Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 136/шш2022/00149

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 136/ШШ2022/00149

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19** оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, У хот, Ч дүүрэг, ** дугаар хороо, ** гудамж, 11**Ж тоотод оршин суух, Б овогт М-Оын Ж /РД:***********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сумын*2 дугаар баг, Агийн **-** тоотод оршин байх, Ф р ХХК /РД:**********/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,254,716 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ж хариуцагч Ф р ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,254,716 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгчээс Ф р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03 өдрийн 22/12 тоот тушаалаар М.Ж нь ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан 3 үндэслэлийг дурдсан. ...энэ хэдэн үндэслэлүүдийн аль нь тодорхойгүй. Мөн ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд түүнд мэдэгдэл өгөх хуулийн хугацаа олгоогүй.

Нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,ажилд томилуулах ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлье гэдэг шаардлага гаргасан. Хариуцагчаас 03 дугаар сарын 01-ний өдрөөс Жг ажилд томилсон тушаалыг шүүхэд ирүүлсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл Ж нь бодит байдал дээр тухайн ажлын байрандаа ажиллаагүй. Хариуцагч өөрөө гаргасан тушаалаа хууль зүйн алдаатай, үндэслэлгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ...Ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчийн зүгээс тооцоолж үзэхдээ Хөдөлмөр нийгмийн халамжийн сайдаас баталсан дундаж цалин хөлс тооцох аргачлалын дагуу бодсон. Тушаал дээр 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд дуусгавар болгоод 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл М.Ж ажилгүй байгаа.

Ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлээд өнөөдрийн өдөр хүртэл буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл журмаар тооцоолж бодоход 3,999,207 төгрөг болж байгаа. Хариуцагчаас танай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрчихлөө гэхээр нь холбогдож үзсэн. ... Манай нэхэмжилж байгаа дүн нь нийт 3,999,207 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр Ф р ХХК-с Жгийн дансанд 680,000 төгрөг орсон. Мөн нийгмийн даатгалын шимтгэл 218,400 төгрөгийг төлсөн байсан. Үүнийг сая баримтаар өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд... Эрх нь сэргээгдээгүй байна. Мөн хариуцагч 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд сул зогссон гээд байна. Хавтаст хэрэгт өгсөн баримтыг нь харахаар нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайн тушаал шаардлага хангасан байсан ч 11 дүгээр сарын 15-ны өдөр гарч байгаа тушаал цаг хугацааг ухраагаад 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш сул зогсоож байгаа юм шиг агуулгатай тушаал. Энэ нь цаг хугацааны хувьд өнгөрсөн харилцааг зохицуулах боломжгүй зүйл. Тийм учраас хариуцагчаас шүүхийг төөрөгдүүлэх маягаар тухайн тушаалыг гаргаж өгч байна гэж ойлгож байна. ...Нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс ажилд нь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 3,159,207 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2021 онд цар тахлын нөхцөл байдлаас болоод үйл ажиллагаа зогссон. 2021 оны 06 дугаар сараас хойш борлуулалт зогсоод урагшаа гаргадаг цуваа сар болгон буурсаар байгаад хамгийн сүүлд 11 сард ганц цуваа гаргаад түүнээс хойш үйл ажиллаагаа явуулах ямар ч боломжгүй болсон учраас 11 дүгээр сарын 01-ний өдрөөс сул зогсолт зарласан. Сул зогсолтод хамрагдаж байгаа ажилчдын дурдсан гүйцэтгэх захирлын тушаал энд байна. М.Ж нь тухайн үед 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд ажилласан. 15 хоног ажиллах ёстой. 15 хоногийнх нь сул зогсолтын цалин, үндсэн цалин бүгдийг нь бүрэн гүйцэт бодож олгоод нийгмийн даатгалын лавлагаа дээр 1,380,000 төгрөг гээд байгаа. Түүнээс хойш 12 сард сул зогсолтын мөнгө гэж 900,000 төгрөг олгосон. 01 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлын 1 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилчдыг халах тушаал гарсан. 15-ны өдөр хүртэлх сул зогсолтын 450,000 төгрөг дээр нэмээд Жгийн 2021 онд ажилласан 09 сарынх нь хугацаанд таарсан амралтыг бодож олгосон. Жгийн цалинг бид нар 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл бодож олгосон гэсэн үг. Ажлын 15 хоногийн амралт нь 01 дүгээр сард 10 хоног, 02 сард 5 хоног орж байгаа. Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын хоног 17 байгаагийн 5 хоногийг хасаад 12 хоногийн сул зогсолтын цалинг өгөх үүрэг хүлээж байгаа гэж ойлгож байгаа. Манай уурхай одоо ч бүрэн үйл ажиллагаагаа явуулаагүй . Уул уурхай хүлээсэн үүргээрээ сул зогсолтын цалин нь сарын 840,000 байх ёстой. Түүнээс хууль дүрэм журмын дагуу нийгмийн даатгал хувь хүний орлогын албан татварыг суутгаад гарт нь олгогдсон мөнгө гэсэн үг. Тэгэхээр ажил олгогчийн нөхөж олгох цалин нь 12 хоногийн сул зогсолтын цалинг л өгөх үүрэг хүлээж байгаа. Энэ нь 592,941.18 төгрөг байгаа. Бусад цалин мөнгийг нь хууль дүрмийнх нь дагуу олгосон гэв.

Нэхэмжлэгчээс: Ф р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 22/12 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-4/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, Ф р ХХК болон М.Ж нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-6-8/, нэхэмжлэгчээс М.Чт 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэл /хх-21/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-22, 32/ зэрэг нотлох баримтыг,

Хариуцагчаас: Ф р ХХК-иас Э.Эрдэнэгэрэлд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-12/, Ф р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 22/14 тоот Ажилд томилох тухай тушаал /хх-18/, сул зогсолтын цалинг нөхөн олгох тооцоо /хх-19/, Ф р ХХК-иас Г.Ад олгосон итгэмжлэл /хх-27/, Ф р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 21/20 тоот тушаал /хх-28/, М.Жгийн амралтын тооцоо /хх-30, 31/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Ф р ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,999,207 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цалин хөлсний маргаан болох ажилгүй байсан хугацааны цалин 3,999,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 840,000 төгрөгөөр багасгаж, 3,159,207 төгрөг болгожээ.

2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 22/12 дугаартай Ф р ХХК-ийн захиралын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн М.Жг тогоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн- гэж заасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойш буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22/14 дугаартай Ф р ХХК-ийн захиралын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг үндэслэн М.Жг уурхайн тогоочийн ажилд буцаан томилсугай гэжээ.

Нэхэмжлэгч М.Ж хариуцагч Ф р ХХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бичгээр хийж талууд гарын үсэг зурсан байна.

М.Жг Ф р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/12 тоот тушаалаар 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн захирлын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22/14 тоот тушаалаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тогоочийн ажилд буцаан томилжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажил эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч талаас : Манай уурхай одоо ч бүрэн үйл ажиллагаагаа явуулаагүй, сул зогсолт хийснээс ажилчдаа халсан гэж тайлбарлан нотлох баримтаар ирүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ф р ХХК-ийн захиралын 21/20 тушаал нь хуулбар байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь,хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан тул нотлох баримт гэж үнэлэх боломжгүйг дурдъя.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаар:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар тушаалын хавсралтын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу 2021 оны 11-р сард 1,380,000 төгрөг, 12-р сард 1,900,000 төгрөг, 01-р сар 1,959,160 =4,239,000

4,239,000:3=66,650 төгрөг, ажилгүй байсан хоног 60 хоног, 66,650*60=3,999,000 төгрөг, М.Жд олгосон 840,000 төгрөгийг хасч тооцон 3,159,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас: ...ажилгүй байсан хугацааны цалин 3,159,207 төгрөг нэхэмжилснээс Жгийн цалинг бид нар 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл бодож олгосон гэсэн үг. Ажлын 15 хоногийн амралт нь 01 дүгээр сард 10 хоног, 02 сард 5 хоног орж байна. Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын хоног 17 байгаагийн 5 хоногийг хасаад 12 хоногийн сул зогсолтын цалинг өгөх үүрэг хүлээж байгаа гэж ойлгож байгаа. Манай уурхай одоо ч бүрэн үйл ажиллагаагаа явуулаагүй. Уул уурхай хүлээсэн үүргээрээ сул зогсолтын цалин нь сарын 840,000 байх ёстой. Түүнээс хууль дүрэм журмын дагуу нийгмийн даатгал хувь хүний орлогын албан татварыг суутгаад гарт нь олгогдсон мөнгө гэсэн үг. Тэгэхээр ажил олгогчийн нөхөж олгох цалин нь 12 хоногийн сул зогсолтын цалинг л өгөх үүрэг хүлээж байгаа. Энэ нь 592,941.18 төгрөг байгаа. Бусад цалин мөнгийг нь хууль дүрмийнх нь дагуу олгосон гэж маргаж байгаа боловч нотлох баримтаар тогтоогдсонгүй,ирүүлсэн нотлох баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилд эгүүлэн тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.6 дахь хэсэгт зааснаар ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг шаардах эрхтэй байх ба түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Ф р ХХК-д даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ф р ХХК-иас 65,497 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ф р ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 3,159,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт М-Оын Ж /РД:***********/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Ф р ХХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан М.Жгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ф р ХХК-д даалгасугай.

3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ф р ХХК-иас 65,497 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ