| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00369/И |
| Дугаар | 135/ШШ2018/01318 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2018/01318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2018/00369/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................. тоотод оршин суух З овогт Н-гийн Т /утас .................../
Нэхэмжлэгч: ................. тоотод оршин суух, Ш овогт А-ын Н нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................. тоотод оршин суух Н овогт Э /утас .................
Хариуцагч: ................. тоотод оршин суух, Х овогт С-ийн А /утас ............../ нарт холбогдох,
"1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний хүү 15 настай Т.Г, Т.Г дүү А.Н нар нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 19-ний хооронд хичээл сургуулийнхаа зуны амралтаар хичээлийн бэлтгэл хийх зорилгоор Н.Э, А, О нарт байцаа , шийгуаны талбайн зэрлэг түүх, усалгаа хийх, талбай сийрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийсэн билээ. Анх хүүхдийг ажиллуулах саналыг Э тавьж бидэнтэй хөлс мөнгийг нь тохирч яриад хүүхдүүдийг минь ажиллуулсан юм. Анх ажиллуулах тухай эцэг эхтэй нь ярихдаа 1 өдөрт 15,000 төгрөгөөр тооцно гэснээ 1 хүүхдийг 400,000 төгрөгөөр тооцьё гэж тохирсон. Ингээд хүүхдүүд минь бүтэн хоёр сар гаран ажиллахад 1 сарын мөнгө /3 хүүхдийн/ 1,200,000 төгрөгийг 9 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. Үлдсэн 1,200,000 төгрөгийг одоо ногоо зараад доор нь өгнө гэсээр одоог хүрч насанд хүрээгүй хүүхдийг минь хуурсаар байна. Иймд Г, Г, Н нарын ажилласан хөлс 1,200,000 төгрөгийг Эөөс гаргуулж өгнө үү. Үүнээс болж хүүхдүүдийн итгэл хүсэл алга болж асар муу нөлөө үзүүлж байгаад гомдож байна гэв.
Хариуцагч Н.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй группт байдаг өнгөрсөн жил хамаатны ах О-тай уулзахад найзуудтайгаа нийлээд шийгуа, байцаа тарих гэж байна чи бид нартай нийлээд ногоо тарилц гэсэн тэгээд Бүрэнтолгойд 8 га газар түрээсэлж байцаа . Хавцалд Мандахын 10 га-д шийгуа хулуу зэргийг тарьсан. Ингээд А гэдэг залуу би анх ногоо тарьж байна. Би ногоо мэдэхгүй чи бол олон ногоо тарьсан туршлагатай надад туслаад Б цуг байя чи нутгийн иргэн байна ажилчид ол цалин дээр санаа зоволтгүй гэсэн учраас би хуучин ногоон дээр ажиллаж байсан хүмүүс рүү утасдаад Т, Ц хоёрын гурван хүүхдийг тус бүр сарын 400,000 төгрөгөөр ярьж тохироод авч ажиллуулсан. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 2 сар ажиллуулсан. А, Ор хоёр санаа зоволтгүй цалинг нь ногоод зараад өгчихнө гэсэн боловч өгөхгүй удаад би явц байцаа зараад өгөх гэхээр мөнгө хэрэгтэй байна гээд авчихдаг байсан. О ахад хэлэхээр чи байцаа д зараад хүүхдүүдийн цалинг өг гэсний дагуу А бид хоёр байцаа хурааж зараад эхний ээлжинд 1,200,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Үүнээс хойш үлдэгдэл мөнгийг гаргаж өгөх боловч А нь энэ байцаа тарьсан би гаргасан О чи мөнгөө шийгуа дээр гаргачихаад тэндээсээ мөнгөө олж ав гээд маргалдаад хэрүүл зодоон хийгээд байхаар нь О, А хоёрт би мөнгө гаргаад өгнө гэсэн зунжингаа ажил хийсэн хүн олсон байцаа зөөх машин тэрэг олж ирдэг захруу очоод зардаг байсан. Эхнэрийнхээ хамт олныг хүртэл гуйж авчраад байцаа хураалгаж байсан. Та надад хувь өгөхгүй гэж байсан бол ядаж хоёр сар ажил хийлгэсэн 3 хүүхдийнхээ цалинг хэл амгүй өгчихөөрөй гэж хэлээд би ажлаа орхиж явсан. Явахын урд нь дархан захын ногооны ченж Дамдин эгчид 67 шуудай байцаа зээл буулгасан байсан Дамдин эгчтэй очиж уулзаад наад манай эхнэрт өгчихөөрөй цааш нь 3 ажилчны цалин өгөх гэсэн юм хүүхдүүдийн аав, ээжийг дуудаж Дамдин эгчтэй уулзуулаад би 10 сарын 15-ны өдөр Зүүн харааруу самаранд яваад 11 сарын 17-ны өдөр ирээд Д эгчтэй уулзаад мөнгийг чинь өгч чадаагүй чамайг байхгүйд А гэдэг залуу чинь ирээд миний авах мөнгө Эд хамаагүй гэж мөнгө нэхсэн өгөхгүй бол цагдаа, шүүхээр яваад авна гэж дарамталсан гэсэн. Тэгээд би О-тай ярихад байцаа хурааж дуусаад бид хоёрын тооцоо дууссан гэж хэлээд наад байцаа ны мөнгийг хүүхдүүдийн цалинд авч өг гэсэн. Атэй ярихад би авахад өөрөө хүүхдүүдтэй тооцоо хийх гэж байна. Чи битгий дундуур ороод бай гэхээр нь би за гурван хүүхдийн өгчихөөрөй гэж хэлээд оролцохоо больсон. Тийм учраас надаас нэхэмжилсэн мөнгийг Аээс нэхэмжлэх ёстой гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
...******* миний бие 2017 онд Дархан-Уул аймгийн ойролцоо Бүрэн-Толгой хавцал гэх газар өөрийн танил О, Э, Н, Г нартай хамтран анх удаагаа байцай, тарвас тарьсан. Э нь тусдаа Бүрэн толгойд огурцы тарьж уг ажилчдыг давхар ажиллуулсан. Миний хувьд анх удаа ногоо тарьж байгаа болохоор Дарханд таньдаг хүн байхгүй. Уг ажилчдыг Э эцэг, эхийн нь таньдаг сургуулийн бэлтгэл хийх хэрэгтэй байна ... улмаас хөлсийг нь тохирч ажиллуулахаар болсон. Сарын 400,000 төгрөг 2 сарын 3 хүний хөлс 2,400,000 төгрөгөөр тохирсон болно. Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 03-нд цалин болох 1,200,000 төгрөгийг /байцаа зарсан мөнгөнөөсөө/ Э, түүний эхнэр У-аар Тын гэрийг нь заалгаж өөрийн биеэр гэрт нь бэлнээр аваачиж өгсөн. Энэ 1,200,000 төгрөгийг хүлээж авснаа Т нь нэхэмжлэлдээ дурьдсан байна. Эдгээр ажилчид нь байцай, тарвас, огурцыны талбайд ажилласан болно. Ургацаа хурааж дуусаад О, Э 2 нь үлдэгдэл 1,200,000 төгрөгийг өгч дуусгахаар болж /аман тохиролцоо хийж/ би хот руу буцсан. Тарьсан ургацнаас миний бие нь нэг ч төгрөгний ашиг олоогүй болно. Т нь үлдэгдэл 1,200,000 төгрөгийг Эөөс гаргуулж өгөхийг нэхэмжилсэн байна. Иймээс надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Т нь насанд хүрээгүй хүүхдүүд болох Т.Г, Т.Г нарын цалин хөлс нийт 800,000 төгрөгийг, нэхэмжлэгч А.Н нь цалин хөлс 400,000 төгрөгийг тус тус гаргуулахаар хариуцагч Н.Э, ******* нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Н.Э нь ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх хүүхдүүдийн цалин, ажлын хөлсийг *******, О нар өгөх ёстой гэсэн тайлбарыг гаргаж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, О, Н.Э нар өгөх ёстой гэж тус тус маргасан болно.
Насанд хүрээгүй хүүхдүүд болох Т.Г, Т.Г, А.Н нарыг ногооны талбайд ажиллуулах саналыг анх хариуцагч Н.Э тавьсны үндсэн дээр зөвшөөрч, сарын цалин хөлсийг 400,000 төгрөгөөр тохиролцож, Т.Г, Т.Г, А.Н нар нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд Н.Э, *******, О нарын тарьсан байцаа, шийгуа, өргөст хэмхний талбайн зэрлэг түүх, усалгаа хийх, талбайг сийрэгжүүлэх зэрэг ажлыг хийсэн болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь дээрх 3 хүүхдүүдийг 2 сар ажиллуулсан цалин хөлсөнд нийт 2,400,000 төгрөгийг өгөх ёстойгоос 1,200,000 төгрөг өгсөн, үлдэх 1,200,000 төгрөгийг өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй боловч нэхэмжлэлийн шаардлага болох үлдэгдэл цалин хөлс 1,200,000 төгрөгийг хариуцагч С.Э нь ...би Отай ярихад байцаа хурааж дуусаад бид хоёрын тооцоо дууссан гэж хэлээд наад байцааны мөнгийг хүүхдүүдийн цалинд авч өг гэсэн. Атэй ярихад би авахад өөрөө хүүхдүүдтэй тооцоо хийх гэж байна. Чи битгий дундуур ороод бай гэхээр нь би за гурван хүүхдийн цалинг өгчихөөрөй гэж хэлээд оролцохоо больсон. Тийм учраас надаас нэхэмжилсэн мөнгийг Аээс нэхэмжлэх ёстой гэсэн тайлбарыг,
Хариуцагч ******* нь ...Ургацаа хурааж дуусаад О, Э хоёр нь үлдэгдэл 1,200,000 төгрөгийг өгч дуусгахаар болж /амаар тохиролцоо хийж/ би хот руу буцсан... гэсэн тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй болно.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Шүүх О, *******, Н.Э нарын хоорондын тохиролцоо болон тэдний маргаан бүхий мөнгөний асуудлыг шийдвэрлээгүй, зөвхөн хүүхдүүдийн ажлын хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх тул хүүхдүүдэд болон тэдний эцэг эхэд анх ажиллуулах саналыг Н.Э тавьсан учир дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 төгрөгийг Н.Эөөс гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд хариуцагч Н.Э-өөс насанд хүрээгүй хүүхдүүд болох Т.Г, Т.Г нарын цалин хөлс нийт 800,000 төгрөгийг гаргуулан хүүхдүүдийн эцэг болох Н.Тт, мөн 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Нэргүйд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хариуцагч Н.Э нь *******, О нарт холбогдуулан хүүхдүүдийн цалинг хэн өгөхөөр тохиролцсон талаар маргааныг шийдвэрлүүлэхээр жич шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр харшлахгүй болохыг дурьдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Э-өөс 800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Тт, 400,000 төгрөгийг гаргуулан А.Н-тус тус олгож, хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч Н.Э-с улсын тэмдэгтийн хураамж 33,350 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА