Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02738

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/0

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

 Хариуцагч:

Хариуцагч:

Плинтусыг дутуу будсанаас будагны өнгө нь зөрсөн, хоорондох том том гарсан зайнуудын доголдолыг хариуцагчийн хөрөнгөөр арилгуулах, 4.811.796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С. нь өөрийн эзэмшлийн орон сууцандаа блинтүүс, хувцасны шүүгээ, шатны нүүр, гал тогооны аркны налишник, хүүхдийн орны тавиур, хонгилын шүүгээ, хаалганы налишник зэрэг модон хийцийн 7 төрлийн ажлыг хийлгүүлэхээр  ... ХХК-д хандахад компаний зүгээс 14.129.940 төгрөгт хийж гүйцэтгэнэ гэж үнийн санал танилцуулсан байдаг ба 7 төрлийн ажил хийлгүүлж байгаа учраас нийт 10.000.000 төгрөгөөр тооцон хариуцагчийн зүгээс хийж өгөхөөр тохиролцон талууд 2015 оны 06 сарын 17-ны өдөр Модон хийц, тавилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Маргааш нь буюу 2015 оны 06 сарын 18-ны өдөр гэрээний урьдчилгаа 7.000.000 төгрөгийг захирал Л.Энхбаярын хэлснээр  ... ХХК-ний менежер Гомбын Агиймаагийн Хаан банкин дахь 5030165289 дансанд С. нь шилжүүлэн ажлаа гүйцэтгэх бүрэн боломжоор хариуцагчийг хангасан байдаг. Гэрээний хугацаа нь урьдчилгаа төлбөр хийгдсэн 2015.06.18-наас 2015.07.27-ны өдрийг хүртэл буюу ажлын 28 хоногийн хугацаатай байсан боловч энэ хугацаанд гэрээнд тусгагдсан зөвхөн 2 төрлийн ажлыг буюу байрны 1 дүгээр давхрын шатны 15 ширхэг нүүр, тавцан, гишгүүрийг л дутуу хийж гүйцэтгэсэн, 100 метр блинтүүсийг хоорондоо том завсартайгаар залгасны улмаас том том зайтайн дээр дутуу будсан учир өнгөнүүд нь зөрсөн байдалтай хийгээд  ... ХХК-ний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэд гүйцэтгэлгүй тэр чигт нь орхиод гэрээнд заагдсан бусад 5 ажлуудыг огт гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, мөн чанаргүй хагас дутуу хийгээд алга болсон тул нэхэмжлэгчийн зүгээс  ... ХХК-ний захирал Л.Энхбаяртай холбогдох гэж олон удаа оролдсон боловч утсаа салгаад таг чиг болсон учраас нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулсан боловч залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэрээний үүргийн харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргаан байна гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 470 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингээд 2016 оны 03 сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан  ... ХХК-ниас гэрээнээс учирсан хохиролд 7.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тухайн компани нь гэрээн дээр бичсэн байсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр 2016 оны 04 сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн №15768 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжилсан тул тус компанийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаснаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн №183/ШШ2016/00507 дугаартай захирамжийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс  ... ХХК-нийг эрэн сурвалжлан хаягийг нь тогтоосноор ийнхүү шүүхэд хандаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хийсэн шатны 15 ширхэг нүүр, тавцан, гишгүүрийг 1.153.200 төгрөгөөр хийсэнд тооцож, 100 метр плинтүүзний өнгөний алаг цоогийг нь хариуцагчийн зардлаар арилгуулан /гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т захиалагчийн эрх болгон оруулсан байдаг/ 3.312.000 төгрөгөнд плинтүүзийг мөн хийсэнд тооцож нийт урьдчилгааны 7.000.000 төгрөгнөөс 4.465.200 төгрөгөөр тавилга хийлгүүлсэнд тооцож үлдэгдэл 2.534.800 төгрөгийг 688.198,2 төгрөгийн алдангийн хамт нийт 3.222.998,2 төгрөгийг хариуцагч “ ...” ХХК болон Г. нараас гаргуулахаар нэхэмжилсэн байсан.

Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн анх нэхэмжилсэн 3.222.998,2 төгрөгийг 1.588.798 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 4.811.796 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, мөн плинтусыг дутуу будсанаас будагны өнгө нь зөрсөн, хоорондох том том гарсан зайнуудын доголдолыг хариуцагчийн хөрөнгөөр арилгуулах шаардлагыг тус тус гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлд  заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 7 төрлийн ажил гүйцэтгэхдээ гүйцэтгэгч талаас төсөв зохиогоод үнийн саналаа илгээсэн  Анх 14.000.000 төгрөгөөр тухайн ажлыг хийхээр тохиролцсон байснаа 7 төрлийн ажил хийлгэх юм чинь ажлын хөлсийг 10.000.000 төгрөг болгож тохиролцсон. 7 төрлийн ажлыг талууд аль аль нь мэдэж байсан урьдчилгаа төлбөрийг өгснөөр ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Хугацаандаа амжаагүйн хувьд наадам болон амралтын үе таараад тодорхой хугацаа алдсан дараа нь ажлаа гүйцэтгэх гэсэн боловч захиалагч тал хөдөө орон нутгаар гэр бүлээрээ амрахаар орон байраа түгжээд явсан байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 100 метр шал хувцасны шүүгээ гэх мэт ажил хийлгэх байсан. Ажил хийлгэх явцад захиалагч 2-3 давхар хүртэлх шатаа хийлгэхгүй өөр зүйлд мөнгийг нь зарцуулахаар тохиролцсон байдаг. Гүйцэтгэгч талаас шатны хөлсөөр өөр ажил хийлгэе гэсэн боловч тэгэх боломжгүй гэж хэлснээс болоод үл ойлголцол үүссэн. Түүнээс хариуцагч компани хийж чадахгүйдээ хаяад явсан юм биш, тэрнээс болоод гэрээгээ цуцлая гэдэг саналыг явуулсан хариуцагч талаас явуулсан. Бид урьдчилгаа төлбөрт авсан 7.000.000 төгрөгнөөс хийсэн ажлын зардлаа тооцоод танайд 1.400.000 төгрөг буцааж олгоё гэхэд хариу өгөөгүй байж байснаа цагдаагийн байгууллагад өгчихсөн байсан. Цагдаагийн байгууллага гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Хариуцагчийг эрэн сурвалжлуулсан талаар дурьдсан байна. Анх энэ газрыг яаж олсон шигээ олох боломж нь байсан. Үүсгэн байгуулагдснаас хойш СБД-ийн эрхүүгийн гудамж Ган төвд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа, тэгэхэд энхтайвны гүүрний доор очоод Энхбаяр нь байхгүй байсан ч ажилчид нь байгаа утсаа аваагүй нь үнэн байх, бид хийсэн ажлаа анхны санал болгосон үнийн саналаа дэмжиж байгаа 6 сарын 15-ны өдөр захиалагч төсөв зохиох эрхтэй бид анхны үнийн саналаа 100 метр плинтусд 3.000.000 төгрөг орох юм байна. Нэг метрт шилжүүлэхээр 1 м 46000 төгрөг үүнийг 28 хувиар бууруулж 33120 төгрөгөөр шатны гишгүүрийг 96,136 төгрөг буюу 20 хувь хямдруулаад 76.000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Шатны ажил 1 гишгүүр шатны үнэ 76888 төгрөг нийт 1236000 төгрөг буюу нийлээд 5.356.722 төгрөгний ажлыг гүйцэтгэсэн. Алдангын хувьд тусгайлсан саналгүй, хариуцагч нараас гаргуулая гэж шаардаж байна. ИХШХШТХ-д хариуцагч гэж хэн бэ? гэдгийг заагаад өгчихсөн.   гэдэг хүн компаний менежер гэтэл гэрээний нэг тал нь хуулийн этгээд нөгөө тал нь иргэн Баасанжав энэ 2-ын хооронд харилцаа үүссэний төлөө Агиймаа ямар хамааралтай юм бэ? Энхбаяр гэдэг хүн Агиймаагийн данс руу шилжүүлчих гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Энэ мөнгийг  биш компани авсан нь гүйцэтгэсэн ажлаас харагдаж байна. Зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 1.143.608 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүн дээр 120 метрийн алаг цоог болгосон ажлыг хүлээн зөвшөөрнө. Шинжээчийн дүгнэлтэд будаг нь илт зөрсөн байна гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, Энхбаяр үүнийг хүлээн зөвшөөрч байгаа доголдлыг засах үүргээ биелүүлэхээ ухамсарлаж байгаа, Агиймаагийн хувьд хуулийн этгээд иргэн хоёрын үүссэн маргаанд гэр бүлийн хүмүүс байсан ч хэн нэгний гэм бурууг нялзааж болохгүй. Иргэн Баасанжавын өмнө  үүрэг хүлээх ёсгүй учраас д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С. нь хариуцагч “ ...” ХХК, Г. нарт холбогдуулан плинтусыг дутуу будсанаас будагны өнгө нь зөрсөн, хоорондох том том гарсан зайнуудын доголдолыг хариуцагчийн хөрөнгөөр арилгуулах, 4.811.796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээс плинтусыг дутуу будсанаас будагны өнгө нь зөрсөн, хоорондох том том гарсан зайнуудын доголдолыг хариуцагчийн хөрөнгөөр арилгуулах хэсгийг, 4.811.796 төгрөгийн 1.643.168 төгрөгийг, хуульд заасан алдангийн хамт тус тус төлөхийг хүлээн зөвшөөрнө үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч “ ...” ХХК, нэхэмжлэгч иргэн С. нарын хооронд 2015 оны 06 сарын 17-ны өдөр Модон хийц, тавилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр газар дээр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 хэсэг Эрдэнийн төгөл АОС байрны 25 тоот байранд модон хийцийн плинтус /хүрээ мод, их бие /МДП/, хувцасны шүүгээ, шатны нүүр /0,96*0,27, 0,96*0,17/, гал тогооны аркны налишик, хүүхдийн орны тавиур, хонгилын шүүгээ, хаалганы налишик зэрэг 7 төрлийн ажлыг 2015 оны 06 сарын 18-ны өдрөөс 2015 оны 07 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, гэрээний нийт үнэ 10 000 000 төгрөг, урьдчилгаа төлбөр 70 хувь 7 000 000 төгрөгийг тавилгуудыг угсарч будахад бэлэн болсон өдөр, дундын санхүүжилт 20 хувь 2 000 000 төгрөгийг будганд ороход бэлэн болсон өдөр, үлдэгдэл төлбөр 10 хувь 1 000 000 төгрөгийг суулгалт хийхийн өмнө тус тус тооцохоор харилцан тохиролцжээ. /хх-ийн 9-14 дүгээр хуудас/

Зохигчдын гаргасан тайлбар, тэдний хооронд байгуулагдсан 2015 оны 06 сарын 17-ны өдрийн Модон хийц, тавилгын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч С. нь гэрээ байгуулсан өдрийн маргааш буюу 2015 оны 06 сарын 18-ны өдөр гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 7 000 000 төгрөгийг хариуцагч “ ...” ХХК-ийн менежер Г.гийн ХААН банкны 5030165289 дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн 6-7 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээнд заасан хугацаа буюу 2015.06.18-ны өдрөөс 2015.07.27-ны өдрийг хүртэл 28 хоногийн хугацаатай ажлыг гүйцэтгэх байсан боловч энэ хугацаанд гэрээнд тусгагдсан 2 төрлийн ажлыг буюу 1 дүгээр давхарын шатны 15 ширхэг нүүр, тавцан, гишгүүрийг дутуу хийж гүйцэтгэсэн, 100 метр плинтусыг хоорондоо том завсартай залгасны улмаас том том зайтайн дээр дутуу будсан учир өнгөнүүд нь зөрсөн байдалтай хийгээд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй орхиж, 5 төрлийн ажлыг гүйцэтгээгүй тул талуудын байгуулсан гэрээний нийт үнийн дүнд хийсэн ажлыг гүйцэтгэх үнийн эзлэх хувийг пропорцын аргаар тооцож, /шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр/ плинтүүс 124,6 метр х 23400 төгрөг буюу 2.915.640 төгрөг,  шат, нүүр 16 ширхэг х 54300 төгрөг буюу 868.800 төгрөг, нийт 3.784.440 төгрөг, өдөрт ногдох алдангийг 1.892 төгрөгөөр /2015.07.28-наас 2017.01.25 хүртэл/ 543 өдрөөр тооцоход 1.027.356 төгрөг, нийт 4.811.769 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

            Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд, 7 төрлийн ажлыг гүйцэтгээгүй талаар маргадаггүй боловч пропорцын аргаар тооцож нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж маргадаг.

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар, шүүх шинжээчээр Барилгын төсөвчдийн холбоог томилж, улмаар 2017 оны 07 сарын 03-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд: 1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 хэсэг Эрдэнийн төгөл АОС байрны 25 тоот байранд гэрээнд заагдсан ажлуудаас 2 төрлийн буюу шалны плинтус, 1-р давхарын шатны гишгүүр болон шатны нүүр хийгдсэн байна.

            2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 хэсэг Эрдэнийн төгөл АОС байрны 25 тоотод хийсэн хэмжилтээр шалны плинтусны бодит хэмжээ нь 1-р давхарт – 43.8 м, 2-р давхарт – 57.4 м, 3-р давхарт – 23,4 м, нийт 124.6 м гарсан болно. Плинтусны будаг алаг цоог болсон нь хариуцагч “ ...” ХХК нь ажил гүйцэтгэх явцдаа хоёр өөр өнгө бүхий будгаар будаж авчирсан плинтус хийснээ шинжээч болон нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн зөвшөөрсөн.

            Плинтусны залгаа болон булан хэсгүүдэд зай гарсан шаваас хийгдээгүй зэрэг доголдол арваад газар илэрсэн болно.

            3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 хэсэг Эрдэнийн төгөл АОС байрны 25 тоотод хийсэн хэмжилтээр шатны гишгүүр болон шатны нүүрний бодит хэмжээ нь: Гэрээнд заагдсанаас зөвхөн 1-р давхарын шатны гишгүүр болон шатны нүүр хийгдсэн байна. Үүнд: 1. Шатны гишгүүр - 0.9м х 0.25м бүхий – 15 ширхэг, 0.9м х 0.8м бүхий- 1 ширхэг нийт 16 ширхэг, 2. Шатны нүүр- 0.9м х 0.15 м бүхий – 16 ширхэг тус тус хийсэн байна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон плинтусны будаг алаг цоог болсон, плинтусны залгаа болон булан хэсгүүдэд зай гарсан шаваас хийгдээгүй зэрэг арваад газрын доголдолыг хариуцагчийн хөрөнгөөр арилгуулах хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

            Гэрээнд заагдсны дагуу хариуцагчийн хийж гүйцэтгэсэн шалны плинтусны бодит хэмжээ нь шинжээчийн дүгнэлтээр 1-р давхарт – 43.8 м, 2-р давхарт – 57.4 м, 3-р давхарт – 23,4 м, нийт 124.6 метрийг нэгжийн үнэ 46 000 төгрөгийг 28 хувиар хямдруулж тооцон 33 120 төгрөгөөр үржүүлэхэд 4.126.752 төгрөг, шат, нүүр 16 ширхэг нэгжийн үнэ 96100 төгрөгийг 20 хувиар хямдруулж тооцон 76 880 төгрөгөөр үржүүлэхэд 1.230.080 төгрөг нийт 5.356.832 төгрөгөөр 2 төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн тооцоо гарч байна. /хх-ийн 14, 47 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримт буюу талуудын тохиролцсон үнийн саналаар/

            Иймд, нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн 7 000 000 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын гэрээгээр талуудын тохиролцсон үнийн саналын баримтаар тооцоход 5.356.832 төгрөгийн ажлыг бодитой хийсэн байх тул үүнийг хасаж тооцон, үлдэх 1.643.168 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа пропорцын аргаар тооцож нэмэгдүүлж буй үндэслэлийг талууд гэрээгээр /пропорцын аргаар тооцох/ тийнхүү харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын тухайн хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болон өөрт учирсан хохирлыг гэрээнд заасан хариуцлагын хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлахаар шаардах эрхтэй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4-т “Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасан. Мөн талуудын хооронд байгуулсан Модон хийц, тавилгын ажил гүйцэтгэх гэрээний 9.2-т “Гүйцэтгэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй” гэжээ.

Хариуцагч “ ...” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хууль буюу гэрээнд зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг гэрээнд тохиролцсоноор нөхөн төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч гэрээнд тохиролцсон алдангийн хэмжээг 2015 оны 07 сарын 28-наас 2017 оны 01 сарын 25-ны өдрийг /шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр/ хүртэл нийт 543 хоног х 1 өдөр ногдох алданги 1.892 төгрөг = 1.027.356 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуульд заасны дагуу 1.643.168 төгрөгийн 50 хувь болох 821.584 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Г. нь тухайн хэргийн хариуцагч биш гэж маргаж байх боловч Г. нь “ ...” ХХК-ийн менежерийн албан тушаалтан ба нэхэмжлэгч С.тэй “Модон хийц, тавилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж гарын үсэг зурсан, түүний ХААН банкин дахь 5030165289 тоот дансанд гэрээний үнэ 7 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь бичгийн баримтаар нотлогдож байх тул хариуцлагыг хамтран хүлээх үүрэгтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.7-д “үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч нэг этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа саатуулсан тохиолдолд үүсэх үр дагавар нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд нэгэн адил хамаарна” гэж заасан байдаг.

Иймээс, хариуцагч “ ...” ХХК, Г. нараас гэрээний гүйцэтгээгүй ажлын үлдэгдэл төлбөр 1.643.168 төгрөг, алданги 821.584 төгрөг, нийт 2.464.752 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.т олгож, плинтусыг дутуу будсанаас будагны өнгө нь зөрсөн, хоорондох том том гарсан зайнуудын доголдолыг хариуцагчийн өөрсдийн хөрөнгөөр арилгуулахыг тэдэнд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын  2.347.044 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болсон гүйцэтгэсэн ажлын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ханган, Барилгын төсөвчдийн холбоо ТББ-ыг шинжээчээр томилж  дүгнэлт гаргуулсан, шинжээчийн ажлын хөлсөнд гарсан 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн зардлыг нэхэмжлэгч тал 2017 оны 07 сарын 25-ны өдөр төлсөн талаархи баримтыг хэрэгт хавсаргаж, уг зардлыг хувиарлалт хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар зохигчид тухайн шинжээчийн дүгнэлтийг хэн аль нь харилцан зөвшөөрч, уг маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлсэн тул шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн зардлыг талуудад хувь тэнцүүлэн хувиарлах нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч “ ...” ХХК, Г. нараас 2.464.752 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.т олгож, плинтусыг дутуу будсанаас будагны өнгө нь зөрсөн, хоорондох том том гарсан зайнуудын доголдолыг хариуцагчийн өөрсдийн хөрөнгөөр арилгуулахыг тэдэнд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын 2.347.044 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.890 /66.520+40.370/ төгрөгөөс 91.939 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 14.951 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “ ...” ХХК, Г. нараас хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 54.386 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн шинжээчид төлсөн зардал 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн тал хувь болох 125 000 /нэг зуун хорин таван мянга/  төгрөгийг хариуцагч “ ...” ХХК, Г. нараас гаргуулж, нэхэмжлэгч С.т олгуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

           

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ