| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/0722/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1392 |
| Огноо | 2024-12-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Ч.Батбаатар
Хохирогч Л.Б*********-ийн өмгөөлөгч Б.Балжидмаа
Шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* овогт *********-ын *********-д холбогдох 2403 00229 0370 дугаар 1 хавтас хэргийг шүүх 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймаг ********* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 41 дүгээр хороо ********* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
********* овогт *********-ын ********* /РД:*********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* ХХК-ий арын замд Toyota prius 30 маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *********-ийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, Зам тээврийн осол тогтоосон акт /хх-ийн 5-6 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дүгээр тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12 дугаар тал/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/, Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-25 дугаар тал/, хохирогч *********-ийн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч С.Одонтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Сэвжидмаагийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5135 дугаар дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар тал/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв /хх-ийн 53-59 дүгээр тал/, шүүгдэгч *********-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 66-67 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч *********-ийн мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* ХХК-ий арын замд Toyota prius 30 маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *********-ийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад 990096**... дугаараас “********* дугаартай саарал өнгийн приус 30 машин хүн мөргөчихлөө” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2-3 дугаар тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “********* овогтой *********-г драйгер багаж ашиглан шалгахад 0.0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/,
Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “********* овогтой *********-г драйгер багаж ашиглан шалгахад 0.0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “Бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцийн баруун дээд буланд 04-12-2024 Fri 10:47:40 гэсэн цаг хугацаа заасан бичиглэлтэй, дэлгэцийн зүүн доод буланд Camera 01 гэсэн бичиглэлтэй байв. Бичлэгт дүрслэгдэж буй зам орчны байдал нь асфальт, тэгш, хуурай, эсрэг, хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай зургаан эгнээтэй, хашлагатай, хайсгүй авто зам байх бөгөөд уг авто замын цаад талын гурван эгнээ авто замын хөдөлгөөн сийрэг, наад талын гурван эгнээ авто замын хөдөлгөөн ачаалал ихтэй буюу түгжрэлтэй байх бөгөөд авто замын наад талд явган хүний замтай, түүний наана асфальт, тэгш, хуурай, үзэгдэх орчих чөлөөтэй, тусгаарлах зурвасгүй, эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээ, хашлагатай, хайсгүй зам байх бөгөөд бичлэг эхлэх үед эсрэг хөдөлгөөнтэй, зургаан эгнээ бүхий цаад талын авто замаар баруун талдаа бараан өнгийн цүнх үүрсэн, бараан өнгийн хүрэм, өмд, гуталтай эмэгтэй хүн ганцаараа хяналтын камер байрлуулсан тал руу буюу нааш чиглэн гүйж авто зам болон явган хүний замыг хөндлөн гараад наад талын хоёр эгнээ авто замын цаад эгнээнд байрлуулсан автомашинууд буюу цагаан өнгийн тоёота приус 20 маркийн автомашины урдуур гүйгээд гарах үед тус автомашин зогссон чиглэлд буюу дэлгэцийн баруунаас зүүн чиглэлд явж буй цайвар өнгийн тоёота приус 30 маркийн автомашин зүүн урд талаар тус эмэгтэй хүний биеийн баруун тал руу мөргөх үед газарт шидэгдэн унаад зам дээр биеийнхээ баруун талаар хэвтээд зүүн гар нь хөдлөөд босохгүй байх бөгөөд энэ үед уг эмэгтэй хүнийг мөргөсөн тоёота приус 30 маркийн автомашины жолооч нь автомашинаасаа буух гээд баруун урд хаалгаа онгойлгоход автомашин зогсохгүй урагш бага зэрэг хөдлөх бөгөөд дахин автомашинаасаа гарах үед машин нь зогсохгүй урагш явах үед буцаад автомашин дотроо орж суугаад машиныг зогсоогоод дотроос нь бууж байх бөгөөд энэ үед хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн машинд мөргүүлсэн эмэгтэй хүний дэргэд ойртон очоод бичлэг дуусаж байв. Дэлгэцийн баруун дээд буланд 04-12-2024 Fri 10:48 гэсэн цагийн заагаад бичлэг дуусаж байв.” гэх тэмдэглэл /хх-ийн 23-25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *********-ийн өгсөн: “ 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг 56 минутын үед Баянзүрх дүүрэг Нарантуул захын авто замын уулзварын баруун хойд талаас урагш чиглэн авто замыг хөндлөн гараад авто замын урд талд байрлах Япон даавуу гэсэн дэлгүүр рүү орох гээд явж байгаад уг дэлгүүрийн гадна автомашины зогсоол бүхий хэсгийн туслах зам дээр Тоёота приус маркийн автомашинд мөргүүлээд нэлээн хол шидэгдээд газарт унасан. Миний гар утас, нүдний шил, цүнх гутал тал тал тийшээ шидэгдсэн. Ингээд би босох гээд босож чадахгүй, дээшээ харж чадахгүй тэнд байсан хүмүүсийн гутлыг л харааж байж байсан. Тэнд байсан хүн миний гар утас, нүдний шил, цүнх гурвыг надад авч ирж өгсөн. Мөн тэнд байсан эгч өөрийнхөө гар утсаар эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч *********-ийн өгсөн: “Миний Тоёота приус 30 маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүргэн дүү ********* надаас гуйгаад аваад явсан. Удалгүй над руу залгаад зам дээр хүн мөргөчихлөө гэхээр нь яваад очсон. Машинд ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Бусдад учирсан хохирол гэм хорыг би хариуцан арилгахад татгалзах зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Сэвжидмаагийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5135 дугаар:
1. *********-ийн биед баруун дунд чөмөг ясны ташуу эргэлттэй, холдож салсан далд хугарал, зүүн тохой, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч *********-ийн өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ********* нь эрүүл мэндийн даатгалын сангаас ний 3,554,080 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн: “Toyota prius 30 маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *********-ын ********* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Явган зорчигч Лхагвасүрэнгийн Бямбацэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 66-67 дугаар тал/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв /хх-ийн 53-59 дүгээр тал/,
Шүүгдэгч *********-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч *********-гийн өмгөөлөгч Г.Өлзийхишигийн зүгээс: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т зааснаар гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хоногоор хойшлуулна гэсний дагуу шүүх хурадааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Улсын яллагч “Шүүгдэгч ********* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* ХХК-ий арын замд Toyota prius 30 маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *********-ийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
********* нь авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч *********-ийг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эхсүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,
"Явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг тус тус ойлгоно.
Хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар *********-д “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олгожээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
********* нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн жолооч захиргааны хэм хэмжээний акт зөрсөн байх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэсэн үндсэн шинжийг хангасан байна.
*********-гийн эс үйлдэхүй болон хохирогч *********-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.
Иймд *********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *********-ийн зүгээс 2.751.370 төгрөг, иргэний нэхэмжлэгч ********* нь 3.540.080 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч ********* нь төлж барагдуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч *********-ийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн зүгээс эмчилгээний зардалд 1.400.600 төгрөг нэхэмжилжээ. Шүүхээс эмчилгээ хийлгэсэн 1.400.600 төгрөгийг хохиролд тооцож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргасныг хангасан ба энэ хугацаанд шүүхээс тогтоосон төлбөл зохих 1.400.600 төгрөгийн хохирлыг төлсөн.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2. Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.
3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн 9 чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.”,
4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдлүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *********-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна.
Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13.200.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч *********-ээс гаргуулж хохирогч *********-т олгох нь зүйтэй
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч *********-гийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *********-гийн өмгөөлөгч Г.Өлзийхишигийн зүгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх саналыг гаргасан бол хохирогч *********-ийн өмгөөлөгч Б.Балжидмаа, шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15 дугаар тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 16 дугаар тал/,оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 17 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 18 дугаар тал/,эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 19 дүгээр тал/,тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 20 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч *********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч *********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********-ын *********-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********-гээс 13.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч *********-т олгосугай.
7. Хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС