Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 03

 

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14ий өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолтой *******т холбогдох эрүүгийн 1937000310019 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 31ий өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нар оролцов. 

Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял эдлэж байгаагүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Секел овогт Манейгийн Асхар /РД:БЮ86022612// нь Ховд аймгийн Мөст сумын төвийг босоо тэнхлэгийн замд холбох 20,3 км-ийн хатуу хучилттай зам тавих явцдаа Мөст сумын Цэцэг гол багийн нутаг “талын хар” гэх газар 25 см өндөртэй шороон далан босгож уг замаар тээврийн хэрэгсэл явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байрлуулаагүйн улмаас уг замаар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 30-33 УНЭ улсын дугаартай Ланд- круйзер 200  маркийн тээврийн хэрэгсэлээр зорчиж явсан Б.Баатаржав нь “Хотгор зам” ХХК-ний зам дээр байрлуулсан шороон даланг мөргөж Л.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Баатаржавын эзэмшлийн Ланд- круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд 49,931,640 төгрөгийн хохирол учирсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйл, мөн дүрмийн 1.2.21-т заасныг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Шүүгдэгч Секел овогт Манейгийн Асхарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1937000310019 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Хотгор зам ХХК-иас хохирогч Л.Чулуунцэцэгт 5,016,582 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Баатаржавд 49,931,610 төгрөг гаргуулан олгож шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь шийтгэх тогтооолын тогтоох хэсгийн 1-д Шүүгдэгч Секел овогт Манейгийн Асхарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүх үнэн зөв үнэлэн шийдвэрлэсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тодорхой зааж өгөөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1937000310019 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж дурдсан нь хэргийн бодит өайдалтай нийцээгүй байна.

 Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол нь хэрэгт авагдсан байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан байх бөгөөд тус прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 3 сар 14 хоногийн өмнө яллагдагчаар татсанаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байхад шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

          Хохирогчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийн эхний шаардлага нь шийтгэх тогтоолын үндэслэлээ тогтоох хэсэгтээ бичээгүй гэсэн эсэргүүцлийн үндэслэл нь үндэслэл бүхий байна. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болж байна. Хөөн хэлэлцэх хугацааг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн үед дагаж мөрдөгдөж байсан хуулиар тогтооно гэж заасан байдаг. 2019 онд дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан.

Уг заалтыг баримталж хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэдэг нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг зөв тоолсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөх боломжтой гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр *******т холбогдох 1937000310019 дугаартай хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хяналаа.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас  шүүгдэгч “Хотгор зам” ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер *******т Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт Мөст сумын төвийн босоо тэнхлэгийн замд холбох  20.3 километрийн хатуу хучилттай зам тавих явцдаа Мөст сумын Цэцэг гол багийн нутаг “Талын хар” гэх газарт 25 см өндөртэй шороон далан босгож уг замаар тээврийн хэрэгсэл явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүйн улмаас Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйл,  мөн дүрмийн 1.2.21-т заасныг тус тус зөрчсөний улмаас 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 30-33 УНЭ улсын дугаартай Land-200 маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Баатаржав нь  Хотгор зам” ХХК-ний зам дээр байрлуулсан шороон даланг мөргөж Л.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Баатаржавын эзэмшлийн Land-200 маркийн тээврийн хэрэгсэлд 49.931.640 төгрөгийн хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох 1937000310019 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан зарчимд нийцээгүй байна.

Тухайлбал 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл  тоолно” гэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.

Харин шүүгдэгч *******ыг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Ховд аймгийн Булган сумын сум дундын прокурорын газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж, түүнийг яллагдагчаар байцаасан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 241-244 дүгээр тал/

Шүүх *******т холбогдох хэргийг 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хянан хэлэлцээд 60 дугаартай шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох 1937000310019 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөн журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн зохицуулалт нь материаллаг хууль гэхээсээ илүүтэй процессын эрх зүйн зохицуулалтын шинжийг агуулсан байх тул хууль хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн дагаж мөрдөх бөгөөд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголтод хамаарахгүй юм.

Гэтэл прокурор шүүгдэгч *******ыг яллагдагчаар татах үед  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон Эрүүгийн  хуулийг дагаж мөрдөж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 3 сар 14 хоногийн өмнө *******т ял сонсгож, яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа тоолж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т   урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн 193700010019 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                               

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                  ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

 

                                                                                           Д.КӨБЕШ