Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч М.Алтангэрэл

Шүүгдэгч Б.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Өт холбогдох эрүүгийн ............................ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэнС овогт Болдын Ө.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр .............хашаанд байрлах иргэн Д.Бын гэрт хохирогч Л.Эын толгойн зүүн хэсэгт хөлдүү хонины гуяны махаар нэг удаа цохиж, түүний биед зүүн чихний дээд хэсэгт шарх үүсгэж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Өийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

 

1.1. Шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр .....................хашаанд байрлах иргэн Д.Бын гэрт хохирогч Л.Эын толгойн зүүн хэсэгт хөлдүү хонины гуяны махаар нэг удаа цохиж, түүний биед зүүн чихний дээд хэсэгт шарх гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэрээсээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагаас 16 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын худалдааны гудамж буюу 5 дэлгүүрийн дэргэд явж байхдаа Д.Б, Ш.Б. нартай тааралдсан. Тэгээд Д.Б нэг Маяти машинд ачсан моднуудыг хөрөөдөлцөөд өгөөч гэж гуйсны дагуу таксинд суугаад тус сумын Хайрхан багийн нутаг 11-1116 тоот хашааны дэргэд буусан. Тухайн хашаанд Д.Б нь өөрийн хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Тэгээд Д.Бын гэрийн урд хэсэгт байсан моднуудыг хөрөөдөж байтал хөрөө нь явахаа больсон учир Д.Б бид 3-г гэрт ороод байж байгаарай гэж хэлээд дэлгүүр орохоор явсан. Гэртээ ороод байж байтал Д.Б дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” гэсэн нэртэй архи авч ирсэн. Тэр архийг би Д.Б, Ш.Б нартай хамт ууж байтал Д.Бын хүү Б.Ө гэрээс гараад явсан. Удалгүй Б.Ө гаднаас архи уусан байдалтай орж ирсэн. ...Тэр үед Д.Б хөргөгчөөсөө нэг хөлдүү хонины гуя гаргаж ирээд “охиндоо шөл хийж өгнө” гэж хэлэхэд нь би “Тэгэлгүй яах вэ, охиндоо хоол хийж өгөлгүй яах вэ” гэж хэлсэн. Тэгтэл Б.Ө “Танд ямар хамаатай юм” гэж хэлэхэд би “Аан за, за” гэж хэлэх үед ширээн дээр байсан хонины хөлдүү гуяар толгойн зүүн хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхэд нь би гэрээс гараад Д.Б. /... гэр лүү алхаад явсан. Намайг А гэр байдаг .... ороход Ажиг гэрээсээ гараад зогсож байсан. ...Үүний дараагаар намайг А.хашааны хаалганы хажууд зогсож байтал гаднаас Б.Ө орж ирээд толгой руу нэг удаа өшиглөсөн. Удалгүй эмч, цагдаа нар ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. ...Хэрэг гарах үед гэрт би гэрийн зүүн талын модон орны урд хэсэгт хивсэнцэр дээр сууж байсан бол Д.Б, Ш.Б нар модон орон дээр, Б.Ө ширээний урд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх 17 /,

Гэрч Ш.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг өнгөрөөд ...... гэрт орчхоод тамхи авахаар Д.Бтой хамт гараад 5 дэлгүүрийн хажууд байх дэлгүүрээс тамхи авсан. Тэгтэл Л.Э ах таксины зогсоолын хажуугаар явж байхад нь Д.Б дуудаад “Та бид хоёртой хамт нэг маяти машин мод хөрөөдөөд өгөөч” гэж гуйгаад, гэр лүү нь бид 3 таксинд суугаад очсон. Тэгээд Д.Бын гэрийн урд хэсэгт байсан моднуудыг хөрөөдөж байтал хөрөө нь явахаа болиход Д.Б би дэлгүүр орчхоод ирье гэж хэлээд хашаанаас гараад явсан. Д.Б гэртээ дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй архи авч ирсэн. Тэр архийг би, Д.Б, Л.Э бид 3 ууж байтал Д.Бын хүү Б.Ө гэрээс гараад явсан. Удалгүй Б.Ө гаднаас архи уусан байдалтай орж ирсэн. Тэр үед Д.Б хөргөгчөөсөө нэг хөлдүү хонины гуя гаргаж ирээд “охиндоо шөл хийж өгнө” гэж хэлэхэд нь Л.Э ах “Тэгэлгүй яах вэ, охиндоо хоол хийж өгөлгүй яах вэ” гэж хэлсэн. Тэгтэл Б.Ө “Танд ямар хамаатай юм” гэж хэлээд ширээн дээр байсан хөлдүү махаар Л.Э ахын толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд Л.Э ах толгойгоо бариад гэрээс гарсан. Араас нь би Б.Өтай хамт гараад “Л.Э ахынхаа араас очоод уучлалт гуйчхаад ир” гэж Б.Өт хэлчхээд буцаад гэрт орсон. ...Хэрэг гарах үед би гэрийн зүүн талын модон орны гол хэсэгт сууж байсан. Миний дээд талд Д.Б сууж байсан. Харин гэрийн хоймор хэсэгт байсан ширээний урд талд Л.Э ах сууж байсан бол Б.Ө ширээний ирмэг хэсэгт сууж байсан. ...Тухайн үед Л.Э ах Д.Бод охиндоо шөл хийж өгөх нь зөв, сайн байна гэснийг нь Б.Ө буруу ойлгоод цохисон гэж бодсон. Л.Э ах Б.Өийг цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч Д.Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ...... хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг юм. Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагаас 22 цагийн үед нохой хуцаад байхаар нь гэрээс гараад гар утасныхаа гэрлийг тусгаад хашааны жижиг хаалга руу харахад Л.Э ах зогсож байсан. Очоод харахад түүний нүүр хэсэг нь бас хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд би Л.Э ахад гэрт “хүүхдүүд байгаа, айчих байх” гэж хэлэхэд “ахдаа ус аваад ир, нүүрээ угаагаадахъя” гэж хэлээд байж байтал хашаанд Б.Ө орж ирээд Л.Э ахын толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд би “Цагдаа дуудлаа” гэж хэлэхэд Л.Э ахын зүүн талд зогсоод байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд Л.Э ахыг эмнэлэг аваад явсан. ...Би юунаас болоод Л.Э ахын толгой руу өшиглөснийг нь мэдэхгүй байна. Үг хэлэхгүй, шууд хүрч ирээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 23 /,

Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000000401 дугаартай “...Л.Эын эрүүл мэндэд зүүн чихний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан хохирол нь хатуу, мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ хохирол байна. Л.Эын эрүүл мэндэд учирсан хохирол нь цаг хугацааны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой хохирол байна. Л.Эын эрүүл мэндэд учирсан хохирлууд нь тухайн хэрэг болох нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирлууд байна. Уг хохирол нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Л.Эын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 6. Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /хх 29-30/,

2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3 /, Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7 /, Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 10-12/ тогтоогдож байна гэж үзлээ.

 

1.2. Шүүгдэгч Б.Ө: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно. 

2. Прокуророос шүүгдэгч Б.Өт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.Өийн хохирогч Л.Эын толгой руу хөлдүү хонины гуяны махаар нэг удаа цохисон үйлдэл хохирогчийн зүүн чихний дээд хэсэгт үүссэн шарх гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Ө нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч Б.Өийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Өийн үйлдлийн улмаас хохирогч Л.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 Хохирогч Л.Э нь “...Б.Өаас гаргуулах хохирол төлбөргүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Ө нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болно.

 

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.

 

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С. овогт Болдын Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ӨЛЗИЙХИШИГ