Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Л.У******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.У*******д холбогдох эрүүгийн 2415002640277 дугаартай, 163/2024/0004/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Лхагважавын У******* Булган аймгийн Хангал суманд 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 1-34 тоотод оршин суух бүртгэлтэй бүрэн дунд боловсролтой хүнд машин механизм мэргэжилтэй *******ХХК-д жолооч ажилтай эхнэр охины хамт амьдардаг,

Урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 34 настай, эрэгтэй *******.

 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.У******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Д.Нандин-Эрдэнийг хардаж /өмнө сууж байсан нөхөртэй нь хардаж/ хэрүүл маргаан хийж, улмаар түүний хоолойг боох.нүүр лүү нь цохих, үснээс нь зулгааж доош дарж сэгсрэх зэрэг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Д.Нандин-Эрдэнийн биед “... уруулны зүүн талд язарсан шарх, хонхойж татагдсан сорив, баруун нүдний доод зовхи, дээд уруулны дотор салстанд цус хуралт, цээжний баруун талд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн чамархайн хуйхны үс халцралт, шингэрэлт, хамрын таславч баруун тийш муруйлт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415002640277 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.У******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт  гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох хамтран амьдрагч Д.Нандин-Эрдэнийг хардаж хэрүүл маргаан хийж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.У*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Нандин-Эрдэнийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат 4 дүгээр баг ногоон талбай гэх газарт нөхөр У******* бид хоёр ажил хийж байгаад Хялганат тосгонд байрлах хадам аав Бадарчийн гэрт очсон. Тэгээд замдаа авсан Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архиа хадам Бадарчид өгсөн.Тэгээд тухайн 1 шил архийг миний нөхөр У******* хадам аав Бадарч хоёр хувааж уугаад дууссан. Тэгээд миний нөхөр У******* согтсон болохоор намайг өмнөх нөхөр Шинэбаяртай хардаж нөхөр У******* бид хоёр хэрэлдсэн. Тэгэхэд нөхөр У******* миний хоолойг гараараа боож миний нүүр хэсэгт 2 удаа гараараа цохиж миний үснээс зулгааж доош дарж сэгсрэхэд миний үс унаж дух халцарсан.Тэгэхэд хадам аав Бадарч бид хоёрыг салгаж намайг зугтаагаарай гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн. Миний нөхөр У******* согтолт ихтэй байсан.Харин хадам аав Бадарч согтолт гайгүй байсан. Би тухайн үед ажлаасаа буугаад явж байхдаа 12 ширхэг 0.5 литрийн сэнгүр нэртэй пиво уусан байсан. Миний согтолт гайгүй байсан. Миний хоолойг гараараа боож миний нүүр хэсэгт 2 удаа цохих үснээс минь зулгааж доош дарахад миний дух хэсэг халцарсан. Миний нөхөр У******* намайг цохиж зодсоноос болж доод уруулны дотор талд цус хурж, баруун талын нүдний доод зовхи хавдаж, духны баруун дээд талд болон хүзүү хэсэгт шалбарсан, баруун гарын тохой хэсэгт шалбарсан, баруун талын мөр хэсэг хавдсан. Бид хоёр албан ёсны эхнэр нөхөр биш дундаасаа нэг охинтой. Надад ямар нэгэн сэтгэл санааны хохирол учраагүй болохоор би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

3.Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн: “...Хохирогч Д.Нандин-Эрдэнэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойших хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас 22.000 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна.Тухайн хэрэгт буруутай этгээд болох Л.У******* нь эрүүл мэндийн даатгалын санд 22.000 төгрөгийг төвлөрүүлж хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

4. Гэрч *******гийн өгсөн: “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн төвийн ээлжийн жижүүр эмчээр ажиллаж байх хугацаанд орой 22 цаг өнгөрч байх үед Нандин-Эрдэнэ гэх эмэгтэй нөхөртэй зодуулсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авахаар эмнэлгийн хүлээн авах өрөөнд ирсэн талаар мэдүүлэг өгөх гэж байна. Эрүүл мэндийн төвийн хүлээн авах өрөөнд Нандин-Эрдэнэ гэх эмэгтэйн биед үзлэг хийхэд зовиур нь толгой өвдөх баруун гар, мөр өвдөх зовиуртай, өвчтэй, уруул нь язарсан, баруун хацар нь хөхөрч хавдсан, толгой, хацар, хүзүү хэсгээр улаалт үүсч шалбарсан байдалтай шалбарсан шинэ шархнуудтай эмнэлгийн анхан шатны тусламж авахаар ирэхэд нь хүлээн авч өвчин намдаах эмийн эмчилгээ хийсэн. Үзлэг хийхэд хамарны хуучин хугарал нь нүдээр харагдахуйц байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

5.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 346 дугаартай “...Д. Нандин-Эрдэнийн биед дээд уруулны зүүн талд язарсан шарх, хонхойж татагдсан сорив, баруун нүдний доод зовхи, дээд уруулны дотор салстанд цус хуралт, цээжний баруун талд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн чамархайн хуйхны үс халцралт, шингэрэлт, хамрын таславч баруун тийш муруйлт, духанд зулгаралт, хамрын нуруу, баруун хацар, хүзүү, дээд уруул, эрүүн доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, үрэгдэх, татагдах механизмаар үүснэ. Магадлуулагчийн дээд уруулны зүүн талд язарсан шарх, хонхойж татагдсан сорив, баруун нүдний доод зовхи, дээд уруулны дотор салстанд цус хуралт, цээжний баруун талд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн чамархайн хуйхны үс халцралт, шингэрэлт, хамрын таславч баруун тийш муруйлт нь тус бүр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-34 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Л.У*******, гэрч ******* нарын өгсөн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 346 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Л.У******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт  гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох хамтран амьдрагч Д.Нандин-Эрдэнийг хардаж хэрүүл маргаан хийж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Нандин-Эрдэнэ нь  шүүгдэгч Л.У*******г зодож гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч ******* гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 346 дугаартай “...Д. Нандин-Эрдэнийн биед дээд уруулны зүүн талд язарсан шарх, хонхойж татагдсан сорив, баруун нүдний доод зовхи, дээд уруулны дотор салстанд цус хуралт, цээжний баруун талд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн чамархайн хуйхны үс халцралт, шингэрэлт, хамрын таславч баруун тийш муруйлт, духанд зулгаралт, хамрын нуруу, баруун хацар, хүзүү, дээд уруул, эрүүн доор зулгаралт бүхий гэмтэл нь  хууль зүйн хувьд  хөнгөн хохирол гэж ойлгоно.

Шүүгдэгч Л.У*******гийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, үрэгдэх, татагдах үед хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.

           Мөн Л.У******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Д.Нандин-Эрдэнэ нь шүүгдэгч Л.У*******тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Л.У*******гийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.У*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.У*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.У*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.У*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.У*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Л.У*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Л.У*******г улсын яллагчийн санал гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 57-62 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.У******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 1-34 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм мэргэжилтэй, *******ХХК-д жолооч ажилтай, эхнэр охины хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.У*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.У******* нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Лхагважавын У*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.У*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Л.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ