| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/00428/И |
| Дугаар | 142/ШШ2017/00549 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2017/00549
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2017/00549 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б
Хариуцагч: Г.А
Хариуцагч: Т.Ц
22 752 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б , хариуцагч Г.А , Т.Ц , хариуцагч нарын өмгөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.А , Т.Ц нар нь анх охиноо авч Хөх хотруу эмчилгээнд явах болохоор мөнгөний хэрэг гарсан мөнгө зээлээч гэсний дагуу миний бие тэдэнд 2014 оны 4 дүгээ сарын 16-ны өдөр 7 200 000 төгрөгийг сар бүр 9 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан зээлсэн. Өнгөрсөн хугацаанд зээлсэн мөнгөнөөсөө нэг удаа буюу 2014 оны 11 сард 1 000 000 /нэг сая төгрөг/ өгсөн. Түүнээс хойш өнеөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд энэ хугацаанд удаа дараа хүү болон үндсэн мөнгө авах хүсэлт тавьсан ч худлаа хэлсээр өдийг хүрсэн. Хамгийн сүүлд буюу Хариуцагч Г.А нь мөнгөний шалтгаанаар 406-р ангид хоригдох үед нөхөр Т.Ц нь "Алтаа асуудалд орсон та 2 түр хүлээж байгаарай, заавал мөнгийг чинь төлнө" гэж утсаар ярьсан. Хүүхэд нь өвчтэй болохоор эмчилгээнд нь мөнгө хэрэгтэй, тэгээд ч найз нөхөд гэж 10 гаруй жил явсан болохоор итгээд хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхөөс татгалзаж байгаа бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлахад эвлэрлээр шийдүүлэхээр өргөдөл өгсөн хэдий ч мөнгө төлөхөөс татгалзсан төдийгүй шүүхээр хэргээ шийдвэрлүүлнэ гэсэн. Иймд хариуцагч Г.А , Т.Ц нараас үндсэн зээл 7 200 000 төгрөг, түүний хүү 15 552 000 төгрөг нийт 22 752 000 төгрөг, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эврэлүүлэн зуучлах ажиллагааны зардал болох тэмдэгтийн хураамжны 30 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.А , Т.Ц нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ч.Б ийн нэхэмжилсэн үнийн дүнг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд урьд өмнө Б тэй найз нөхдийн холбоотой, нэг салбарт ажиллаж байсан учраас барилгын компанийхаа үйл ажиллагааг явуулахын тулд удаа дараа 12-15 хувийн хүүтэй мөнгө зээлдэж байсан. Ажил амьдрал бүтэмжтэй байхдаа хэлсэн хүү, алдангийг нэхсэн үед нь өгдөг байсан. Мөн № тоот 2 өрөө байраа хүртэл зарж, 17 000 000-18 000 000 төгрөгийг хүүнд өгч байсан. Ч.Б нь өндөр хүүтэй мөнгө байнга эргэн тойрныхондоо хүүлдэг, элдвээр хэлж, ажил төрөл дээр дарамталдаг хүн юм. Эцэст нь хэлэхэд охин минь хүүхдийн тасагт сэхээнд ухаангүй байхад загнасаар байгаад 1 000 000 төгрөг авч л байсан эх хүн гэхэд хүн чанаргүй олон үйлдлээрээ нэр төрд халдсан зэрэгт гомдож явдаг юм. Бид авсан 7 200 000 төгрөгөө хүлээн зөвшөөрч байгаа боловч тодорхой хэмжээний хүү төлөх хүсэлтэй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Г.А , Т.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 752 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардалд 30 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрнө гэж мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээнд үндэслэн тайлбарлаж байна. Нийт 7 200 000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй, 27 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сард 1 000 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн мөнгө 7 200 000 төгрөг, зээлийн хүүний төлбөр 15 552 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бэлэн мөнгө аваагүй, урьд нь ээжид өгсөн мөнгө, Болорын дансаар орсон мөнгө, бэлнээр авсан мөнгө нийлээд 7 200 000 төгрөг болсон тул тэр өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Хүүхэд маань өвчтэй зовлонтой байхад хүртэл нэхэж байгаад 1 000 000 төгрөгөө авсан. Уг мөнгийг хариуцагч Т.Ц аваагүй бөгөөд буцааж төлнө гэж хэлснээр үүрэг үүсэхгүй, иймд хариуцагч Т.Ц д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгэнт мөнгө авсан буцааж өгч чадаагүй байсан учраас 9 хувийн хүүг зөвшөөрч гарын үсэг зурсан боловч 22 752 000 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь хэтэрсэн явдал юм. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг үндэслэн зээлийн хүүгийн хэмжээг бууруулж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна гэж тайлбарладаг.
Зээлдүүлэгч Ч.Б , зээлдэгч Г.А т 7 200 000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээллэсэн бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэд хоорондын барьцаагүй зээлийн гэрээг нөхөн байгуулсан, мөнгийг гэрээ байгуулахаас өмнө хэсэгчилэн шилжүүлсэн болох нь зохигчдын шүүхэд мэдүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. Зохигчдын хэн аль нь гэрээг хожим байгуулсан хийгээд нийт мөнгөн дүн 7 200 000 төгрөг байсан талаар маргаагүй.
Хариуцагч Г.А ...Ч.Б ийн ээжид өгсөн болон Болорын дансанд шилжүүлсэн, надад бэлэн өгсөн мөнгө нийт 7 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Хариуцагч Т.Ц дээрхи зээлийн гэрээнд оролцоогүй бөгөөд мөнгө хүлээж аваагүй тул энэ хэргийн хариуцагч биш гэж мэтгэлцэж байна. Түүний Ч.Б т мөнгийг төлнө гэсэн амлалт нь иргэний эрх зүйн хариуцагч байвал зохих этгээд гэж үзэх үндэслэлгүй, Г.А ийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг биелүүлэх этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Г.А ээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Ч.Б тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч Г.А үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн тул 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заажээ.
Хариуцагч нар зээлийн хүүг багасгах талаар шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд нотлох баримтаар Монгол банкны төгрөгийн зээлийн хүүний хэмжээ, хадгаламжийн хүүний хэмжээ, Монгол банкны албан ёсны зээлийн дундаж хүүг тодорхойлсон тодорхойлолтыг ирүүлсэн байна. Мөн мөнгө авах болсон шалтгаанаа өвчтэй хүүхдээ эмчлүүлэхэд зарцуулсан гэж байгаа боловч энэ талаар холбогдох баримтыг ирүүлээгүй боловч нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй болно.
Монгол банкнаас зарласан төгрөгийн зээлийн хүүгийн дээд хэмжээ жилд 20.2 хувь, иргэд хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний жилийн хүү 108 хувь байх бөгөөд даруй 5 дахин өндөр байгаа тул зээлийн хүүний харьцааг 2.5 дахин бууруулан жилийн 50.5 хувь буюу сарын 4.2 хувь байхаар шүүх зээлийн хүүг багасгаж тогтоолоо. Хариуцагчаас 1 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сард өгсөн талаар зохигчид маргаагүй тул зээлийн гэрээгээр тодорхойлсон нийт 27 сарын хүүнээс 1 000 000 төгрөг өгөх хүртлэх хүүг 7 сараар 7 200 000 төгрөгөөс тооцож 2 116 800 төгрөг, 1 000 000 төгрөг өгснөөс хойш 20 сарын хүүг 6 200 000 төгрөгөөс тооцож 5 208 000 төгрөг нийт 7 324 800 төгрөгийн зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр 6 200 000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Г.А ээс 13 554 800 төгрөг /13 524 800+30 000 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Ч.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 227 200 төгрөг болон хариуцагч Т.Ц д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 271 710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А ээс 225 724 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б т олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т заасныг баримтлан хариуцагч Г.А ээс 13 554 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 227 200 төгрөг болон хариуцагч Т.Ц д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 271 710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А ээс 225 724 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ