Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00075

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02403 дугаар шийдвэртэй, Н.А-ийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 37 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Гэрээний төлбөрт илүү төлсөн 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Т.Ганхүлэгийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А нь Б ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Экскаватор түрээслэх тухай гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Хьюндэй Робекс 480 маркийн экскаваторыг 6 сарын хугацаатай түрээслэх, хариуцагч нь түрээсийн төлбөрт сар бүр 45 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцон 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр экскаваторыг “Мөрөн Транс” ХХК-иар түрээслэгчийн нэрлэсэн газарт тээвэрлүүлэн очсон. Экскаватор түрээслэх тухай гэрээний 2.5-д заасны дагуу эхний сарын төлбөрийг 2 хувааж төлөхөөр харилцан тохиролцож, түрээслэгч 20 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 25 000 000 төгрөг төлөөгүй. Мөн гэрээний 2.6-д заасан экскаваторыг ажлын талбайд очих зардлын 50 хувийг хариуцагч төлөх үүрэг хүлээсэн. Б  ХХК  гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөний улмаас Н.А “Экскаватор түрээслэх тухай гэрээ”-нээс татгалзаж, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр экскаватороо эргүүлэн авч, Улаанбаатарт авчирсан. Гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тохиолдолд экскаваторыг буцаан авчрах зардлыг түрээслэгч төлөхөөр гэрээний 3.13-т заажээ. Түүнчлэн, гэрээний 2.9-д “түрээслэгч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3% алдангийг түрээслүүлэгчид төлнө” гэж тохиролцсон. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн мэдэгдэл хүргүүлэх хүртэл 102 хоногийн алданги 7 650 000 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, “Экскаватор түрээслэх тухай гэрээ”-ний 2.5, 2.6, 2.9, 3.13-т заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөг, экскаваторыг ажлын талбайд очих зардлын 50 хувь 2 750 000 төгрөг, экскаватор буцаан авчрах зардал 2 350 000 төгрөг, алданги 7 650 000 төгрөг, нийт 37 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Экскватор түрээслэх тухай гэрээ”-ний 2.1-д түрээсийн төлбөрт сард 45 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч гэрээний 2.5-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлж эхний сарын төлбөрийн урьдчилгаа төлбөрт 20 000 0000 төгрөг төлсөн. “Б” ХХК нь гэрээний дагуу экскваторыг 2017 оны 10 дугаар сарын 11-нээс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 13 өдөр ашигласан нь ажил гүйцэтгэлийн журнал, тухайн ажлын талбайд ажилласан инженер, ажилтнуудын мэдүүлэг баримтаар нотлогддог. Гэрээний 1.5, 2.4, 2.8-д хариуцагчаас экскаваторыг 13 өдөр ашигласны төлбөрийг тооцвол 1 өдөрт 1 500 000 төгрөг нийт 19 500 000 төгрөг болж байгаа ч хариуцагч  нэхэмжлэгчид 500 000 төгрөг илүү төлсөн. Гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байх хугацаанд нэхэмжлэгч санаачилгаараа гэрээнээс татгалзаж, экскаваторыг талбайгаас авч явснаас шалтгаалан хариуцагч нь түүнийг 13 өдрөөс илүү хугацаанд ашиглаагүй тул нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт 25 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

Гэрээний харилцаа үргэлжилж байх хугацаанд хариуцагчаас аливаа байдлаар гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь, шударгаар гүйцэтгэж байсан ба харин нэхэмжлэгчээс томилсон экскаваторыг хариуцсан ажилтнууд ажлаа орхиж явах, ажлаас хоцрох, техникээс түлш хулгайлах гэх мэт зөрчил гаргаж, хариуцагчийн үйл ажиллагаанд хохирол учруулсан. Мөн нэхэмжлэгчийг экскаваторын өмчлөгч гэх боловч өнөөдрийг хүртэл түүнийг өмчлөгч болохыг тогтоосон гэрчилгээ, баримт бичигтэй хариуцагч танилцаагүй учраас нэхэмжлэгчийг экскаваторын өмчлөгч мөн эсэх, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд эргэлзэж байна. Гэрээний хугацаанд нэхэмжлэгчээс өөрийн санаачилгаар гэрээг цуцалж харилцааг дуусгавар болгосноор түрээслэгч экскаваторыг тохиролцсон хугацаанд ашиглаж чадаагүй. Гэрээ хэвийн үргэлжилсэн тохиолдолд гэрээний 2.6-д заасан техникийг ажлын талбайд очих зардлын 50 хувийг төлөх үндэслэлтэй байсан. Нэхэмжлэгч өөрийн санаачилгаар гэрээг цуцалж дуусгавар болгосон учир техникийг ажлын талбайд очих зардлын 50 хувийг түрээслэгч хариуцахгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхтэй холбоотой зардлыг зөвхөн түрээслүүлэгч  өөрөө хариуцах үүрэгтэй байна. Экскаваторын ажлын талбайд очих зардлын 50 хувь болох 2 750 000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Гэрээний 3.13-т “гэрээнд заасан хугацаанаас нь өмнө гэрээг түрээслэгч нь түрээслүүлэгчийн буруутай үйлдлээс эс хамааран цуцлах болсон тохиолдолд буцах тээврийн хөлсийг төлнө” гэж тохиролцсоны дагуу хариуцагч нь түрээсийн гэрээг  цуцалсан тохиолдолд л техникийн буцах тээврийн хөлсийг хариуцах үүрэгтэй. “Б” ХХК нь гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй, харин Н.А гэрээг хугацаанаас өмнө цуцалж, экскаваторыг авч явсан тул холбогдох тээврийн зардал 2 350 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Б ХХК нь гэрээний 2.5-д заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь шударгаар, зохих ёсоор биелүүлж, 20 000 000 төгрөг төлж, түрээсийн төлбөрт тохирсон хэмжээнд ашигласан тул ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөр 25 000 000 төгрөгөөс тооцож буй алданги 7 650 000 төгрөгийг хариуцан төлөх үүрэггүй.

 Нөгөө талаас Н.А-ийн нэр дээр зөвхөн Тоёота маркийн авто машин бүртгэлтэй гэсэн лавлагаа ирүүлсэн. Ингэснээр Н.А Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхгүй этгээд байна. Шаардах эрхээ Н.А-д шилжүүлсэн гэрээ байгуулсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй учраас шаардах эрхгүй. Талууд аль аль нь хэлцэл байгуулах эрхгүй атлаа хэлцэл байгуулсан гэж үзсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэт зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсэн үр дагавар үүсэх ёстой. Түүнээс гэрээнээс ямар нэг үр дагавар үүсдэггүй, гэрээний дагуу ямар нэг шаардах эрх үүсэхгүй. Зохигчид гэрээний дагуу үүрэг үүсээгүй, шаардах эрх үүсээгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, харилцан ашигласан болон төлсөн төлбөрийг харилцан тооцуулж, асуудлыг дуусгавар болгох үндэслэлтэй гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зохигчийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Экскаватор түрээслэх тухай гэрээ”-ний 2.1-д сард 45 000 000 төгрөг төлөхөөр тохиролцон эхний сарын урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөг төлсөн. Хариуцагч гэрээний дагуу экскаваторыг 13 өдөр ашигласны төлбөр өдөрт 1 500 000 төгрөг буюу нийт 19 500 000 төгрөг болно. Түрээсийн төлбөрт 500 000 төгрөг илүү төлсөн тул гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч үндэслэлгүй гэрээг цуцалж, шүүхэд хандсанаас хариуцагч хууль зүйн зөвлөгөө авах зайлшгүй бөгөөд төлөвлөгдөөгүй зардлыг гаргаж, хууль зүйн үйлчилгээний хөлсөнд 4 152 500 төгрөгийг төлснөө нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Ж.Ч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь экскаваторыг 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн, хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлбөрөө төлөөгүй учир 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээнээс татгалзаж, экскаваторыг эгүүлэн татсан тухайгаа нэхэмжлэлд дурдаж, баримтуудыг гаргаж өгсөн. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарт дурдаад байгаа 13 өдөр ашигласан гэх нөхцөл байдал нь бодит байдлыг илт гуйвуулсан тайлбар бөгөөд гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүйгээс гэрээний 5.1-д заасны дагуу гэрээг цуцалж, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн. Хариуцагч нь гэрээний дагуу төлөх төлбөрөө зохих журмыг дагуу төлсөн бол шүүхэд маргаан үүсэхгүй байсан гэжээ.   

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б ХХК-иас /РД:5711037/ түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 050 000 /хорин зургаан сая тавин мянга/ төгрөг гаргуулан, Х овогтой Н.А-д /РД:ХА79042616/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 700 000 төгрөгийг болон 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 346 700 төгрөг болон хариуцагчаас хураамжид төлсөн 90 514 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 282 950 төгрөг гаргуулан нэхэмжэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Ганхүлэг давж заалдах гомдолдоо: Б ХХК-ийн гүйцэтгэх удирдлага буюу захирал С.Эрдэнэбаатар гэж гэрээнд дурдсан атлаа компаниас эрх олгогдоогүй хамааралгүй этгээдийг гэрээнд гарын үсэг зуруулсан нь уг хэлцэл буюу Экскаватор түрээслэх тухай гэрээ хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан шаардлагад нийцсэн итгэмжлэл н.Пагамдуламд олгогдоогүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн Экскавтор түрээслэх тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.             Түрээсийн гэрээний 1.5-д заасны дагуу ажил гүйцэтгэлийн журнал нь түрээсийн төлбөр тооцох анхдагч үндсэн баримт болох тухай дурдсан ба уг журналд 13 хоног ажилласан тухай тэмдэглэгдсэн бөгөөд талууд маргадаггүй тул сарын түрээсийн төлбөрийг бүтнээр нь шаардах эрхгүй юм. Мөн гэрээний 1.3-д сард 27-оос багагүй хоног ажилласан тохиолдолд түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлөх буюу шаардахгүй тухайд тусгасан байна. Нэхэмжлэгч нь түрээсийн өмчлөгч биш бөгөөд түрээсийн төлбөр шаардах эрх бүхий этгээд мөн эсэхийг тогтооход чиглэсэн ямар нэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй буюу хууль ёсны өмчлөгч биш байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны төлбөрийг шаардах эрхтэй тухайд хуульчилсан байна. Гэтэл хугацаа хэтрээгүй байхад түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан нь аливаа төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 37 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт илүү төлсөн 500 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талууд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр R-480 маркийн экскаваторыг 6 сарын хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрийг сарын 45 000 000 төгрөгөөр тохиролцож, эхний сарын төлбөрийн урьдчилгаа 20 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг 11 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгч экскаваторыг  2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчид хүргүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буцаан авсан  талаар зохигчид маргаангүй байна.

 Нэхэмжлэгч  1 сарын түрээсийн төлбөр 45 000 000 төгрөгний үлдэгдэл төлбөр 25 000 000  төгрөгийг шаардсан. Хариуцагч нь 13 хоног ажилласаны төлбөрт 20 000 000 төгрөг төлж,  500 000 төгрөгийг илүү төлсөн, нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, гэрээ хүчин төгөлдөр бус, ашиглаагүй хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэсэн агуулга бүхий тайлбар гарган маргажээ. /хх-ийн 6-10 дугаар тал/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч, түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөхөөр зохицуулсан. Түрээсийн гэрээний хувьд гэрээний зүйл болох хөрөнгийг түрээслэн авч буй этгээд зориулалтын дагуу ашиглаж, ашигласнаас бий болсон үр шимийг олж авах эрхтэй

Дээр дурьдснаар талууд түрээсийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан,  хэлцлийн дагуу нэхэмжлэгч талаас эд хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч урьдчилгаа төлбөрөө төлж, эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж байх явцад гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч түрээсийн зүйл болох экскаваторыг буцаан авсан үйл баримт тогтоогдсон тул шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэг талаас компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч нь н.Эрдэнэбаатар байхад гүйцэтгэх захирлын эрх хэмжээгүй Г.Пагмадулам гэрээ байгуулсан, нөгөө талаас экскаваторын өмчлөгчөөр бүртгүүлээгүй атлаа гэж шаардлага гаргаж буй Г.А нарын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар хариуцагч гомдол гаргасан. Гэрээнд талуудыг төлөөлж буй этгээдүүд гарын үсэг зурж, хариуцагч Б ХХК-ийн тамга дарагдсан үйл баримтаас захирал н.Эрдэнэбаатарын хувьд хэлцлийг дэмжиж, Г.Пагмадуламд гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосон гэж үзэхээр байх ба тэрээр хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар маргаж, үгүйсгээгүй байна.

Түрээсийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой бус хөрөнгийг бусдын эзэмшил ашиглалтад шилжүүлэхтэй холбоотой гэрээний төрөлд хамаардаг тул түрээслүүлэгчийг заавал  өмчлөгч байхыг шаардахгүй.

Нэхэмжлэгч Н.А Хьюндай /Hyunda Robex/ R-480 маркийн экскаваторыг 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн хилээр оруулж ирсэн болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдсон. Түүнийг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч мөн эсэхийг маргаагүй. Харин тэрээр экскаваторыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид түрээслэн, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буцаан авч, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр бусдад худалдсан байдал тогтоогдож байх тул энэ талаархи хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй талаар, мөн төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах талаар шүүх үндэслэл бүхий дүгнэн, дээрхи  гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн буюу талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар  хүчин төгөлдөр болсон гэж үзжээ.

 Маргааны зүйл болсон экскаваторыг хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшил ашиглалтандаа байлгасан боловч 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд 13 хоног ажиллуулсан гэж, нэхэмжлэгч нь бодит байдал дээр 1 сар гаруй хугацаагаар ашигласан гэж маргадаг. Хариуцагч Б ХХК-ийн тамга бүхий ажилласан операторын гарын үсэггүй, хяналтын инженерийн зарим гарын үсэг тодорхойгүй баримтыг /хх-ийн 104 дүгээр тал/ шүүх эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой гэж үзэхгүй.

 Ийм учраас анхан шатны шүүх гэрээний 2.9-т ”түрээслэгч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,3% алдангийг түрээслүүлэгчид төлнө” гэж заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 14 хоногоор тооцон алданги 1 050 000 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 25 00 000 төгрөг буюу үүргийн гүйцэтгэлд нийт 26 050 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль зүйн үйлчилгээ үзүүлсний төлбөрт 4 152 500 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан, илүү төлсөн 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэж, шаардлагаас үлдэх 11 700 000 төгрөгийн хамт хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Талууд түрээсийн гэрээний 5.1-д зааснаар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар тохиролцсон. Хариуцагч түрээсийн гэрээний 2.5-д зааснаар эхний 1 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 25 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь  үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар мэдэгдэж, шаардаж байсныг үгүйсгээгүй байна. Тиймээс түрээсийн гэрээний хугацаа хэтрээгүй байхад түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээ цуцалсан нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  290 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                      ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

                                                                                                            Д.БАЙГАЛМАА