| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/1380/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1389 |
| Огноо | 2024-12-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Г.Хурмандах
Шүүгдэгч Б.З********, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ********-ы ********-д холбогдох эрүүгийн “2106 01368 1326”
дугаар 1 хавтаст хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо ******** тоотод оршин суудаг, урьд
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ховд аймаг дахь сум дундын эрүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа,
******** овогт ********-ы ******** /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******** нь ********-тай бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 8-ны 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** тоотод байхдаа иргэн ********-ийн эзэмшлийн Хаан банк дахь 54539******** тоот дансны нууц кодыг ашиглан түүний данснаас ********-ын эзэмшлийн Хаан банк дахь 5100******** тоот данс руу 1.900.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, иргэн ********-т 1.900.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/, хохирогч ********ийн эзэмшлийн Хаан банкны 5035******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7 дугаар тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/, хохирогч ******** мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/, шүүгдэгч ******** эзэмшлийн Хаан банкны 5300******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25 дугаар тал/, шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******** нь ********-тай бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 8-ны 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** тоотод байхдаа иргэн ********-ийн эзэмшлийн Хаан банк дахь 5453******** тоот дансны нууц кодыг ашиглан түүний данснаас ********-ын эзэмшлийн Хаан банк дахь 5100******** тоот данс руу 1.900.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, иргэн ******** 1.900.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,
Хохирогч ********-ийн эзэмшлийн Хаан банкны 5035******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******** өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвөөс 18 цагийн орчимд гарч яваад халааснаасаа бичиг баримтаа алдсан гэтэл 22 цагийн үед миний Хаан банкны 5035******** данснаас интернэт банкаар 5753******** данс руу 1.900.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тул уг дансны эзнийг олж өгч тусална уу. Надаас өөр мэдэх хүн байхгүй би ч ашигладаггүй юм аа гэхдээ түрүүвчиндээ кодыг нь бичээд хийсэн байж магадгүй гэж бодож байна
Би 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо ******** тоот гэртээ байхад Хаан банкнаас зарлага гээд 1.900.000 төгрөгийн мессеж утсанд ирсэн байхаар Хаан банк руу залгаж болсон асуудлыг тодруулахад интернэт банкаар гүйлгээ хийгдэж мөнгө гарсан талаар хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага руу утсаар залгаж хэлэхдээ 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр явж байхдаа түрийвчээ алдсан гэж хэлээд буруу газарт өргөдөл гаргуулсан байна. Миний данснаас интернэт банк ашиглан 5753******** дугаар данс руу 1.900.000 төгрөг шилжүүлж, 5753******** дугаар данснаас өөр хүн рүү шилжүүлж нөгөө хүн бэлнээр АТМ-с гаргуулан авч байгаа талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн: “Би эхнэр ******** нэг хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******** тоотод оршин суудаг. 2021 оны 4 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн орчимд бид гурав гэртээ байж байтал гаднаас хадам аав ******** архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ганцаараа орж ирсэн. Тэгээд ******** “би гадуур явж байгаад Sunday худалдааны төвийн гаднаас хар өнгийн эмэгтэй хүний түрүүвч олсон” гэж хэлсэн. Ингээд ******** нөгөө түрүүвчээ ухаж үзэхэд бэлнээр 40.000 төгрөг, банкны виза карт мөн Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг бичсэн цаас байсан би дээрх кодыг хийж интернэт банк руу нь ороход дансны үлдэгдэл нь 2.000.000 гаран төгрөг байсан. Би мөнгө байгаа талаар хадам аав ********-д хэлэхэд “тэгвэл бүх мөнгийг нь авья, дараа нь би хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж хэлсэн. Би уг данснаас хадам аавын ********ын Хаан банкны данс руу 1.900.000 төгрөг хийсэн. Дараа нь би өөрийнхөө хаан банкны 5300******** дугаарын данс руу 1.998.000 төгрөг хийсэн. Ингээд бүгдээрээ унтаж амарцгаасан. Маргааш нь буюу 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн орчимд Жуковын жоби төвд байдаг Хаан банкнаас өөрийнхөө данснаас 2.000.000 төгрөг авсан. Би тэгээд буцаад гэртээ очиход хадам аав ******** болон манай гэрийнхэн байсан. Би хадам аав ********-д 1.900.000 төгрөг өгөхөд надад буцааж 500.000 төгрөг хэрэглээрэй гэж хэлээд өгсөн. Хадам аав ******** үлдсэн 1.400.000 төгрөгийг бэлнээр нөгөө олсон түрүүвчийн хамтаар аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,
шүүгдэгч ********-ын эзэмшлийн Хаан банкны 5300******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25 дугаар тал/,
шүүгдэгч ********-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч ******** нь Т.Баяртуултай бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 8-ны 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** тоотод байхдаа иргэн ********-ийн эзэмшлийн Хаан банк дахь 5453******** тоот дансны нууц кодыг ашиглан түүний данснаас ********ын эзэмшлийн Хаан банк дахь 5100******** тоот данс руу 1.900.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, иргэн ********т 1.900.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******** нь хохирол төлбөрт 1.900.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ********-аас 1.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч ******** олгож шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ********-ын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлт, гаргасан бол шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарахаар хуульчилжээ.
Шүүгдэгч ********-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч ********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар өршөөж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******** нь энэ хэрэгтээ 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 69 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ******** ********-ыг “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *********-д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********-аас 1.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч ********-т олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 69 хоногтой болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ********-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС