Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01399

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01399

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МД ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Д холбогдох,

Даатгалын хураамжийн үлдэгдэл 293 725 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Билгүүн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Л.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МДХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Лхагважав овогтой Дашдаваа, МДХХК нар Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг үндэслэн 2016 оны 09 сарын 12-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар 1600000050 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч Л.Д нь 325 000 төгрөгийн даатгалын хураамжийг Даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Л.Д нь Гэрээний хугацаанд 473 500 төгрөгийн нөхөн төлбөрийг авсан. Гэтэл 2016 оны 10 сарын 27-ны өдөр нийт 31 275 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 293 725 төгрөгийн даатгалын хураамжийг төлөөгүй байна. Иймд Л.Дгаас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т Даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 293 725 төгрөгийг Л.Дгаас гаргуулж, МДХХК-д олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 09 сард МДХХК-тай өөрийн өмчлөлийн 14-79 УНС улсын дугаартай элентра маркийн автомашинаа тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд хамруулан, харилцан тохиролцож даатгал хийлгэсэн. Миний бие 2017 оны 8 сард УНС 14-79 улсын дугаартай авто машинаа зарсан тул гэрээгээ МДХХК-д хүлээлгэн өгсөн. Анх гэрээг хийсэн даатгалын ажилтан нь Л.Д миний Хаан банкны ....... тоот данснаас сар бүр даатгалын хураамжийг хувааж татан авч төлүүлэхээр тохиролцож, гэрээг хийсэн. Гэтэл гэрээнийхээ дагуу даатгалын хураамжийг татан авалтыг хийгээгүй 11 сар болсон байх тул одоо би уг хураамжийг төлж чадахгүй. Иймд тухайн компанийн даатгалын ажилтан өөрсдөө гэрээгээр тохирчихоод миний данснаас хураамжийг татан аваагүй нь буруутай байх тул би уг хураамжийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МДХХК нь хариуцагч Л.Дд холбогдуулан даатгалын хураамжийн үлдэгдэл 293 725 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Л.Д нь тухайн даатгалын хураамжийг миний данснаас сар бүр татан авч төлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан атлаа татан авч төлүүлээгүй нь МДХХК буруутай тул уг хураамжийн үлдэгдлийг төлөхгүй гэж маргадаг.

Иргэн Л.Д нь МДХХК-тай 2016 оны 09 сарын 12-ны өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2016 оны 09 сарын 13-ны өдрөөс 2017 оны 09 сарын 12-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатайгаар байгуулж, Hundia маркийн Элентра моделийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13 000 000 төгрөгөөр үнэлж, хураамжийг 2,5 хувиар тооцож, нийт 325 000 төгрөгийн хураамж төлөх, хураамжийн урьдчилгаанд 27 083 төгрөгийг төлж, үлдэгдлийг нь 2016 оны 10 сараас 2017 оны 8 сарыг хүртэл хугацаанд сар бүр 27 083 төгрөгөөр, сар бүрийн 15-ны өдөр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын .............. дугаартай гэрээгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд даатгуулагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хуулийн 10.1.4-т даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлнө гэж тус тус заажээ.

Даатгагч МДХХК нь даатгуулагч иргэн Л.Дтай Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан даатгалын гэрээг байгуулсан байх бөгөөд, даатгуулагч Л.Д нь тээврийн хэрэгслийн даатгалд хамруулсан хугацаанд Hundia маркийн Элентра моделийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд даатгалын тохиолдол үүсгэсний улмаас даатгагч МДХХК-иас нөхөн төлбөрт /хохирол/ 361 500 төгрөгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны 2016 оны 11 сарын 14-ний өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан дээр дурдсан гэрээ нь сайн дурын үндсэн дээр байгуулагддаг, ердийн даатгалд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т заасан шаардлагад нийцсэн, бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нь даатгалын гэрээ байгуулсан болон даатгалын хураамжийн нийт хэмжээ 325 000 төгрөг, хураамжаас төлсөн хэсэг болон төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийн хураамж 293 725 төгрөгийн талаар маргадаггүй бөгөөд харин МДХХК-ийн гэрээний ажилтан даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөрийг сар бүр миний Хаан банкны данснаас татан авч төлүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай гэж, түүнчлэн даатгуулсан автомашинаа зарсан талаар даатгагчид мэдэгдсэн гэж тус тус тайлбарлан, хураамжийн үлдэгдлийг төлөхгүй талаар маргаж байгаа боловч эдгээр маргаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан үүргээ хариуцагч Л.Д биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Иймээс, даатгуулагч Л.Д нь даатгалын гэрээний хураамжийн үлдэгдэл 293 725 төгрөгийг даатгагч МДХХК-д төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл болов.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуульд зааснаар 293725 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 9462 төгрөг төлөх ёстой байтал 9461,75 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 25 мөнгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасныг баримтлан Л.Д 293 725 /хоёр зуун ерин гурван мянга долоон зуун хорин тав/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч МДХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч МДХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 461,75 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, дутуу төлсөн 25 мөнгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Л.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 9 462 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МДХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ