| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/01256/И |
| Дугаар | 155/ШШ2022/01163 |
| Огноо | 2017-11-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2022/01163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 06-19 тоотод оршин суух Дууч овогт Цын Х -гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт оршин суух Халиучин овогт Оын Б -д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ц.Х, хариуцагч О.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний биө О.Бтой 2003 онд танилцаж үерхэж байгаад 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Эыг төрүүлсэн. Бид 2005 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарч хоёр дахь хүү Б.Т 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, гурав дахь хүү Б.Т 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус тус төрсөн. Хамт амьдарсан сүүлийн жилүүдэд зан байдал нь өөрчлөгдөн бид хэдийг орхиж Улаанбаатар хот руу яваад тэндээ амьдрах болсон.
Би 3 хүүхдээ тэжээх гэж ганцаараа боломжийнхоо хэрээр ажил хийж амьдарч байна. О.Баттогтох нь бидний амьдралд нэмэр болсонгүй 2 жил гаруй болж байна. Нэгэнт л бид 4-өөс холдож тусдаа амьдарна гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэж байгаа хүнтэй цаашид холбоотой байх боломжгүй байна. Иймд 2005 оны 46 дугаарын гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би охин Б.Э, Б.Т, хүү Б.Т нарыгаа өөрийн асрамжинд авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2004 оноос эхлэн Ц.Хтай хамтран амьдарсан бөгөөд 2 хүү, 1 охинтой юм. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул 3 хүүхдээ ээж дээр нь үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Одоо ч, цаашдаа ч хүүхдүүдэйгээ холбоотой байх болно. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч О.Бод холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2004 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЗДТГ-аас олгосон №0028705/46 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Э төрсөн болох нь 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №61 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Т төрсөн болох нь 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №0116853/82 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Т төрсөн болох нь 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгосон №0000793005-453 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Хариуцагч О.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа охин Б.Э, хүү Б.Т, Б.Т нарыг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, тэдэнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан, 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Э, 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Т нарыг эх Ц.Хгийн асрамжид үлдээж, эцэг О.Боос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж,
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон , 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Э 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Т нарт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийг тус бүрт, 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Тт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 3.123.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 64.918 төгрөг, гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг ба нийт 135.118 төгрөгийг хариуцагч О.Баттогтохоос гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Дууч овогт Цын Х, Халиучин овогт Оын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Э, 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Т нарыг эх Ц.Хгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Э 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Т нарыг Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Тийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг О.Боос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг О.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Х нарт тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 64.918 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийт 135.118 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин Т болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ