Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2017/00019

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2017/00019

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 27-05 тоотод оршин суух Цоохорууд овогт ЧР /................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 27-05 тоотод оршин суух Хариад овогт Б А /............../-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр, хашааны үнэ 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/01068/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө, хариуцагч Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Атай 2002 оны 11 дүгээр сард гэр бүл болж 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлээ батлуулсан. 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр охин П төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд эвтэй амьдарч байсан боловч сүүлийн 3 жилээс нөхөр А нь архи ууж, мөрийтэй тоглоом тоглож, зан ааш нь хувирч, элдэв авир гарган надаар банкны зээл авахуулж, аав, ээж хоёрын өмчинд өгсөн 83 толгой бог малыг бүгдийг зарсан. Нөхөр маань маханд мөнгө олоогүй бөгөөд өрөнд ороод үхэхээс өөр яахав гээд байхаар нь ээж аавдаа хэлж, аавын халтар манан хөөргийг зарж банкны өрөө дарж, хашаа байшингийн бичиг, газрын гэрчилгээг аавд авч өгнө гэсэн боловч банкны өрөө дараагүйн улмаас банк надаас зээлээ нэхэж, аав маань өндөр насны тэтгэврийн зээл авч, ах эгчтэй маань хамтран зээлийг минь төлж өгсөн юм. Мөн намайг охиноо төрүүлэх гээд жирэмсэн байхад Улаанбаатар хот руу ажил хийнэ гэж гараад орой нь архи ууж согтуу ирээд агсам тавиад байхаар нь цагдаад дуудлага өгч байсан. хашаа байшинг аав маань өөрийн нэр дээр шилжүүлж авсан байгаа. Бид Б.Аийн төрсөн дүү, миний дүү хоёрын дундаас гарсан охин Мөнхдэлгэрийг үрчилж авахаар болоод 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр авсан. Гэхдээ баримт бичгийг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Одоо би хоёр охинтойгоо орох оронгүй, юу юу ч үгүй үлдлээ. Би Б.Атай гэрлэхдээ эмэгтэй хүн айлд очихдоо авч очдог тэр бүгдийг авч очсон. Иймд Б.А гэрлэлтээ цуцлуулж охин П, Мөнхдэлгэр нарыг өөрийн асрамжинд үлдээн эцгээс нь хүүхдийн тэтгэлэг болон 5.000.000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1998 онд танилцаж 2002 оны 09 дүгээр сарын 12-ны охин Пийг төрүүлсэн. 2003 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаандаа таарч тохирохгүйн улмаас 2016 оны 05 дугаар сараас хойш бид тус тусдаа амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн асрамжийн тухайд миний дүү болон Аийн дүү хоёрын дундаас төрсөн охин болох Мөнхдэлгэр нь миний асрамжинд байдаг боловч албан ёсоор үрчлэлт хийгдэж, манайд ирээгүй учраас энэ охины асрамж болоод хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Харин бидний дундаас төрсөн охин Пийг өөрийн асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Гэр, хашааны үнэ 5.000.000 төгрөг нэхэмжилж байсан боловч Б.А өгөх юм байхгүй гэсэн учир энэ шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1998 онд анх танилцаад 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр охин П төрсөн. 2003 оны 10 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Үүнээс хойш 2016 оны 05 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Манай эхнэр л гэрлэлтээ цуцлуулъя гэсэн учир би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би хүнээс мөнгө зээлж аваад наймаа хийх гэж байгаад шатсан. Би нэг хүүхдийн тэтгэлэг төлнө. Нэг хүүхдийн маань эх нь манай төрсөн дүү, эцэг нь манай хадам дүү тэдний дундаас төрсөн охиныг бид 2013 онд үрчилж авсан. Түүнээс хойш бидний асрамжид байсан. Үрчлэлтийг албан ёсоор хийгээгүй. Төрсөн эцэг Батдоржоороо овоглож явдаг юм. Би өөрийн нэр дээрээ шилжүүлээгүй учир хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэр, хашааны үнэ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд одоо надад Ч.Рад өгөх зүйл байхгүй, өөрөө ч авахгүй гэдэг тайлбарыг өмнөх шүүх хуралдаанд гаргаж байсан. Мөн би шүүх хурлын өмнө утсаар ярихад 5.000.000 төгрөг авахгүй, гэрлэлтээ л хурдан цуцлуулаад өг гэж ярьж байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Р нь хариуцагч Б.Ат холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр, хашааны үнэ 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд охин Мөнхдэлгэрийг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр, хашааны үнэ 5.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 6 сараас тус тусдаа амьдарч байгаа, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 2 /хоёр/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Зохигч нь 2006 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас олгосон гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамт амьдрах хугацаандаа 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр охин А.Пүрэвдржийг төрүүлсэн болох нь 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн №0237208-396 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А.Пийг хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг эх Ч.Рын асрамжид үлдээж, эцэг Б.Ааас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба А.Пийг Ч.Рын асрамжинд үлдээсэн нь эцэг Б.Аийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ч.Рын улсын тэмдэгтийн хураамж төлсөн 165.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Рад олгох, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А.П нь 14 нас 5 сар хүрч байгаа тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 167.200 төгрөгийг сар бүр хариуцагч Б.А төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин А.Пид сар бүр төлөх тэтгэлэг 167.200 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 2.006.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 47.052 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Р нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Хариад овогт Б А, Цоохорууд овогт ЧР нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А.Пийг эх Ч.Рын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А.Пийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ааас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.А, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ч.Рад тус тус даалгасугай.

5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Рад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин А.Пид нэг жилд төлөх тэтгэлэг 2.006.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 47.052 төгрөгийг хариуцагч Б.Ааас гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН