Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч А.Дын өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч В.Содномцэрэн,

Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Б.Энхжаргал,

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Гэрч Н.Б., Б.Ц д,

Шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Л.Н, Б.С,

Нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Л.Н, Б.С нарт холбогдох эрүүгийн .. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт-1: Монгол Улсын иргэн, Б овогт А Д,

Шүүгдэгчийн биеийн байцаалт-2: Монгол Улсын иргэн, А овогт Б.Б,

Шүүгдэгчийн биеийн байцаалт-3: Монгол Улсын иргэн, . З. овогт Ж.Б,

Шүүгдэгчийн биеийн байцаалт-4: Монгол Улсын иргэн, Ц.Ц. овогт Б. С,

Шүүгдэгчийн биеийн байцаалт-5: Монгол Улсын иргэн, ., А. овогт Л. Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө . оршин суух Ц.Дгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн гуутай сийлбэртэй шүрэн бурхан /Дарь эх/ 1 ширхэг, гуулин гуутай шармал бурхан /Богд Зонхов/ 1 ширхэг, гуулин шармал бурхан /Нархажид/ 1 ширхэг, модон гуутай зурмал бурхан /Богд Зонхов, Жанрайсаг/ 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэж, хохирогч Ц.Дд 14,000,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

1.1. Шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн Майхан толгойн 2 дугаар гудамжны 18 тоотод оршин суух Ц.Дгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн гуутай сийлбэртэй шүрэн Дарь эх бурхан 1 ширхэг, гуулин гуутай шармал Богд Зонхов бурхан 1 ширхэг, гуулин шармал Нархажид бурхан 1 ширхэг, модон гуутай зурмал Богд Зонхов, Жанрайсаг бурхан 1 ширхэг нийт 4 ширхэг бурхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэж, хохирогч Ц.Дд 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтууд болох

“...Хохирогч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой 19 цаг өнгөрч байх үед гэрээ цоожилчхоод сумын төвд байдаг хүргэн Д очсон. Тэднийд хоночхоод маргааш нь буюу 10 дугаар сарын 05-ны өдөр хүргэнийдээ өнжөөд үдээс хойш нь 15 цаг өнгөрч байх үед охин Пүрэвсүрэнгийн хамтаар гэртээ ирсэн. Тэгтэл манай гэрийн хаалганы цоожны даруулгыг хажуу тийш нь нугалчихсан байсан тухайн үед нэг их анзаараагүй энэ яагаад ингээд нугаларчихсан юм бол гэж бодоод цоожоо онгойлгоод гэртээ яваад ортол хоймрын авдар дээр байдаг бурхны гууны шил нь онгойчихсон дотор талд нь байсан жаазтай бурхан алга болсон байхаар нь хулгайч орсон байна гэж мэдсэн. Охин бид хоёр тухайн үед өөр ямар нэгэн зүйл оролдоогүй тэр хэвээр нь орхисон байгаа. ...Манай гэрийн хоймрын авдар дээр байдаг бурхны гуунд байсан хээтэй хүрэн улаан өнгийн модон жаазанд байсан зурмал бурхан 1 ширхэг, мөн тэр жаазанд байсан жижиг мөнгөн бурхан 1 ширхэг, жижиг шармал бурхан 1 ширхэг, жижиг шармал хүрээтэй бурхан 1 ширхэг, эдгээр дөрвөн тооны бурхан хулгайд алдагдсан байна. ...Тэдгээр бурхнуудын нэрийг нь би сайн мэдэхгүй, манай аав лам хүн байсан. Ааваас өвлөгдөж ирсэн дээр үеийн бурхнууд байсан. ...Яг хэдийн үеийн хийцтэй бурхан болохыг нь би сайн мэдэхгүй байна. Нэлээд дээр үеийн бурхнууд байгаа. Жаазтай бурхан нь зурман бурхан, нөгөө 3 ширхэг жижиг бурхан нь 1 нь хүрээтэй, доороо шүрэн шигтгээтэй бурхан, нөгөө 2 бурхан нь шар өнгөтэй бурхан байгаа. Яг ямар материалаар хийгдсэнийг нь сайн мэдэхгүй. Манай ах эгч нар бол алтан бурхнууд гэж ярьдаг байсан. ..Би дээрх бурхнуудаа ямар үнэлгээтэй болохыг нь сайн мэдэхгүй байна. Миний тухайд бол аав ээжээс өвлөгдөж ирсэн, насаараа тахиж шүтсэн бурхнууд учраас үнэлж болохгүй хосгүй нандин зүйлс байгаа юм. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж буруутай этгээдэд хуулийн хариуцлага оногдуулмаар байна надад учирсан хохирлоо бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх 73-74/,

            Гэрч Д.П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж дүү А. хамт сумын төвийн . ганц гэрээрээ амьдардаг. Хааяа манай дүү хөдөө мал руугаа явахаар ээж гэрээ цоожилж орхиод манайд ирж хонодог. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай дүү хөдөөнөөс галын модоо оруулж ирж хашаандаа буулгачхаад буцаад хөдөө явсан. Ээж тэр өдөр нь гэртээ ганцаараа өнжчихөөд орой нь 19 цаг өнгөрч байх үед гэрээ цоожлоод манайд ирж хоносон. Маргааш нь буюу 10 дугаар сарын 05-ны өдөр ээж манайд өнжөөд үдээс хойш нь 15 цаг өнгөрч байхад ээж бид хоёр хамт тэднийд очтол гэрийнх нь хаалганы даруулга төмрийг хажуу тийш нь нугалчихсан байсан. Ээж бид хоёр яагаад энэ нугаларчхав аа гэж ярилцаад гэрийн цоожийг онгойлгоод дотогш ортол ээжийн гэрийн хойморт байдаг бурхны гууны шилийг нь онгойлгосон дотор нь байсан хээтэй улаан хүрэн өнгийн модон жаазтай зурмал бурхан, уг жаазанд нь байсан гурван ширхэг жижиг бурхны хамт алга болсон байсан. Гэр доторхыг ажиглахад өөр ямар нэгэн зүйл алга болсон шинж харагдаагүй. Ээж бид хоёр ямар нэгэн зүйлд хүрэлгүйгээр гэрээс гараад буцаагаад цоожилсон. Ээж маань насаараа тахиж шүтэж ирсэн бурхнуудаа хулгайд алдсаныг хараад сэтгэл санаа нь тавгүйрхээд даралт нь ихсээд биеийн байдал нь хэвийн бус болсон. ...Ээжийн гэрийн хоймрын авдар дээр байдаг бурхны гуунд байсан хээтэй хүрэн улаан өнгийн модон жаазанд байсан зурмал бурхан 1 ширхэг, мөн тэр жаазанд байсан жижиг мөнгөн бурхан 1 ширхэг, жижиг гуулин бурхан 1 ширхэг, жижиг шармал хүрээтэй бурхан 1 ширхэг эдгээр дөрвөн тооны бурхан хулгайд алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /1хх 76-77/,

 Гэрч Б.Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Б нь миний нөхөр байгаа юм. ..2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байсан. Д, Б хоёр манай нөхөр Б луу утсаар залгаж хамт хөдөө яваад ирье гэж хэлж байсан. Тэгээд тухайн өдрийн орой 18 цагийн үед манай хашааны үүдэнд жижиг машин ирж зогсоод манай нөхөр суугаад явсан. Тэгээд явснаасаа хойш холбоо бариагүй байж байсан чинь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед утсаар холбогдож аймаг дээр ирсэн байна цагдаад мэдүүлэг өгөх гэж байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /1хх 79/,

 Гэрч Л.Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь миний нөхөр байгаа юм. ...2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байгаад 15 цагийн үед Д манай гэрт ирээд хамт хөдөө яваад ирье гэж хэлээд манай нөхөр Бг аваад гараад явсан. ...Тэгээд явснаасаа хойш холбоо бариагүй байсан чинь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 00 цагийн үед утсаар холбогдож аймаг дээр ирсэн байна цагдаа дээр хүрээд ирээч гэж ярьсан. Тухай өдрийн өдөр нь Д ирээд өөрийн 9 настай эмэгтэй хүүхдээ намайг харж байгаарай би хөдөөнөөс ирээд авна гэж хэлээд үлдээсэн. Тэгээд Д нь манай нөхрийг аваад Б, С нартай хөдөө явъя гэж хэлж байсан. Тэр хэдтэй явсан байх...” гэсэн мэдүүлэг /1хх 81-82/

Гэрч Б.Ц. мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн:  “...Б.С миний төрсөн дүү байгаа юм. ...Би 10 дугаар сарын 04-ний өдөр цайны цагаараа Б.Сын гэрээр орсон. Тэгтэл манай нөхөр, Б.С, наана нь 2 хүн байсан. Гэрийнх нь байдал нэлээд хэд хоног архи уусан байдалтай үнэр, танар, архины шил хөглөрсөн байсан. Нөхрийгөө цуг уучихсан байхаар нь “чи даанч яав даа битгий уу гэх байхад” гээд нөхрийгөө аваад гарсан. Чи согтуу байж яаж явах гэж байгаа юм гэхэд эрүүл жолооч олоод явна гээд байсан. Үүнээс хойш 2-3 хоног утас нь холбогдоогүй. Би явчихсан юм байх гэж бодсон. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагт над руу залгаж цагдаагийн газар хүрээд ирээч гэж хэлсэн. ...2021 онд Приус-20 маркийн 95-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж авч одоо хүртэл унаж, ашиглаж байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх 84-85/,

Гэрч Ж.Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн орчимд эрүүгийн ахлах мөрдөгч, ахмад С.П. над руу утсаар залгаад “Түдэвтэй суманд үйлдэгдсэн орон байрны хулгайн гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай байх тул Түдэвтэй суманд очиж Л.Н гэх хүнийг олж уулзаад . хүргэж өг” гэсэн үүргийн дагуу би Т.Л.Н гэх хүнийг олж уулзаж, ямар учир шалтгааны улмаас цагдаагийн байгууллагаас шалгах болсон шалтгааныг танилцуулан, албаны .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явж Тосонцэнгэл суманд хүргэсэн. Энэ хооронд иргэн Л.Н гэгч нь миний машинд суугаад явж байх хугацаандаа “өөрийн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна би одоо сум, нутаг орондоо амьдрах нүүргүй, хүний нүүр харах арга аргагүй боллоо” гэх мэтээр олон удаа хэлж, ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 87/

Гэрч Ц.О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Түдэвтэй сум Цорго багийн засаг дарга ажилтай. Ц.Д нь . . хашаанд оршин суудаг. Тухайн хаягийг 218 гэсэн тоотоор хаягласан байсныг иргэд . гэж дууддаг. Тухайн хаяг нь 2-18 тоот гэсэн нэршилтэй. Тухайн хашааны үүдэнд 218 тоот гэсэн тэмдэглэгээтэй байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх 90-91/

 “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 648 дугаартай “...2023 оны 10 дугаар сарын байдлаар мөнгөн гуутай шүрэн бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 8,000,000 төгрөг, гуулин гуутай бүрмэл бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,500,000 төгрөг, алтан бүрмэл бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3,000,000 төгрөг, зурмал бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,500,000 төгрөг, бүгд 14,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 160-171/

 “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний Завхан салбарын гэрээт үнэлгээчний 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай “...Toyota Prius-20 маркийн суудлын автомашины зах зээлийн үнэлгээг 3 машины дундаж үнэ ханшаар тооцон 5,400,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 182-184/, Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх 10-14/, Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-17/,Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 34-43/,

Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн яллагдагч А.Д, Б.Б, Л.Н нарын дугаарын орсон гарсан ярианы хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 50-65/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.2. Шүүгдэгч А.Д нь шүүх хуралдаанд өгсөн: “...2018 онд Л.Н ах манайд ирсэн. Ирчхээд ахад нь эртний 1 бурхан байдаг юм. Энийг борлуулаад өгчих ах нь шанг нь өгнө гэсэн. Хулгайн бурхан гэж хэлдэггүй байсан. Өнгөрсөн жилийн 10 дугаар сарын 03-ны үдээс хойш над руу яриад “хүрч ирээд бурхнаа аваадах” гэсэн. Би надад яваад очих мөнгө төгрөг алга, бензиний мөнгө ч алга, тэгээд ч би архи уучихсан байна гэж хэлсэн. Тэгээд ахиад залгасан. “Одоо хурдан хүрээд ир” гэсэн тэгээд би дүүдээ хэлээд үзье гээд Б.Бт хэлсэн. Б.Б, Л.Н 2 юу гэж ярьсныг би мэдэхгүй. Маргааш нь явахаар болоод очсон. Түдэвтэй сум руу орохын өмнө Б.Б надад “таныг Л.Н над дээр битгий авчир гэж хэлсэн та хонины хонхор руу ор” гэж хэлсэн.  Би архи уучихсан орон гаран байсан учир хонины хонхор руу орсон тэгээд энэ хүмүүс уулзсан. Н над руу “Чамд өгөх гээд байсан бурхан бэлэн байна хүрч ирээд аваадах” гэхээр нь  надад мөнгө төгрөг байхгүй, бензиний мөнгө ч алга бас би уучихсан байна дүүдээ хэлье гээд Б.Бын дугаарыг өгсөн энэ 2 холбогдож ярьсан байх юу гэж ярьсныг нь би мэдэхгүй. Тухайн үед ямар бурхан, хэдэн ширхэг байгаа талаар надад хэлээгүй. Б.С бензиний мөнгө гаргасан. Би Ж.Бгийнд очсон. Ж.Б гарч яваад бензин тосны мөнгө болчихлоо явъя гээд Б.Б ирсэн. Гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон үйлдлийн талаар маргах зүйлгүй, маш их гэмшиж байна. Н над руу эхэлж ярьж бурхан байгаа ирээд ав гэсэн. Би Бт Л.Н гэж хүн манай хүргэн байгаа юм нэг бурхан байна хүрч ирээд аваадах гэж байна. Мөнгө төгрөг ахад нь байдаггүй гээд Л.Нгийн дугаарыг Б.Бт өгсөн. Энэ 2 юу гэж ярьсныг би мэдэхгүй. 10 дугаар сарын 04-ний өглөө Ж.Бгийнд байж байтал Ж.Б гараад явчихсан. Б.Стай очиж уулзсан юм байна лээ. Машин, шатахуун болсон гэж хэлсэн.Бүгд хоорондоо ярилцсан тэгээд явсан гэж бодож байгаа. тухайн үед Б.Б машин бариад хажууд нь Б.С суугаад, ард Ж.Б бид хоёр сууж явсан. Айл руу Б.Б, Ж.Б нар буугаад явсан. Бууж явсныг нь яаж санаж байна вэ? гэхээр энэ хоёрыг буугаад явсны дараа Б.С “хөөе архи уу” гээд дуудаад архи өгсөн. Б.Б, Ж.Б нар буугаад явсан яаж үйлдсэнийг мэдэхгүй байна. Бурхныг Б.Б барьж орж ирсэн. Бид нар Улаанбаатар явах замдаа ярилцсан. Машины бензин дуусаж байна. Буцах замдаа яах вэ? гэхэд Б.С надад 500,000 төгрөг байна. Энэ хангалттай гэж хэлсэн. Нэг бурхан нь доошоо суудал руу унасан байсан цагдаа хараад асуухад нь миний бурхан байгаа юм гэж хэлсэн. Бусад 3 бурхан нь  Б.Сын халаасанд байсан. Б.Б, Ж.Б бид 3 мотоцикл дээр гуравлаад Б.Сын гэрт очоод Сын машиндаа суугаад хөдөлсөн. Бурханыг авсны дараа энэ бурхан үнэтэй бурхан уу? үнэгүй бурхан уу? гээд дөрвүүлээ үзсэн. Гэтэл Б.С “би алтны ченж, алт мэддэг учир энэ бурхныг алтан бурхан гэж мэдэж байна” гэж хэлсэн...” гэсэн,

Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд өгсөн: “...Энэ хэрэгт цуг явсан нь үнэн. Хулгайн хэрэгт цуг явж байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сарын 03-ны орой А.Д нэлээд халамцуу утсаар ярьсан. Ярихдаа “чиний дугаарыг нэг хүнд өгчихлөө шүү” гэсэн юун хүн бэ гэсэн чинь “бурхан зарах хүн байгаа юм” гээд тасалсан. Маргааш өглөө нь босоод байж байтал танихгүй дугаар залгаад “Д чамтай ярь гээд чиний дугаарыг өгсөн, чи бурхан авдаг хүн юм уу, надад 1 ширхэг бурхан байна” гэж хэлсэн тэгээд би хүн рүү ярьчхаад буцаагаад тань руу хэлье гээд тасалсан. Би Д руу залгаад нөгөө хүн чинь ярьж байна юу хүн бэ? гэхэд манай хүргэн хүн байгаа юм. Наад бурхныг чинь цөөхөн төгрөг өгөөд авчих юм тэгээд Улаанбаатарт аваачаад үнэд хүргээд зарна гэж хэлсэн. Тэгээд Л.Н гуай руу залгаад юм чинь найдвартай юм уу? орой яваад очъё гэхэд бэлэн мөнгөтэй ирээрэй. Би дансаар мөнгө авахгүй шүү гэсэн. Өдөр А.Д “чи хаана байна, Нямаалайтай ярьчихлаа хурдан хүрээд ир гээд байна би Ж.Бгийнд ирсэн байна. Ж.Б унаа олж ирэх гээд гарсан” гэхээр нь малаа янзалчхаад яваад очтол Ж.Б ирсэн. Б.Стай явахаар болчихлоо унаа олсон гээд Ж.Бгийнд байсан. Тэндээс гараад Б.Сынд ирэхэд баахан хүмүүстэй архи уусан бололтой гэртээ унтаж байсан. Тэгээд Б.Сыг босгоод Түдэвтэй орох ажилтай боллоо гэхэд би согтуу байна гэж Б.С хэлсэн. Би эрүүлээрээ жолоодъё гээд жолоодохоор болоод гэртээ ирж мотоциклоо хашаандаа тавиад шууд гарсан. Замдаа дэлгүүр дээр зогсоод 1 шил архи, ундаа, тамхи ойр зуурын юм аваад шууд гарсан. Замдаа энэ 3 архи уугаад яваад байсан. Би жолоо барьж байгаа учраас уугаагүй. Тэлмэн суманд ирэхэд архи нь дууссан гээд дэлгүүрээс Б.Сын картаар архи авсан. Тэлмэн суман дээр зогсож байхдаа Л.Н гуай руу яриад очиж явна шүү. Очоод тань руу залгая гэж хэлсэн. Тэр үед А.Д утсаа үлдээсэн байсан. Ганц байгаа цэнэгтэй, нэгжтэй, мөн би эрүүл байсан болохоор  утсаар яриад яваад байсан. Тэгээд Л.Н гуай “наад Доовой /А.Д/ чинь согтуу байвал битгий авчраарай. Ирэхээрээ агсам тавиад элдэв юм яриад байдаг юм” гэж хэлсэн тэгээд Түдэвтэй сум руу салдаг дээр зогстол А.Д “Л.Н бид 2 таарамж муутай байдаг юм би энд хоцорно” гэхээр нь та яаж энд хоцордог юм гэхэд тэгвэл би багажид орчихъё гээд багажид орсон. Шууд яваад Түдэвтэй сумын төв рүү орсон тэгээд гэрийг нь олохгүй байхаар нь Л.Н гуай руу залгаад гэрийг нь заалгаад гэрийнх нь гадаа очсон. Тэгээд би буугаад гэрт нь орсон. Эхнэр нь бололтой эмэгтэй хүн байсан, 2 жоохон хүүхэд унтаж байсан. Л.Н гуай “би энэ хүнд мал ачилцаж өгчхөөд ирье” гээд эхнэртээ хэлээд дээлээ өмсөөд бид 2 гэрээс гарсан. Гарч ирээд машинд суугаад гэрээс нь зайдуу зогссон. Тэгтэл Ж.Б тал шилтэй архиа тойруулаад юм яриад суусан. Л.Н гуай та нар бэлэн мөнгөтэй ирсэн үү гэхэд нь Б.С “бэлэн мөнгө оройтоод авчирч чадсангүй таны дансыг авъя маргааш найдвартай хийнэ, нөгөө айлаа заагаад өгчих” гэсэн төв зам өгсөөд явж байгаад ногоон хашаатай айлыг “энэ айл байгаа юм” гээд ногоон хашаатай айлын урдуур эргээд Л.Нг гэрт нь хүргэж өгөөд гудмын үзүүр дээр зогсоод А.Дыг багажаас гаргаж ирсэн. Тэгээд яваад айлын гадаа ирсэн. Айлын хашааг өнгөрч зогсоод би “энд юу байгаа юм бэ?” гэхэд А.Д нэг ширхэг алтан бурхан байгаа ах нь мэддэгээрээ ороод аваад ирье гээд багажид байсан Б.Сын дээлийг нөмрөөд буусан чинь араас нь Ж.Б “би цуг орно наадах чинь согтуу юугаа мэддэг юм” гээд араас нь буусан хэсэг хугацааны дараа Ж.Б нохойд хөөгдлөө гээд ороод ирсэн. А.Д араас нь модон хайрцагтай бурхан бариад ороод ирсэн. Тэгээд шууд хөдлөөд явсаар байгаад Түдэвтэй сумаас гараад зогссон. Зогсоод бурхнаа гаргаад иртэл дотор нь 3 ширхэг жижиг бурхан байсан. Бурхануудыг  тойруулж үзээд байж байтал Б.С энэ шар нь алтан бурхан юм шиг байна үнэд хүрэх юм шиг байна гээд бөөнөөрөө одоо яах уу? гэтэл Д. /А.Д/ ах эд нарыгаа хот оруулж борлуулчхаад буцъя гээд тэгээд Улаанбаатар руу явсан. Энэ 3 замдаа унтаад байсан маргааш нь хоолонд орсон тэгээд цаашаа явж байтал цанын баазад цагдаа таараад зогсоосон. Багажаа шалгуулсан чинь дотор талаа шалгуул гэсэн. Хаалгануудаа онгойлготол энэ 3 унтаж байсан сэрээд машинаас буусан. Гэтэл 3 бурхнаа машины урд талын хайрцагт хийсэн байсан. 1 жижиг бурхан нь сандлын хажуу руу шал дээр унасан байсан цагдаа нар “энэ юу бурхан бэ?” гэхэд А.Д “миний бурхан байгаа юм” гэсэн энийг чинь шалгана хуучны бурхан байх шиг байна хаанаас яваа юм гээд Улиастайгаас явна гэж хэлээд шалгуулсан. Орой Улаанбаатараас хүмүүс ирээд манай ээжийн бурхан мөн байна гээд баригдаад маргааш нь аймаг дээр байцаалт өгсөн...” гэсэн,

Шүүгдэгч Ж.Б нь шүүх хуралдаанд өгсөн: “...Эд нартай цуг явсан нь үнэн гэмшиж байна. 10 дугаар сарын 04-ний өглөө гэртээ байж байтал А.Д 1 шил архитай гэрт орж ирсэн. Эхнэр гарч уу наадхаа гэтэл байж бай би 2 үг солиодхий гээд надаас Улаанбаатар явах машин байна уу? гэхэд нь Б.С хот явна гэсэн өчигдөр архи уугаад тасраад унасан байх цаадах чинь эрүүл жолооч л хайгаад байгаа гэж хэлсэн. 1 шил архи уучхаад А.Д явсан. Тэгээд би гэрээсээ гараад Б.Сынд очиход 3 залуутай архи уугаад сууж байсан. Тэгээд чи хот явах юм уу гэхэд жолооч л байвал одоо ч хамаагүй явмаар байна гэхээр нь би А.Д руу залгаад эрүүл жолооч байвал одоо ч хамаагүй явна гэж байна гээд хэлсэн. Тэгээд байж байтал А.Д, Б.Б 2 мотоциклтой Б.Сынд ирсэн. Тэгээд Б.С согтсон байсан. Би гэр рүүгээ яваад өгсөн. Оройхон болсон чинь Б.С арай сэргэсэн байна Б.Баар машинаа бариулаад явъя гээд хүрээд ирсэн. Тэгээд Б.Бын утас нь дуугараад нөгөө ах залгаж байна гэсэн чинь А.Д гараад ярьчих гэж хэлсэн. Тэгээд гарч ярьсан. Тэлмэн суманд ирээд дэлгүүрээс орж архи авсан. Б ахиад нөгөө ах залгаж байна хаана явж байна гэж хэлэх үү? гэж байсан. А.Д өөрөө мэдээд ярь гэж хэлж байсан. Улиастайгаас гарч байхад А.Д Түдэвтэй орж ахаасаа нэг юм авна гэж хэлж байсан. Тэгсэн чинь Түдэвтэй сум орсон байна лээ би сайн мэдэхгүй байна. Б бор дээлтэй ахыг дагуулж орж ирээд суусан А.Д машин дотор байхгүй байсан. Хөдөлж яваад нэг газар зогсоод Бтай буусан тэгээд эргэж очоод Л.Н ах буусан. Тэгээд хөдөлж яваад нэг газар зогсоод Б.Б буугаад явахаар нь би араас нь буугаад шээгээд зогсож байтал айлын нохой дайрахаар нь би буцаад машиндаа суусан. Орж ирээд суухад А.Д машин дотор сууж байсан “та яав” гэсэн чинь хүргэн ахаасаа нуугдсан байсан гэж хэлсэн. ...Цагдаа Б.Бын үнэмлэхийг шалгаад, бид нарыг буу гээд нэгжээд модон хайрцагтай бурхан урд талын шал дээр унасан байсан. Бурханыг аваад зургийг нь аваад юун бурхан бэ? гэхэд А.Д миний бурхан гээд цагдаад хэлсэн. Сүүлд нь миний бурхан, намайг худалдаж авсан гэж хэлээрэй гэж байсан. 3 жижиг бурхнаа хайж байсан чинь Б.С гаргаад ирсэн. А.Д наад гурваа хая гай болно гэж хэлсэн. Тэгээд хулгай боллоо гэдгийг мэдсэн...” гэсэн,

Шүүгдэгч Б.С нь шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны хавьцаа Өмнөговь аймгаас ажлаас дуудаад байхаар нь гадаад паспортоо захиалчхаад хэд хоног архи уусан. Тэгээд эрүүлжиж явж чадахаа больсон. Тэгтэл 10  дугаар сарын 03-ны өдөр Ж.Б манайд орж ирээд “чи хэзээ явах гэж байна, би хот явах ажил гарчихлаа гэхэд нь би эрүүлжиж чадахгүй байна. Архинаас сайн гарч чадахгүй байна. Өглөө босоод 2 хундагыг уучих юм тэгэхээр буцаад согтоод байна. Эрүүл жолооч олдвол хэзээ ч хамаагүй явмаар байна” гэж хэлсэн. Тэгээд тэр орой ахиж архи ууж хоноод өглөө нь 2-3 хүнтэй архи уугаад сууж байгаад хөдөө явж найзынхаа машиныг татаж өгөх болоод сууж байтал Ж.Б орж ирээд “хэзээ явах гэж байна” гэхээр нь “эрүүл жолооч байвал хэзээ ч хамаагүй явмаар байна” гэсэн чинь би хүнтэй яриадахъя түрүүн Доовой /А.Д/ хот явах юм ярьж байсан гээд гараад явсан. Би нөгөө хүмүүстэй архи ууж сууж байгаад тасарч унаад унтаж байтал хаалга нүдтэл гаднаас А.Д, Б.Б, Ж.Б 3 ороод ирсэн эрүүл жолооч олчихлоо явъя гэсэн. Тэгээд цүнхтэй хувцсаа чирээд машиндаа суусан. Шартсан байсан учраас Б.Быг архи аваад, замдаа идэж уух зүйлээ аваарай гээд картаа өгсөн. Тэгээд Улаанбаатар явах гэж л Улиастайгаас гарсан. Архи уугаад тасраад сэрэхэд Тэлмэн дээр явж байсан. Б.Б 1 билүү 2 шил архи авсан тэрийг нь уугаад ахиад тасарсан байгаад сэртэл машин зогссон байсан “хаана байна гэхэд Түдэвтэй сум орж ирж байна” гэсэн. Тэгээд “Улаанбаатар явахгүй яагаад наашаа ирчих вэ?” гэхэд “Доовой /А.Д/ ах хүнээс юм авна гэсэн” гэхээр нь “аан заа заа” гээд согтуу болохоор дэн дун ухаан санаа орж гараад байсан. Нэг хүнтэй ярьсаар байгаад Б.Б айл руу ороод нэг хүн дагуулаад гарч ирээд машинд суулгаад гудмаар яваад байсан. Тэгээд энэ ахыг буусныг нь санахгүй байна. Нэг сэрээд “хүн байна уу” гэсэн чинь Доовой /А.Д/ “би энд байна” гэхээр нь “нааш ир архи уу” гээд дуудсан тэр үед Ж.Б, Б.Б 2 байхгүй байхаар нь нөгөө 2 хаачив гэсэн чинь мэдэхгүй ээ буугаад л явлаа гэсэн тэгээд сууж байтал Б.Б ороод ирсэн. Нэг хайрцагтай юм гаргаж ирснээ энэ мөн үү Доовой /А.Д/ ах гэсэн чинь мөн мөн гээд араас  нь Ж.Б орж ирсэн. Тэгээд хөдлөөд явсан. Би унтаж байгаа сэрхэд өглөө Их-Тамир сум дээр нар тусаж байхад очсон. Тэнд хоол идээд архи уугаад Улаанбаатар явсан. Цанын баазад 16 цагийн үед очсон тэгээд цагдаа нар шалгаад тэнд хоносон. Би очоод цагдаа нартай очиж уулзаад юу болоод байна би ажилтай” гэсэн чинь болоогүй байж бай та нар гэж хэлсэн тэгээд 2 хоноод Улиастай руу авчирсан. Нэг байцаагч Сундуй ахаа та хулгайн бурхан нуусан юм биш үү гэхээр нь би заагаад өгье тэнд хаясан шүү дээ гээд дүрсээ харж ярьж байгаад зааж өгсөн...” гэсэн,

Шүүгдэгч Л.Н нь шүүх хуралдаанд өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 10 дугаар сарын 03-ны өдөр А.Д над руу ярьсан. Надад тийм үнэтэй бурхан байгаагүй. Би бол наймаа хийх гэж байгаа юм гэж бодсон. А.Д миний хадам дүү, би хүргэн нь байгаа юм. Надад нэг очиртой хонх байсан тэрийг аваад явсан тэгэхээр нь наймаа хийдэг юм байна гэж бодсон. Б.Б, Ж.Б, Б.С нарыг би танихгүй. Б.Б над руу яриад танайхыг олохгүй байна гэхэд нь би зааж өгөөд хашааны үүдэнд гартал гадаа ирсэн байсан. Гэртээ орж дээлээ өмсчхөөд эхнэртээ энэ хүнтэй явж мал ачилцаад ирье гэж хэлээд гарсан. Машинд нь суухад 1 шил архи байсан надад өгөхөөр нь амсаад л буцаагаад өгсөн. Айл заагаад өг гэхээр нь айлыг нь зааж өгтөл буцаад намайг гэрт хүргэж өгсөн тэрнээс цааш эд нарыг яасныг нь мэдэхгүй. Дгийн охин нь манай бэр байгаа юм. Тэр орой буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны орой хөдөө байдаг нэг залуу нь модоо буулгачхаад хөдөөгөө явсан. Д нь манай хүүгийнд ирж хоносон...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээс шүүгдэгч Л.Н нь бурхан байгаа ирж авах талаар шүүгдэгч А.Дт мэдэгдсэн, шүүгдэгч А.Д нь шүүгдэгч Б.Бт энэ талаар хэлсэн. Шүүгдэгч нар нь ярилцаад Б.Сын приус-20 маркийн 95-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумаас гарч Түдэвтэй сум орж Л.Нтэй уулзсан. Л. Н бэлэн мөнгө авч ирсэн талаар асуухад С данс руу хийхээр хэлсэн. Л.Нгээр хохирогч Ц.Дгийнх буюу бурхан байгаа газрыг заалгаж ороод 4 ширхэг бурхан авсан. Уг бурхнуудаа Түдэвтэй сумаас гарч яваад үзэхэд Б.С нь үнэ хүрэх талаар хэлсэн. Тэндээсээ Улаанбаатар хот руу явж байхад цагдаа зогсоож шалгасан. Машинаас 1 ширхэг бурхан гарсан. Бусад 3 ширхэг бурхныг Б.С халаасандаа хийсэн байснаа хаясан гэх хэргийн үйл баримтууд тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

2. Шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

3. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

3.1. “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нар нь өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хохирогч Ц.Дгийн гэрийн хаалганы цоожны даруулгыг хажуу тийш нь дарж хууль бусаар орсон үйлдлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзнэ.

3.2. Шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нар нь Завхан аймгийн Улиастай сумаас . Б.Сын тээврийн хэрэгслээр ирсэн бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдээд буцаад уг тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу хулгайлсан бурханаа худалдан борлуулахаар явсан, шүүгдэгч Л.Нг суулгаж хохирогчийн гэрийг залгасан үйл баримт тогтоогддог ба тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Л.Нгийн шүүгдэгч А.Дыг дуудаж, хохирогчийнх эзэнгүй, бурхан авах боломжтой талаар мэдэгдэж, тээврийн хэрэгсэлд сууж хохирогчийн гэрийг зааж өгсөн, тэдгээрт бэлэн мөнгө авч ирэх талаар хэлж нэхэж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэв.

- Шүүгдэгч А.Дын бурхан байгаа талаар А.Бт мэдэгдэж, Б.Б Л.Н нарыг хооронд нь холбож, бурхан хулгайлах үйл ажиллагааг зохион байгуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад зохион байгуулсан, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэв.

-Шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Л.Нтэй холбогдож хохирогчийн гэрийг заалгаж, гэрт хууль бусаар нэвтэрч бурхан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад гүйцэтгэгчээр, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэв.

-Шүүгдэгч Б.Бгийн шүүгдэгч А.Дт тээврийн хэрэгсэл олж өгсөн, шүүгдэгч Л.Нгээр хохирогчийн гэрийг заалгаж, гэрт хууль бусаар нэвтэрч бурхан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад гүйцэтгэгчээр, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэв.

- Шүүгдэгч Б.Сын тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн шатахууныг бэлдэж, Л.Нд бурханы мөнгийг шилжүүлэх талаар амлаж, шүүгдэгч Л.Нгээр хохирогчийн гэрийг заалгаж, гэрт хууль бусаар нэвтэрч байгааг мэдсээр байж гадаа машиндаа хүлээж байсан, бурхнуудыг худалдан борлуулах үнэ хүргэх талаар урьдчилан амлаж, 3 ширхэг бурханыг нуусан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэв.

Тиймээс шүүгдэгч нарыг үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Ж.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Н, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  хэсэгт зааснаар гэж яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

3.4. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Ж.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Н, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бүлэглэн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.Дд 14,000,000 төгрөгийн хохирол учирсан болох ньХөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 648 дугаартай “2023 оны 10 дугаар сарын байдлаар мөнгөн гуутай шүрэн бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 8,000,000 төгрөг, гуулин гуутай бүрмэл бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,500,000 төгрөг, алтан бүрмэл бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3,000,000 төгрөг, зурмал бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,500,000 төгрөг, бүгд 14,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлтээр, мөн хохирогч нь алдсан эд зүйл болох 4 ширхэг бурхнаа хүлээн авсан болох нь мөрдөгчийн хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...надад учирсан хохирлоо бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна...” гэж мэдүүлсэн байх боловч хохирол төлбөртэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч нарт холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Ж.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Н, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бүлэглэн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

5.2. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

5.3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь “...шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү…” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч А.Д нь “…Би бурханыг хулгайлах гэж байгааг мэдээгүй худалдах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Бтай холбож өгсөн. Би бурханыг авахаар хохирогчийн гэр лүү ороогүй. Б.Б, Ж.Б хоёр орсон…” гэж,

Шүүгдэгч Б.Б нь “…Би худалдаж авах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Би бурханыг авахаар хохирогчийн гэр лүү ороогүй. А.Д, Ж.Б хоёр орсон…” гэж,

Шүүгдэгч Ж.Б нь “…Би хот явах гэж байна юм байна гээд Сын машинд суугаад явсан. Би бурхан хулгай хийх гэж байгааг мэдээгүй. Би бурханыг авахаар хохирогчийн гэр лүү ороогүй. Би бие засах гэж машинаас буусан. Хохирогчийн гэр лүү хэн орсныг мэдээгүй. Бурхныг худалдаж авсан гэж бодсон…” гэж,

Шүүгдэгч Б.С нь “…Би Улаанбаатар хот руу явж байгаа гэж ойлгосон. Бурхан хулгай хийх гэж байгааг мэдээгүй. Цагдаа зогсоогоод тэр шөнөө хоноод маргааш нь А.Д наад 3 юм аа аваачаад хаячих гэхээр нь би хог руу хаясан...” гэж тус тус гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн шүүх хуралд маргасан учир тэдгээрийн шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэж хэлснийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь нотлох баримтаар тогтоосон хэргийн үйл баримтыг харгалзах хууль зүйн дүгнэлтийн хамт зөвшөөрөх ойлголт юм.

Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх шийдвэрлэлээ.

5.4. Шүүгдэгч А.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, мөн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгж буюу 455,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн байсан,

Шүүгдэгч Ж.Б нь урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Б.С нь урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Л.Н нь урьд Ардын армийн тусгай шүүхийн 1987 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн /б/, 198 дугаар зүйлийн /а/, 73 дугаар зүйлийн /а/-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүхийн шийтгэх тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байна.

5.5. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шүүх хуралдааны оролцогч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Дт 2 жил 6 сар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Б нарт тус бүрт 2 жил 4 сар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.С, Л.Н нарт тус бүрт 2 жил 2 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.Бт Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сар, 12 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил, 5 сар, 12 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 251 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялд оруулан тооцох,

Шүүгдэгч А.Д нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 26 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан учраас шүүгдэгч А.Д, Ж.Б, Б.С, Л.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Prius-20” маркийн 95-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх байх тул тээврийн хэрэгслийн үнэ буюу үнэлгээчний дүгнэлтээр тогтоогдсон 5,400,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Toyota Prius-20” маркийн 95-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Ж.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Н, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  хэсэгт зааснаар зүйлчилж гэж өөрчлөлт оруулсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б. овогтой А. Д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А. овогт Б. Б, З. овогт Ж. Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.овогт Б С, А. овогт Л.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  хэсэгт заасан бүлэглэн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б. овогтой А.Дт 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А. овогт Б. Б, З. овогт Ж. Б нарт 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц. овогт Б. С, А.овогт Л.Н нарт 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сар, 12 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил, 5 сар, 12 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, Б.Б, Ж.Б, Б.С, Л.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэрэгт 2024 оны оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 251 хоног, шүүгдэгч А.Д нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 26 хоног цагдан хоригдсон тул шүүгдэгч Б.Б, А.Д нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч А.Д, Ж.Б, Б.С, Л.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хохирогч Ц.Д нь хохирол төлбөр, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч нарт холбогдуулан жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Prius-20” маркийн 95-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,400,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү буюу 1,080,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Toyota Prius-20” маркийн 95-15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

12. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ӨЛЗИЙХИШИГ