Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 98

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч А.Алдар, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Амаржаргалын Алдарт холбогдох 2016 0100 0260 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-4-60 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Амаржаргалын Алдар /РД:УХ88092511/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Алдар нь 2016 оны 09 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта 9-тетрагидроканнабинолын агууламжтай 75.2 грамм “каннабис өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн олж авч 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-41-а тоотод болон 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-ны хооронд өөрийн биедээ болон мөн П.Мөнхзаяагийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67 дугаар байрны 29 тоотод тус тус хадгалсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67 дугаар байрны 29 тоотод иргэн П.Мөнхзаяатай архидан согтуурч улмаар мөнгөний асуудлаас шалтгаалан маргалдаж, түүнийг хацар хэсэгт нь алгадаж түлхэж унагаан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Алдар мэдүүлэхдээ: “Би тэр ургамлыг түүхдээ хар тамхи гэж мэдээгүй. Замд явж байгаад өмнө нь телевизээр харж байсан ургамалтай адил харагдахаар нь сонирхоод түүсэн. Мөнхзаяаг зодож нүдсэн зүйл байхгүй. Би эмээ дээрээ өссөн тул надад эмэгтэй хүнийг зодох зэрлэг балмад зан байхгүй” гэв.

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын офицер, цагдаагийн ахмад Я.Товуумягмарын бичсэн: “…манай найз залуу намайг зодсон хар тамхи тат гэсэн хар тамхи татдаг юм шиг байна гээд уйлаад байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад иргэн Мөнхзаяа гэгч нь Амаржаргалын Алдар гэгч хамт 1 шил архи 1 том пиво хамт уусан. Гэтэл дараа нь намайг зодсон хар тамхи тат гэсэн тамхи татдаг юм шиг байгаа юм одоо өөрөө гараад зугтаасан. Биед нь ууттай хар тамхи нь байгаа гэсэн. Ингээд удалгүй 10-аад минутын дараа хаалга тогшоод гаднаас А.Алдар гэгч нь орж ирсэн. Ингээд гавлаад аваад гарах үед ханцуйнаасаа гялгар ууттай зүйл унагаасан. Дараа нь ахиад жижиг ууттай зүйл унагаасан. Ингээд үзэхэд цагаан ууттай 1 удаагийн аяга байсан. Сүүлд нь унагаасан жижиг ууттай зүйл нь ногоон өнгийн өвс байсныг түр хураан авсан. Энэ үед уг дуудлага өгсөн Мөнхзаяа нь цагдаа ахаа манай энд жижиг ууттай зүйл байна гээд гэрээсээ шүүгээнээс ууттай ногоон өнгийн өвс гаргаж ирсэн. Тэгээд уг зүйлийг авч Алдарыг аваад Сүлд-10-т эрүүгийн төлөөлөгч а/х Очирхуягт хүлээлгэн өгсөн болно. Ингээд 09:20 цагийн үед Мөнхзаяа утсаар ярьж би гэрээ цэвэрлэж байгаад цонхны тавцан цэцэгийн хажууд бас нөгөө гялгар ууттай ногоон өнгийн өвс байна яах бэ гэж утсаар ярьсан болно. Энэ талаар Сүлд-10 ерөнхий жижүүрт мэдэгдсэн болно …” гэх илтгэх хуудас /хх-5-6х/,

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч ахлагч Н.Мөнхцогтын бичсэн: “…би эргүүлийн офицер ахмад Я.Товуумягмарын хамтаар Сүлд-3 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүлд-10-аас  05:55-н орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67-29 тоотод найз залуу намайг зодоод хар тамхи татъя гээд байна гэсэн дуудлагын дагуу очиход дуудлага өгсөн гэх эмэгтэй ганцаараа байхад нь юу болсон талаар асуугаад байж байх үед хаалга дуугарч Алдар гэх найз залуу нь орж ирэхэд нь саатуулан биед нь үзлэг хийн авч гарахад Алдар гэгч нь саарал ногоон куртикныхаа ханцуйнаасаа цагаан ууттай юм эхэлж унагаад жаахан хойш ухрахдаа улаан эрээн ууттай зүйл дахин унагахад нь авч үзэхэд цагаан уутанд нь нэг удаагийн хуванцар аяга шингэн зүйл асгарсан юм шиг шингэн зүйлтэй, улаан эрээн уутанд нь ногоон өнгөтэй өвстэй төстэй ургамал байсан …” гэх илтгэх хуудас /хх-7х/,

 

Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Бат-Эрдэнийн бичсэн: “…2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Амаржаргал овогтой Алдар нь …мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу “Multi-drug” тестээр шалгахад каннабис төрлийн ургамал хэрэглэсэн болох нь тогтоогдож байна …Амаржаргал овогтой Алдарын шээснээс авсан дээж болон тестийн хамт жижүүрийн ахлах хошууч Гантөмөрт хүлээлгэн өглөө …” гэх илтгэх хуудас, гэрэл зураг /хх-8х/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “…Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урд зүг рүү харсан 1 орцтой 10 давхар 67 дугаар байрны 9 давхарт 29 тоот хаалга бүхий айл байв. Уг айлд ороход иргэн П.Мөнхзаяа байсан ба уг тоот айл нь 1 өрөө орон сууц байна. Өрөөнд үзлэгийг хийхэд тавилга эд зүйлс эмх цэгцтэй байх ба тухайн айлын өрөөний дунд байх ширээн дээр цэнхэр өнгийн ууттай нунтаг ургамал мэт зүйл байсныг хураан авав …” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн: “…Үзлэгээр илэрсэн нь: 1. Хөх өнгийн гялгар ууттай дотор нь дахин нэг хөх өнгийн улавчинд боосон цайвар ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл байсныг Албаны Т-1000 загварын жин дээр жинлэж үзэхэд уутны хамт 48.8 грамм болж байна. 2. Улаан өнгийн судалтай гялгар уутны тасархайд боосон ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл байх ба Албаны Т-1000 загварын жин дээр жинлэж үзэхэд уутны хамт 5.5 грамм болж байна. 3. Улаан өнгийн судалтай гялгар уутны тасархайд  боосон ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл байх ба Албаны Т-1000 загварын жин дээр жинлэж үзэхэд уутны хамт 20.9 грамм болж байна …” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /48,8-0.3 хасагдаж 48.5 5.5-0.4 хасагдаж 5.1 20.9-0.4 хасагдаж 20.5, нийт 74.1 грамм каннабис өвсийг эд мөрийн баримтаар тооцсон/ хх-23х/,

 

Хохирогч П.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад хоёрдахь удаагаа өгсөн: “…2016 оны 10 сарын сүүлээр Алдар мөнгөний хэрэг гараад байна, удахгүй мөнгөтэй болоод аваад өгчихье гээд миний монетон гинжийг 65.000 төгрөгөөр Баянзүрх захын хажуу талын ломбарданд барьцаанд тавьсан. Үүнээс хойш мөнгөө нэхээд гинж авч өг гэхэд авч өгөхгүй байсаар байгаад хэрэг болсон өдөр буюу 11 сарын 12-ны өдөр Алдар над руу залгаад би 20.000 төгрөгтэй болчихлоо, чи гэрийнхээ үүдэнд гараад ир гэхээр нь би 23 цагийн үед гэрийнхээ үүдэнд гарахад Алдар намайг пиво ууж юм яръя гэхээр нь за за гээд бид 2 дэлгүүр ороод 2 том пиво аваад манай гэрт орсон …Ингээд пиво уугаад юм яриад сууж байтал Алдар 00 ороод нилээн удаж байснаа намайг дуудаад энийг татаад үзэх үү гэхээр нь энэ чинь одоо юу вэ гэхэд зүгээрээ гоё болдог юм гээд байхаар нь тухайн үед пиво уучихсан халамцуу байсан болохоор сонирхоод 1 удаа сорж үзэхэд хоолой гашуун оргиод ханиалгаад байхаар нь дахиж татаагүй орхичихсон. Араас Алдар гарч ирээд нүд ам нь сонин болчихсон над руу их муухай хараад мөнгө аваад ир гэхээр нь би энэ мөнгөөр чинь гинжээ авна гэсэн чинь үгийн зөрүүгүй намайг алгадаж унагасан …Би туслаарай гээд хамаг чангаараа орилсон чинь Алдар хувцсаа өмсөөд гараад зугтаачихсан. Би гар утсаа аваад цагдаад зодуулсан гэж дуудлага өгөхөд цагдаа нар ирсэн. Би цагдаа нарыг орж ирэхэд нь Алдарын үлдээсэн улаан өнгийн ууттай өвсийг хүлээлгэж өгтөл Алдар гаднаас орж ирээд цагдаа нарт баригдсан. Тэгтэл Алдарын халааснаас бас нэг улаан өнгийн ууттай өвс гарч ирсэн. Ингээд цагдаа нар Алдарыг аваад цагдаагийн хэлтэс рүү явахаар нь би цонхоо онгойлгох гээд хөшгөө нээтэл цэцгийн савны хажууд хөх өнгийн ууттай өвс байхаар нь цагдаа ахын үлдээсэн утасны дугаараар нь залгаад манай гэрт 3 цагдаа ирээд надаас тайлбар аваад гэрт үзлэг дахин нэг хөх ууттай ногоон өвс байна гэж хэлэхэд маргааш нь манай гэрт 3 цагдаа ирээд надаас тайлбар аваад гэрт үзлэг хийж нөгөө ууттай өвсийг аваад явсан. Бас надаас шээсний шинжилгээ авна гээд намайг 00-ын өрөөнд оруулж цэвэр шилэн саванд шээлгэсэн …Хаанаас олж ирснийг нь би мэдэхгүй байна. Энэ юу вэ гээд гайхаад хартал зүгээрээ гоё болдог юмаа гэж хэлсэн. Усны савыг хажуугаар цоолчихсон сороод байх шиг байсан би халамцуу байсан болохоор сайн анзаарч хараагүй. Тэр савыг Алдар өөрөө аваад гарсан бололтой манай гэрт үлдээгээгүй байсан …Өмнө нь бид 2 пиво, вино уудаг байсан гэхээс мансууруулах бодис огт хэрэглэж байгаагүй. Алдар ч анх удаа тийм зүйлийг харуулж байна …Алдар надтай хар тамхины талаар огт ярьж байгаагүй болохоор би түүнийг каннабис өвс гаргаж ирнэ гэж төсөөлөөгүй. Гэртээ тийм зүйл хадгалахыг хүсээгүй болохоор цагдаад дуудлага өгөх нь зөв гэж бодсон …” гэх мэдүүлэг , мөн түүний гуравдахь удаагаа өгсөн: “…Хэрэг болсон өдөр Алдар бид хоёр хэн хэн нь пиво уучихсан халамцуу байсан. Хоорондоо үл ойлголцлоос болоод маргалдаж би Алдараас мөнгөө нэхэхэд Алдар өгөхгүй гэх мэтээр хэрэлдэж намайг алгадсан нь үнэн бас миний гар утсыг авч шидээд гар луу миний онож хөхрүүлсэн. Гэхдээ одоо Алдар бид хоёр сайн дураараа эвлэрсэн, би түүнд хар буруу санахгүй, 2 тийшээ болж байгаа учир надад түүнээс нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй … надад хаанаас олж авчирсан талаараа хэлээгүй. Би Алдарыг мансууруулдаг өвс гаргаж ирнэ гэж бодоогүй. Өмнө нь энэ талаар ярьдаг байсан бол гайхах асуудал байхгүй. Харин нэг ч удаа ярьж байгаагүй хэрнээ хэрэг болсон өдөр өвс гаргаж ирээд хэрэглэхээр нь гайхсан …Алдар 00-ын өрөөнд ороод утаа гаргаад байхаар нь би юу юм бол гээд хаалгыг нь онгойлгоод хартал нэг өвс татаж хэрэглэж байсан. Би тэр зүйлээс сонирхоод нэг удаа л сорж үзсэн гэхээс өөр асуудал байхгүй. Харин ч болохгүй зүйл хийлээ гэдгээ тухайн үед ойлгож ухамсарлаад тэр даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болохоор надад холбогдсон хар тамхины асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан бол Алдар буцаж орж ирээд энэ асуудал даамжрах байсан ч юм билүү …” гэх мэдүүлэг /хх-29-31х/,

 

Гэрч Э.Нямдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Энэ өдөр би Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс дээр 24 цагийн шинжээчийн үүргийг гүйцэтгэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд айлд хар тамхи, мансууруулах бодис байна гэсэн мэдээллийн дагуу 17 цагийн үед хэргийн газарт очиж үзлэг хийсэн. Уг дуудлага нь шөнө үүрээр ирсэн зодооны дуудлага байсан бөгөөд хэв журмын ажилчид очиход гэрээс нь ууттай өвс гарсан. Айлын эзэгтэй цагдаа нарыг явсаны дараа дахиж хойноос нь залгаад нэг ууттай өвс бас үлдээсэн байна гэсэн болохоор бид нар дараа нь очиж үзлэг хийсэн юм. Намайг хэргийн газарт очиход дуудлага өгсөн гэх Мөнхзаяа гэж эмэгтэй байсан бөгөөд харахад эрүүл байх шиг байсан. Гэр орон нь эмх цэгцтэй, ямар нэгэн эвдэрч сүйдсэн зүйл харагдаагүй, 1 өрөө байр байсан ба ширээн дээр байсан хөх өнгийн ууттай байсныг мөрдөн байцаагч хураан авч би гэрэл зургаар бэхжүүлсэн. Хэргийн газрын үзлэг хийж дууссаны дараа мөрдөн байцаагч ахмад Н.Мөнхтулга дуудлага өгсөн эмэгтэйгээс шээсний дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгах ажиллагааг эхэлсэн бөгөөд ижил хүйсийн хүн 00-ын өрөөнд оруулж шээлгэнэ гээд би хамт угаалгын өрөөнд нь ороод Мөнхзаяа гэх эмэгтэйг ногоон тагтай, цэвэр шилэн саванд шээлгээд дараа нь тестээр шалгахад каннабис төрлийн ургамал хэрэглэсэн болох нь тогтоогдоод үр дүнг нь мөн гэрэл зургаар бэхжүүлсэн байгаа …Мөнхзаяагийн биед ил харагдах гэмтэл шарх сорив харагдаагүй …тэр залуу нь ийм ууттай өвс үлдээгээд явсан байна би энэ зүйлээс нэг удаа сорж хэрэглэсэн гэж хэлж байсан …” гэх мэдүүлэг /хх-41х/,

 

Гэрч М.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би жижүүртэй байсан бөгөөд үүрээр гэмт хэргийн шинжтэй дуудлага ирсний дагуу хэв журмын ажилчид Амаржаргалын Алдар гэж залууг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн байсан. Тухайн өдрийн нэмэгдэл жижүүр, мөрдөн байцаагч ахмад Бүрэнзэвсэг Алдарын шээсэнд тестээр шалгах гээд пявар савтай жижиг тест ашигласан боловч уг тест нь ямар нэгэн үр дүн каасангүй гээд жижүүрийн ахлах, хошууч Гантөмөр нь орой 22 цагийн үед надад 1 тест өгөөд Алдарын шээснээс дээж авч шалгасан. Ингэж шалгахдаа өмнө нь тестний уутанд байсан зориулалтын жижиг пявар саванд шээлгээд үр дүн гараагүй гэсэн болохоор нь би шилэн саванд шээлгэж тестээр шалгахад ТНС түвшинд 1 зураас буюу каннабис ургамал хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Алдарын шээсийг авсан шилэн сав нь OVКO гэсэн бичигтэй сокны сав байсан …Тухайн үед би тестний үр дүнг Алдарт бариулж байгаад гар утсан дээрээ 1 кадр зураг дарсан бөгөөд одоо хэрэгт хавсаргуулахаар хүлээлгэж өгч байна. Уг зурган дээр Алдарын тестний үр дүн тодорхой харагдана …ОVКO гэсэн шилэн савтай шээсийг би жижүүрийн ахлах хошууч Гантөмөрт хүлээлгэн өгсөн бөгөөд дээр нь ямар нэгэн нэр хаяг, тэмдэглэл бичээгүй …” гэх мэдүүлэг /хх-43-44х/,

 

Гэрч Н.Мөнхцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүлд-111 чиглэлд Баянзүрх дүүргийн 7, 15-р хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Товуумягмарын хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд үүрээр 05 цаг 55 минутад Сүлд-10 буюу хэлтсийн жижүүрээс Баянзүрх дүүргийн 15-р хороо 67-29 тоотод эмэгтэй хүн зодууллаа гэх дуудлагын дагуу очиж шалгахад 20-25 орчим насны эмэгтэй гэртээ ганцаараа найз залуу нь гараад явсан гэж хэлсэн. Орчин тойрныг нь харахад архидан согтуурсан шинжтэй, ширээн дээр архи пивоны шил, аяга таваг хөглөрсөн шинжтэй эмх замбараагүй байсан. Мөнхзаяа мөн согтууруулах ундааны хэрэглэсэн гэмээр дундаж согтолттой харагдаж байсан ба удалгүй гаднаас хаалга онгойлгоод Амаржаргалын Алдар гэх залуу орж ирснээ цагдаа нарыг харангуутаа эргээд гарах гэж байхад нь барьж авсан. Ингээд цагдаагийн хэлтэс рүү явж учраа олно гээд дагуулаад гарах гэтэл ханцуйнаасаа 2 удаа ууттай зүйл унагаасныг харахад 1 уутанд нь өвс ургамал шиг ногоон өнгийн зүйл байсныг хураан авсан ба энэ үед Мөнхзаяа нь манай гэрт бас ийм ууттай өвс байна, та нар аваад яв гээд өгснийг нь Товуумягмар ахмад авсан. Тухайн үед судалтай яг ижил улаан өнгийн уутыг голоор нь таслаад өвс ургамалаа боосон байсан бөгөөд тэр хоёрын арай том нь Алдарын биеэс уяад жижгийг нь Мөнхзаяа гаргаж аваад цагдаагийн хэлтэс дээр аваачсан байхад Мөнхзаяа нь ахмад Товуумягмар луу залгаад манай гэрт цонхны тавцан дээр бас 1 ууттай өвс үлдсэн байхыг гэрээ цэвэрлэж байгаад оллоо гэж хэлэхэд нь ерөнхий жижүүрт мэдэгдсэн. Бодвол жижүүрийн бүрэлдэхүүн очиж үзлэг хийж хураан авсан байх …Дуудлагаар очиход Мөнхзаяа өөрийгөө найз залуудаа зодуулсан гэж хэлж байсан боловч хүний нүдэнд ил харагдахуйц хөх няц цус нөж болсон зүйлгүй байсан. Цаанаа болон биеийн далд хэсгээр ямар гэмтэл байсныг мэдэхгүй юм …Хаанаас унасаныг нь сайн хараагүй 2 гарыг нь ард нь гавалсан байсан болохоор халаасаа хах ямар ч боломжгүй байсан. Миний бодлоор ханцуйнаасаа цагдаагийн хэлтэс дээр очихоосоо өмнө хаячихъя гэж бодсон бололтой хоёр удаа юм унагасан. Хүүе энэ чинь юу бэ гээд аваад харахад 1 уутанд өвс байсан, хаанаас олж авсан бэ гэхэд эхэндээ мэдэхгүй гээд байснаа сүүлд нь олсон гэж байсан. Алдарын хувьд Мөнхзаяатай адил дундаж согтолттой байсан …” гэх мэдүүлэг /хх-45-46/,

 

Гэрч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Манай байр ашиглалтад орсноос хойш 1 жилийн дараа 29 тоотод Мөнхзаяа орсон. Ихэвчлэн ганцаараа байх шиг байдаг. 2 жилийн өмнөөс Эрдэнэтийн дугаартай машин манай байранд ирээд Мөнхзаяагийн ээж бололтой гэр лүү нь орж байсан. Тэр үед Мөнхзаяагийн хаалганы бариул нь эвдэрсэн байсныг ээж нь ирж янзлуулж байсан. Мөнхзаяа миний харснаар 25 орчим настай махлагдуу биетэй шар царайтай эмэгтэй байсан. Одоо юм ярьж харьцаж үзээгүй болохоор тэр хүн яг ямар хүн бэ гэдэг талаар мэдэхгүй байна …Барагцаалбал Мөнхзаяа нь манай байранд нүүж ирсэн цагаас хойш л үе үе орилох, хэрэлдэх, хашгичих чимээ шуугиан гаргадаг болсон. Байнга эмэгтэй хүний орилох чимээ сонсогддог. Тагтан дээрээ гараад их орилдог, хүнд зодуулаад байгаа юмуу гэхээр үгүй ч юм шиг өөрөө л агсан согтуу тавиад ална тална гээд байгаа юм шиг болохоор нь хүний асуудалд ороод яахав гэж боддог, заримдаа аллаа гээд ч орилж байдаг. Тэгэхээр нь түрүү жилийн намайр би 2-3 удаа цагдаад дуудлага өгч байсан. Цагдаа нар ирэхээр хаалгаа огт тайлахгүй, дотроо хүнгүй юм шиг чимээгүй болчихно. Тэгэхээр нь цагдаа та нар дуудлага өгсөн байна гээд манай хаалгыг тогшоод та гомдолтой байгаа бол цагдаагийн хэлтэс дээр очоод өргөдлөө өгч болно гэхээр нь за хэрэггүй биз дээ гээд орхичихдог. Ингээд бид нар бас давхар унтаж амарч чаддаггүй асуудал байдаг …заримдаа их олуулаа шуугилдаад байдаг заримдаа ганцаараа орилж байгаа сонсогддог. Гэхдээ эрэгтэй эмэгтэй ямар хүмүүс цуглаж байхыг нь хараагүй болохоор мэдэхгүй байна …” гэх мэдүүлэг /хх-47х/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15662 шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

“1. П.Мөнхзаяагийн биед зүүн гарын сарвуу, баруун шилбэ, баруун шуу, бугалга, зүүн мөр, зүүн өвдөг, гуя баруун өвдөг, гуянд цус хуралт, баруун хацарт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 10 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-57х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9966 дугаартай дүгнэлтэд: “1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Дээж ¹1 1.6 грамм”, “Дээж ¹2 1.8 грамм”, “Дээж ¹3 3.1 грамм” гэсэн хаягуудтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. “Мөнхзаяа /20 нас, эм/ -ийн шээс шинжилгээ хийсэн тест 1 ширхэг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн -2 а/х Н.Мөнхтулга” гэсэн хаягтай шээсэнд болон ямар нэгэн хаяггүй “OVKO” гэсэн шошготой шилэн саванд хийсэн шээс зэргээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно …” гэжээ /хх-51х/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 13 тоот дүгнэлтэд: “…1. А.Алдар нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. А.Алдар нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. А.Алдар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. А.Алдар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. А.Алдар нь сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж үгүй байна. Мансуурах дон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. 6. А.Алдар нь сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. Хэрэв сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай байвал Монгол Улсад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлэгдэх боломжтой юм. 7. А.Алдарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна …” гэжээ /хх-59-60х/,

 

Шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “…Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас үүсгэгдэх бөгөөд хатуу мохоо зүйлд хүний гар хөл, толгой, дух болон хатуу биет эд зүйлс аль аль нь хамаарна. Үйлдэл дотор цохих, өшиглөх, базах, унах, ойчих, юм өргөх гэх мэт үйлдлүүд багтана … Миний хэлсэнчлэн П.Мөнхзаяагийн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Мохоо зүйл гэдэгт хүний гар хөл эсвэл биет зүйл орно. Мөн унах, ойчих, цохих өшиглөх аль аль нь орж байгаа учир яг ямар үйлдлийн улмаас гэмтсэн болохыг нарийвчлан тогтоох, хариулах боломжгүй …” гэх мэдүүлэг /хх-65-66х/,

 

Шинжээч Д.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Тухайн хүн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос 1 удаа сорж хэрэглэсэн үү, олон удаа сорж хэрэглэсэн үү гэдгийг шинжилгээгээр тогтоогдоггүй. Харин уг шээсний дээжинд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байна уу, үгүй юу гэдгийг нь тогтоож дүгнэлт гаргадаг. Хэр хэмжээтэй хэрэглэснээс шалтгаалан шээсэнд шинжилгээ хийх явцад ямар нэгэн мэдэгдэхүйц ялгаа байдаггүй. Хүний нас, хүйс, эрүүл мэндийн байдал, жин зэргээс шалтгаалан хүний биед харилцан адилгүй хадгалагдаж байдаг …” гэх мэдүүлэг /хх-67х/,    

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-14х, 16/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22-26х/,

 

Шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл /хх-49х/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-98-99/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 102-106х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч А.Алдар нь 2016 оны 09 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта 9-тетрагидроканнабинолын агууламжтай 75.2 грамм “каннабис өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн олж авч 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-41-а тоотод болон 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-ны хооронд өөрийн биедээ болон мөн П.Мөнхзаяагийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67 дугаар байрны 29 тоотод тус тус хадгалсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67 дугаар байрны 29 тоотод иргэн П.Мөнхзаяатай архидан согтуурч улмаар мөнгөний асуудлаас шалтгаалан маргалдаж, түүнийг хацар хэсэгт нь алгадаж түлхэж унагаан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын офицер, цагдаагийн ахмад Я.Товуумягмарын бичсэн илтгэх хуудас /хх-5-6х/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч ахлагч Н.Мөнхцогтын бичсэн илтгэх хуудас /хх-7х/, Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Бат-Эрдэнийн бичсэн гэх илтгэх хуудас, гэрэл зураг /хх-8х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-23-26х/, хохирогч П.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад хоёрдахь удаагаа өгсөн мэдүүлэг /хх-29-31х/, мөрдөн байцаалтан шатанд гэрч Э.Нямдаваа /хх-41х/, гэрч М.Бат-Эрдэнэ /хх-43-44х/, гэрч Н.Мөнхцогт /хх-45-46/, гэрч Г.Мягмарсүрэн /хх-47х/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15662 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-57х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9966 дугаартай дүгнэлт /хх-51х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 13 тоот дүгнэлт /хх-59-60х/, Шинжээч Т.Чимэд-Очирын мэдүүлэг /хх-65-66х/, Шинжээч Д.Золзаяагийн мэдүүлэг /хх-67х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-14х, 16/, Шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл /хх-49х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-98-99/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 102-106х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хир хэмжээ, хор аюулын байдлыг харгалзан түүнд баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч А.Алдарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогч П.Мөнхзаяа нь хохирол нэхэмжлээгүй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 74.1 грамм каннабис өвс гэх ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, А.Алдар нь 12 цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.