Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2019/02164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Э,

Нэхэмжлэгч: Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хийсэн тайлан, шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрлээ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ш.Базарсадаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр ... нараас 368 476 940 төгрөгийг гаргуулж .... ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүрэгт байрлах Б.Б...өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тус шүүхэд гомдол гаргасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хурал болж, П.Э...ийн нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн юм. Гэтэл энэ хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад П.Э...ийн өмчлөлийн .... тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар, мөн түүн дээр баригдсан 265 м.кв талбайтай хувийн сууцанд шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсноор үнэлгээ хийсэн талаар бид мэдсэн. Ингээд энэ шүүх хуралдаанаас хойш 2019 оны 05 дугаар сарын 09-нд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдлоо гаргаад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

"Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн гаргасан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Энэ тайланд зах зээлийн хандлагаар үнэлгээг хийхдээ 264 м.кв талбайтай хувийн сууцыг Өлзийт хороололд байрлах 240 м.кв талбайтай, Нисэх хороололд байрлах 144 м.кв талбайтай, Шинэ нисэх хороололд байрлах, 150 м.кв талбай бүхий хувийн сууцнуудтай харьцуулахад талбайн зөрүү гарч, 240 м.кв талбайтай хувийн сууцыг 290 000 000 төгрөгөөр зарагдсан гэх боловч түүнээс илүү хэмжээтэй газрыг 264 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан.

Эдгээр хувийн сууцнуудыг П....ийн, 390 000 000 төгрөгийн материалаар барьж, дотор талын интерьер дизайныг бүтэн модон буюу сүүлийн үеийн загвараар доторлоод савхалж хийсэн 200 000 000 төгрөгийн зардал гаргасан сууцтай харьцуулан П.Э...ийн хувийн сууцыг маш бага үнэлгээгээр үнэлсэн. Мөн газрыг 9 232 000 төгрөгөөр үнэлсэн боловч нийт хөрөнгийн үнэ нь 329 478 200 төгрөг гэж гарсан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр энэ үнэлгээ нь хувийн сууцны үнэлгээ ба газрын үнэлгээг оруулаагүй. Газрын үнэлгээг тусад нь 9 232 400 төгрөг гэж дүгнэсэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн үнэлгээний тайланд оруулахгүйгээр үнэлсэн нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг үнэгүйдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор зөвхөн хувийн сууцны үнэлгээгээр буюу 329 478 200 төгрөгийн үнэлгээгээр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд орох боломжтой үр дагавар үүсэх болно. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж байна.

Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу ажиллагааг хийгээгүй. Үүнд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчтэй харилцан тохиролцоно, хэрэв тохиролцохгүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн ханшаар тогтооно гэж заасан байдаг. Гэтэл өмчлөгч П.Э...ээс үнийн санал аваагүй байгаа нь хэрэгт баримт болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалд байхгүй байгаа нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас П.Э...ийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр Хөрөнгө -Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол, Хөрөнгө -Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжил гаргаж байна.

Мөн төлбөр төлөгч Б.Б... өөрөө өмчлөгч биш ч гэсэн хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч, шүүхийн шийдвэрээр төлбөр хариуцах этгээд юм. Шийдвэр гүйцэтгэх албанаас зөвхөн П.Э...т мэдэгдэх бус мөн төлбөр төлөгч Б.Б...д үнэлгээний санал авахаар мэдэгдэх, шинжээчээр үнэлгээ тогтоолгосон талаар мэдэгдэж ажиллагаа огт хийгээгүй.

Иймд нэхэмжлэгч Б.Б...ийн эрх ашиг мөн хөндөгдсөн тул хамт нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь бодит байдалд нийцээгүй, үнэлгээ нь эргэлзээтэй учраас хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х...ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч ... нараас нийт 368 476 940 төгрөг гаргуулж, ... ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж зэргийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 18292090 дугаар  тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгө болох ... тоот 104,75 м.кв талбай бүхий орон сууцыг авто зогсоолын хамтмөн ... тоотод байрлах, 264 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус даалган шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч П.Э...ийн өмчлөлийн хувийн сууц, газрыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/18292090, 03/18262090 дугаар тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилж, хураасан.

Төлбөр төлөгч П.Э... нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөн эд хөрөнгүүдийн нийт 1 тэрбум төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ талаар шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр авагчид танилцуулахад тэрээр дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн. Ингээд тухайн хөрөнгийг үнэлүүлэхээр 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлэхэд хувийн сууцыг 329 478 200 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/6345 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгч П.Э...т явуулж, түүний 89109611 дугаар утсанд холбогдож, мэдэгдэж, энэ талаараа тэмдэглэл үйлдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасны дагуу үнэлгээний талаарх гомдлоо төлбөр төлөгч нь шүүхэд 7 хоногийн дотор гаргах ёстой бөгөөд үүний дагуу шүүхэд гомдол гаргах хугацаа нь дуусгавар болсон.

Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр төлөгч П.Э...ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө тул бид төлбөр төлөгч Б.Б...д үнэлгээг мэдэгдэх шаардлагагүй. Энэ талаар баримт байхгүй. П.Э... нь өөрөө шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрээр заасан төлбөрийг бүгдийг нь барагдуулна, үүнд Б.Б... хамаарахгүй гэдэг хүсэлтээ өгсөн байдаг. Ийм учраас Б.Б...д П.Э...ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхтэй холбоотой ажиллагааг мэдэгдэх шаардлагагүй, түүний эрх зөрчигдөөгүй. Шинжээчийн тогтоосон үнэлгээг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .... нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад .... тоотод байрлах, 264 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай, ... м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар зэрэгт үнэлгээ хийсэн тайлан, шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийг үл зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгч П.Э...ийн өмчлөлийн дээх газар болон хувийн сууцыг шийвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилон үнэлүүүлэхэд хувийн сууц, газрын зах зээлийн бодит үнэлгээг нийт 329 478 200 төгрөгөөр тогтоосон, төлбөр төлөгч П.Э... нь төлбөрийг би өөрөө төлж барагдуулна, Б.Б... хамааралгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн учир Б.Б...д шинжээч томилж үнэлгээ тогоосон тухай мэдэгдээгүй, П.Э...т 2019 оны 03 дугаар сарын 06-нд баталгаат шуудангаар мэдэгдэл явуулсан, шинжээчийн үнэлгээ хууль зөрчөөгүй, П.Э... нь үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй дүгнэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч П.Э..., Б.Б... нараас зээлийн гэрээний үүрэгт 366 416 701 төгрөг гаргуулж, төлбөр авагч .... ББСБ ХХК-д олгож, төлбөрөө сайн дураар төлөөгүй нөхцөлд П.Э....ийн өмчлөлийн ... тоотод байрлах, 264 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын .... дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, П.Э...ийн нэр дээр эзэмших эрхтэй газар, Б.....ийн өмчлөлийн, ... тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, 104,75 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаартай шийдвэр, 2018 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 9176 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 861 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 18262090 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49., 54. дүгээр зүйлд заасны дагуу барьцааны зүйл болох нэхэмжлэгч П.Э...ийн өмчлөл, эзэмшлийн ... тоотод байрлах, 264 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын ....дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, П.Э...ийн нэр дээр эзэмших эрхтэй газрыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/18262090 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-оор битүүмжилж, 2018 оны 01дүгээр сарын 29-ний өдрийн 03/18262090 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг тохиролцоогүй, төлбөр авагч ... ББСБ ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 29-нд 19/05 тоот албан бичгээр төлбөр төлөгч П.Э...ийн өмчлөл, эзэмшлийн хувийн сууц, газрын үнэлгээг шинжээч томилж тогтоолгохоор хүсэлт ирүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 43 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь барьцааны зүйл болох нэхэмжлэгч П.Э...ийн өмчлөлийн хувийн сууцыг 329 478 200 төгрөгөөр, эзэмших эрх бхий газрын үнэлгээг 9 232 400 төгрөгөөр, нийт эд хөрөнгийн зах зээлийн үнийг 329 478 200 төгрөгөөр үнэлж 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/18 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-г үйлджээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрйин 4/1156 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч П.Э...т барьцааны зүйлийн үнийн талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байх ба П.Э...ээс 2019 оны 01 дүгээр сарын 31-нд төлбөрийг өөрийн биеэр хариуцан төлнө, Б.Б...ийн өмчлөлийн орон сууцанд үнэлгээ хийлгэхгүй, дуудлага худалдаагаар худалдахгүй, төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан байна.

Энэ хугацаанд нэхэмжлэгч П.Э... нь 2019 оны 02 дугаар сарын 28-нд барьцааны зүйлийн нэг хэсэг болох .... тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, 104,75 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасны дагуу шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 797 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Э...т шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/18 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-гаар үнэлгээ тогтоосон тухай .. тоот хаягаар баталгаат шуудангаар явуулсан гэх 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/6345 тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан боловч 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд П.Э...ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэгт байх дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нь үнэлснийг мэдээгүй тухай нэхэмжлэгч тал тайлбарласан талаар тусгагджээ.

Үүний дараа хариуцагч талын тайлбарласнаар, 2019 оны 05 дугаар сарын 09-нд нэхэмжлэгч нараас барьцааны зүйлийн нэг хэсэг болох П.Э...ийн өмчлөл, эзэмшлийн хувийн сууц, газрыг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/18 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-г үл зөвшөөрч мөн шүүхэд уг үнэлгээг болон шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулахаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4621 дүгээр захирамжаар тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаартай шийдвэрийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Гэвч нэхэмжлэгч тал хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т заасны дагуу нэхэмжлэлийг нэхэмжлэгч нарт буцаан шийдвэрлэсэн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5487 дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжаар нотлогдсон.

Дээрх нэхэмжлэлийг буцаасан тухай шүүгчийн захирамжийг 2019 оны 08 дугаар сарын 08-нд нэхэмжлэгч тал хүлээн авч 08 дугаар сарын 12-нд шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д ...үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол ...хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно... гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж, 32.4.-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч оролцож байгаа тохиолдолд тэдгээр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй гэж, 55 дугаар зүйлийн 55.3.-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал, хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж тус тус заасан байна.

Гэтэл төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгэгч болох Б.Б...д барьцааны зүйлийн нэг хэсэг болох дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээний санал өгөх тухай мэдэгдсэн баримтгүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 43 тоот Шинжээч томилох тухай тогтоол, уг тогтоолын дагуу томилогдсон Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн барьцааны зүйл болох нэхэмжлэгч П.Э...ийн өмчлөлийн хувийн сууцыг 329 478 200 төгрөгөөр, эзэмших эрх бхий газрын үнэлгээг 9 232 400 төгрөгөөр, нийт эд хөрөнгийн зах зээлийн үнийг 329 478 200 төгрөгөөр үнэлсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/18 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг төлбөр төлөгч Б.Баясгаланд тнилцуулаагүй, мэдэгдээгүй байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/18 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-гаар барьцааны зүйл болох нэхэмжлэгч П.Э....ийн өмчлөлийн хувийн сууцыг 329 478 200 төгрөгөөр, эзэмших эрх бүхий газрын үнэлгээг 9 232 400 төгрөгөөр тус тус үнэлсэн атлаа нийт эд хөрөнгийн зах зээлийн үнийг 329 478 200 төгрөгөөр үнэлжээ.

Уг үнэлгээний тайлангийн Үнэлгээний нэгдсэн дүн гэсэн хэсэгт хувийн сууцыг, орлогын хандлагын аргаар 215 430 000 төгрөгөөр, зардлын хандлагын аргаар 246 084 000 төгрөгөөр, зах зээлийн хандлагын аргаар 329 478 000 төгрөгөөр, эззэмших эрхтэй газрыг, суурь үнийн аргаар 8 316 000 төгрөгөөр, зах зээлийн хандлагаар 9 232 400 төгрөгөөр тус тус тодорхойлсон байх бөгөөд Үнэлгээний нэгтгэсэн дүн гэсэн хэсэгт ...Дээрх аргуудаар үнэлгээ хийж, давуу болон дутагдалтай талуудыг харгалзан зардлын хандлагын аргаар хийсэн дүгнэлтэд 100 хувь ач холбогдол өглөө. Хувийн сууцны зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээнд газрын үнэ орсон болно. Үнэлгээний нийт дүнг 329 478 000 төгрөгийн үнээр үнэллээ... гэсэн байна.

Дээрхээс үзэхэд хувийн сууцыг зах зээлийн хандлагын аргаар тодорхойлсон 329 478 000 төгрөгийн үнэлгээнд зах зээлийн хандлагын аргаар тодорхойлсон газрын үнэлгээ болох 9 232 400 төгрөгийг оруулан тооцсон үндэслэл тодорхойгүй, эд хөрөнгийг зардлын хандлагын аргаар хийсэн дүгнэлтэд 100 хувь ач холбогдол өгсөн гэсэн атлаа зах зээлийн хандлагын аргаар тодорхойлсон талаарх үндэслэл тодорхойгүй, уг хувийн сууцыг www.unegui.mn сайтад зарлагдсан 3 өөр хувийн сууцнуудтай харьцуулсан байх боловч уг харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хэдэн онд ашиглалтанд орсон, ямар барилгын материалаар баригдсан, барилгын чанар, хийцийн шинж нь харьцуулж болох эсэх зэрэг нөхцөл байдал шинжээчийн үнэлгээнд тусгагдаагүй байна.

Иймд шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 01/18 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан нь эргэлзээтэй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, зах зээлийн үнэлгээг бодит байдал нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 43 тоот Шинжээч томилох тухай тогтоол, шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/18 тоот барьцааны зүйл болох дээрх үл хөдлах эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115. дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 43 тоот Шинжээч томилох тухай тогтоол, нэхэмжлэгч П.Э...ийн өмчлөл, эзэмшлийн ... тоотод байрлах, 264 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18628297828013 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, П.Энхцэцэгийн нэр дээр эзэмших эрхтэй газар зэргийг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/18 тоот үнэлгээг тус тус хүчингүй болгосугай.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2019/06637 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ж.БАЙГАЛМАА