Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/05

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Ч.Даш

шүүгдэгч Я.Ц*******, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Ц*******д холбогдох эрүүгийн 2415000000214 дугаартай, 163/2025/0002/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******гийн Ц*******, У******* суманд 1974 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, О******* сумын 3 дугаар баг, Дулаан- Уул багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 50 настай, эрэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Я.Ц******* нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг******* гэх газарт оршин суух Ч.Даштай “танай мал манай намаржааны хадлангийн өвсийг иддэг” гэж хэлж хэрүүл маргаан хийж улмаар түүний биед халдан цохиж зодсоны улмаас Ч.Дашийн биед эрүүний шулуун хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2415000000214 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Я.Ц******* нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг******* гэх газарт Ч.Даштай “танай мал манай намаржааны хадлангийн өвсийг иддэг” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь эрүүний шулуун хугарал гэмтэл бүхий  хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Я.Ц*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

2. Шүүх хуралдаанд хохирогч Ч.Дашийн өгсөн:  2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэртээ унтаж байхад Б Ц******* хоёр орж ирсэн. Манай гэрт хэрүүл шуугиан болохоор малын гарлага гардаг учир Ц*******г гэрээсээ гаргасан. Гараад явж байсан Ц******* миний эрүү рүү цохичихсон амаар цус дүүрээд эрүү хугарчих шиг болсон мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хохирогч Ч.Дашийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үд эхнэрийн хамт Булган аймгийн******* сумын нутагт байх зусландаа байхад зүс таних Ц******* гэх залуу манайд халамцуу ирээд хэрүүл өдөх гээд танай мал 2-3 жил манай өвөлжөө рүү орлоо гэсэн юм ярьсан. Тэгэхээр нь би манай гал голомт ширүүн гэрт хэрүүл хийхээр малаас гарлага гараад байдаг болохоор Ц*******д хандаж чи манайхаас яв гээд түлхээд гаргасан. Ц******* өөрөө том биетэй хүн байгаа юм гэрээс гарангуутаа миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл миний аманд цус дүүрээд эхэлсэн. Тэгээд намайг эргэж ирж алнаа гэж хэлээд цаашаа явган яваад өгсөн. Цохиулснаас болж миний эрүүний яс хугарсан... Би эрүүний хагалгаанд орсон. Надад 1.200.000 төгрөгийн эмчилгээний зардал, 600.000 төгрөгөөр хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тамир тэнхээ оруулах зорилгоор уураг, болон өөр эм тариа авч хэрэглэсэн, намайг эмнэлэгт хэвтэж байхад таксигаар хоол цай 17-18 хоног зөөсөн байгаа нэг явахдаа 40,000 төгрөгөөр явж байсан гээд зардал гарсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн баримт бол гаргаж өгч болно. Эм тариа уураг авсан баримт байхгүй хаягдсан байгаа. Надад эмчилгээний зардал гэж 2.485.000 төгрөг өгсөн байгаа тухайн мөнгийг миний өөрийн Хаан банкны 5095110427 дугаарын данс руу хийсэн байгаа. Би сэтгэл санаанд учирсан гэм хороо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 6-7, 56 дахь тал/,

2. Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн: “… хохирогч Ч.Даш нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 306,169 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан. Манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ч.Дашид зарцуулагдсан нийт 306,169 төгрөгийг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тушаах ёстой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61, 63-64 дэх тал/,

3. Гэрч С.*******гийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Даш Орхон аймгаас гэртээ ирээд орон дээр хэвтэж байсан. Би гэрийн гадаа юм хийгээд явж байхад манайд мотоциклтой Ц*******, Б нар ирсэн. Тэгээд би гаднаас гэртээ ороод цай хийж өгөөд удахгүй намаржаа луу нүүх талаар ярихад Ц******* танайх эрт өвөлжөө рүүгээ нүүдэг болохоор мал чинь өвөлжөөний өвс идэж дуусгаад байна гэж хэлсэн. Тэр тухайн ярианаас болоод гэрт Даш, Ц******* хоёр хэрэлдээд манай нөхөр Даш манай гэрт хэрүүл зохидоггүй юм чамайг гаргана гээд түлхээд л үүдээр гаргасан. Тэгээд би гэртээ байж байгаад тас гээд нэг юм дугарсан, би ч Дашийг согтуу хүн цохичихлоо гэж бодоод гүйгээд гарахад манай нөхөр Дашийн амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад Ц******* эрүү хэсэг лүү нэг удаа цохичихлоо, миний эрүү хугарсан юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

4. Гэрч С.Бийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ц******* бид хоёр Очироо гэх айлын бог малын тарилга хийлцэж өгсөн юм. Тэгээд малыг нь тарилцаад дуусахад Очироо тал шил архи гаргаж өгсөн. Тэрийг нь Очироо, Ц******* бид 3 хувааж уугаад дуусгасан. Тэгээд Ц******* бид хоёр Даш ахынд очихоор болоод мотоциклтой очсон. Цай уугаад сууж байхад Даш ахын намаржаа руу нүүх талаар ярьсан. Тэгтэл Ц******* манайх намаржаа луугаа нүүхээр мал чинь манай хадлангийн талбайг иддэг гэж хэлсэн. Тэгтэл Даш ах манай үхэр танай хадлангийн талбай руу ордоггүй гээд маргаан болсон. Даш ах Ц*******г зайл гэрээс гар гэж хэлсэн. Тэгээд Ц******* гэрээс гарах гээд явж байхад араас нь Даш ах гаргана гээд түлхээд Ц******* Даш хоёр гэрээс гараад явсан. Удалгүй араас нь ******* эгч гарсан. Даш, Ц******* хоёр гэрийн гадаа том том дугаралцаад байсан би гэрт сууж байсан тэгтэл ******* эгч намайг гараад ир гэж дуудсан би гэрээс гараад очиход Даш ахын амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

5. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 306 дугаартай "... Ч.Дашийн биед хамар яс, эрүү ясны баруун, зүүн талын шулуун хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон цаг хугацаа болох 2024/08/25-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ч.Дашийн эрүүний шулуун хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал,

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1276 дугаартай шинжээчийн “...Чүлтэм овогтой Даш /РД: 0058020573/-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

7. Яллагдагч Я.Ц*******гийн өгсөн:  “... би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.. би Дашид эмчилгээний зардал гэж 2.485.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49, 51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Я.Ц******* нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг******* гэх газарт хохирогч  Ч.Даштай “танай мал манай намаржааны хадлангийн өвсийг иддэг” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь эрүүний шулуун хугарал гэмтэл бүхий  хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

Хохирогч Ч.Даш нь  шүүгдэгч Я.Ц*******г эрүүн тус газар цохиж гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч С.*******, С.Б нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №306 дугаартай дүгнэлтэнд “...Ч.Дашийн биед хамар яс, эрүү ясны баруун, зүүн талын шулуун хугарал гэмтэл тогтоогдсон,  хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол гэж ойлгох бөгөөд учруулсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Я.Ц*******гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Я.Ц*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн Я.Ц******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Я.Ц*******гийн   бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Я.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Я.Ц******* нь хохирогч Ч.Дашийн эмчилгээний зардалд 2.485.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд  төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Ч.Даш нь унааны зардалд 550.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт хуульчилсан бөгөөд хохирогч нэхэмжлэлийн шаардлагын эх сурвалжийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх  унааны зардлын хэмжээг  тогтоох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шинжээчийн 1276 дугаартай дүгнэлтээр хохирогч Ч.Дашийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоожээ.

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай” аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцов.

Хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны  өдрийн 12 дугаар тогтоолоор баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр зохицуулсан 660.000 төгрөгөөр тооцож 3.300.000 төгрөгийг шүүгдэгч Я.Ц*******гээс гаргуулж хохирогч Ч.Дашид олгохоор,

Түүнчлэн Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ч.Дашийн эмчилгээний зардал учирсан 306.169 төгрөгийг шүүгдэгч Я.Ц*******гээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдод  олгохоор тус тус шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Я.Ц*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 28-31 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Я.Ц******* нь О******* сумын 3 дугаар баг, Дулаан- Уул багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч Я.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа: Шүүдэгч Я.Ц******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг тус тус   шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Я.Ц******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн тодорхой хувийг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  650.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Я.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******гийн Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц*******г 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Я.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Я.Ц*******гээс сэтгэл санааны хохиролд 3.300.000 / гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Дашид олгохоор, 306.169 / гурван зуун зургаан мянга нэг зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдод олгохоор, /Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот данс/, унааны зардалд гаргасан гэх 550.000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Ч.Ц*******гээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ