Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2022/00148

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүгч О.Батдорж, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ы д холбогдох

Тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохиол  781.580 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Амгаланбаяр, нэхэмжлэгч Ё.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.******* миний бие нь 2020 оны 10-р сарын 24-ний өдөр 1 улсын дугаартай prius 30 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явж байгаад, төв Хаан банкны урд замын, явган хүний гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөөд зогсож байтал улсын дугаартай crown маркийн машинтай жолооч хурд хэтрүүлэн ирж мөргөн хохирол гаргасан. Осол гаргасан машин даатгалгүй байсан учир замын цагдаагийн дэргэдэх Энхнахиа ХХК-д хандаж үнэлгээ гаргуулсан. Осол гарснаас хойш хоногийн дараа машинаа засварын газарт оруулж задлаад осол гаргасан жолоочид ямар гэмтэл гарсан, ямар засвар орох зэргийг харуулах гэж 5 хоног хүлээсэн. Энэ хугацаанд ирж харах нь бүү хэл харин ч бүр нэг муу батерэй уначхаад юун сүртэй юм, тэр хохирол гээд байгаа зүйлийг чинь төлж чадахгүй, явдаг газраараа яваарай харъя гэх зэргээр хэл амаар зөндөө доромжилсон. Энэ жолоочийн хариуцлагагүй, ухамсаргүй байдалд тохирох шийтгэлийг оногдуулж, миний хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 781 850 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

Нэхэмжлэгч Ё.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хариуцагчийг уучлалт гуйгаад эвлэрэх санал гаргавал хүлээн авах байсан. Гэвч энэ хүн өмнөөс хэрэлдээд, хүлээн зөвшөөрөхгүй, ирж уулзахгүй байдаг юм. Осол болох үеэр миний жолоодож явсан приус автомашин бол манай гэр бүлийн өмчлөлийн автомашин юм. Тухайн үед миний бие Төрийн банкнаас зээл аваад зээлийн барьцаанд уг машины бичиг баримтыг Төрийн банк ХХК-нд шилжүүлсэн байсан. Одоо Төрийн банк ХХК-нь уг автомашины хохиролтой холбоотой асуудлаар шүүхэд төлөөлөх боломжгүй гэсэн албан бичиг өгсөн байгаа. Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны урд замын явган хүний гарц дээр явган хүнд зам тавьж өгөөд зогсож байгаад толиндоо хартал араас нэг машин их хурдтай ирж байсан. Тухайн үед урагшаа явах гэхээр явган хүн замаар гарч байсан учир яах арга байхгүй зогсож байсан. Тэгээд тэр машин араас их хүчтэй мөргөсөн, тухайн үед замын цагдаа дуудаад хэргээ шийдүүлэх гэтэл Б. нь ямар ч даатгалгүй байсан. Засварын газарт машинаа засуулах гэтэл явдаг газраараа явж шийдвэрлүүл төлж чадахгүй гэдгээ хэлсэн тул -нд үнэлгээ гаргуулсан. Үнэлгээг гаргахдаа бодит байдлыг харж байгаад үнэлсэн тул энэ үнийн дүнгээр хохирлоо нэхэмжилсэн. Хамгийн гол нь энэ хүн хүнд их, бага хэмжээгээр хохирол учруулсан бол тэр хариуцлагаа хүлээх нь зүйтэй. Үнэлгээний компанийн гаргасан үнийн дүн болох 781,850 төгрөгийг Б.аас гаргуулж өгнө үү.

Одоо миний машин миний эзэмшилд байгаа, гэмтсэн буферээ өөрийн зардлаар засварлаад хэвийн ашиглаж байгаа, унжсан хэсгийг скочоор тогтоогоод явж байна. Шүүхийн шатанд гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цаашид буферээ солих шаардлагатай байна..гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа;

Миний бие Б. нь 2020 оны 09 сард 09-21БНХ улсын дугаартай тоёото кроун автомашиныг жолоодож яваад Баянхонгор сумын 1 дүгээр багийн төв зам Хаан банкны урд талын зам дээр 11-39БНН улсын дугаартай приус-30 автомашины баруун талын хойд гупер хэсэг рүү шүргэсэн үйлдэл гаргасан. Тухайн үйлдлийг Цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж миний гаргасан үйлдэл дээр Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 11-39БНН улсын дугаартай автомашины гэмтлийг тогтоолгохоор аймгийн Үнэлгээний газраас 781850 төгрөгийн үнэлгээ гаргасан боловч миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Дахин миний бие Улаанбаатар хотын Хос стандарт ХХК-аар үнэлгээ гаргуулахад 125.000 төгрөгийн үнэлгээ тогтоогдож ирсэн. Уг үнэлгээнд заасан хохирлыг барагдуулахаар тухайн жолоочид хандсан ч хүлээн зөвшөөрөөгүй. Миний өмнөөс зохисгүй үйлдэл гаргахад миний бие гайхаж байна. Одоо миний бие 125.000 төгрөгийн бодит хохирлыг барагдуулахад бэлэн байна..гэжээ.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эвлэрэх боломжгүй. Осол болох үед жолоодож явсан кровн маркийн машин бол манай гэр бүлийн өмчлөлийн машин байсан. Осол болсноос хойш бусдад худалдаад өмчлөлийг тухайн хүндээ шилжүүлсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй юм.

Тухайн осол болсны дараа би Ё.******* эгчид хандан тохиролцъё гэхэд өөдөөс төлж чадахгүй байж битгий худлаа яриад бай гэсэн зүйлийг хэлсэн байдаг. Тэгээд бид цагдаа дуудаж асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон цагдаагаас надад оногдуулсан торгууль 150,000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Миний зүгээс нэхэмжлэгчийг доромжилсон зүйл байхгүй. Намайг ажилтай байхад миний нөхөртэй уулзсан бөгөөд тэр үед манай нөхөр юу гэж хэлсэн талаар сайн мэдэхгүй байна. Одоо бол энэ хүний хохирлыг барагдуулж өгнө гэхдээ надад 780,000 төгрөгийг төлөх боломж байхгүй. Би Улаанбаатар хот руу 50,000 төгрөг төлж үнэлгээний компаниар дахин үнэлгээ гаргуулсан бөгөөд энэ үнэлгээ нь 100,000 гаруй төгрөг болон тогтоогдоод ирсэн. Улаанбаатараас ирсэн үнэлгээг би шүүгчийн туслах Д.Сайннямбууд хүлээлгэн өгсөн. Үнэлгээг хүлээлгэж өгөхөд шүүгчийн туслах үнэлгээг хүлээж авлаа та утсаар залгасан үед бэлэн байгаарай гэж хэлсэн. Шүүхээс хэсэг хугацааны дараа ярьсан шүүх дээр ирээд нэхэмжлэгчтэй уулзаж тохиролцоонд хүрч чадахгүй хэрэлдээд шүүхээс гараад явж байхад нэхэмжлэгчийн нөхөр намайг нэг удаа цохиж авсан бөгөөд би үүнд гомдолтой байгаа. Миний зүгээс хохирол төлбөрийг барагдуулахгүй гэж хэлээгүй Улаанбаатар хотын компаниар гаргуулсан үнэлгээний дүнгээр хохирлоо барагдуулна. Шүүхийн шатанд гаргасан үнэлгээний шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Амгаланбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Холбогдогч Б. нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж иргэн Ё.*******гийн автомашиныг мөргөн буруутай үйлдэл гаргасан нь ослын газарт ажилласан замын цагдаагийн дүгнэлтээс харагдаж байна. Иймд Б. нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч Ё.*******гийн хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж бодож байна..гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, нэхэмжлэгч Ё.*******, хариуцагч Б. нарын иргэний үнэмлэхний хуулбар, Энх Нахиа ХХК-ийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн №280/18874740 дугаар дүгнэлт, тайлан, 11-39БНН улсын дугаартай приус-30 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Баянхонгор аймгийн Замын цагдаагийн тасгийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн ослын акт, 0547844 дугаартай шийтгэврийн хуудас, Хос стандарт ХХК ийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 538 дугаартай шинжээчийн дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэх, автомашины гэрэл зураг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч Б.д холбогдуулан тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол  781.850 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч Б. эс зөвшөөрч маргажээ.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг ХААН банкны урд төв зам дээр 2020 оны 10 сарын 24-ний өдөр хариуцагч Б. нь улсын дугаартай кровн маркийн автомашин жолоодож яваад нэхэмжлэгч Ё.*******гийн жолоодож явсан 1 улсын дугаартай приус-30 маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь үйл баримтаар тогтоогдсон, Б.ын үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч Ё.*******гийн эзэмшлийн автомашинд эвдрэл гэмтэл учирснаас эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол нэхэмжлэх эрх үүссэн, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн хохирлоо мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй байна. 

Түүнчлэн зам тээврийн осолд өртөхдөө нэхэмжлэгчийн жолоодож явсан 11-39БНН улсын дугаартай приус-30 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээн дэх өмчлөгч нь Төрийн банк ХХК гэж бүртгэгдсэн боловч Төрийн банк ХХК-ийн 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 40/111 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар 2020 оны 08 сарын 06-ны өдөр Ё.******* нь Төрийн банк ХХК-аас зээл авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр уг автомашиныг Төрийн банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Гэвч хэрэг, учрал болох үеэр уг автомашин нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсан, одоо байгаа болох нь өмчлөгч байгууллагын тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, зам тээврийн ослын хэргийг шалгаж шийдвэрлэсэн цагдаагийн байгууллагын зөрчлийн материалуудаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Ё.******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.. тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр цуглуулж бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаар хариуцагч Б. нь 2020 оны 10 сарын 24-ний өдөр 09-21БНХ улсын дугаартай кровн маркийн автомашин жолоодож яваад нэхэмжлэгч Ё.*******гийн жолоодож явсан 11-39БНН улсын дугаартай приус-30 маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Ё.*******гийн эзэмшлийн автомашинд хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна гэж үзэв.

Харин нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд, шүүхийн шатанд гаргасан шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал: Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын ахлах зохицуулагч М.Дашзэвэгийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдлын актаар Б. нь 2020 оны 10 сарын 24-ний өдөр 09-21БНХ улсын дугаартай кровн маркийн автомашин жолоодож яваад нэхэмжлэгч Ё.*******гийн жолоодож явсан 11-39БНН улсын дугаартай приус-30 маркийн автомашинтай мөргөлдөж МУЗХД-ийн 11.14-д зааснаар жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуудах тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна .. гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 0547844 дугаар шийтгэврээр Б.ыг 100.000 төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

Түүнчлэн дээрх үзлэгийн актанд Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг тодорхойлохдоо Хойд буфер, баруун хойд крыло жихэгдсэн, баруун хойд хаалга онгойхгүй гажсан гэсэн бол 2020 оны 10 сарын 26-ны өдрийн -ийн №280 дугаар үнэлгээний тайланд ..тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд баруун хойд буфер баруун талдаа чихэгдэн 2 газраар цуурсан, хойд 2 гэрлийн доод 2 ширхэг буфер тогтоогч хугарсан, ар тал хойд жааз нилэнхүйдээ чихэгдсэн, баруун хойд крыло чихэгдэн тунарснаас баруун хойд хаалгаа шахсан, жагсаалтад байгаа эд ангиуд эвдэрсэн байдалтай байлаа..гэж тодорхойлжээ.

Улмаар хохирлын үнэлгээг гаргахдаа хойд буфер, хойд 2 гэрлийн доод 2 ширхэг буфер тогтоогчийг солих шаардлагатай гэж үзэн энэ үнэлгээг 350.000 төгрөг, бусад эд анги буюу ар хойд жааз, баруун хойд крыло засварлахад 164700 төгрөг, бусад зардал буюу эд анги солих, будах, будаг үнэлгээний хөлс 267150 төгрөг нийт 781850 төгрөг гэжээ.

Харин Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 538 дугаар дүгнэлтээр ..хойд буфер баруун доод хэсэгтээ хонхойж, цуурсан бөгөөд засварлах бүрэн боломжтой тул солих шаардлагагүй, баруун хойд буфер тогтоогчийг солих шаардлагатай..., ар тал хойд жааз эвдрэл ихтэй гэсэн нь үндэслэлгүй, крыло засах шаардлагатай гэж дүгнэн үнэлгээг 240.000 төгрөг гэж тогтоожээ.

Шүүх бүрэлдэхүүн дээрх 2 үнэлгээний тайланг хэргийн бусад бичмэл нотлох баримтуудтай харьцуулан шинжлээд эд хөрөнгийн хохирол болох үнэлгээг дараах байдлаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Зохигчдын тайлбараар нэхэмжлэгчийн автомашины хойд буфер нь тодорхой хэмжээнд гэмтсэн ч ашиглах боломжтой, нэхэмжлэгч өөрийн зардлаар буферийг засварлан одоо автомашинд ашиглагдаж байгаа тухай тайлбарласан бол Энх Нахиа ХХК-ийн үнэлгээний тайланд Автомашины хойд буфер баруун талдаа чихэгдэн 2 газраар цуурсан гэж үзлэгийн хэсэгт тодорхойлон буферийг солих шаардлагатай, үнэлгээ 300.000 төгрөг гэжээ.

Улмаар шүүхийн шатанд дахин шинжээч томилоход Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчдийн дүгнэлтээр Энх Нахиа ХХК-ийн үнэлгээний тайлан үндэслэлгүй, буферийг засварлах боломжтой бөгөөд уг зардалд 40.000 төгрөг гэж дүгнэжээ.

Түүнчлэн уг дүгнэлтэнд буфер тогтоогч 30.000 баруун хойд крыло засварлах үнэ 50.000 , хойд буфер будах ажлын хөлс 120.000 төгрөг нийт 240.000 төгрөг гэж үнэлгээ гаргасныг шүүх бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчдийн тайланд Ар хойд жааз эвдрэл ихтэй гэсэн Энх Нахиа ХХК-ийн үнэлгээчний тайланг үндэслэлгүй гэж үзсэн ч нэхэмжлэгчийн автомашины хойд жааз эвдрэлтэй болох нь автомашины гэрэл зураг, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Энх-Нахиа ХХК-ийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байдал зэргээр тогтоогдож байх тул Энх Нахиа ХХК-ийн үнэлгээнд авагдсан ар тал хойд жааз засварлахад гарах зардал 128.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар, татгалзалдаа нэхэмжлэгч Ё.*******гийн автомашинд өөрөөс шалтгаалан 125000 төгрөгийн бодит хохирол учирсан, энэ нь Хос Стандарт ХХК-ийн үнэлгээний тайлангаар нотлогдсон гэж үзэн тайланг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн ч тайланд үнэлгээ гаргасан этгээдийн гарын үсэг зурагдаагүй, тэмдэг байхгүй зэргээр шинжээчийн дүгнэлтэнд тавигдах шаардлагыг хангаагүй, автомашины зарим эд ангийг бүрэн үнэлээгүй орхигдуулсан байх тул уг тайланг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгааг тайлбарлах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Б.аас нэхэмжлэлийн шаардлагын нотлогдсон хэмжээнд хохирлыг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******д олгох дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 368.100 төгрөгийг хангаж үлдэх хэсэг болох 413.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шинжээчийн зардал 150.000 төгрөгийг нэхэмжилж 2021 оны 12 сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэх ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд шүүхийн зардалд шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс хамаарахаар заасан бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна...гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн санаачилгаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг дахин шинжээчээр томилсон, шинжээчийн ажлын зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орох тул шинжээчийн ажлын хөлс 150.000 төгрөгийг зохигчдоос тэнцүү хэмжээгээр гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23315 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.аас хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 11693 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.аас тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол 368.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.*******д олгож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 413.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23315 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 11693 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, шинжээчийн ажлын хөлс 150.000 төгрөгийг нэхэмжлэгч Ё.*******, хариуцагч Б. нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧ  О.БАТДОРЖ

ШҮҮГЧ  Т.ГАНГЭРЭЛ