Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1327

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,

Улсын яллагч Э.Дөлгөөн,

Шүүгдэгч Д.Б************* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүү х хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *********** овогт ***********-ын ***********-д холбогдох эрүүгийн “2406 00000 2640” дүгээр хэргийг шүүх 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “СӨХ”-д талбайн цэвэрлэгч ажилтай, ам бүл **, хамтран амьдаргч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо *********** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

          Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          *********** овогт ***********-ын *********** /РД:***********/.

 

          Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч *********** нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ноос 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр *********** орчмоос Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны үр, идээ болох самрыг 2 шуудай буюу 73.2 кг-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, **-** УБЛ улсыэ дугаартай “***********” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 7.239.480 төгрөгийн хохирол учруулан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх”  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу. Миний бие 2024 оны 9 дүгээр сараас эхлэн эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэрийн биеийн байдал тааруухан байсан тул аргагүй эрхэнд самранд явсан. Ойролцоогоор 2 шуудай самар түүсэн.” гэжээ.

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/, эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********-ын мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар тал/, гэрч ***********-ын мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Ариунтуяагийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2909 дүгээр дүгнэлт /хх-ийн 40-44 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №ЭК-24-23 дугаар дүгнэлт /хх-ийн 49-56 дугаар тал/, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 04/4212 дугаар албан тоот /хх-ийн 67 дугаар тал/, Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01-09/6668 дугаар албан тоот /хх-ийн 69 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч *********** нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ноос 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр *********** орчмоос Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны үр, идээ болох самрыг 2 шуудай буюу 73.2 кг-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, **-** УБЛ улсыэ дугаартай “***********” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 7.239.480 төгрөгийн хохирол учруулан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх”  гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

Дээр дурдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********-ын өгсөн: “Байгаль орчин, аялал А/450 дугаарын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн жуучлалын тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамллын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А*603 дугаар тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***********-ын өгсөн: “**-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Би хувийн хэрэглээндээ ашиглаж байгаад тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан. Тухайн машиныг авсан хүн нь одоог хүртэл нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа юм. Би *********** нь гэх хүнд **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ зарсан одоо ямар нэгэн төбөр мөнгөтэй холбоотой өр авлагын харилцаа байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Ариунтуяагийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2909 дүгээр:

1. Сибирь нарс /Хуш/ - Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр.

2. Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал.

3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica Du Tour -ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.

4. Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал газар зүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй.

5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 26.6-28.5% байх тул нойтон байна.

6.Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын шаардлага хангасан газар хадлагаагүй тохиолдолд чанар, жинд өөрчлөлт орох боломжтой.

7. Дээрх стандарт заасны дагуу хадлагаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй.

8. Экологи – Эдийн засгийн үнэлгээ 7,239,480 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 36.197.400 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-ийн 40-44 дүгээр тал/,

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №ЭК-24-23 дугаар: “Шинжилгээний обьектын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээг нийт 6.480.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн 49-56 дугаар тал/,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 04/4212 дугаар албан тоот /хх-ийн 67 дугаар тал/,

Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01-09/6668 дугаар албан тоот /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч *********** нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ноос 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай амны баруун салаа ам орчмоос Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны үр, идээ болох самрыг 2 шуудай буюу 73.2 кг-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, *********** улсыэ дугаартай “***********” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 7.239.480 төгрөгийн хохирол учруулан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх”  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг ...хамтран оролцсонд тооцно.” гэж хуульчилжээ.

“Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна. Үүнд: нэн ховор, ховор, элбэг гэж ангилна. 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.” гэж заасан.

Шүүгдэгч ***********-ийн тээвэрлэж явсан 73.2 кг хуш модны самрыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2909 дүгээр дүгнэлтээр “Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал.” гэж дүгнэжээ./хх-ийн 40-42 дугаар тал/. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/282 дугаартай ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг 9 дүгээр сарын 2-ноос дараа оны  2 дугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ, нөөц ашиглалтын зөвшөөрөгдсөн хэмжээ нь ахуйн зориулалтаар нэг удаа 50 килограмм ашиглах зөвшөөрөл олгох талаар зохицуулжээ.

Шүүгдэгч ***********-ийн түүсэн, бэлтгэсэн гэх нэршилтэй ургамал нь шинжээчийн 2909 дүгээр дүгнэлтээр Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар болох нь тогтоогдсон ба 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нь дээрх журамд заасан зөвшөөрөгдсөн хугацаанд хамаарах боловч, нөөц ашиглалтын зөвшөөрөгдсөн хэмжээ хэтэрсэн байна.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар Самар /үр/ нь Сибирь Хуш-Сибирь Хуш-Pinus sibirica Du tour-ны үржлийн эрхтэн байдаг байна. Мөн Сибирь Хуш /Pinus sibirica Du Tour/-ны үр /самар/ нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байна.

Иймд шүүгдэгч ***********-ийг Засгийн газрын тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон Сибирь Хуш /Pinus sibirica Du Tour/-ны үр /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нарт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн хувьд

           Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилж,

           Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн тушаалаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын хавсралтын хүснэгтэд зааснаар тухайн газраас нөөцийг ашиглах дээд хэмжээг “Ахуйн зориулалтаар /1 удаа/, Хуш модны самар 50 кг” гэж, мөн журмын хавсралтын 5.7-д “Иргэн, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага нь тогтоосон хэмжээнээс хэтрүүлж түүсэн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.

           2002 оны “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмын”-ын хавсралтад зааснаар Хуш модны самрыг 50 кг хүртэл ухайн зориулалтаар нөөцөлж ашиглахыг зөвшөөрсөн тул шүүгдэгч ***********-ийн түүсэн 73.2 кг самраас тус бүрийн зөвшөөрөгдсөн 50 кг самрыг хасаж хохирол төлбөрийг тооцох нь зүйтэй.

           Шүүгдэгч ***********-ийн Байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн тухайд 1 килограмм Сибирь хушны үрийн нөхөн төлбөр нь 98.900 төгрөг байх ба үүнийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 494.500 төгрөг байна.

           Шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн хушны үр самар нь 23.2 килограмм /зөвшөөрөгдсөн хэмжээг хасаж тооцсон/байх ба 23.2 килограммыг тав дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр буюу 494.500 төгрөгөөр тооцоход /23.2*494.500=11,472,400/ бүгд 11.472.400 төгрөгийг шүүгдэгч ***********-ээс гаргуулж Засгийн газрын тусгай сангийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорих долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч ***********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгаа 73.2 килограмм Сибирь хушны үр, идээг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *********** улсын дугаартай *********** маркийн тээврийн хэрэгсэл нь ***********-ийн ***********-н эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогджээ. “Дамно” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тайланд: “Шинжилгээний обьектын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээг нийт 6.480.000 төгрөгөөр үнэлэгдэв.” тогтоосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж хуульчилжээ. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар *********** улсын дугаартай *********** маркийн тээврийн хэрэгсэл нь ***********-ын эзэмшилд байх тул тус тээврийн хэрэгслийг хураан авч гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулах нь зохимжгүй. Харин шүүгдэгч нараас “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 6.480.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгчээс гаргуулж хохирол төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *********** овогт ***********-ын ***********-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд  тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********-ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *********** нь шүүхээс оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *********** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хэлтэст хадгалагдаж байгаа 73.2 килограмм Сибирь хушны үр, идээг зохих үнэлгээг хийж худалдаж борлуулж хохирол төлбөрөөс хасаж тооцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *********** улсын дугаартай *********** маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6.468.00 төгрөгийг шүүгдэгч ***********-ээс гаргаж улсын орлогод оруулсугай.

 

             7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***********-ээс 11.472.400 төгрөгийг албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

 8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                               

 9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ***********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ***********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                                                               

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Э.ЧИНГИС