 төгрөг, 562,500 төгрөг, 1хх 110 хуудсанд авагдсан “Мөрөн” дэлгүүрийн 1,362,500 төгрөг, 1хх 118-119 хуудсанд авагдсан шатахууны 96,178 төгрөг нийт 5,539,678 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлсэн болно.

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх хуудсанд авагдсан 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 50,000 төгрөгийн шатахууны баримт нь гэмт хэрэг гарахаас өмнө шатахуун авсан баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 111 хуудсанд 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн юу авсан болох нь тодорхойгүй 2,639,000 төгрөгийн зарлагын баримтыг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Со номин зул” ХХК-ний буяны ажилд гэсэн 628,950 төгрөгийн орлогын баримт нь амь хохирогчийг нас барснаас хойш, 49 хоногоос хойш байх тул уг зардлыг амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй учраас эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанаас өмнө хохирол төлбөрт нийт 2,800,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд шүүгдэгч Х.Дгийн эгч Эрдэнэцэцэгээс шилжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2,800,000 төгрөгийг хохирол төлбөрт авсан талаар мэдүүлжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн бичмэл нотлох баримтаар нотлогдсон 5,539,678 төгрөгөөс шүүх хуралдаанаас өмнө дансаар авсан 2,800,000 төгрөгийг хасаад үлдсэн 2,739,678 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гт олгох нь зүйтэй байна.

4.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийг оршуулахад баримтгүйгээр гарсан зардлыг нэг бүрчлэн бичиж тэмдэглэсэн дэвтрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч уг дэвтэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдаагүй бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дэвтэрт бичигдсэн хохирлыг шүүх хэлэлцээгүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардалтай холбоотой болон бусад зардлын талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгч Х.Дд холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

4.3. Шүүгдэгч Х.Д нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүхээс тогтоосон хохирол 2,739,678 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн 5516131078 тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлэг хийсэн ХААН банкны баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Х.Дгийн гэр бүлийн зүгээс миний талийгаач ах Г.Гийн буяны ажилд шүүх хуралдаанаас өмнө 2,800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,740,000 төгрөг нийт 5,540,000 төгрөгийг Г.Г надад дансаар шилжүүлсэн. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул Х.Дгийн зүгээс хохирол төлбөр бүрэн төлсөн байдал түүний ар гэрийн байдал хоёр охиных нь ирээдүйг бодолцож түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Дг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Д нь хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай: “...Х.Д нь сэтгэл мэдрэлийн архаг хууч өвчин үгүй болно. Х.Д нь өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай болно. Х.Д нь гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Х.Д нь хэрэг үйлдэгдэх үедээ болон одоогийн нөхцөл байдалд хэрэг хариуцах чадвартай болно. Х.Д нь бие даан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвартай болно...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /1хх 228-229/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад хамаарч “...8-12 жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Х.Д шүүхээс уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан. …эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас буюу сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ шийтгэх тогтоолоор төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 6 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний цагдан хоригдсон 137 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хорих ялын биелэлтийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.Дгээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хараа” нэртэй архины 0,750 граммын хэмжээтэй хоосон шил 1 ширхэг, татсан тамхины иш, банзны хугархай хэсэг 2 ширхэг, “Сэрүүн” нэртэй пивоны 0,500 граммын хэмжээтэй хоосон лааз 1 ширхэг, “Heineken” пивоны 0,500 граммын хэмжээтэй хоосон лааз 1 ширхэг, “Кока кола” нэртэй ундааны 1,25 граммын хэмжээтэй сав 1 ширхгийг тус тус устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Дгийн эзэмшлийн .................... багт байрлах эд хөрөнгөд нь эрхлэн хамгаалагч тогтоохыг шүүгдэгчийн алба ёсны бүртгэлтэй хаяг болох Завхан аймгийн Тэс сумын засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. овогт Х.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.Дгээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 5,540,000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь оршуулгын зардалтай холбоотой болон бусад зардлын талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгч Х.Дд холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хараа” нэртэй архины 0,750 граммын хэмжээтэй хоосон шил 1 ширхэг, татсан тамхины иш, банзны хугархай хэсэг 2 ширхэг, “Сэрүүн” нэртэй пивоны 0,500 граммын хэмжээтэй хоосон лааз 1 ширхэг, “Heineken” пивоны 0,500 граммын хэмжээтэй хоосон лааз 1 ширхэг, “Кока кола” нэртэй ундааны 1,25 граммын хэмжээтэй сав 1 ширхгийг тус тус устгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дгийн цагдан хоригдсон 137 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Шүүгдэгч Х.Дгийн эзэмшлийн Завхан аймгийн Тэс сумын Зүр багт байрлах эд хөрөнгөд нь эрхлэн хамгаалагч тогтоохыг шүүгдэгчийн алба ёсны бүртгэлтэй хаяг болох Завхан аймгийн Тэс сумын засаг даргад даалгасугай.

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ

                 ШҮҮГЧИД                                       Б.УРТНАСАН

                                                                         З.НАНДИНЦЭЦЭГ