Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00206

 

     С.Н-гийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02286 дугаар шийдвэртэй, С.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НЗД-д холбогдох

НЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/78 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 205 455 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Н нь Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгт 2002-2006 он хүртэл багшаар, 2006-2013 он хүртэл арга зүйчээр, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Намайг ажлаас халсан захирамжийг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн боловч Захиргааны шүүхийн бус иргэний хэргийн шүүхийн харьяалал гэж буцаасан.

Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгт 2016 оны 06 дугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт орсон. Уг шалгалтаар 30 дугаар цэцэрлэгийн барилгын ашиглалтын үйл ажиллагаа дууссан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон акт дүгнэлттэй холбоотойгоор НЗД-ын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт хандаж цэцэрлэгийн үйл ажиллагаагаа хэдийд зогсоох тухай албан бичиг хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөөгүй бөгөөд НЗД-ын Тамгын газраас Баянгол дүүргийн 30 дугаар дугаар цэцэрлэг дахин төлөвлөлтөнд орсон, шинэ цэцэрлэгийн зураг хийгдэж байгаа гэсэн албан бичиг ирсэн байдаг.

Дээд шатны байгууллагаас 30 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохтой холбоотойгоор ямар нэгэн шийдвэр ирээгүй учраас цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Нийслэлийн Боловсролын газар болон Баянгол дүүргийн Боловсролын хэлтсээс 2018 оны 05 дугаар сард тус цэцэрлэгийн багш ажилчдыг ажлын байраар хангах, цэцэрлэгийн хүүхдүүдийг өөр цэцэрлэгт хувиарлах, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох албан бичгийн дагуу 05 дугаар сард цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр намайг ажлаас халах захирамжийг гардуулж өгсөн бөгөөд уг захирамж 2018 оны 05 дугаар сард гарсан байсан. Сахилгын шийтгэл оногдуулж байгаа бол ёс зүйн хорооны хурал хийж, би хуралд оролцож үгээ хэлэх, тайлбар өгөх эрх бий. Гэтэл ямар ч ийм ажиллагаа явагдаагүй. Намайг ажлаас халах захирамж гаргахдаа албан тушаалаа урвуулан ашигласан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зэрэг нотлох баримт, үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас халсанд гомдолтой байна. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчим, хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.

Иймд НЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгож, эгүүлэн ажилд тогтоож, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 205 455 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-НЗД-ын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжаар Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгасан. Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Н нь Дотоод хяналтын нэгжийн гаргасан шийдвэрийн дагуу тушаал шийдвэр гаргаж арга хэмжээ аваагүй нь цэцэрлэгийн дүрмийн 1.8 дах хэсэгт “Цаг үеийн үйл ажиллагаа...шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана” гэж заасныг хэрэгжүүлээгүй, эрхлэгч дээрх үйл ажиллагаанд холбогдох тушаал, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйн улмаас багш Ч.Цэрэнд 12 сард 69 339 төгрөгийн урамшуулал олгож Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7-д “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох үүрэгтэй” гэж заасныг,

Түр ажилд авсан нягтлан бодогчид 41 968 төгрөгийн ур чадварын нэмэгдэл олгосон нь /Улирлын баланс гараагүй үед/ ЗГ-ын 1995 оны 96 тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 2-т “Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно” гэсэн заалттай нийцэхгүй байна. Мөн нягтлан бодогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад 44 511 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-т заасан зөрчлийг гаргасан байна.

Тус цэцэрлэгийн дотоод хяналтын нэгжийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан багш Т.Батцэцэгийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Гэтэл эрхлэгч С.Н мөн өдрийн А/42 тоот тушаалаар багш Т.Батцэцэгт хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна. Уг тушаалын үндэслэлд цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 10.12-т “Ажлын хариуцлага алдаж удаа дараа сануулга авсан...тохиолдолд ажлаас чөлөөлнө гэх заалт, цэцэрлэгийн дотоод хяналтын нэгжийн шийдвэрээр” гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах шийтгэл ногдуулж, нягтлан бодогч М.Ононд 10 хувиар бууруулж бодож олгохыг зөвшөөрсөн нь тушаалын агуулга, үндэслэл хоорондоо зөрчилдсөн бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7-д багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох гэж заасныг, Мөн нягтлан бодогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-д заасныг, Багшлах эрхгүй багш ажиллаж байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дах хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь цэцэрлэгийн эрхлэгч С.Н нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д заасан эрх, үүргээ хангалтгүй биелүүлж Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 6 дугаар хэсгийн 6.2-д “хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл”-ийг зааж харилцан тохиролцон гэрээг байгуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 131.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хөдөлмөрийн гэрээний 7.1, 7.2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэл болгосон. Иймд С.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Н-г Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож,   

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар НЗД-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 205 455 төгрөгийг гаргуулж С.Н-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.Н-н ажилгүй байсан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг НЗД-д үүрэг болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 450 /70 200+66 250/ төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 66 237,28 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: С.Н-тэй 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд хууль тогтоомжид өөрчлөлт орсон, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг үндэслэн ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Ажлын хэсэг нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн шинээр гэрээ байгуулагдаагүй үед буюу хуучин гэрээгээр зохицуулагдаж байсан үеийн 2017 оны 10 cap, 12 сард гаргасан зөрчил байсныг тогтоосон бөгөөд шинэ гэрээгээр зохицуулагдсан ноцтой зөрчил гаргасныг тогтоосон. Гэтэл шүүх үүнийг үнэлж дүгнэлгүй хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээг үндэслэж “хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хөдөлмөрийн гэрээний эрх зүйн үйлчлэл дууссан буюу уг хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон байжээ” гэж дүгнэсэн нь нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ. 2014 оны хөдөлмөрийн гэрээнд тохиролцож оруулсан ноцтой зөрчил 2018 оны хөдөлмөрийн гэрээнд хасагдаагүй, илүү тодорхой болгон тохиролцож оруулсан байдаг.

НЗД нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлсөн. Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж заасан. Гэтэл НЗД-д үүрэг болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт олговор гаргуулах байгууллагыг буруу тодорхойлсныг залруулах боломжтой байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч НЗД-д холбогдуулан НЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/78 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 205 455 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.Н нь Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2013  оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажиллаж байсан талаар талууд маргаагүй бөгөөд тэрээр НЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Талууд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул тэдгээрийн хооронд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болжээ.

Уг Б/78 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.3, 6 дугаар хэсгийн 6.2.6, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг баримтлан “Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Н нь албан үүргээ гүйцэтгэхдээ Төсвийн тухай хуулийн 6.4.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.7, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, Төрийн үйлчилгээний алба хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын 2 дугаарт заасныг тус тус зөрчиж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгууллагад хохирол учруулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, багшлах эрхгүй этгээдийг багшаар ажиллуулсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчил гаргасан” гэх үндэслэл заасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

НЗД нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/168 дугаар захирамжаар Б/78 дугаар захирамжид “Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.3, 6 дугаар хэсгийн 6.2.6” гэснийг “Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.2, 6 дугаар хэсгийн 6.3.7, 6.3.21, 6.3.22” гэж, мөн 1 дүгээр зүйлийн “Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар хэсгийн 6.2.6” гэснийг “хөдөлмөрийн гэрээний 6.3.7, 6.3.21, 6.3.22” гэж тус тус өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт заасан өөрийн гаргасан захирамжиндаа өөрчлөлт оруулах  түүний бүрэн эрхэд хамаарах юм. Иймд шүүх өөрчлөлт оруулсан хэмжээнд Б/78 дугаар захирамжид дүгнэлт өгнө.

Ажил олгогч 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг үндэслэжээ.

Талууд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт ноцтой зөрчлийн талаар харилцан тохиролцсон бөгөөд уг зөрчлийг ажилтан С.Н гаргаагүй гэж дүгнэхээр байна.

Б/78 дугаар захирамжид заасан зөрчлүүдийг ажилтан хэдийд гаргасан тодорхойгүй байх тул хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримттай харьцуулан дүгнэж зөрчлийн огноог тодорхойлох нь зүйтэй байна.

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт”-д дээрх зөрчлүүдийг 2017 оны 10, 12 дугаар сард гаргасан гэж тусгагдсан байна.

Ажилтан С.Н-г төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгууллагад хохирол учруулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, багшлах эрхгүй этгээдийг багшаар ажиллуулж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж сахилгын зөрчлийг тодорхойлсон боловч уг зөрчил  нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнээс өмнөх хугацаанд хамаарч байх тул уг гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчилд хамаарахгүй.

Иймд талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил энэ зүйлд хамаарахгүй гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Нг хариуцагч Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 205 455 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэсэн нь зөв.

Харин нэхэмжлэгч нь НЗД-ыг хариуцагчаар тодорхойлсон хэдий ч Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг НЗД-ын Тамгын газарт даалгах нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

Тиймээс шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг НЗД-аас гаргуулахаар буруу тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дах заалтад “НЗД-ын Тамгын газраас” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “НЗД-аас” гэснийг “НЗД-ын Тамгын газраас” гэж, 3 дах заалтад “НЗД-д” гэснийг “НЗД-ын Тамгын газарт” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                                        ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА